ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг өчигдөр анх удаа ойн түймрийн тандалтын нислэгийг үйлдэж, түймрийн голомтод алба хаагчдыг хүргэжээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн “Ононгийн живхээртэй-Эх" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 18-ны өдрийн 15:44 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр ойн түймэр гарсан газарт агаараас тандалт хийх, шуурхай бүлгийг түймрийн голомтод буулгахаар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 17:16 цагт Хэнтий аймгийн чиглэлд хөөрч, түймрийн голомтын дээгүүр тандалтын нислэг үйлдэж, түймрийн нөхцөл байдлыг үнэлэн, шуурхай бүлгийн аврагчдыг буулгаад 20:33 цагт Хэнтий аймгийн Чингис хотод буцаж газарджээ.
Түймрийн голомтод буусан шуурхай бүлгээс ойн түймрийг өчигдөр орой 21:51 цагт цурамд оруулан, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид болон орон нутгийн иргэд бүрэн унтраахаар ажиллаж байна.
Уг нисдэг тэргийг Франц улсаас хөнгөлөлттэй зээлээр авсан юм.