x

Д.Батбаяр: Эрх баригч нам өмнөх алдаагаа давтах ёсгүй

УИХ-ын гишүүн , Төсвийн зарлагын дэд хорооны дарга Далайн Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал дунд ирэх оны төсөв хэлэлцэгдэж байна. Төсвийн зарлагын дэд хорооны даргын хувьд энэ төсвийг орж ирэхэд ямар байр суурьтай байсан бэ?

-Яагаад жилээс жилд төсөв нэмэгдээд байгаа талаар иргэд тэр болгон мэдээлэлгүй байна. Тэгэхээр төсвийг нэмэгдүүлж байгаа зүйл нь зардал юм. Мөн Төсвийн зардлыг бүрдүүлдэг НДШ, халамж, тэтгэмж, хүүхдийн мөнгө гэх мэт төсвийн 27.4 хувийг байр, өрөө тасалгаа, цалин хөлс, урамшуулал, халаалт, цахилгаан, хурал, семинар судалгаа гэх мэт урсгал зардал болох 22.7 орчим хувь, өөрөөр хэлбэл эдгээр нь 50 орчим хувь болж байгаа юм. Түүнчлэн мөнгөний ханшийн уналт, халамж, хүүхдийн мөнгө авч байгаа хүмүүсийн тоо жил бүр нэмэгдэж байгаа нь төсвийн өсөлтийг бий болгож байна. Өөр нэг зүйл бол жил болгон сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон төр захиргааны байр, барилга байгууламж нэмэгдэж байна.

Үүнээс хамаараад жил болгоны төсөв томорч, төсвийн зарлага нэмэгдэж орж ирж байна. Сая хэлж байна лээ, төрийн албыг цомхотгоод, хэмнээд гэж. Энэ бол худлаа. Бодит байдал дээр төрийн албаны орон тоо 1260-аар нэмэгдсэн. Үүнийг хэн ч ярихгүй байна. Дээрх зардлууд төсвийн 50 хувийг эзэлж байна. Магадгүй дараа жил 60 болно, тэгээд 70, 80 гээд явах дүр зураг харагдаж байна. Үүнийг багасгая гэвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаа багасгах шаардлага бий болно. Гэвч энэ хөрөнгө оруулалтаа багасгачихвал бид замгүй болно, дэд бүтэцгүй болно. Тэгэхээр шийдэл гарц юу вэ? Нэгд төсвийн хөрөнгө оруулалтаа яаж үр ашигтай зарцуулах вэ? Нөгөөтэйгүүр урсгал зардлаа бууруулах асуудал гарч ирж байна.

– Нэг үеэ бодоход мөнгөгүй биш мөнгөтэй болсон. Цалин, тэтгэврээ тавиад цаана нь хоёр хувийн ашиг гардаг. Түүгээрээ хөрөнгө оруулалтаа хийгээд явдаг гэж салбарын сайд нь ярьж байгаа…?

-Уул уурхайн мөчлөгөө л хэлж байгаа. Нүүрс зарагдаж байна, тийм үү. Нүүрсний үнэ өндөр, экспорт сайн байхад бид хангалттай орлогоо олоод цалин тэтгэврээ тавиад явах нь ойлгомжтой. Үүнийг хэн ч хийнэ. Харин үүнийг байнга байх юм шиг бодож болохгүй. Орлого нь байгаа юм чинь одоо байгаагаараа ингээд яваад байя гэдэг нь өөрөө төсвийг томруулах гол шалтгаан болж байгаа. Цаашид нүүрсний үнэ өсөхгүй, гаргаж байгаа хэмжээ нь бидний хүссэнээр нэмэгдэхгүй. Тэгэхээр зардлаа санхүүжүүлж чадахгүй байдал руу одооноос орж байна гэсэн үг.

Нүүрс маань сайндаа л 2030 он хүртэл зарагдана. Тэрнээс цаашаа яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хятад улсын хувьд алхам алхмаар нүүрсний хамаарлаасаа гарах гэж оролдож байна. Нэг өдөр л тэд нүүрсийг хог дээр хаяна. Тэгвэл манай улс яах вэ. Бид яг одоо нүүрс жаахан ч гэсэн эрэлттэй, үнэтэй байгаа дээр төсвийн бодлогын энэ системээ шинэчлэх, өөрчлөх шаардлагатай.

Цалин,  тэтгэврээ тавиад чадаж байна. Тэгвэл гадаа жагсаж байгаа багш, эмч нарынхаа цалинг өсгөх боломжгүй юм уу?

-Багш, эмч нар цалингаа нэмүүлье гээд байнга шаардаж, тэмцэж байна. Харин эдийн засгийн хувьд нөгөө нүүрсний үнэ өдөр ирэх тусам унаж байгаа. Угтаа бид хамтарсан Засгийн газрын үед тухайлбал, боловсролын салбарт томоохон реформ хийх байсан юм. Хамтарсан байх үедээ хил холболтын төмөр зам, уран гэх мэт том төслүүдээ эхлүүлж чадсан. Үүнийг хөдөлгөж эхлэхэд ямар ч эсэргүүцэл, улстөржилт явагдаагүй. Яг энэ үед том төслүүдээ хөдөлгөж чадсан шиг нийгмийн салбарын бодлогуудаа өөрчлөх шаардлагатай байсан. Энэ үед бид боловсрол, эрүүл мэндийн салбараа өөрчлөх ёстой байж. Ингэж чадаагүй болохоор төдийгөөс өдийг хүртэл, магадгүй цаашид ч хүн амын өсөлтөө дагаад тухайн нутаг дэвсгэрт нэг сургууль нэмээд, эмнэлэг нэмээд л яваад байна. Ингэж явах тусам нөгөө төсвийн зардал нэмэгдэнэ, төсөв томорсоор л байна.

Боловсролын салбарт, тэр дундаа хувийн сургуулиудын хувьсах зардлыг хасах эсэх асуудлаар саяхан нийгэм нэлээд их шуугилаа. Таны хувьд уг асуудалд ямар байр суурьтай явдаг вэ?

-Уг асуудлыг дэмжсэн хүмүүс их харагдсан. Угтаа хасах биш, нэмэх шаардлагатай. Хувийн сургуулийн нэг сурагчдад өгч байгаа татаас нь 200- 400 мянган төгрөг байдаг. Харин улсын сургуулийн нэг хүүхдийг сургах өртөг нь хоёр сая гаруй төгрөг. Уг асуудалд дундын шийдлийг нь олж харах ёстой байсан. Төр эсрэгээрээ хувийн хэвшлийн сургуулиудыг дэмжих бодлого барих ёстой. Татвараар нь, газраар нь, барилга байгууламжаар нь дэмжиж өгөх хэрэгтэй байсан. Улмаар хоёр сая төгрөгөөрөө доош нь буулгаад зардлыг нь хасах, мөн хувьсах зардлаа тодорхой хэмжээгээр нэмээд улсын сургуулиудын бие даасан чадварыг нэмэгдүүлж, урсгал зардлаа өөрсдөө хариуцдаг байдал руу оруулж явсан бол шийдэл байсан болов уу л гэж боддог.

Том зургаараа хувийн сургуулиудыг дэмжсэнээрээ нөгөө төсөв томордог асуудал, шинэ сургууль барих, түүнийг ажиллуулах хүний нөөц зэрэг асуудалд төр санаа зовохгүй болно л гэсэн үг биз дээ. Ерөнхий боловсролыг үнэгүй олгох ёстой. Төр татаас өгөх хэлбэрээр боловсролын салбарт нөөц бололцоогоо бүрэн гаргаж ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Эцсийн дүндээ боловсролын салбар хүртээмжтэй болж, хувийн хэвшлүүдийн үйл ажиллагаа ч улам сэргэх байсан гэж хардаг. Ер нь төсөв томорно, зардал нэмэгдэнэ гэдэг асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэх боломжтой гэсэн үг.

Төсвийн хувьд орлого тал дээр хаана нь ямар өсөлт гарах гээд байгаа юм бэ?

– Төсвийн орлогыг ердөө хоёр хувааж үздэг. Татварын болон татварын бус гэж. Татвараас бүрдсэн нийт орлогын 60 хувь нь улсын төсөв рүү, үлдсэн нь орон нутагтаа үлддэг. Харин ирэх оны төсөв дээр татвараас олох орлого өмнөх жилийнхээс 450 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Нүүрсний үнэ өнөөдөр 50 ам.доллар луу уначихлаа. Үүнийг дагаад манай улсын аж ахуйн нэгжүүд бүгд л хэцүү, хүнд байдалд байгаа. Тэгэхээр энэ төсвийг батлаад явбал орлогоо бүрдүүлэхийн тулд яах ёстой вэ?

Мэдээж нөгөө татвар төлөгч-аж ахуйн нэгжүүдийг бүр илүү шүүсийг нь шахна гэсэн үг. Ингэж шахаад нэмж 450 тэрбум төгрөг босгоно. Нийт татвараас олж байгаа орлого ойролцоогоор 6.6 их наяд төгрөг. Тэгвэл үүнийг долоон их наяд төгрөг болгохын тулд аж ахуйн нэгжүүдийн шүүсийг тултал нь шахна л гэсэн үг. Тиймээс энэ төслөө Засгийн газар буцаагаад өөрчлөөд дахиад оруулж ирэх хэрэгтэй.

Эрх баригч намын асуудал төрийн асуудал болсон  нь төсвийн хэлэлцүүлгээс харагдаж байгаа байх. Энэ утгаараа гадуур нэг мэдээлэл явж байгаа нь үнэхээр намын асуудал төрийн асуудал болсон, үүнийгээ шийдэж, төсвөө баталж чадахгүй юм бол УИХ тарах хэрэгтэй гэж. Та үүнтэй санал нийлэх үү?

-УИХ тарна гэдэг маш том эрсдэл. Дээр нь энэ бол монгол төрийн түүхэнд маш том буруу жишиг тогтооно. Тиймээс энэ асуудлыг дэвэргэж огт болохгүй. Монгол Улс бол парламентын засаглалтай. Бидний тусгаар тогтнолын баталгаа бол парламент. Тиймээс парламентыг хүчтэй болгохын тулд Үндсэн хуулиараа бид Улсын Их Хурлын гишүүдийн тоог 76- гаас 126 болгон өөрчилсөн. Ингэснээр нэг гишүүн дээр ирдэг байсан хариуцлага, дарамт болгоныг багасгаж, эрх зүйн өөрчлөлтөө хараат бусаар хийх боломжийг нь нээж өгсөн гэж үздэг. Тэгэхээр бид нэг намын асуудлаас тэдний зөрчлөөс болоод төрөөрөө тоглож болохгүй. Нөгөө жоомоо алах гэж байгаад байшингаа шатаачих вий гэдэг юм болох уу?

Бид ямар ч тохиолдолд төрийн эрх барьж байгаа үндсэн байгууллага руугаа халдаж болохгүй. Ийм жишиг тогтоож болохгүй. Тэр тусмаа бид Ерөнхийлөгчийн засаглал руу явж болохгүй. 126 гэдэг маш том шинэчлэл рүүгээ явсан гэсэн үг. Энэ бол сайн өөрчлөлт. Улсын Их Хурал 76 гишүүнтэй байх үед 32, 33-аараа хуваагдаад, ганц нэг талдаа хайрцаглагдаад асуудлыг шийдчихдэг байсан. Тэгвэл одоо бол УИХ-ын гишүүд хайрцаглагдахад хүнд болсон. 126 болгосны үр дүн өнөөдөр гарч байна гэж ойлгож болно.

Хайрцаглагдахгүй, үзэл санаагаа худалдахгүй болсны үр дүнд өнөөдөр тал талын байр суурь тодорч гарч ирж байгаа биз. Тэгэхээр Улсын Их Хурлын гишүүд маань өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Монгол Улсын эрх ашиг гэдэг үүднээс аливаа шийдвэрээ гаргадаг байх шаардлагатай, ачаа үүрэх ёстой, хөгжлийн төлөө, бодлогын төлөө, өөрсдийн хийж чадах, хийх ёстой үүргээ ухамсарлан хувийн ч юм уу, намын ч юм уу өнцгөөс биш, ард түмний элчийнхээ хувьд үүргээ хэрэгжүүлж, улс орноо хөгжүүлэх, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө ажиллах ёстой.

– Эрх баригч нам хуваагдчихлаа. Тэгэхээр Ерөнхий сайд огцрох уу, улс төрийн үйл явц аль талдаа шийдэгдэх вэ гэдэг нь дан ганц танай намаас шалтгаалах ийм нөхцөл байдал бий болчихлоо гэж харж байгаа, зөв үү?

-Асуудалд хандаад байгаа хандлага маань 76 гишүүнтэй байх үеийн улс төрийн нөхцөл байдалтай харьцуулж бид хараад байдаг. Одоо цаг үе их өөр болсон. 126 болоод томорчихсон учраас эрх барьж байгаа 68 гишүүнтэй нам хамгийн сайн, зөв хүнээ л сонгоод, ажлаа хийгээд л яваач. Ажлаа сайн хийгээд яваад байх юм бол АН юу юугүй улдан эсэргүүцээд, тараагаад байна гэж байхгүй. Тийм хүч, боломж бололцоо ч АН-д хомс. Харин эсрэгээрээ, сайн ажиллаж байвал дэмжээд л явна. Дангаараа 42 гишүүн гэдэг Засаг унагаагаад, төр хямраагаад явах хүчин огт биш шүү. Тооны хувьд ч, үзэл санааны хувьд ч тэр. Юу шаардах ёстой вэ гэхээр МАН өөрсдөө ажлаа сайн хийчих гэдгийг л хэлж байгаа юм.

УИХ-ын даргыг албан тушаалаасаа түдгэлзээд шалгуулах шаардлага, Ерөнхий сайд нарыг огцруулах гарын үсгийг цуглуулж, албан ёсоор УИХ-д өргөн барьсан. Сая Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцлээ. Таны хувьд уг албан шаардлагад гарын үсэг зурсан уу?

-Аль хүн нь огцорч, хэн нь дахиад гарч ирнэ гэдэг нь чухал биш. Хамгийн чухал нь өмнөх алдаагаа эрх баригч нам давтах ёсгүй. Гарч ирсэн бол ажлаа л сайн хийх хэрэгтэй. Төрийн ажил, ажил хийдэг хүнээр цангачхаад байна. Дараагийн гарч ирсэн хүмүүс жинхнээсээ сайн ажиллахгүй бол энэ 126 гишүүн хайрцаглагдахгүй шүү .  Яаж гишүүдийг хайрцаглах вэ? гэж бодох биш яаж сайн ажиллах вэ? гэсэн хандлагаар ажиллах цаг болсон. Нөгөөтэйгүүр, Их Хурлын гишүүд бид бүгд хариуцлагатай байх цаг болсон.

Цаг хугацаа биднээс өөр байхыг шаардаж байна. Тэр нь юу гэхээр бүх гишүүд өнөөдөр бие даасан байдлаа бүрэн ханган ажиллах ёстой. Миний хувьд аль аль албан бичигт нь гарын үсгээ зураагүй. Учир нь орж ирсэн шаардлагууд нь яг зарчмын шаардлага гэхээс илүү бие биеэ намнах гэсэн улстөржсөн шаардлага байсан. Энэ бол МАН-ын дотоод дахь намын улс төрийн тоглоом. Зодолдохдоо баахан асуудал гаргаж ирж, нийгмээр нэг талцуулсан атлаа буцаад эвлэрээд явахдаа юу ч болоогүй юм шиг байж болохгүй. Үүнд нь манай гишүүд автаад гарын үсгээ зураад МАН-ын дотоод зодоонд аль нэг талд нь наалдаад байх шаардлага байхгүй. Асуудал нь орж ирэхээр УИХ-ын гишүүнийхээ хувьд өөрийнхөө итгэл үнэмшлээрээ шийдвэрээ гаргаад явна.

Ярилцлагынхаа төгсгөлд танаас нэг зүйл сонирхоод асууя. Гадуур, тэр дундаа танай бүсийн иргэд, сонгогчид таныг төвийн бүсээс сонгогдсон атлаа яагаад Увсын ойд их хэмжээний хандив өгсөн юм бэ гэж шүүмжилж байх шиг. Угтаа хэн хаашаа хандив өгөх нь тухайн хүний эрхийн асуудал байх л даа…?

-Энэ бол миний өгсөн, надаас гарсан хандив биш л дээ. Тэр бол миний аавын өгсөн хандив. Миний аав Увсад төрж өссөн хүн. Нутгийн 100 жилийн ой гэдэг хэн хүнд тохиогоод байдаггүй ховор хувь заяа. Хүн нэг насандаа нэг л удаа үзнэ. Миний хувьд эндээ Улаанбаатар хотод төрж, ажиллаж, амьдарч байгаа хүн шүү дээ. Төвийн бүсэд улс төрөө хийгээд, тэднийхээ дуу хоолой болоод явж байгаа надад тэр холын Увсын ойд их хэмжээний хандив өгөөд яваад байх боломж байхгүй. Сэтгэлээрээ дэмжээд, бусадтай адил догдлоод л ойн арга хэмжээг угтан, өнгөрүүлсэн. Намайг тийшээ яагаад холбоод байгаа вэ гэхээр цэвэр улс төрийн зорилготой л асуудал шүү дээ.

Нөгөөтэйгүүр 500, 600 сая төгрөгийн хандив гээд өндөр дүн гаргаж ирээд байгаа болохоос биш энэ бол цэвэр бэлэн төлбөр биш. Тэр нутаг аавын минь төдийгөөс өдийг хүртэл хийж өгсөн, бүтээн босгосон л ажил. Аав маань өөрөө моринд хайртай, Монгол Улсын тод манлай уяач, хөдөлмөрийн баатар хүн. Энэ утгаараа ард түмнийхээ хайр хүндэтгэлийн хариуд нутгийнхаа ойг дэлгэр сайхан тэмдэглэх сэтгэлээр мориныхоо шагналыг өөрөөсөө гаргаад л явсан зүйл байгаа. Аавын маань бодож байгаа бодол өөр шүү. Бөхийн өлгий Увс нутгаа хурдан морины орон болгочих юмсан гэж зүтгэж яваа ийм л хүн.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсангүй 15 мин Улаанбаатарт үхрийн цул мах 24.3 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 30 мин Волейболын дээд лигийн дүрэмд шинэчлэл хийлээ 1 цаг 21 мин 25 сая зочин хүлээн авсан “Осака экспо”-гийн хаалтын ёслол эхэллээ 1 цаг 23 мин Газын зурваст энхийн гэрээ байгуулах уулзалтад Палестины удирдагч оролцоно 1 цаг 24 мин Багануурт хагас коксжуулсан түлшний үйлдвэр барих төслийг хэрэгжүүлнэ 1 цаг 29 мин П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж байгаа залуус маань юунд итгэж, юуны төлөө зүтгэх юм бэ 2 цаг 2 мин Солийн Данзан (3) 2 цаг 22 мин Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 11 цагаас хуралдана 2 цаг 26 мин Д.Батбаяр: Эрх баригч нам өмнөх алдаагаа давтах ёсгүй 2 цаг 28 мин Трамп Ойрх Дорнодод айлчилж, гал зогсоох хэлэлцээрийг дэмжлээ 2 цаг 32 мин Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна 2 цаг 50 мин Нобелийн Энх тайвны шагналын мэдээлэл алдагдсан эсэхийг шалгаж байна 3 цаг 44 мин Умард Солонгос шинэ тив алгасагч “Hwasong-20” пуужинг танилцууллаа 3 цаг 49 мин Өнөөдрийн онцлох үйл явдлын тойм 3 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан 3 цаг 58 мин "Эрдэнэс Монгол" компаниас гаргасан 1,9 сая ам.доллар ГХЯ-тай холбоогүй гэв 18 цаг 11 мин Г.Занданшатар: Улс төр хийх биш, ажил хийх цаг! 20 цаг 39 мин "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна Уржигдар 11 цаг 33 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Монголчуудын мөрөөдлийн төсөл “Цагаан заан” болж хувирав уу П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Б.Жавхлан: Сангийн ажилд доголдол гараагүй, бүх санхүүжилт ү... Францын шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулснаасаа хэдхэн ц... Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Японы хувьцааны зах зээл түүхэн дээд амжилт тогтоолоо “Формула-1”-ийн Сингапурын Гран-Прид Жорж Расселл ялалт байг... Японы Технологийн их сургууль Монголын 28 сургуульд 800 ширх... Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... “Усан тойрог” үзэсгэлэн усаа хайрлах уриатайгаар нээгдлээ Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүрт...
Top