Монгол Улсын Засгийн газар 2017 оныхоо ажлыг дүгнэж аймгуудыг 11 үзүүлэлтээр дүгнэхэд Дорнод аймаг “Тэргүүний аймаг” –аар шалгарч, Засгийн газрын өргөмжлөл, 10 сая төгрөгөөр шагнагдсан байдаг. Харамсалтай нь Монголын төр эндүүрнэ, эндүүрнэ гэхэд дэндүү эндүүрсэн байна.
лээ.Худлаа хэмээх эсэргүүцэх аваас Дорнодын талаар хөндлөн гулд давхиад үзээрэй. Нүднээ тусах сайхан зүйлтэй тун ховор тааралдах вий. Дандаа л мөхсөн, сөнөсөн юм шиг объектууд хаа сайгүй тааралдана. Байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа нь сайн хэдий ч үр ашгийг нь нутгийн түмэн хүртэж, ажилтай орлоготой болж, түүгээрээ улсад тэргүүлж байгаа бол өөр хэрэг. Явсан газар бүрт л согтуу хөлчүү эрс сумын төвийн хүнсний дэлгүүрийн булан тохойд явган суугаастай. Хөгжил гэж үүнийг хэлэхгүй буй за. Эсвэл аймгийн төвд хувийн хөрөнгөөр боссон хэдэн зочид буудлын барилга, ганц нэг хорооллын барилгыг хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт гэж үзээд байгаа хэрэг үү.
Үнэндээ шөнийн цагаар Чойбалсан хот гоё харагддаг юм билээ. Яг л Манжуурын төв хэсгээр бус захын хорооллын гудамжаар явж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Угтаа Монгол Улсын хөгжил сумаас эхэлдэг байлтай.Тэр утгаараа сум, орон нутгаа хөгжүүлсэн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааг төр нь үнэлдэг байх ёстой санагдана. Тэгвэл Дорнод аймгийн хөгжил цэцэглэлтийг гаднаа гяланцаг дотроо паланцаг гэж дүгнэхэд буруудах зүйлгүй. Улсын тэргүүний аймгийн Цагаан-Овоо сумын аж байдал эл дүгнэлтийг бататгаад өгөх биз.
Ажилгүйдэл газар авсан энэ сумын өнгө төрх цаанаа л гундуу. Сумын Засаг даргын тамгын газар гэж ажилтай айлын амбаараас дор, хир буртаг, хогондоо дарагдсан барилга байх. Засаг ноёных нь өрөөний босго хүний хөлөөр орж ирсэн элсэнд дарагдсан нь гадны хүний нүдэнд шууд тусах аж. Ер нь бүхий л өрөөнүүд нь тийм. Санхүү, төрийн сангийн нөхдүүд нь өрөөндөө халуун тогоон дээр банштай цай чанан орчноор нэг хоол үнэртүүлсэн шигээ төрийн албыг залгуулж байх жишээний. Шал нь цөмрөөгүй өрөө тасалгаа байхгүй бололтойдог.
Нурах дөхсөн барилга гэх утгаар шалыг нь угаах хүн олдохгүй байгаа бололтой. Үүнээс гадна сумын нүүр царай болдог Соёлын төв гэж өрөвдмөөр байгууллага байх. Хариуцах эзэн байдаггүй шинжтэй. Тааз нь нурах шахаж, шал нь мөн л энд тэндгүй цөмөрсөн харагдсан. Шалыг нь лав жил угаагаагүй байх. Цонхны хөх даавуун хөшгийг хэдэн арван жил угаагаагүй нь үзтэл илт. Түүнийгээ хадаасаар далий тогтоосон нь орсон гарсан хүнд моорог хадгалдаг газар шиг л санагдах юун. Барилгын ашиглалтын хугацаа дууссан байж болно.
Гэвч ажлаа хийх чин хүсэлтэй хүн Цагаан –Овоо суманд байдагсан бол ядах нь аа, хир буртаг, хог шорооноос нь салгах байсан юм. Орон нутгийн чинь амьдралын өнгө төрх ийм л байна даа, улсын тэргүүний аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн гуай. Түүний талаархи 24 баримтыг дэлгэж байна.
БАРИМТ 1
Засаг ноён М.Бадамсүрэнг 2012 оны орон нутгийн сонгуулийн дараа МАН-аас аймгийн Засаг дарга болохоор гурван удаа нэрийг нь дэвшүүлсэн ч тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг батламжлаагүй билээ.
БАРИМТ 2
Түүний хувьд Засаг даргын сэнтийд суухын тулд их ч хичээсэн дээ. Тодруулбал, МАН 2013 оны нэгдүгээр сард зургаан аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг батламжлахгүй байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, хэвлэлийн бага хурал хийхэд М.Бадамсүрэн өөрөө оролцож, зарга мэдүүлэн харайлгаж явсан нь хэвлэлийн хуудаснаа шарлан үлджээ.
БАРИМТ 3
Гэхдээ тэр санасандаа хүрсэн. Түүний хувьд аз гэмээр зүйл тохиосон нь Н.Алтанхуягийн Засгийн газар унаж, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдсон явдал. Шийдлийн Засгийн газар 2015 оны дөрөвдүгээр сарын 24-нд М.Бадамсүрэнг сая нэг юм Дорнод аймгийн Засаг даргаар батламжлав.
БАРИМТ 4
Мань хүн аймгийн Засаг даргад нэр дэвших үедээ “Намын төлөө бус, аймаг орон нутгийнхаа эрх ашгийн төлөө ажиллана” хэмээж байлаа.
БАРИМТ 5
Засаг ноёны тухайд ийм тийм гэж хөврөх намтарсаад байх зүйлгүй аж. ТИС-ийг 2000 онд төгсөөд Дорнод аймаг дахь Улсын нөөцийн газарт Шатахуун түгээх станцын түгээгч, эрхлэгчээс ажил амьдралынхаа гарааг эхэлсэн гээд шууд л улс төрийн албан тушаалууд нь залгах байх.
БАРИМТ 6
Тэрбээр амьдрал дээр сүүхээтэй нэгэн байж мэднэ. Монголын нийгэмд улс төрд хөл тавихгүйгээр хол явахгүй гэдгийг анзаарч, ажил хэрэг болгож чадсан нөхдүүдийн нэг. Тэр утгаараа улс төрд 2009 онд хөл тавьж, 2012 оны наймдугаар сард Дорнод аймгийн МАН-ын хорооны орон тооны дэдээр, 2017 оноос аймгийн МАН-ын даргаар ажиллаж буй.
БАРИМТ 7
Түүнчлэн 2008-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон тэргүүлэгч болсноор олонд танигдаж, улстөрчийн хувьд ахиж дэвших нөхцлөө бүрдүүлсэн гэж хэлж болно.
БАРИМТ 8
Засаг даргын сэнтий рүү аажим дөхсөн алхмууд нь 2012 оны арваннэгдүгээр сараас 2013 оны арваннэгдүгээр сар хүртэл яг нэг жил Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор томилогдсоноос эхэлнэ. Улмаар барьцаа ахиулан аймгийн Засаг даргын Зөвлөхөөр хэсэг ажиллаад 2013 оны арванхоёрдугаар сараас аймгийн Засаг даргын орлогчоор ажилласан явдал. Энэ утгаараа жинхнээсээ засаг ноёны сэнтийд залрахад хэдийнэ юу хийх ёстойгоо мэддэг нэгэн болсон байсан биз ээ.
БАРИМТ 9
М.Бадамсүрэн улс төрийн ногоон гэрлээр чигээрээ давхиагүй. Нэр нөлөө бүхий аавын хүүгийн хормойноос чанга атгаж чадсандаа л өдий зэрэгтэй яваа юм гэх хүн захаас аван таарах юм билээ. Хэл ам ч тасардаггүй бололтой. Хэвлэл мэдээллийнхний архивт тэмдэглэгдэж үлдсэнээр, түүний өмнө нь хувийн аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байснаа тас нуусан нь Нийгмийн даатгалын хэлтсээс авсан лавлагаагаар ил болж шуугиан тарьжээ. Эл үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байна” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж 2015 оны есдүгээр сарын 9-нд Аудитын шалгалтын дүгнэлт гарч байжээ.
БАРИМТ 10
Тэрбээр 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 15,8 сая төгрөг, 2016 онд 35,9 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 2017 онд 25.1 сая төгрөгийн орлогтой гэж мэдүүлжээ.
БАРИМТ 11
М.Бадамсүрэн 158 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай юм байна. Түүнийг хөрөнгө оруулгын мэдээг сонирхох аваас 2015 онд дөрвөн орон сууц, үйлдвэр үйлчилгээний нэг байгууламжтай хэмээгээд үүнийгээ 205 сая төгрөгөөр үнэлж байсан ч 2016 оноос ХОМ-тээ тусгахаа больжээ. Хаширлаж нуув уу эсвэл гэдгийг хэлэх зүйл алга.
БАРИМТ 12
Тэрбээр хувьдаа 33 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Harrier машинтай.
БАРИМТ 13
Шинэ цагийн цээж баячуудын жишгээр сүүлийн үед хурдан морь сонирхдог болоод байгаа. Түүний нэр дээр 26 тооны адуу бүртгэлтэй байгаагийн найм нь хурдан удмынх аж. Өнгөрсөн 2015 онд 12 тооны үхэртэй байжээ.
БАРИМТ 14
Дорнодын Засаг дарга 0,07 га газраа 700 хав. дөр метр болгож томруулж чадсан сүүхээтэй эр. М.Бадамсүрэн 2015 онд зөвхөн өмчлөх 0,07 га газартай байсан бол 2017 гэхэд өмчлөх 700 хав, дөр метр газар дөрөв, 750 хавт дөр метр газар хоёр, эзэмшлийн 300 га газартай болсон байх юм. Эдгээр газраа 37,8 сая төгрөгөөр үнэлжээ. Энэ үнэлгээ арай биш ээ.
БАРИМТ 15
Түүнд хувийн хадгаламж бий. Гэхдээ хэмжээний хувьд итгэмээргүй бага, 10,9 сая төгрөг.
БАРИМТ 16
Харин зээл нь хадгаламжаасаа тав дахин их. Худалдаа хөгжлийн банкнаас 54 сая төгрөгийн зээл авчээ.
БАРИМТ 17
Эрхэм Засаг дарга “Эрдэнэс Таван толгой ХК”-ий 1072, 536, 1072 хувьцаа эзэмшдэг.
БАРИМТ 18
Дорнод аймаг 2017 оны ажлаар тэргүүний аймаг боллоо гэсэн мэдээлэл гарсны дараа иргэд олон нийтийн сүлжээгээр “Газар нутгаа хятадуудад худалдлаа л гэж улсад тэргүүлдэг юм байх даа” хэмээн шүүмжилж, хэсэг шуугисан. Энэхүү мэдээллийн мөрөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “намын, Засгийн газрынхаа нэрийг шавартай хутгалаа” хэмээн мань хүнийг хатуу донгодсон удаатай.
БАРИМТ 19
Дорнод аймгийн төв Чойбалсан хотын гудамж, талбайг хятад ханзаар чимдэг болсон талаар Choibalsan.mn сайт 2015 оны аравдугаар сард мэдээлсэн байх юм. Үнэн хэрэгтээ Чойбалсан хотод БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар буюу 2,0 сая юанийн санхүүжилтээр гүүр, явган хүний зам гэрэлтүүлэг бүхий гудамжийг цогцоор нь барьж, хүлээлгэж өгсөн тухайгаа гүйцэтгэгч байгууллага баталгаажуулсан нь түүнийг хэл аманд өртүүлж орхисон.
БАРИМТ 20
М.Бадамсүрэнг нутгийнхан нь “Түгжил Бадам” гэцгээдэг. Түүнийг улс төрд хөтлөн оруулж, аймгийнхаа МАН-ын дэд дарга болгож байсан Засаг дарга асан Ц.Жанлавыг Засаг даргаас нь огцруулах хуйвалдааныг зохион байгуулсан гэдэг. Дараа нь бас аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарын дэмжлэгтэйгээр Засаг дарга болмоцоо ханилсан нөхрөө огцруулахаар АН, МАН-ын бүлгийн гишүүдтэй хуйвалдан Чойбалсан хотын Засаг дарга П.Мөнхтөр, шар хочит Г.Болдбаатар нарыг турхирч хуралдааныг өөр хүнээр даргалуулан хууль зөрчиж байсныг М.Бадамсүрэнгийн зохион байгуулсан ажил хэмээн www.choibalsan.mn сайт мэдээлж байв, тухайн үед.
БАРИМТ 21
Дорнод. Мн сайтын дэлгэсэн бас нэг баримт гэвэл, 2015 оны аравдугаар сарын 2-нд “аймаг сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54,6,5-д заасны дагуу Б жагсаалтаар МАН-аас ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Р.Зоригтбаатарыг ИТХ-ын төлөөлөгчөөс эргүүлэн татсугай гэсэн 08 тоот шийдвэр гаргаж М.Бадамсүрэн өөрөө гарын үсэг зурж байжээ гэх мэдээлэл.
БАРИМТ 22
Түүнийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүн гэдэг. Үнэхээр ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг М.Бадамсүрэнг аймгийн Засаг даргаар батламжлахгүй буцаах тоолонд эрхэм гишүүн Н.Номтойбаяр уур цухлаа барж ширээ шааж байсан билээ. Дараа нь М.Бадамсүрэнг намаа бужигнуулж эхлэхэд МАН-ын дарга М.Энхболд сонгуулийн өмнө эвтэй байхыг зөвлөсөн ч Номтойбаярын далбаан дор тэс хөндлөн зөрсөөр дархлагдсан мэт аашилж байв.
БАРИМТ 23
Дорнод аймаг дахь “Петро чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайгаас нефть тээвэрлэхийг аймгийн Засаг даргын шийдвэрээр 2017 оны есдүгээр сарын 21-нд зогсоосон атлаа аравдугаар сарын 6-нд гаргасан шийдвэрээсээ буцаж, сэргээх шийдвэр гаргасан байдаг. Энэ нь бусдын нөлөөнд автсаны гэрч бус уу.
БАРИМТ 24
Халх голд 500 га газрыг чөлөөт бүс байгуулахаар УИХ-ын 75 дугаар тогтоол гарч үүнийг сонгуулийн өмнөхөн бүтээн байгуулалтын бүс хэмээн өөрчлөн нэрлэж байв. Гэтэл Дорнод аймгийн ИТХ 2017 оны хоёрдугаар сарын 21-нд 13 тооот тогтоол гаргаж, Матад, Халхгол сумын нутагт хамаарах Тосон уул, Тамсаг талбайн ашиглалт явуулж байгаагаас бусад хэсэгт дахин хайгуул хийхээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлахыг дэмжиж, УИХ-ын тогтоолыг салхинд хийсгэж орхив. Нийтдээ 16380 хавтгай дөрвөлжин км газрын зөвшөөрлийг бас л Засаг дарга М.Бадамсүрэнгийн оролцоотой олгосон байж таарна хэмээн dornod.net сайтад 2017 оны арваннэгдүгээр сарын 16-нд бичжээ.
Эх сурвалж: 24barimt.mn