x

“Төрөхөөс өмнө байсан, нөгчсөн хойно ч байх жинхэнэ дүрээ тань”

Нэгэн егүзэрийн түүхийг би сонссон юм: Тэрээр анх орох орон, оочих аягагүй бадарчин байжээ. Түүний билиг ухааны тухай цуу алдар түгж, хааны ордонд хүртэл дуулджээ. Хаан түүнтэй уулзахаар очоод эрдэм билигт нь биширч, тэргүүн сайдын албанд томилсон байна. Гуйлгачин эр хааны ордонд ирэв. Хаантан түүнд хуучин навтас орхимжоо тайлагтун гээд дээдсийн хэргэм зэрэгт тохирох өмсгөл зүүсгэл соёрхож гэнэ.

Тэр цагаас хойш хэдэн жил өнгөрчээ. Ордонд сайдын талаар нэгэн сонин оньсого таавар үүсч, хүн бүрийн аазгайг хөдөлгөх болов. Өдөр болгон тэрээр нэгэн цоожтой өрөө рүү орж, цаг шахам болчихоод гарч ирдэг байжээ. Өөрөөс нь өөр хэн ч ордоггүй тэр хаалганы цаана ер бусын эрдэнэ байдаг болов уу, тэнд ямар нууц зүйл хийдэг бол? гэлцэнэ. Энэ авир шивэр яриа хааны сонорт хүржээ.

Нэг өдөр хаан:

– Би чамтай хамт тэр өрөө рүү ормоор байна. Тэнд юу байдаг бол гэж бодогдоод шөнөжин нойр хүрсэнгүй гэлээ.

– Тэнд таны сонирхлыг татах юу ч үгүй болохоор би дагуулж явахгүй ээ гэж сайд өчив.

Хааны сэжиг улам нэмэгдэж:

– Их л сонин байна даа. Миний ордонд тийм нууц зүйл байхыг би зөвшөөрөхгүй. Намайг дагуулж орогтун гэж зарлигдав.

– Хэрэв надад итгэхгүй байгаа бол би таныг оруулъя. Гэхдээ энэ бол миний тэргүүн сайдын төгсгөл шүү. Намайг албанаас минь огцруулчихаад тийшээ ор. Эс бөгөөс надад итгээд тэр өрөөний тухай дахиж битгий асуу гэж сайд хэлжээ.

Гэвч хаан үнэхээр хартай хүн байж.

– За яахав, тийм бол албаа өг, би ямар ч байсан тийшээ орно гэжээ.

Ингээд хаантан болоод ордныхон өрөө рүү орж үзэв. Тэнд хананд өлгөөстэй хуучин орхимжноос өөр юу ч байсангүй.

– Энд чи яах гэж ирдэг юм бэ? гэж тэд асуув.

– Зүгээр л энэ орхимжийг харах гэж. Урьд нь би ядуу бадарчин байсан, хожим нэг өдөр эргээд бадарчин болно. Тийм болохоор тэргүүн сайдын суудалд дасаж болохгүйг энэ орхимж сануулдаг юм гэж тэрээр хэлжээ.

Ингээд тэр өмсгөл зүүсгэлээ тайлж, өнөөх муу орхимжоо ороов. Хаантан нулимс дуслуулж:

– Битгий яваач гэж гуйжээ. Гэвч тэр егүзэр:

– Одоо хангалттай. Та надад итгээгүй. Итгэл үгүй болсон хойно энд байх хэрэг алга. Би явах ёстой гэж хэлжээ.

Ийнхүү тэрээр анх ордонд ирсэн янзаараа ордныг орхин оджээ. Арван хоёр жил тэргүүн сайд, дээдсийн хэргэмтэн байсан нь зүгээр л зуурдын тохиол юмсанж.

Энэ бол амьдралыг харах зам мөр. Юм бүхэн тохиолдол байдаг. Чи ордонд амьдарч байгаа бол хэзээ нэг өдөр түүнээс сална гэдгээ санаарай. Тэглээ гээд харуусах юм юу байна? Нэгэн цагт чи ордны гадна байсан, буцаад л тэнгэрээр дээвэр хийнэ. Нэр зэргийг хүртэж явсан чинь үзэгдээд өнгөрөх тохиол. Дараа нь түүнийг алдлаа гээд босож харайн, боож үхэх хэрэг юун? Урьд нь алдар хүндгүй амьдарч жаргаж байсан бол ахиад л хангалуун жаргалтай явж чадна шүү дээ.

Нэгэн цагт чи дэлхийд байгаагүй. Энэ дэлхийд төрөөгүй байхдаа зовж байснаа санадаг бил үү? Тийм бол нөгчихдөө зовж харуусаад яах юм? Буцаад урьдын байдалдаа л орж байна. Энэ дэлхийд чи эргэж ирэхгүй. Адаглаад ийм дүр байдлаараа.

Энэ бол Зэнгийн хэлдэг “Төрөхөөс өмнө байсан, нөгчсөн хойно ч байх жинхэнэ дүрээ тань” гэдэг үгийн утга. Зуурдын юмсыг хэт анхаарах хэрэггүй. Үүрдийн мөн чанараа л тань. Зуурдын юмсаас сэтгэлээ чөлөөлбөл хорвоогоос аяндаа гэтэлнэ. Энэ бол дотоод хандлага болохоор хаашаа ч зугтаж зайлах хэрэггүй.

Ухамсраас бусад бүх юм зуурдын гэдгийг санаж яв. Өвчин, таашаал, амжилт, уналт, алдар нэр, зүхэл доромжлол бүхэн түр зуурынх. Гагцхүү тэр бүгдийг гэрчлэгч ухамсар өнө мөнх. Аль болох түүндээ анхаарч, түүндээ үндэслэ. Хорвоогийн юмст бүү хүлэгд. Энэ нь орон гэр, амраг саднаа орхи гэсэн үг биш. Зүгээр л чамтай байгаа бүхэн түр зуурын гэдгийг санаж яв. Эхлэлтэй бол төгсгөлтэй. Тэр зүйлийг эхлэхээс өмнө жаргалтай байсан болохоор төгссөн хойно ч жаргалтай байхаа мэд. Үүнийг шалгуур болговол аль нь зуурдынх, аль нь үүрдийнх гэдгийг цэгнэж чадна. Үүрдийн бол үнэн, зуурдын бол хуурмаг.

Сар тэнгэрт байвч тусгал нь нуурын мандалд байхтай адил. Сарны тусгал сар биш ч бодит үзэгдэл. Түүнчлэн зүүд ч гэсэн зүүд утгаараа бодит үзэгдэл. Зүүд, сэрүүн хорвоогийн хооронд нэг л ялгаа бий. Зүүд хэдэн хором үргэлжилдэг бол сэрүүн хорвоо харьцангуй удаан үргэлжилдэг. Харин Дорно дахинд үнэмлэхүй сэрүүн төлвийг танин мэдсэн юм. Түүнтэй харьцуулахад хорвоогийн сэрүүн амьдрал ч түр зуурын зүүд мэт. Үүрдийн үнэн, зуурдын хуурмаг ахуй аль аль нь бодит. Гэхдээ зуурдын хорвоод уягдахаараа чи зовлон нажид эдэлдэг. Харин үүрд оршихуйн үүдийг нээвэл, дотоод чанаддаа нэвтэрвэл үнэн гэгээн амар амгаланг ч нээнэ.

– Ошо “Ай даа, энэ шүү дээ”

П.Бадрал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 37 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 58 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 7 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 16 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 28 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 36 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 40 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 44 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 48 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 23 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top