сурталчлан таниулах зорилготой “Торгоны зам – Хархорум” фестивалийг энэ жил анх удаа хувийн хэвшлийн байгууллага бие даан зохион байгуулахаар боллоо. Өмнө нь тус фестивалийг Орхон аймгийн ЗДТГ, Хархорин сумын ЗДТГ, соёл, аялал жуулчлалын байгууллагууд хамтран гүйцэтгэж байсан бол энэ удаа сонгон шалгаруулалтаар “Comford dreamland” ХХК шалгарч, аймгийн удирдлагуудтай гэрээ байгуулжээ.
Фестивалийг 2025 оны наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд зохион байгуулагч байгууллага нь өмнө нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, хүний нөөц болон санхүүгийн чадамжтай байх, мөн тухайн арга хэмжээг ирэх таван жил дараалан орон нутгийн брэнд эвент болгон үргэлжлүүлэх бодлого зорилготой байхаар шаардлага тавьсан байна.
“Торгоны зам – Хархорум” фестиваль нь Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын түүх, Их Эзэн Чингис хааны зарлиг, нүүдэлчдийн соёл, Эрдэнэ зуу хийдийн үнэт өв зэргийг олон нийтэд сурталчлах чухал арга хэмжээ юм. Торгоны замын нэг чухал цэг гэгддэг Хархорум нь XIII зуунд өрнө, дорно, өмнө, умардыг холбосон худалдаа, соёлын төв байсан бөгөөд дэлхий нийтийн анхаарлыг татдаг түүхэн хот хэвээр байна.
Фестивалийг 2017 оноос хойш гурван удаа зохион байгуулж байсан бөгөөд энэ удаагийн арга хэмжээ нь хувийн хэвшлийн оролцоотой, илүү мэргэжлийн зохион байгуулалттайгаар үргэлжлэх гэж байгаагаараа онцлогтой. Аймаг, орон нутгийн төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Хархорум хотыг аялал жуулчлалын бүс нутгийн төв болгон хөгжүүлэх алхам болохоор төлөвлөж байна.