x

Долгион бид хоёр

Хорвоо ямар өчүүхэн, хүмүүний нас яасан богино юм бэ? Хэлэх ч үг алга. Хайрт үеэл ах маань тэнгэрийн орныг ийм хурдан зорих гэж дээ? Яг 70 насныхаа босгон дээр. "Монголын рок-поп урлагийн загалмайлсан эцэг" гэдэг алдрыг хүлээдэг ах минь шүү дээ!

Тэгэхдээ би энд арай өөр сэдэв хөндөн, гэгээн дурсамж, гэгээлэг дүр төрхийг нь гаргахыг хичээе. Олон зүйл бичиж болох авч ганц нэгхэн гэгээлэг үйлсээс нь дор буулгая.

“Сайн хүн” гэж хэн бэ гэдэгт олон л хариулт байж таарна. Миний хувьд жинхэнэ “Сайн хүн” бол Долгион маань юм. Илүү дутуу ааш авиргүй, ердөө байгаагаараа, миний мэдэхийн л, хүүхэд байхын л Долгион гэж ийм хүн байсансан. Гэнэн цайлган, шулуун шударга, илүү дутуу зангүй, нуух хаах, хадгалах муу санаагүй, тэгсэн мөртлөө гүдэсхэн, юу ч гэмээр юм бэ дээ. Төрсөн эгч дүүсийн хүүхдүүд учраас бид их ойр өссөн торнисон, хүн болж эрийн цээнд хүрсэн, бас хамтдаа ахмад хижээл насаа туулсан. Бид бол Архангайн Тариатын удам судар. Долгион бол бүр аав ээжээрээ хуучны Далайчойнхор Вангийн хошууны удамтай. Миний аавын удам нь одоогийн Булган аймгийн Намнан-Сэлэнгэ хавь руу яваад өгнө.

Улаанбаатарын унаган хөвгүүд, ёстой 1-р 40 мянгатын довон дээр өссөн анхны үеийнхэн (1960-аад он), шинэ Монголын сэхээтний хоёр дахь үеийн сэхээтнүүд гэе дээ, өөрсдийгөө. Долгионы нэртэй сэтгүүлч явсныг хүмүүс мэддэггүй тул ганцхан баримт дэлгэе. Нам-төрийн удирдагч Цэдэнбалын хараанд өртсөн сэтгүүлч явж билээ. 

1980 оны дурсамж. Улс орон даяар ээлжит цэрэг татлага явагдаж байлаа. Би МРТУХ-ны Радиогийн гадаад нэвтрүүлгийн Ерөнхий редакцын Хятад, монгол, хасаг хэлний нэвтрүүлгийн редакцад орчуулагчаар ажиллаж байв. Цэрэг татлагаас чөлөөлөгддөг дээд газрын тогтоолтой гэж дарга нар маань айлдсан болохоор цэрэгт явчихна чинээ даан ч санаагүй. Намын үзэл суртлын чухал байгууллагын ажилтнуудыг уг нь цэргийн дайчилгаанаас чөлөөлдөг тогтоол ч байх нь байсан юм билээ. Гэтэл Долгион бид хоёрыг МРТУХ-ноос шинэ цэргийн карантинд татаад аваад ирлээ. Намын үзэл суртлын чухал байгууллагын ажилтнуудыг цэргийн дайчилгаанаас чөлөөлдөг нөгөө лут тогтоолын ачаар Долгион маань хэд хоногийн дараа гэнэт суллагдаад алга боллоо. Учир нь юу байв гэвэл Цэдэнбал даргын ам тушаал үйлчилж гэнээ. “Новости Монголии” бол Цэдэнбал даргын ширээний сонин, Долгион тэр сонины нарийн ширийнийг хийдэг гол хүн нь, тус сонины зөвлөх мэргэжилтэн Асланян гэж нэг армян бусдад юм зааж өгөх дургүй, сонины макет хийх аргыг Долгион түүнээс нууцаар сураад авчихсан, Долгион цэрэгт татагдчихаар сонин хэцүүдээд, Асланян амралтаа аваад Зөвлөлт улс руугаа явчихсан, сонин тасарсан,Цэдэнбал дарга сониноо нэхсэн, туслахад (Д.Ариунболд) нь сонины редакцаас “Сонин зогслоо” гэж хариулсан. Ингээд Долгионыг армиас яаралтай чөлөөл гэсэн зарлиг дээрээс буулгаж дээ.

Сэтгүүлчийнх нь урт түүхийг энд би бичиж барахгүй. Төрсөн эгч дүүсийн хүүхдүүд гэснээс алдар суугаа мандуулсан тэднээрээ би бахархаж бардаж явдаг юм. Орчин цагт бол монголын рок-попын рыцарь Б.Долгион, түүний дүү ая зохиогч дуучин Б.Ангирмаа гээд миний үеэл ах дүү хоёрыг нэрлэхэд дотор огшдог юм. Миний урлагийн ертөнцөд Долгионы маань үзүүлсэн нөлөө гэж хязгааргүй. Долгион бид хоёр садан төрөл гэдгээсээ гадна Монголд рок-поп хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлэхэд шат шатандаа, хүрээлэл хүрээлэлдээ зүтгэж явсан хоёр доо. Тэр бол улсын хэмжээнийх, би бол найз нөхөд, 40 мянгатын хүрээллийнх. 

Долгион маань олон сайхан дууны ая, үг зохиосон. Бага байхын л Долгионы урлагийн нөлөө надад тусч, бид дуу бичлэг пянзны тал дээр ах дүүсээр үл барам, бүр найз нар шиг явсан даа.

Миний багын л мэдэхээр Долгион маань “Соёл-Эрдэнэ”-ийн гоцлол соло-гитарчинД.Галсанбаттай багын найз, алдарт Зуундарьтай залуу цагийн найз, бараг тэднийхээ аранжировка-г хийгээд өгдөг байсан шиг санагддаг. Өөрөө ч үнэхээр лут гитарчин, миний бодоход Монголын анхны хэдхэн гитарчдын нэг нь байсан болов уу. Тэр үеийн (анхны) сайн гитарчдыг нэрлэ гэвэл би Баатарсүх, Галсанбат, Долгион, Зуундарь, Гутлын үйлдвэрийн Баярсайхан нарыг л нэрлэдэг дээ. Анхных нь гэлээ шүү.

Долгион маань 1972 онд ЦЕДС-д элсээд тэнд анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг нь санаачлан байгуулж, бүр “Rolling Stones”-ийн дууг үдэшлэг дээр тоглож бусдыг гайхшируулж байв. Монголын хөгжмийн урлагийн түүхнээ анх удаа барууны дууг хуулбарлаж дуулсан тохиолдол нь бараг энэ болов уу гэж би боддог. Барууны рок дууг гитар дээр анхлан тоглосон гитарчин нь ч байж мэдэх юм. 1980-аад онд “Инээмсэглэл” хамтлагийн нэг санаачлагч нь Долгион байсан. “Carpenters” хамтлагийн барууны стилиэр тоглодог монголын анхны хамтлаг гэж би боддог юм. There is a Kind of Hush, I Won't Last a Day Without You, Rainy Days & Mondays гээд олон дууг нь сонсож үзээд би ийм дүгнэлт хийсэн юм.

Долгион бид хоёрын дуу бичлэг, пянзны хамтын ажиллагаа 1970-аад оны эхнээс эхэлсэн. Миний үеэл эгч Чимгээ пянзны цуглуулгатай. Ээж нь алдарт эмч Ч.Долгор Монголын Энх тайвны хорооны дэд ерөнхийлөгч, гадаадад их явна. Анх тэднийд миний сонссон нь америкийн “Steam” хамтлагийн Na Na Hey Hey kiss him Goodbye дуу. Гэх мэт гадаадаас пянз их авчирна. Би хуулна, цаашаа Долгионд сонсгоно, тэрээр аранжировкаа хийхдээ бүтээлчээр хуулбарлана. Жишээ нь Беларусын “Пeсняры” хамтлагийн дуу Чимгээ эгч бид хоёроор дамжин анх Монголд түгсэн, тэгэхэд Долгион “Соёл-Эрдэнэ”-ийн “Хүүш Дамдин” дуунд зориулжаяыг нь улам гоё болгон өөрчлүүлж байсан нь тодхон санагдаж байна. Монголд түгсэн, Монголд нэвтрүүлсэн гэж энд ам бардам хэлэх хүний нэг нь би өөрийгөө мөн байх гэж бодоод тэгж зориглон бичиж байна. Учир нь тэгж түгээдэг сүлжээний нэг үзүүрээс атгаж явсных тэгж хэлэх эрхтэй ч юм.

Долгион бол цагийг эзэлсэн хүн. Сайн ч хүн, түүхэнд мөрөө цагаанаар үлдээсэн, цагийг эзлэгч. Уран бүтээл, үйлс нь мөнх үлдэнэ. Тэнгэрийн орон руу явчихлаа гэж надад огт төсөөлөгдөхгүй л байна...

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 20 цаг 23 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 20 цаг 26 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 20 цаг 27 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 20 цаг 30 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 20 цаг 32 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 20 цаг 34 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 20 цаг 38 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 20 цаг 38 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 21 цаг 39 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 21 цаг 51 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 22 цаг 15 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 23 цаг 24 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 23 цаг 48 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо Өчигдөр 10 цаг 16 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна Өчигдөр 10 цаг 09 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо Өчигдөр 09 цаг 53 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй Өчигдөр 09 цаг 31 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо Өчигдөр 09 цаг 25 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ Өчигдөр 09 цаг 23 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Уржигдар 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ?
Top