Хятадын анхны солироос дээж цуглуулах “Тяньвэнь-2” гараг хоорондын автомат станц 2025 оны тавдугаар сарын 30-ны өглөө амжилттай хөөрлөө. Энэхүү хөтөлбөр нь Нарны аймгийн үүсэл, солирын бүтэц, хувьслыг судлах зорилготой бөгөөд Хятадын гүнзгий огторгуйн судалгааны стратегийн чухал хэсэг юм.
“Тяньвэнь-2” зондыг Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань муж дахь Сичан сансрын хөлгийн буудлаас “Чанжэн-3B” зөөгч пуужин ашиглан хөөргөсөн байна. Хөөргөлтийн үндсэн зорилго нь Дэлхийд ойр орших “2016HO3” солироос дээж цуглуулах бөгөөд цаашлаад Ангараг болон Бархасбадь гарагуудын хооронд орших "311P" сүүл од зэрэг биетүүдийг судлах төлөвлөгөөтэй байна.
Хятадын сансар судлалын байгууллагын мэдэгдснээр, тус хөтөлбөр ирэх 10 жилийн хугацаанд огторгуйн биетүүдийн гарал үүсэл, найрлага, бүтэц, түүхэн хувьслыг судалж, Нарны аймгийн анхны үе шатны төлөв байдлыг илүү гүнзгий ойлгоход хувь нэмэр оруулах зорилготой аж.
Энэхүү судалгааны ажлаар Хятад улс дэлхийн солирын шинжлэх ухааны салбарт өөрийн байр суурийг бататгаж, шинэ технологийн туршилт, дээж цуглуулах, буцаан дэлхийд хүргэх үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна.
Эх сурвалж: Xinhua