Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт тавдугаар сарын 8-нд гарсан ойн түймрийг өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны 08:00 цагт бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Түймрийг унтраах ажиллагаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Норовлин, Дадал, Батноров, Хэрлэн, Баян-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн сайн дурын "Хан-Уул", "Баянгол" нөхөрлөл, мөн "Онон-Балж" байгалийн цогцолбор газрын нийт 236 хүн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, хамтын хүчээр түймрийн голомтыг бүрэн даржээ.
Урьдчилсан тооцоогоор ойн түймэрт 7300 гаруй га талбай өртсөн бөгөөд албан ёсны хохирлын хэмжээ, байгаль орчинд учруулсан хор хөнөөлийг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.
Ирэх өдрүүдэд хуурайшилт их, салхи шуургатай байгааг анхаарч, малчид, иргэд, аялал зугаалгаар явагсдыг гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар