Азийн хөгжлийн банк (АХБ)-наас 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх шинэ түншлэлийн стратеги нь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой байна. Тус стратегийг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулжээ.
Өмнөх буюу 2021-2024 онд АХБ-аас хэрэгжүүлсэн түншлэлийн хүрээнд:
-
13 цэцэрлэг, 7 сургуулийг ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжөөр хангасан
-
204 км авто зам барьж, олон улсын болон улсын чанартай коридорыг сайжруулсан
-
8 мВт чадалтай эрчим хүч хуримтлуулах системийг төвийн бүсэд суурилуулсан
-
3 аймагт нийт 25.5 мВт нарны цахилгаан станц, 3.6 мВт.ц багтаамжтай цэнэг хураагуур суурилуулсан
-
9 аймагт 27 мянган м³ хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулсан
-
“Боршоо”, “Алтанбулаг”, “Бичигт” хилийн боомтын дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн
-
Эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт 10 төсөл хэрэгжүүлж, 41 сая ам.долларын бонд гаргасан байна

Шинэ түншлэлийн стратеги нь:
-
Эдийн засгийн төрөлжсөн өсөлт, хүртээмжийг дэмжих
-
Тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй хөгжлийг дэмжих
-
Институцийн чадавх, бодлогын шинэчлэл, дижитал шилжилт, жендерийн тэгш оролцоог нэмэгдүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлтэй.
Сангийн сайд Б.Жавхлан "Бүсчилсэн хөгжил, дэд бүтэц, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, дижитал шилжилтийг түргэсгэх, эмэгтэйчүүд, охидын оролцоог нэмэгдүүлэх, мөн чухал ашигт малтмалын салбарыг стратегид тусгасан нь онцлог" гэдгийг тэмдэглэв.

АХБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Шеннон Коулин "Энэ удаагийн стратеги нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг гүнзгийрүүлж, санхүүжилтийн хэлбэрийг төрөлжүүлэх, чадварлаг ажиллах хүч бэлтгэх, эрчим хүчний шилжилт хийхэд чиглэнэ. Мөн бодлогын шинэчлэлийг хамтран хэрэгжүүлж, хувийн хэвшилд зориулсан шууд зээл, хөрөнгө оруулалтыг хийх боломжтой" гэж онцоллоо.
Урьдчилсан байдлаар энэхүү түншлэлийн стратегийн хүрээнд 1.2–1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Азийн хөгжлийн банк, Сангийн яам



