x

Х.Тэмүүжин: 10 тэрбумын барьцаа шаардсан шүүгч албан тушаалаасаа зайлуулагдах ёстой

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ирэх 2021 оны Төсвийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон одоо УИХ-аар хэлэлцүүлэг нь үргэлжилж байгаа Шүүхийн тухай хуулийн төсөл болон бусад сэдвээр ярилцлаа.

-Ирэх 2021 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч өнгөрөгч лхагва гаригт хориг тавьсныг иргэд талархан хүлээж авсан. Гэвч УИХ хоригийг хүлээн авах болов уу?

-Хоригийг хүлээж авна, авахгүй гэх улс төрийн шийдвэрээс өмнө нөхцөл байдлаа зөв харах ёстой болов уу. Цар тахал дотороо алдчихсан, хатуу хөл хорио тавигдчихсан, бизнес эрс хумигдаж, иргэд гар дээр мөнгөгүй болчихсон байна. Үндсэндээ хаалттай, хориотой энэ өдрүүдэд тэтгэврийнхэн, төрийн албан хаагчид, ямар нэг байдлаар хоолны талон авч төрийн халамж хүртэж байгаа гурван бүлэг хүмүүс хөл хорио удах, удахгүй үл хамааран амьдралд нь өөрчлөлт бага гарах бололтой. Дээр нь нэмэгдээд хадгаламж ихтэй, бэлэн мөнгөтэй, гэрээсээ гарахгүй ч гэсэн хадгалсан мөнгөө идээд суугаад байхад санаа зовохгүй тэр хэсэг. Энэ дөрвөн бүлгээс бусад хүмүүсийн тухайд хөл хорио тавигдсанаас хойш амьдралын чанар муудчихлаа. Орлого нь багасах биш заримынх нь бүр хаагдчихлаа.

Ийм үед сонгуульд зориулсан бус сая хэлсэн дөрвөн бүлгээс бусад хүмүүсээ хаячилгүй, дундаж ангийнхнаа сөхрүүлж, улсынхаа эдийн засгийг сүйрүүлчилгүй эрсдэлтэй үеээ, эрүүл мэндийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч даван туулах тооцоо гаргалгаатай төсөв хийх ёстой байх. Бодож, төлөвлөх боломж бүтэн арван сар байсан. Хүссэн хүсээгүй өвөл ирдгээрээ ирнэ, цар тахлын дараагийн дэгдэлт гарах нь маш тодорхой байсан. Хичнээн сайн арга хэмжээ аваад, тогтоолоо ч, удах тусам дотооддоо алдах эрсдэл ихсээд л байсан.

-Хоёр дахь давалгаа ирнэ шүү гээд анхааруулаад л байсан...

-Тийм. Харамсалтай нь Засгийн газар төсвөө төлөвлөхдөө, ганц төсөв ч биш олон зүйл дээр үүнийг тооцсонгүй. Үйл ажиллагааныхаа бэлтгэлийг хангасангүй. УИХ-ын сонгуулийг үдэж, ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан л төсөв хийчих шиг болсон.

-УИХ-ын сонгууль үдсэн гэдэг нь?

-Сая УИХ-ын сонгуулиар зарсан мөнгөө эргүүлж олж авах санаатай зарим нэг нь тойрог дээрээ баахан хөрөнгө оруулалт тавьчихлаа. Арга ядаад “авлигын мөнгөө бөөнөөр нь чихчихлээ” гэж хэлж буй маань тэр. Хоёрдугаарт, ирэх жил сонгууль болно. Тэр сонгуулийг угтсан төсөв боловсруулж орж ирээд, УИХ нь түүнийг баталчихлаа. Үндсэндээ гишүүддээ бялуу хуваасан. Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нар гэх мэт эвэртнүүд нь илүү их мөнгөтэй, намын хороо, үүр болгон нь дараачийн сонгуулийнхаа мөнгийг босгох хэмжээний зохион байгуулалт бэлдсэн төсөв гэдэг нь илт харагдаж байгаа. Улстөрчид бол ирж, буцаж л байдаг. Уул нь ухаантайсан бол энэ улс орныг нуруун дээрээ үүрээд, өөрсдийг нь тэжээгээд явж байгаа бизнес эрхлэгчид, дунд давхрагынхаа хэдийг энэ хүнд цаг үед илүү бодвол зүгээр. Хэнээс ч гуйхгүйгээр татвараа төлөөд, ажлын байр үүсгээд, эдийн засгийг босгоод явж байгаа тэр хэсэг хөл хорионоос болоод эрсдэлтэй, эмзэг болж байна. Энэ хэсэг рүүгээ чиглэсэн эдийн засгийн ямар бодлого, дэмжлэг байх ёстой вэ гэдгээ хараад төсвөө хийсэн бол.

Гуравдугаарт, яах аргагүй ярих ёстой нэг зүйл бий. Дэлхий нийтээрээ ковидтой хамт амьдрахаас өөр аргагүй болж байгаа үед гурван сая хүнээ нэн даруй яаж вакцинд хамруулах вэ? Хэдий чинээ хурдан вакцинжуулна төдий чинээ хурдан хэвийн амьдралдаа орно. Тиймээс хоригийг улс төрийн өнгөөр харахаасаа илүү эрсдлээ зөв үнэлээд ирж байгаа 3 сараа хэрхэн туулах, цар тахлын дараах амьдралаа хэрхэн жигдлэх тухай бодлогоо гаргах ёстой. Төсөв гэдэг мөнгөөр илэрхийлэгдэж байгаа л бодлого, нөгөөтэйгүүр нийтийн хөрөнгө шүү дээ.

-Жилийн жилд төсөв батлагдсаны дараа “Тойргийн хөрөнгө оруулалт, түүнийг дагасан авилга” гэж ярьдаг. Үүнийг илрүүлэх, таслан зогсоох механизм, хуулийн зохицуулалт байдаггүй юм уу?

-Төсвийн сахилга бат, түүний ард хийгддэг аудитын систем манайд маш муу. Хууль зүйн сайд нь нэг гишүүнээ ил цагаан “Чи бол 10 хувийн тэр” гээд чуулган дээр зарлаад явж байна гэдэг төсвийн хамгийн багадаа 10 хувь хууль юм шиг авлигад явдаг болсныг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг ш дээ.

-Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн хоёр уу?

-Тийм. Баталж байгаа төсвийнх нь ард юу байгаа, өр шир нь хаашаа яваад байна гэдгийг мэдрээд байгаа мөртлөө түүнийг баримттай нотлоод, шүүх рүү аваачиж чаддаггүй. Нэг нь нөгөөгөө шантаажлах хэрэгсэл төдий болгоод байгаагаас биш үүнийг цэвэршүүлье гэдэг бодол ерөөсөө байдаггүй. Сонгуулиудыг харахаар хэтэрхий их мөнгөний хамааралтай. Сонгогчдын саналыг сонгуулийн үеэр худалдаж авах ханш бараг 200 мянган төгрөг болчихлоо гээд ил цагаан ярьж байна. Энэ мөнгө хаанаас гарч ирээд байна вэ? Ерөөсөө л хоёр, гуравхан суваг байгаа. Нэгдүгээрт төсвийн хөрөнгө оруулалт. Төсөвт суусан барилга байгууламж, бүтээн байгуулалтын өртөг жил ирэх тусам нэмэгдээд байдгийн шалтгааны нэг нь энэ. Хөрөнгийг төсөвт суулгасан, санаачилсан, үүнтэй хамаатай улс төрч, албан тушаалтанд, намд нь ямар нэг байдлаар хандив өгч, хувь хүртээх ёстой. Тэгэхгүй бол ажилгүй, бизнесгүй. “Төрийн мөнгө ёолохгүй” гэдэг шиг төсөв хяналтгүй учраас цоорхой сав шиг л гоожиж авлигчдын халаасийг дүүргэнэ.

Хоёрдугаарт, төрийн өмчит компаниудаас гарч байна. Ямар ч хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байна. Ашиггүй ажилладаг мөртлөө захирлууд, албан тушаалтнуудын тансаглал гүйцэгдэхгүй. Төрийн өмчит компанийг хэн атгаж, мөнгийг нь хэн сайн сэгсэрч чадна, тэр нам, тэр улстөрч албан тушаал, эрх мэдэлтэйгээ үлддэг тогтолцоо бий болчихлоо. Гуравдугаарт айлган сүрдүүлэлт, бизнесийнхнийг дээрэмддэг тогтолцоо. Дээрэмдүүлэхгүйн тулд хэн эрх мэдэлтэй, хэн хууль шүүхийн байгууллагыг атгаж байна, түүнд төлбөрөө төлдөг. Төлбөр авсан нөхөр нь өөртөө таалагдсан хэсгээ сонгуульд ялуулахын тулд сонгууль хийдэг шахуу юм боллоо. Товчхондоо төсөв, төрийн өмчит компаниуд, хуулийнхны оролцсон дээрэм тонуулаас л тэр мөнгө гарч байна. Дөрөвдүгээрт энэ гурвын аль нэгд нь багтаж байгаа уул уурхай. Улс төрчид уурхай дээрэмдээд байгаагийн цаад шалтгаан ердөө л энэ.

-Уг нь бол аудитын байгууллага, дээр нь УИХ дээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо гэж бий. Тэд төсвийн зарцуулалтад хяналт тавих ёстой биз дээ?

-Байгууллага байгуулчихдаг. Тэр байгууллага нь ямар чиг үүрэгтэй, юутай уялдаатай, ямар зарчимаар ажиллах тухай нарийвчилсан зөөлөн дэд бүтцийг нь хийж өгөхгүй байгаа учраас нэг бол байгууллага нь өөрөө бие даасан тусгай ашиг сонирхолтой болоод нийтийн ашиг сонирхлоос тасраад алга болчихдог. Эсвэл хамгийн нөмөр нөөлөг бүхий том улстөрчийн суганд хавчуулагдаад, тэр нь “за” гэвэл урагшаа, “боль” гэвэл хойшоо алхаад, дохиураар ажилладаг. Хэрвээ Монголд аудитын байгууллага нь үнэхээр аудит шиг ажилладаг байсан бол энэ олон төсвийн хулгай, төрийн өмчит компаниудын завхрал иймдээ тулахгүй л байсан шүү дээ. Тэнд огт ажил хийхгүй байгаагийн тод жишээ, үр дагавар нь ингэж гарч байна. Тэгэхээр бид тогтолцоогоо эргэж харах ёстой юм шиг байна. Манайхтай адилхан шилжилт хийсэн зүүн Европын орнууд ихэнхдээ омбудсмэний системүүдийг сонгосон байхад бид комисс, хурал ч юм уу, дарга нарын систем хийгээд байгаа.

Хоёрдугаарт, парламент бол ерөөсөө олонхи, цөөнийн тогтолцоо. Олонхи нь шийдвэрээ гаргана, цөөнх нь хяналтаа тавина. Манай парламентад гарч байгаа нэг завхрал нь олонхи шийдвэрээ гаргаж байгаа боловч хяналт тавих хэмжээний цөөнх гэж алга. Парламентад олонхи суудал авсан том намууд хорондоо нэг бол эвсээд хяналт хийх цөөнхийг байхгүй болгочихдог. Эсвэл хэт олонхи сонгогдоод Парламентын хяналтгүй Засгийн газар үүсгэчихдэг. Энэ гажиг, согогтой үйл явц 2000 оноос хойш 5 парламентад давтагдчихлаа. Төсвийн авлига гаарахаас өөр яахав.

-Ерөнхийлөгч хориг тавихын өмнө “Иргэдэд сая төгрөг олгох ёстой” гэдэг санаачилга гаргасан. Дараа нь хориг тавихдаа бас түүнийгээ давхар оруулаад ирсэн байна лээ. Тэр нэг удаагийн сая төгрөг, эсвэл бараа бүтээгдэхүүн цар тахлын үед бодитой дэмжлэг болж чадах уу?

-Ерөнхийлөгчийн санаачилсан сая төгрөг гэж байгаа боловч 200 мянга нь бэлнээр, 800 мянгад нь ваучер ч юм уу, эсвэл үндэсний үйлдвэрлэлийн хүнсний болон эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн олгох тухай ярьж байна лээ. Байж болох хувилбар. Яагаад гэвэл өдрийн орлогоороо амь зуудаг иргэд ямар ч мөнгөгүй болчихлоо. Би түрүүнд ч хэлсэн. Тэтгэвэр авдаг, төрийн албанд ажилладаг, халамж авдаг, эсвэл хадгаламжтай цөөнх гэсэн дөрвөн бүлэг иргэд л цаг яаж ч хүндэрсэн хоолтойгоо байх боломжтой байна. Бусад нь өдрийнх нь орлого байхгүй болчихоор хоол хүнс байхгүй, түлш байхгүй, эрүүл мэндийн үйлчилгээ, эм тариа авах боломжгүй, үнсэнд хаягдсан шалз шиг үлдэх гэж байна. Тиймээс энэ бүлгүүд рүү зорьж, гар дээр нь мөнгө тавих, эдийн засгийн нэмэлт эргэлт үүсгэх шаардлага байгааг үгүйсгэхгүй.

-Гэхдээ нэг удаагийн л арга хэмжээ шүү дээ...

-Тийм л дээ. Маш олон улс орон хүмүүсийнхээ гар дээр мөнгө тавьж, эдийн засгийнхаа цусны эргэлтийг сэлбэх бодлого явуулсан. Гэхдээ нөгөө талд нь тэр мөнгө юу руу орох ёстой вэ гэдгийг тооцоолж явахгүй бол мөнгийг нь аваад архи уугаад, хүчирхийлэл гаараад явчихвал үр ашиггүй болчихно. Ваучер гэж нэрлэж байгаа зүйл нь хүмүүст хэрэгтэй байж магадгүй. Мах, гурил, будаа, ногоо гээд нэн шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн, амны маск, өөр юу ч байдаг юм. Тэгвэл хүнсний үйлдвэрүүд нэг талаасаа орлоготой болчих байх, нөгөө талдаа хэрэглээ нь танагдаад байгаа нөгөө хэсэгтэйгээ хоёр талаасаа уулзалдах боломж. Гэхдээ нэг удаагийн, аргацаасан арга нь үнэн.

Үүний цаана эдийн засгийн бүтцийн хувьд хүлээгдэж байгаа зүйл нь цар тахлаас болоод алга болж байгаа ажлын байруудаа яах юм бэ? Зогсоочихсон байгаа бизнесүүдээ яах вэ? Банкнаас зээл аваад, ажлын байр бий болгоод явж байсан бизнес нь зогсчихоор бөөн алдагдлууд овоорно. Алдагдалд орсон бизнес эрхлэгчид хүнд зүгээр цалин өгөөд суугаад байх уу, эсвэл ажлын байраа хаагаад хүмүүсээ явуулах уу? гэдэг л сонголт руу очино. Тэгэхээр Засгийн газар хөл хориог хэдий хүртэл хугацаанд тавих вэ гэдэг урт болон богино хугацааны бодлогоо тодорхой болгох ёстой. Сөрөг болон буруу хүлээлт үүсгэж ер болохгүй. Гал унтраах маягаар цааш явж бас болохгүй. Богино болон урт хугацааны бодлогуудаа гаргаад, хөл хорио тавигдахад ямар салбаруудаа маш хурдтайгаар сэргээж, эдийн засгаа хэвийн байдалд оруулахын тулд өнөөдөр юу хийх вэ? Хамгийн их ажлын байр бий болгож байгаа салбарууд чинь аль нь вэ? Тэр салбаруудаа хөл хорионы дараа яаж хэвийн ажиллуулах вэ? гэдэг бодлогоо хийх ёстой. Тэгэхгүй нэг удаа элсэнд ус асгаж байгаа мэт мөнгө гаргаад дуусчихвал сарын дараа дахиад юу ч шийдэгдээгүй, илүү төвөгтэй нөхцөл байдал хүлээж байхыг үгүйсгэхгүй. Цаашаа яах гэдэг нь тодорхой харагдахгүй бол маш буруу хүлээлт, сөрөг реакц үүсэж магадгүй.

-Тэгвэл төсвийн хориг хэлэлцэх хугацаанд багтаж гарахгүй том бодлого байх нь?

-Шадар сайдын хэлснээр өвчин хийсч ирдэг байж магадгүй. Гэхдээ энэ цар тахал бол хийсч ирээгүй. “Ковид 19” гэдэг чинь 2019 оны намар гарсан учраас “19” гэж нэрлэсэн шүү дээ. Бүтэн арван сар өнгөрөөд 11 дэх сар болж байхад Засгийн газар ямар ч төлөвлөгөөгүй, дунд болон урт хугацааныхаа шийдлийг хараагүй, гэнэт өнөөдөр гарсан юм шиг цочиж босч байна гэдэг жаахан эмгэнэлтэй.

-Хөл хорионы үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь ч гэсэн өдөр өдөртөө өөрчлөгдөөд, ямар ч бэлтгэлгүй, ядаж бусдаас суралцаагүй байна гэдгийг нь маш тодорхой харууллаа шүү дээ?

-Ямар ч бэлтгэлгүй, төлөвлөгөөгүй байсан учраас эндээс нэг хүн тэг гэхээр тэгээд, тэндээс нэг нь ингэ гэхээр ингээд, гал унтраах маягийн, тохиолдлын шийдвэрүүдтэй явж ирлээ. “Эрээн хувцас л бэлдсэн байна, өөр юу ч бэлдээгүй байна” гэж соошл дээр бичсэн байсан. Яг л тийм байдалтай байна.

-Баасан гаригийн чуулган дээр Ерөнхийлөгч үг хэлсэн. Шүүхийн тухай хуульд өгсөн төслөө татаж авлаа гэсэн. Үүнийг зөв алхам гэж бодож байна уу?

-Монгол Улсад шүүх эрх мэдэл яаж хэрэгжиж байна, иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай хангаж чадаж байна уу гэх мэтчилэн олон асуулт маргаантай байгаа. Энэ олон хэл ам, маргааны үр дүнд Үндсэн хуульдаа хүртэл өөрчлөлт оруулах гэж оролдлоо. Миний санаж байгаагаар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр нэлээн дорвитой 4-5 өөрчлөлт яригдаж байсан боловч түүнээс хоёрхоныг нь хийх гэж оролдоод, гурвыг нь бол ор тас хаясан.

-Оруулж ирсэн төсөлд 4-5 өөрчлөлт байгаад батлагдсан нь хоёрхон гэсэн үг үү?

-Тийм. Зөвшилцөл нэрийн дор хачин дампуу юм болгосон. Одоогоор хоёр өөрчлөлт орсон нэртэй. ШЕЗ-ийг бие даалгах байдлаар шүүгчийн сонгон шалгаруулалтыг сайжруулах гэсэн нэг заалт, шүүгчийн хариуцлагатай холбоотой нэг заалт. Тойргийн шүүх гэх марзан үг бас нэг бий. Шүүхийн хараат бус байдал хариуцлага гэх хоёр зүйл зоосны хоёр тал шиг, аль аль нь зөв цэгцтэй явж байж үр дүн гардаг систем л дээ. Энэ утгаар нь Үндсэн хуульд орсон хоёр өөрчлөлтийг чамлахаар чанга атга гэсэн байдлаар ердийн хуулиар яаж сайжруулах вэ гэдэг дээр хаа хаана аа санаа зовцгоож байна. Харамсалтай нь Засгийн газар үүрэг даалгавраа хангалттай биелүүлж чадахгүй, хуулийн боловсруулалт нь учир дутагдалтай байна. Гэхдээ л ямар ч байсан өмнөх парламентын үед Засгийн газраас Шүүхийн тухай хуулийг өргөн барьсан.

-Ц.Нямдорж сайдын өргөн барьсан хууль гэсэн үг үү?

-Тийм. Шүүх гэдэг бол Засгийн газрын нэг сайд, эсвэл нэг хэсэг улс төрчдийн мэддэг, шийддэг зүйл биш. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн шүүгчдийн хувийн асуудал ч бас биш. Олон хуульчдын санаа бодол, эрдэмтдийн судалгаа, олон нийтийн итгэл цөөнгүй тохиолдлуудын шийдэл байх ёстой. Тийм учраас нэг хэсэг иргэд болон хуульчид юм ярьсан байх. Ерөнхийлөгч түүн дээр нь тулгуурлаад санаа оноог нь нэгтгээд Шүүхийн тухай хуулийн бас нэг төсөл өргөн барьсан. Хоёр эх үүсвэрээс хоёр гурван хууль өргөн баригдсан. Шинэ УИХ байгуулагдсаны дараа энэ асуудлаар нэлээн анхаарал тавьж ярилцлаа шүү дээ.

-Ээлжит бус чуулганаас эхлээд ярьсан?

-Тийм. Засгийн газрын өргөн барьсан, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуульд аль алинд нь авах юм байна. Аль алинд нь авах боломжгүй, тэвчимгүй зүйл ч бас байна. Аль нэг хууль нь төгс төгөлдөр болсон юм ерөөсөө байхгүй. Засгийн газрын өргөн барьсан төсөлд жишээ нь дэлхий нийтээрээ “байж болохгүй” гэж хорьдог, тойрдог зүйлийг ч бичээд оруулаад ирчихсэн байна.

-Тухайлбал?

-Шүүгч нарын зөвлөл нэрээр шүүх эрх мэдлийг өөрөө удирдах ёстой болгох тухай биччихсэн байна лээ. Шүүх эрх мэдэлд өөрөө удирдах ёс гэж байхгүй, зарим бичил хүрээнд өөрийн удирдлагын механизмууд ашиглагдаж болно. Харин Үндсэн хуулийн төрийн эрх мэдэл хуваарилалт дотор хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хүрээнд өөрөө удирдах ёсны тухай ярих утагагүй. Гэх мэтчилэн “шинэ дугуй зохиох” гэж оролдох бол аюултай.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай хуульд бас санал нийлж байгаа зүйл байна. Шүүгчдэд хариуцлага тооцдог тогтолцоог Дээд шүүхэд өгөөд, Дээд шүүх тэрийг нь юу болгож хувиргасныг бид өнгөрсөн 18 жил харлаа. Алдаа гаргасан шүүгч болгон дээр Дээд шүүхийн ерөнхий шүүгч аврагч нь болж тоглоод “Би чамайг аварсан учраас чи миний үгээр бай” гэдэг, шүүгч нараа гартаа оруулаад хүссэн шийдвэрээ гаргуулдаг энэ тогтолцоо нь явсаар байгаад ямар хонгил болсныг бид үзсэн. Гэтэл Засгийн газрын өргөн барьсан хуульд яг энэ хонгилоо биччихсэн. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуульд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн утга санааны дагуу бичсэн байна лээ. Шүүхийн сахилгын хороо гэдэг зүйлийг яагаад Үндсэн хуулиар бий болгосон юм бэ? Шүүх нь шүүгчээ хамгаалаад урагшлахгүй байгаа учраас хариуцлагын асуудлыг бие даасан байгууллагаар шийдүүлье гэдэг л хувилбар шүү дээ. Ингээд харахаар Ерөнхийлөгийн хуульд авч болох зүйл байна, Засгийн газарын хуульд авч боломгүй зүйл байна. Яг үүнтэй адилхан Засгийн газрын хуульд авч болох зүйл байна, Ерөнхийлөгчийн хуульд ч “арай ч ингэж болохгүй дээ” гэж эргэлзэж харахаар зүйлүүд бас байна. Уг нь бол авах гээхийн ухаанаар хандаад, хоёр хуулиа нэгтгээд явсан бол болох байсан байх. Сая бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг МАН-ын бүлэг “Хэлэлцэхгүй” гээд шийдчихсэн учраас Ерөнхийлөгч буцаагаад татаад авчих шиг боллоо.

-Сая баталсан Төсвийн хуулиар ирэх онд төрийн байгууллагуудын урсгал зардлыг нийт дүнгээр нь 9 хувиар танасан юм байна. Гэтэл Ерөнхий прокурор, Дээд шүүхийн зардал 40-50 хувь нэмэгдээд ороод ирчихсэн байна гэнэ. Ингэж нэмэгдэх үндэслэл бий юу?

-Нийгэмд гарч байгаа гэмт хэрэг, маргаан, зөрчил буураагүй нөхцөлд Шүүх, прокурор, цагдаа гэх мэт гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээр ажиллаж байгаа байгууллагуудын зардлийг бууруулах эрсдэлтэй. Нөгөө талаас шүүхийн төсөв дээр нэг зарчим үйлчилдэг. Маргааныг эцсийн байдлаар шийдвэрлэж, хууль ёсыг хангуулж, хүний эрхийг хамгаалж байгаагийн хувьд шүүхийн урсгал зардал баталгаатай, хүрэлцэхүйц байх ёстой. Ихэнх улс оронд цагдаа, прокурорын үйл ажиллагаа Засгийн газрын өөрийнх нь чиг үүрэг байдаг учраас аль салбартаа ач холбогдол өгөх вэ гэдэг нь Ерөнхий сайдын өөрийнх нь эрх хэмжээ, хариуцлагын асуудал байдаг. Тиймээс "Энэ жил бид гэмт хэрэгтэй тэмцэхэд тавьдаг төсвөө арай жаахан багасгаад эрүүл мэнд дээрээ анхааръя" гэж байгаа эрүүл мэндийн байгууллагууд руугаа төсвөө шилжүүлэх нь Ерөнхий сайдын буюу гүйцэтгэх эрх мэдлийн бодлогын асуудал.

Харин шүүх эрх мэдэл Засгийн газрын чиг үүргийнх биш учраас шүүх үйл ажиллагаандаа хүрэлцэхүйц төсөвтэй байх ёстой. Прокурор, эсвэл цагдаа нь шүүхтэй барьцаад “Бид шүүхтэй адил, ийм байх ёстой” гээд эхэлбэл Үндсэн хуулийн ирархи зарчим алдагдана. Гэхдээ “шүүх эрх мэдэл хүрэлцэхүйц төсөвтэй байх ёстой” гэж баталчихаад прокурор цагдаагийхныхаа төсвийг доголдуулчихвал шүүх нь прокурор, цагдаагүйгээр шийдвэрээ гаргаж чадахгүйд хүрнэ. Тийм учраас харилцан уялдаатай, балансалж байх тухай ярьдаг. Огцом 40-50 хувиар дээшээ, доошоо хөдөлсөн гэвэл жаахан хардам үйл явц болов уу. Тиймээс прокурор, шүүхийн төсөв яагаад нэмэгдсэн бэ гэдгийг асууж тодруулах л хэрэгтэй байх.

-Прокурор, шүүхийн төсөв сууриараа нэмэгдсэн юм биш. Ерөнхий прокурор, Дээд шүүхийн л төсөв нэмэгдсэн гэж байна?

-Тэгвэл тэд арай үнэтэй суултуур хэрэглэдэг болсон юм болов уу.

-Шүүхийн тухай хуультай холбоотой хуульч бичсэн байна лээ. “Шүүх шударга ёсыг тогтоодог” гэж яримааргүй байна гэж. Хоёрдугаарт шүүхийн шийдвэр зөв, үндэслэлтэй байхын тулд дан ганц Шүүхийн тухай хуулийг биш, процессийн хуулиуд, процессийн шударга ёсоо ярих ёстой гэж...

-Шүүх хууль, гэрээгээр хамгаалагдсан “шударга ёсыг”, нөгөө талаасаа “ухаалаг байдлыг” хуулийн дагуу тогтооно, хамгаална. Шударга ёс гэдэг үгийг justice гэдэг утгаар хэрэглэж байгаа бол шүү дээ. Энэ justice-ийг дан ганц шүүхийн тухай хуулиар хийхгүй гэдэгтэй санал нэг. Ядаж л Хууль зүйн яам нь дотоод хэргийн биш шударга ёсны яам болох, тэр чиглэлийн бодлогоо болохоос эхлэнэ. Шүүхийн асуудал дээр Монгол Улсын Үндсэн хуульд байгаа зарим нэр томьёо жаахан төөрөгдөл үүсгээд байдаг. “Шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэж Үндсэн хуульд бичсэн байгаа. Тэрийг яаж уншихаас их зүйл шалтгаалах байх.

-Хараат бус шүүх гэсэн утга юм биш үү? Тавьж байгаа гол зарчим нь...

-Олон улс орон Үндсэн хууль болон бусад хуульдаа иргэний шударга ёсны эрхийг “шударга шүүхээр шүүлгэх” гэж биш “шударгаар шүүлгэх” гэж бичсэн байдаг. Шударга шүүхээр шүүлгэх гэхээр байгууллагын буюу шүүгчийн тухай бодчихоод байх шиг байгаа юм, бид. Шударгаар шүүлгэх эрх гэдэг нь процессийн шударга ёсны тухай юм. Түүнээс биш иргэн хүн “шударга шүүх” гэж бичсэн байшин дотор шударга царайтай шүүгчээр шүүлгэх тухай биш. Асуудлыг хөндлөнгийн, хараат бус байр сууринаас эрүүл саруул оюун ухаанаар хардаг, хуулиа дээдэлсэн, ёс зүйтэй, маргаан шийдвэрлэх процесс нь иргэний оролцоо, үг хэлэх эрх, ялгаварлалгүй байх зарчмуудыг хангасан тийм орчинд хэрэг маргааныг шийдвэрлэх тухай л юм. Манай Үндсэн хуульд чухам юу гэж бодож “шударга шүүхээр шүүлгэх эрх” гэж бичсэнийг сайн мэдэхгүй. Гэхдээ Монгол хэлэнд “шүүх гэдэг өөрөө үйл үг. Харамсалтай нь манайд шүүх гэдгийг байшин сав, байгууллага гэж хараад байгаа. Ж.Эрхэмбаатарын бичсэн процессийн шударга ёсыг нэхэж байгаа агуулга нь бол зөв байх. Процесс нь шударга байж шийдвэр нь шударга гарна гэдэг бол орчин үеийн хуулийн зарчмын гол агуулга.

Социализмын үед бол процесс падлийгүй гэдэг суурь онолтой байсан. Зорилго нь аргаа зөвтгөнө гэдэг зарчимтай, процесийг чухалчилдаггүй, үр дүнг л шаарддаг, үр дүнгээ бий болгохын тулд хүн алсан ч хамаагүй гэх шах уу. Ийм социалист хуулийн тогтолцооноос “Үгүй ээ, алхаж байгаа алхам болгон чинь хууль ёсны байх ёстой. Хэрэг маргааныг шийдэж байгаа процесс болгон чинь хууль ёсны хэмжүүрт нийцсэн байх ёстой” гэдэг өндөр шаардлагатай хуулийн тогтолцоо рүү 1992 оноос шилжээд орчихлоо. Ийм эрх зүйт тогтолцоо руу шилжээд орчихсон мөртлөө өнөөдрийг хүртэл бидний хийж чадаагүй, чадахыг хүсэхгүй байгаа ганц зүйл бол процессжуулах ажил. Үр дүнд дуртай, процесст дургүй олон нийт, бас дарга нартай.

-Та өмнө нь сайд байхдаа нэг удаа хийх гэж оролдсон байх?

-2016 онд процессийн чухал хоёр хуулийг УИХ батлаад ёсчлоогүй байхад МАН сонгуулиар олонхи болонгуутаа хүчингүй болгосон. Хууль сахиулах ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль. Х.Нямбаатарын яг өөрийнх нь хэлсэн үг бий. “Монголын эрүүгийн эрх зүйн уламжлал гэж байгаа” гэж хэлээд, уламжлалт хуучин процессийн хуулиа буцааж сэргээх гэж оролдоод хөөн хэлэлцэх хугацааг яаж завхрууллаа. Бид хуулиа өөрчлөхөөс гадна хууль тогтоогч нь ч тэр, хууль сахиулагч, хуульч, шүүгч, прокурор нь ч тэр, толгой дотор байгаа уламжлалт хуучин, хоцрогдсон арга барилаа өөрчлөхгүйгээр нэг гайгүй дүр төрхтэй хүнийг шүүгчээр томилоод, гайгүй байшинд оруулчихаараа “хараат бус, бие даасан, шударга шүүхтэй болчихлоо” гэж бодвол том эндүүрэл. Тэр хүн яаж ажиллах, иргэн шүүхээр эрхээ яаж хамгаалуулах, маргаж байгаа асуудлаа яаж шударгаар шийдвэрлүүлэх, тэр шударгаар шийдэж байгаа процесс дотор хууль яаж гол ноён нурууг нь авч гарах вэ гэдэг нь бүгд хуульчлагдсан байх ёстой.

-Жишээ нь өнгөрсөн сонгуулийн өмнө Оюутолгойн ХОГ-тэй холбоотой баахан улстөрчдийг шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон. Ингэхдээ шүүгчдэгч тус бүрээс 10 тэрбум төгрөгийн барьцаа шаардаад, тэрийг нь хангаж чадахгүй болохоор “шүүгчийн захирамжийг биелүүлээгүй” гээд бариад хорьчихсон, одоо болтол хоригдоод, эхнээсээ ялаа авч байна. Хуульд жишээ нь ийм хэмжээний барьцаа төлөх тухай заалт бий юу?

-Шударгаар шүүлгэх эрхийн дотор нэг чухал агуулга нь “Шүүхийн шийдвэр биелэгдэхүйц байх ёстой” гэдэг зарчим бий. Огт биелэгдэхгүй нөхцөл тавих нь өөрөө шүүхийн шийдвэр шударга бус байна гэдэг хэмжүүр лүү очдог. Саяны энэ тохиолдолд үнэхээр шударга ёс ажилладаг, хууль ёс нь улстөрчид, албан тушаалтнуудын дур зоргоос дээгүүр оршдог нийгэмд бол ийм шийдвэр гаргасан шүүгч албан тушаалаасаа зайлуулагдах ёстой. Монголын нөхцөлд жирийн дундаж иргэний цалин, орлого, хадгаламж хэд билээ? Энэ нийгэм чинь дунджаараа хэмжигдэж байж шударга ёс тогтоно шүү дээ, уг нь. Гэтэл огт биелэхгүй нөхцөл тавиад, угаасаа энэ нөхцлийг биелүүлэхгүй учраас гээд хүнийг хорьж мөрдөх, эсвэл хорьж шүүх нь өөрөө нэг төрлийн эрүү шүүлт. Эрүүл саруул ухаан ноёлдог нийгэмд бол ийм шийдвэр гаргасан шүүгч албан тушаалаасаа шууд зайлуулагдах ёстой. Харин эрх мэдэл, муйхарлал, тэнэглэл ноёлж байгаа нийгэмд бол гавьяа шагналаа аваад, магадгүй гавьаят хуульч болоод явах байх.

-Тийм шийдвэр гаргасан шүүгчийг зайлуулдаг механизм нь юу байна?

-Тийм шүүгчид хариуцлага тооцохын тулд Үндсэн хуулиар шүүгчийн Сахилгын хороо байгуулагдаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэртэй гурван улс төрчөөс шүүгч хараат бус болгох гэж байна. Мэдлэг тутсандаа шүүгч ийм алдаа гаргаж байгаа юм биш. Ийм алдаа гаргатал нь үүрэг даалгавар өгдөг улстөрч, мэргэжлээсээ урваж, хууль зарчимаа гээтэл нь айлгаж ичээдэг улс төрийн нөлөөтэй тогтолцоо байна гэсэн үг. Шүүгч зүгээр л утсан хүүхэлдэй шиг.

-Одоо мөрдөж байгаа хуульд үүнтэй ижил механизм байхгүй гэж үү? Шүүгчийн ёс зүй хороо ч бил үү, ШЕЗ-ийн дэргэд нэг бүтэц байсан биз дээ?

-Ерөнхийлөгч чуулганд хэлсэн үгэндээ бас хэлж байх шиг байна лээ. Гэхдээ зарим зүйлийг үнэхээр мэдэхгүй байх шиг байна. Зарим зүйлийг бол буруу бодож байх шиг байна. 2012 онд Шүүхийн тухай хууль багцаараа батлагдсан. Тэр хуульд Дээд шүүх болон Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид шүүгчийг огцруулахтай холбоотой эрх мэдлийг ерөөсөө олгоогүй байсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өөрөө энэ хуулийг өргөн барьж, батлуулсан. Мань хүн батлуулахдаа өөрөө тэр тухай огт мэдээгүй байх, сүүлд хийсэн үйлдлүүдийг нь харахад. Дараа нь гэнэт “Шүүхэд Ерөнхийлөгч ямар ч оролцоогүй болчихсон байна” гэдгийг олж харсан. Хоёрдугаарт Дээд шүүхийн ерөнхий шүүгч “би хэн ч биш болчихсон байна” гэдгээ мэдэрсэн. Тэгээд хамгийн түрүүнд Ерөнхийлөгч рүү “Таны сая батлуулсан хуулиар бид ийм болчихлоо шүү” гэж гүйж орсон хүн нь Ц.Зоригт...

-Дээд шүүхийн ерөнхий шүүгч байсан уу?

-Тийм. Тэгээд нэн даруй энэ хуульд өөрчлөлт оруулах ёстой юм байна гээд Ш.Түдэндоржоор хуулийн төсөл өргөн бариулаад хамгийн түрүүнд ШЕЗ-ийн бүх гишүүдийг Ерөнхийлөгч томилдог болгож өөрчилсөн. Хоёрдугаарт Хуульчдын холбоо буюу мэргэжлийн холбоонд нь оччихсон байсан Мэргэжлийн хариуцлагын хороог задлаад ШЕЗ-ийн дор Шүүгчийн ёс зүйн хороог байгуулсан. Яг үүнтэй зэрэгцээд Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн захиалгаар Үндсэн хуулийн цэц шүүгч нарын ёс зүйн алдааг эцэслэн шийддэг эрх мэдлийг Дээд шүүхэд өгсөн. Ингэж л хонгил үүссэн.

Хонгил бол 2012 оны Шүүхийн тухай багц хуулиар үүсээгүй. Харин “би юу хийчих вэ” гэж амаа барьсан хүмүүсийн жилийн дараа араас нь хөөцөлдөж гүйж эрх мэдлээ төвлөрүүлсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүдээр үүссэн.

-Ерөнхийлэгч Х.Баттулга Шүүхийн тухай хуулийн төслөө татаж авахдаа чуулганд "Би бол эрх мэдлээ нэмэгдүүлээгүй, эрх мэдлээсээ татгалзсан анхны Ерөнхийлөгч" гэж хэлсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танасныг хэлсэн байх...

-Эрх мэдлээсээ татгалзсан анхны Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байж болох байсан. Харамсалтай нь тэр бүгдээс буцсан. Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга нарт хүртэл генерал цол өгөх гэж буцаан эрх мэдлээ нэмэгдүүлсэн. Монголын төрийг иргэний болгох бүх алхамаас ухарсан. Ардчилагчид нь ийм байхад коммунистууд цэрэг эрээн хувцасаар жигдэрч, нийгмийг армижуулах нь арга ч гүй биз. Харин одоо байгаа Ерөнхийлөгч өөрийнхөө хэлсэн шиг зохимжгүй эрх мэдлээсээ бүрэн татгалзсан анхны Ерөнхийлөгч болж чадах болов уу. Ирэх өдрүүд л харуулах байх даа.

-Ерөнхийлөгч бас чуулган дээр хэлж байна лээ. Цар тахлын үед цахимаар хийж байгаа чуулганаар Шүүхийн тухай хуулийг хэлэлцмээргүй байна аа гэж. Тэр нь ч зөв байх. Сая төсөв батлахад ч гэсэн гишүүдийн олонхи нь юу баталж байгаагаа мэдэхгүй байх шиг харагдсан. Шүүхийн тухай хууль ч гэсэн тийм маягаар батлагдаж магадгүй. Ядаж л хуульч, судлаачдын оролцоо дутагдаж байна шүү дээ?

-Цар тахлын үед яаж зохион байгуулахыг мэдэхгүй. Ямар ч байсан чуулганы хуралдаан цахим руу орчихлоо. Цахимд шилжихээр цөөн тав, арван хүний хурал, хэлэлцүүлэг бол үр дүнтэй болж байх шиг байна. Тавь жаран хүн оролцохоор яг үнэндээ олонхи нь юу болоод байгааг мэдэхгүй, дараа нь шийдвэр гаргасан хүмүүс нь өөрсдөө “Би ийм шийдвэр гаргаагүй шүү дээ” гэж мэлзэж бултах магадлал маш өндөртэй болчихоод байна. Тийм учраас Ерөнхийлөгчийн хэлж байгаа үг зөв ч байж магад. Одоо бол гэр гэрээсээ, дэлгэцийн цаанаас хуралдсан нэр зүүгээд, яг үндсэндээ зарим гишүүд нь зургаа үлдээчихээд байна шүү дээ. Зураг нь баталсан, өөрөө баталсан нь мэдэгдэхгүй хууль батлагдаад явчих, ач холбогдол өгөхгүй байх, эсвэл хайнга хандаад өнгрөөчих магадлал байна. Тийм учраас манай нам ч гэсэн цахимаар хурлаа хийж дүрмээ өөрчилнө гэдгээсээ ухарсан нь дээр байх.

-АН-ын ҮБХ цахимаар хуралдсан гээгүй бил үү?

-Тийм хурал болоогүй.

-Хурал болоод Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлаа ярьсан гэж хэвлэлд гарсан байсан?

-Үгүй, үгүй.

-Таныг, бас өөр хоёр нэр дэвшигчийн нэр гарсан байсан...

-Нам ямар нэг байдлаар энэ асуудлыг хэлэлцээгүй.

-“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Х.Баттулга нэр дэвших эрхгүй” гэдэг үгийг та хэлсэн маягтай байр суурь бас фэйсбүүкт явж байсан?

-Би харсан. Миний өөрийн амаар хэн нэг сэтгүүлчид хэлсэн үг лав биш. Ерөнхийлөгчийн хориг, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юм яваад байх шиг байна лээ.

-ҮХНӨ-өөр Баттулга нэр дэвших эрхгүй болсон гэдэг үг яваад байна лээ?

-Мэргэжлийн байр суурь илэрхийлбэл, тийм үндэслэл байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилийн хугацаатай сонгоно гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Одоо тийм Үндсэн хууль үйлчилж байна. Анх төслийг бичиж байхад “Энэ заалт нь сонгогдсон одоо хүчин төгөлдөр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа, дахин нэр дэвших эрхээ эдлээгүй Ерөнхийлөгчид хамаарахгүй гэх үүднээс үйлчлэх хугацааг нь 2025 оноос эхлүүлэхээр шилжилтийн маягийн зүйл заалт байсан. Тэрийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахдаа аваад хаячихсан. Тийм учраас “нэг удаа” гэдэг үг чинь одоо байгаа Ерөнхийлөгчид үйлчлэхүү, үгүй юу гэдэг асуудал яригдана. Одоо байгаа Ерөнхийлөгчид үйлчлэхгүй гэвэл нөгөө талд нь Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарт бас энэ эрх нээгдэх үү гэдэг асуулт үүснэ. Шилжилтийн заалтгүй нөхцөлд хууль тогтоогчид хүчин төгөлдөр Үндсэн хуульд нийцүүлж “6 жилийн хугацаатай нэг удаа” гэдэг зарчмаар хууль гаргах байх. Хууль зүйн бус улс төрийн нөхцөл байдлыг нь харвал Үндсэн хуулийн цэцэд тэр хууль нь маргаан болж очих биз.

-Та Хууль зүйн яамны шинэ барилгад орж үзсэн үү?

-Үгүй.

-Гаднаас нь харсан уу?

-Харсаан. Манай Ц.Нямдорж сайд чинь хууль зүйн бодлого талаасаа учир дутагдалтай ч гэсэн байшин барихдаа бол мэргэжлийн хүн шүү дээ. Их хурдан барьсан.

-Та сайд байхдаа ТТАХНЭ-ийг Мөрдөх албаны байшин болгоод бариад эхэлсэн чинь “эмнэлгийг оффис болголоо” гээд бөөн хэрүүл тэмцэл, жагсаал цуглаан болж байсан. Тэгсэн одоо ХЗДХЯ ийм өндөр барилгад орчихсон байхад бүр хэн ч юу ч хэлэхгүй юм?

-Тэр үед зоригтойхон хөдлөөд, гүйцэд хийчихсэн бол өнөөдөр Чулуутын аманд тусгай үүргийн том эмнэлэгтэй болчих байсан. Тусгай зориулалтын эмнэлгийг хотын төвд байлгаж болохгүй, хотоос гаргая гэдэг бол эрүүл зарчим. Хэрвээ энэ Засгийн газар эрүүл саруул ухаантай бол одоо Төв аймгийн төвд 5000-10000 ор дэлгэгдэж ажиллах чадвартай том эмнэлэг барих хэрэгтэй л дээ. Газар хөдлөхөд Улаанбаатар хотоороо, бүх эмнэлэгтэйгээ сүйрээд сууж байх биш, хотоос гадна түргэн хугацаанд тусламж үйлчилгээ үзүүлж чадах тусгай зориулалтын эмнэлэгтэй байх ёстой.

-Сая ковид эхэлсний дараа шинээр эмнэлэг барьж чаддаггүй юмаа гэхэд аль нэг аймгийнхаа төвд ганц барилга худалдаж аваад эмнэлэг, лаборатори байгуулчихсан бол өнөөдөр арай ч ийм байдалд хүрэхгүй л байсан байх?

-Сая 600 мянган хүн амтай хотынхоо төвд халдвартын том больниц байгуулчихаад сууж байгаа улс шүү дээ, бид чинь. Ямар эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаагаа бид анзаарах ёстой. Дарга нарт ойр эмнэлэг л мундаг гэж бодож болохгүй. Төрийн ордныхоо хажууд тусгай зориулалтын эмнэлэг байна гэдэг чинь ямар ч эрүүл саруул ухаанд багтахгүй, хамгийн тэнэг шийдэл. Харин тэр Богд уулын Чулуутын аманд байсан бол зөв шийдэл болох байх. Эсвэл Төв аймгийн Зуун мод хотод барих хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Иргэн (66.181.179.58)
    Зүгээр энгийнээр бодоход хүнээс 10 тэрбумын барьцаа /авлига/ нэхэж дарамталсан шүүгч л шоронд ормоор юм.
    2020 оны 12 сарын 05 | Хариулах
  • DR MAXWELL.. (129.205.124.244)
    Та бөөр, биеийн эд эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр эсвэл биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
  • Сарангэрэл байна (173.66.147.186)
    Сайн ахаа, корона тусаваа, ахиад 17-той биеэ үнэлэгч авахгүй гэртээ өнжиж биеэ бодоорой.
    2020 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (192.82.76.199)
    Давуу эрх эдэлж буруу хэвшил тогтож ёрдийн үзэгдэл болно
    2020 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.40.41)
    Ардчилсан үзэлтэй хүмүүс коммунистуудыг бодвол улс орныхоо төлөө сэтгэл чилээх юм Хоосон толгойтой байж албан тушаалын хэнээтэй энэ коммунистууд улс орныг модыг нь бариулна даа
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.183.63)
    Элбэгдорж энэ хүнийг сайдаар тавихад гол үүрэг гүйцэтгэсэн нь үнэн ч өөрөө хэлж яриад байсан шүүхийн шинэтгэлээсээ буцаж Ц.Зоригтой нийлж бүгдийг самарсан. Тэмүүжин аргаа бараад Н.Алтанхуягтай нэг тал болж яваад ч дийлэлгүй засаг нь унасан даа. Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин хоёр өөрчлөлт хийх гэж зүтгэсээн
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • J. Erka (66.181.161.71)
    Ингэж хэлж чадсан хууль зүйн сайд байл уу ? " ... Эрх мэдлээсээ татгалзсан анхны Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байж болох байсан. Харамсалтай нь тэр бүгдээс буцсан. Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга нарт хүртэл генерал цол өгөх гэж буцаан эрх мэдлээ нэмэгдүүлсэн. Монголын төрийг иргэний болгох бүх алхамаас ухарсан. Ардчилагчид нь ийм байхад коммунистууд цэрэг эрээн хувцасаар жигдэрч, нийгмийг армижуулах нь арга ч гүй биз. Харин одоо байгаа Ерөнхийлөгч өөрийнхөө хэлсэн шиг зохимжгүй эрх мэдлээсээ бүрэн татгалзсан анхны Ерөнхийлөгч болж чадах болов уу. Ирэх өдрүүд л харуулах байх даа" ...
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Ок (66.181.161.40)
    Ардчилсан намын үед бүр авдаг байсан ЗТЯ-ын 30%-ын тэр сайд гэдэг байсан шүү дээ
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (139.5.218.221)
    Энэ нөхөр одоо боливол яасан юм.. Балаг нь дуусаагүй, хэрэг нь хуучраагүй байна.
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.120.202)
    Хэн нэгэнд зориулж биш хуулинд зааснаар гэж ярьж буй нь Тэмуужинг аливаад хуульчийн зугээс зев ханддаг зарчимыг илтгэж байна даа
    2020 оны 12 сарын 01 | Хариулах
  • Tumni neg (202.126.88.172)
    Teneg min medeelele bolsruulj unshij bai
    2020 оны 12 сарын 01
  • Tumni neg (202.126.88.172)
    Teneg min medeelele bolsruulj unshij bai
    2020 оны 12 сарын 01
  • Зочин (66.181.161.3)
    НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭН БЭЛГИЙН АЖИЛД УРУУ ТАТАЖ ХАРЬЦААНД ОРЧХООД ИЧИХГҮЙ ЖЕНКО МИНИЙ БООВЫГ БАРЬЖ БАЙГААД ХИЙСЭН ГЭХ ХОЛГҮЙ ЮМ ЯРИАД СУУЖ БАЙДАГ. ХОХИРОГЧ ХҮҮХЭН ЬИЙМЭЭ ЯНЗ БЗР ЮМ БОЛСОН ГЭЭД СУУЖ БАЙДАГ. ГАЗАР ДЭЭРЭЭ МУРИСАН ХУЛГАЙЧ ТЭМБҮҮЖИН.ХҮН АЛЧИХААД ЖЕНКО АЛСАН БИ ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ГЭЭД СУУЖ БАЙХ МАНЬЯАК .
    2020 оны 12 сарын 01 | Хариулах
    • Tumni neg
      Teneg min medeelele bolsruulj unshij bai
      2020 оны 12 сарын 01
    • Tumni neg
      Teneg min medeelele bolsruulj unshij bai
      2020 оны 12 сарын 01
  • Шударга үнэн. (66.181.161.3)
    ЭНЭ МАНЬЯАК ЧОНО БОРООНООР ХУЛГАЙЧ ДҮЙВЭЭН САМУУНААР ГЭДЭГ ШИГ КОВИДООР АМИЛААД ИРЖЭЭ ӨМХИЙ ТЭМБҮҮЖИНГИЙН ВИРУС ЧИНЬ.
    2020 оны 12 сарын 01 | Хариулах
  • Mонгол Иргэн (122.201.31.91)
    ккк... ЭНЭ БОЛ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН БӨГС ДОЛООГЧ ШҮҮ ДЭЭ... ХЭР ТАМХИЧИН НУУЦ АМРАГТАЙ "ТЭМПҮҮЖИН"- ийн хуульч гэж юу байхав дээ... ШИВШИГ Л БАЙХГҮЙ ЮУ...
    2020 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.25.97)
    Энэ өөрөө албан тушаалд очихоороо худал хүн. Сждлхач хийгээд энэ мэтээр чриад сужэ байвал ок
    2020 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.109.67)
    Төрд хэрэгтэй хуульч шүү
    2020 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.79)
    Зөв санаа их бнаа
    2020 оны 12 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Ангела Меркел ба Герман 1 цаг 28 минутын өмнө СӨҮЛ: Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан зөвөлгөө эсэргүүцэлтэй тулгарав 2 цаг 8 минутын өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг даваа гаригт нээнэ 4 цаг 42 минутын өмнө "Бусдыг турхирагч, хэт даврагчдыг олон нийтийн сүлжээнээс хасах нь зөв" 7 цаг 25 минутын өмнө Ж.Эрдэнэбатад ял оногдуулсан шүүхийн тогтоолыг Дээд шүүх хүчингүй болгожээ 16 цаг 1 минутын өмнө Гишүүн асан А.Сүхбатыг албадан тусгаарлалаа 16 цаг 43 минутын өмнө Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 164 иргэн эх орондоо ирлээ 17 цаг 48 минутын өмнө Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцлоо 21 цаг 4 минутын өмнө Зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд тусламжийн багц хүргэлээ 21 цаг 9 минутын өмнө ДЭМБ: Вирус амьтнаас хүнд хэрхэн яаж халдсан талаар судална 21 цаг 17 минутын өмнө ЧД-ийн Эрүүл мэндийн төвд батлагдсан 1 тохиолдлыг ХӨСҮТ-д шилжүүллээ 21 цаг 34 минутын өмнө Трампизмын үүсэл, шалтгаан ба авах сургамж 21 цаг 55 минутын өмнө Г.Загданшатар: Шүүхийн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэхийг Та бүгдээс хүсье! Өчигдөр 16 цаг 02 минутад Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын ажилтан гэр бүлээрээ 36 удаа азтан болсон эсэхийг шалгаж байна Өчигдөр 15 цаг 50 минутад Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор 1,553 автомашин нэвтэрч, 2,338 тээврийн хэрэгсэл гарчээ Өчигдөр 15 цаг 45 минутад Нэг сарын хугацаанд нийслэлд 1.4 сая иргэн QR код уншуулжээ Өчигдөр 15 цаг 42 минутад Б.Баатархүү: Шөнийн цагаар хүүхэд уйлсан, үймүүлсэн гэж хариуцлага тооцож байгаагүй Өчигдөр 14 цаг 22 минутад Зах, бөөний төвүүдэд НӨАТ-ын баримт олгож байгаа эсэх талаар шалгалт явуулж байна Өчигдөр 14 цаг 16 минутад Малын сэг зэмийг төвлөрсөн цэгт эсвэл дуудлага өгч ачуулахыг анхаарууллаа Өчигдөр 14 цаг 11 минутад АН үндсэн дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Дээд шүүхэд дахин хандана Өчигдөр 14 цаг 03 минутад
iИх уншсан
Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхийлөгч Х.Баттулгын алдаа, буруу бодлогыг... Ц.Оюунгэрэл хэний хүн бэ? ЕРӨНХИЙЛӨГЧ: Сая төгрөгийн амлалт ба шударга ёсны гажуудал УИХ: Шүүгчийн хариуцлагыг нэмээд, "хоолыг нь хасах" хараат б... Р.Гончигдорж: Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулийн дагуу 2... Х.Баттулгын өв ба Оюутолгойн гэрээ Х.Тэмүүжин: Хуулийнханд "төмсөгдүүлсэн" хууль тогтоогч нар ү... С.Баяр, С.Баярцогт нарыг "улс төрийн хоригдол" болгосон хөөн... Ч.Хүрэлбаатар: Төрийн санд "оффшорын мөнгө" орж ирээгүй гэж ... Шүүмжлэл дагуулсан ковер зураг ба Камала Харрисын харизм Ж.Эрдэнэбатад ял оногдуулсан шүүхийн тогтоолыг Дээд шүүх хүч... Ц.Цогт: Шүүгчийн цалин 2700.000-5500.000 төгрөг. 8-11 саяын ... Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлжээ Монгол эрдэмтдийн бүтээсэн 198 сая төгрөгийн санхүүжилттэй о... АН үндсэн дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Дээд шүүхэд дахин... Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэ... Хөвсгөл нуурын мөсний хар, цагаан хилд хөдөлгөөн орсон тул з... Гишүүн асан А.Сүхбатыг албадан тусгаарлалаа Х.Баттулга: Миний хувьд мөнгө хадгалахын эсрэг байдаг. Мөнгө... Насны хишиг, Одонтой ээжүүдийн тэтгэмжийг цахимаар бүртгэж, ...
Top