x

Г.Угалзцэцэг: Бодибилдинг, фитнессээр хичээллэснээр хүн улам л залууждаг

Хэдхэн хоногийн өмнө дэлхийн аваргаас хошой алтан медаль хүртэж, Бодибилдинг, фитнессийн дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон Г.Угалзцэцэгийн 2018 оны нэгдүгээр сард Өглөөний сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээгээд буй тэвчээр, хатуужлын бодит жишээ болсон тамирчин Г.Угалзцэцэгийг Хөвсгөл аймгийн ИТХ-аас Монгол Улсын гавьяат тамирчинд тодорхойлсон байна.

-Юуны өмнө танд дэлхийн гурван удаагийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн болсонд баяр хүргэе?

-За баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэж байна.

-Бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад зохион байгуулагдсан. Үүний дараагаар Олон улсын тэмцээн Хятад улсад болж охин тань амжилт гаргасан гэсэн. Бэлтгэл сайн хангагдсан байжээ дээ?

-Бэлтгэл маш сайн хангагдсан учраас охин бид хоёр амжилттай оролцоод ирсэн. Охин маань энэ жилээс анхны тэмцээнүүддээ орж эхэлж байгаа. Энэ сарын 11-нд Улаанбаатар хотод оюутны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа. Энэ тэмцээнд охин маань бэлдэж байсан учраас бэлтгэлжилт сайтай байсан. Иймд бид хоёр БНХАУ-д “China Hangzhou international-2017” нэртэй бодибилдинг, фитнессийн Олон улсын тэмцээнд атлетик ангилалд алт, охин маань Бикини төрөлд хүрэл медаль авсан.

-Та гэр бүлийнхээ талаар танилцуулна уу?

-Ам бүл дөрвүүлээ. Манайх хоёр хүүхэдтэй. Охин маань Анагаах ухааны их сургуульд сурдаг. Хүү маань арван нэгдүгээр ангид сурдаг юм. Манай гэр бүлийнхэн бүгд фитнессээр хичээллэдэг. Нөхөр маань бодибилдингийн холбоонд гишүүнээр ажилладаг. Гэр бүлээрээ энэ спортоор хичээллэдэг гэж хэлж болно.

-Бага насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

-Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрж, нэгдүгээр анги хүртлээ эмээ өвөө дээрээ байсан. Мэдээж аав, ээж хоёр маань хотод амьдардаг байсан болохоор хотод ирж Сонгино хайрхан дүүргийн 12 дугаар сургуулийг төгссөн. Арван жилд байхад махлаг, спортоос хол хөндий биеийн тамирын хичээлд бараг суудаггүй, бүрэг ичимхий хүүхэд байсан. Айлын хамгийн том, доороо гурван эмэгтэй дүүтэй өссөн дөө.

-Таныг энэ спортоор хичээллэж эхлэхэд гэр бүлийнхэн чинь дэмждэг байв уу, аль эсвэл?

- Манай удамд ер нь спортын хүн байхгүй. Анх энэ спортоор хичээллэж эхлэхэд гэр бүл, дүү нар их эсэргүүцэж байсан. Мөн гэр бүлийнхэн гэлтгүй хамаатан садан найз, нөхөд хүртэл эмэгтэй хүн булчин шөрмөстэй байх муухай гэх мэтээр шүүмжилдэг байсан юм. Бусад хүмүүс ч гэсэн эмэгтэй хүн булчинлаг байх муухай гэсэн ойлголттой л байдаг. Одоо бол дэлхийн чиг хандлага өөрчлөгдөөд урлаг талаас нь хүлээн авч булчинлаг бие моодонд орж байгаа гэж хэлж болно. 

Тамирчин хүний хувьд тайзан дээр гарахад булчин шөрмөс нь ялгарч харагддаг. Энгийн үед жингээ тавиад ирэхээр ихэвчлэн хүмүүс гоё харагдаж байна гэж хэлдэг. Одоо бол хамаатан садан, найз нөхөд гэр бүлийнхэн маань бүгдээрээ маш сайн дэмждэг.

-Анх яагаад энэ спортоор хичээллэх болсон бэ?

-Арван жилд байхдаа спортоос хол хөндий хүн байсан ч гэсэн спортын хүмүүсээр бахархдаг байсан. Тэр дундаа бокс, бие хамгаалах урлаг гэх мэт эрэгтэй спортын төрлийг маш их сонирхдог байлаа. Өөрийгөө ингэж бодибилдингээр хичээллэнэ гэж бодож байгаагүй. Анх хөдөлгөөний дутагдалд ороод жин нэмээд, эрүүл бусаар жингээ барьдаг байсан болохоор эрүүл мэнд талаасаа жингээ зөв хасах үүднээс фитнессээр хичээллээж эхэлсэн.

Энэ спортоор хичээллээд биед өөрчлөлт гараад ирэхээр сонирхолтой болж, илүү хичээн хичээллэж өөрийнхөө биеийг илүү сайн хөгжүүлсэн. Гэхдээ миний хувьд тийм том булчинтай биш л дээ. Атлетик ангилал буюу бодибилдинг фитнессийн үзэсгэлэнтэй ангилал гэж байдаг. Энэ ангиллаас хэтэрч гарахгүйг л хичээж байгаа.

-Хүн мэдээж хөдөлмөрлөж байж ажилтанд хүрдэг. Танд шантрах үе гарч байсан уу?

-Шантрах үе байдаг. Анх энэ спортоор хичээллээд Азийн аваргад явах гээд бэлтгэлээ хангаж дуусаад зургаа пэйж хуудсан дээрээ тавихад хүмүүсийн сөрөг хандлагаас болж нээрээ муухай харагддаг юм болов уу гэх сэтгэгдэл төрж шантрах үе байсан. Одоо бол шантрах үе хаяа байдаг ч зарим шүүмжлэлийг хүлээж авна. Мөн магтаалд хэт туйлширч болохгүй бүх зүйлийг олон талаас нь хардаг болсон юм.

-Харин эсрэгээрээ бодибилдингээр хичээллэснээр ямар сайхан мэдрэмж авдаг вэ?

-Хамгийн сайхан мэдрэмжүүдийг жим дээрээсээ авдаг гэж хэлж болно. Тэмцээн дуусаад хэд хоног амарна гэж тамирчид ярьдаг. Миний хувьд амрахаар илүү их ядардаг. Байнгын бэлтгэлээ хийж байвал уур уцааргүй болно. Мөн байнга фитнессээр хичээллээд ирэхээр залуужуулах даавар ялгардаг учраас хүний нас тогтож залуу харагддаг юм. Ер нь фитнессээр сайн хичээллэвэл залууждаг гэж ойлгож болно.

-Сүүлийн жилүүдэд манайд бодибилдинг, фитнесс эрчимтэй хөгжиж байна. Энэ талаарх таны бодол?

-Манайд бодибилдингийн спорт үүсэж хөгжөөд 27 жил болж байна. Бусад улсуудыг бодоход хамгийн залуу нь гэж үзэж болно. Монголд гэлтгүй дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байгаа спорт. Гэтэл манай тамирчид дэлхийн бүх тамирчидтай хөл нийлүүлэн өрсөлдөж байна.

Ихэвчлэн урд нь мөнгө, бизнес гэж ярьдаг байсан бол одоо гоо сайхан, эрүүл мэнддээ анхаарч, хүмүүс ч их хичээллэдэг болсон. Мөн бодибилдинг бүх спортын суурь болж өгдөг. Жишээ нь бөх, бокс, оюуны спортоор хичээллэж байгаа хүмүүсийн ерөнхий суурь нь болдог гэж хэлж болно.

-Та бодибилдингээр хэдэн жил хичээллэж байгаа вэ?

-Миний хувьд дөрвөн жил хичээллэж байна. Он гараад тав дах жилийнхээ нүүрийг үзнэ. Намайг ер нь залуу тамирчин гэж үздэг. Тэгээд харьцангуй хурдан хугацаанд амжилтад хүрсэн. Мэдээж амжилтад хүрэхийн тулд бусад хүмүүсээс илүү олон цаг бэлтгэл хийж, энэ спортод зав цаг их гаргаж байж амжилт гаргасан.

Ар гэрийн амьдралыг жаахан орхиж ажил төрлөө хойшлуулна. Энэ спортоо ажил болгож байж амжилтад хүрч байгаа юм. Тэгэхгүй бол ажил хийнэ, ар гэрийн ямар нэгэн асуудалтай хүмүүс хажуугаар нь бэлтгэл хийнэ гэхээр маш их хугацаа шаарддаг.

-Бодибилдинг дотроо сонирхогчдын болон мэргэжлийн гэж байдаг. Энэ хоёр нь ямар ялгаатай вэ ?

-Бодибилдингийн хамгийн оргил хэсэг буюу олимпын эсрэг тэмцээнүүд байдаг. Энэ нь дотроо сонирхогчдын болон мэргэжлийн гэж хоёр ангилагддаг юм. Эхлээд сонирхогчдынхоо тэмцээнд ороод дараа нь мэргэжлийн тэмцээнд орох картаа авах гэсэн ялгаатай.

Мөн сонирхогчдын тэмцээнүүдэд төрийн далбаагаа мандуулдаг юм. Мэргэжлийн болоод ирэхээр төрийн дуулал эгшиглэж далбаа мандуулна гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн хоорондоо мөнгөө тавиад өрсөлдөөд мөнгөн шагнал авна гэсэн үг.

-Та сонирхогчдын бодибилдингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа дараалан түрүүлсэн, Азийн хошой аварга хүн. Өөрийн тань цаашдын зорилго юу вэ?

-Бодибилдинг, фитнессээр хичээллэдэг тамирчдад насны хязгаар гэж байхгүй. Хэдэн ч нас хүртлээ хичээллэж болдог. Мэдээж хамгийн оргил болох мэргэжлийн түвшинд амжилт үзүүлнэ гэж боддог. Мөн олон тамирчдад өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ зааж өгөх сонирхолтой учраас тамирчид бэлтгэх зорилготой байгаа.

-Сонирхолтой ярилцлага хөврүүлсэн танд баярлалаа?

-Намайг зорин ирж ярилцлага авсан өөрт тань ч гялайлаа. Танай уншигчдад бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэж залуу насаа удаан хадгалаарай гэж ерөөе.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 цаг 55 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 5 цаг 3 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 5 цаг 13 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 19 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 23 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 27 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 21 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 7 цаг 54 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 23 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 28 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 31 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 35 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 9 цаг 40 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 9 цаг 49 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 10 цаг 11 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 10 цаг 43 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 11 цаг 4 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 11 цаг 11 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 25 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 36 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top