Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д анх удаа амьд донороос хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Уг мэс заслын реципиент нь 13 настай хүүхэд бөгөөд түүний ээж донор болсон байна.
Монгол Улсад хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Улсын нэгдсэн төв эмнэлэг (УНТЭ) 2006 оноос эхлэн хийж ирсэн бөгөөд өмнөх 14 тохиолдол тус эмнэлэг дээр хийгдэж байсан бол энэ удаад ЭХЭМҮТ-д анх удаа хийгдсэнээр онцлог юм.
Ингэснээр Монгол Улсад нийт 410 дахь бөөр шилжүүлэн суулгах мэс засал, хүүхдийн хувьд 15 дахь удаагийн хагалгаа, мөн ЭХЭМҮТ-д хийгдсэн анхны амжилттай бөөр шилжүүлэн суулгалт болж байна. Энэхүү мэс засал нь хоёр эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж, цаашид хүүхдийн амьд донорт суурилсан эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний цар хүрээ тэлж буйн илэрхийлэл боллоо.
Эх сурвалж: ЭХЭМҮТ