x

Д.Сумъяабазар: 560 шинэ автобус иргэдэд үйлчилж эхэлнэ

Өдөр тутмын сонинуудын холбооноос зохион байгуулсан “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Хэлэлцүүлэгт Хотын дарга Д.Сумъяабазар, Зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн тэргүүтэй нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцжээ.

Энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч нараас гадна төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хотын иргэд түгжрэлийн талаар санал бодлоо хэлж, нийслэлийн удирдлагуудаас сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн асуулт хариултыг хүргэе.

Б.Одсүрэн: Гарааш буулгаснаар давхар зогсоол болон нийгмийн байгууламжуудыг барих боломж бүрдэнэ

-Өнөөдөр нийслэлд 4860 гарааш буулгах ажил үргэлжилж байна. Энэ ажил замын түгжрэлд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

-Хотод иргэдийг явган зорчиход саад болдог олон бэрхшээл бий. Нэгдүгээрт, Улаанбаатар хотод хашаа их байна. Хоёрт гараашны асуудал байна. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэхэд хашаа дагуулаад маш олон гарааш барьсан. Өмнөх онуудад жилд 100 гарааш буулгадаг байсан бол өнгөрсөн жилийн хувьд 1000 орчим гарааш буулгасан. Энэ жил 4800 гарааш буулгана. Ингэснээр нэгдүгээрт, хотын өнгө үзэмж, орон зайд эерэг нөлөө үзүүлнэ. Хоёрт ногоон байгууламж нэмэгдэнэ. Мөн зогсоол нэмэгдэх боломжтой. Давхар зогсоол болон нийгмийн байгууламжуудыг бий болгох боломж бүрдэнэ. Гарааш буулгаснаар түгжрэл тэдэн хувиар буурна гэсэн тооцоо гаргах боломжгүй ч маш эерэг нөлөө үзүүлнэ. Харин ч олон жилийн өмнө хийх ёстой байсан ажлыг хийж чадаагүйгээс болоод өнөөдрийн нөхцөлд хүрсэн. Хотын хэмжээнд зам дээр саадгүй явдагтай адил явган зам саад бэрхшээлгүй байх ёстой. Хотын захиргаанаас стандартын хэмжээнд бүсчлэлийн асуудал, иргэд, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг сайжруулах, шаардлага тавих ажлууд хийнэ.

Д.Сумъяабазар: 560 шинэ автобус иргэдэд үйлчилж эхэлнэ

-Түгжрэлийн томоохон хэсэг Нисэх, Яармагт байдаг. Түгжрэлийг бууруулах том төсөл, хөтөлбөрүүд хэрэгжихээс өмнө ойрын хугацаанд авч болох гарц, шийдлийг Хотын даргаас асууя. Нэгдүгээр эгнээг чөлөөлөх боломж бий юү?

-Нэгдүгээр эгнээ бол үнэхээр арга ядсан арга. Цахим шилжилт буюу “Ухаалаг Улаанбаатар” нэгдсэн платформ руу орж, яаралтай замын хяналтыг бүрэн тогтоохгүй бол увайгүй хүмүүс их байна. Эхний ээлжид 60 автобус орж ирэх гэж байгаа. Тендерийн хуульд төрийн үйлчилгээг иргэдэд хүртээх тал дээр зөв зохицуулалтыг оруулъя гэсэн санал бид өгсөн. 2020 оны төсөв дээр суугаад 2021 онд зарласан тендерийн автобус одоо хүртэл орж ирээгүй байна. Энэ мэтчилэн асуудлууд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн том гох, дэгээ, хавх болно.

Нэгдүгээр эгнээ гэдэг бол арга ядсан арга. Гэхдээ нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлыг шуурхай хийе. Хоёрдугаарт, хяналт тавих гэхээр суурилуулсан камер бараг байхгүй. Хаагуур хэн дүрэм зөрчиж байгааг хянаж чадахгүй. Шийдэх ёстой тулчихсан асуудал байгаа учраас цаг хугацаа хэрэгтэй. Хөрөнгө санхүүг босгож, төсөв дээр сайн суулгаж, гаднын компаниудтай гэрээ, хэлцлүүд хийлээ. Тодорхой хугацаанд арга ядсан зохицуулалтаар явахаас өөр сонголтгүй. Наймдугаар сарын 31-ний дотор 560 автобусыг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд оруулах хатуу үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд өгсөн. Иймд 560 шинэ автобус хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрч, иргэдэд үйлчилж эхэлнэ гэж та бүхэн ойлгож болно.

Н.Нацагдорж: Газар доорх зогсоолын судалгааг 32 байршилд хийсэн

Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж "Улаанбаатар хотын түгжрэл бол хэт бага талбай дээр хотжиж, бөөгнөрснөөс үүдэлтэй. Одоогийн 1 сая 560 мянга гаруй хүн амд 1990 га газар гэдэг хэт бага талбар. Үүнийг шийдэхийн тулд дагуул хот үүсгэх төлөвлөлтүүд хийсэн.  Улаанбаатар хотын төвийн хэсэгт төвлөрлийг бууруулж, түгжрэлийг багасгах үүднээс олон давхар авто зогсоолын судалгааг 16 байршилд 4320 автомашин, 3 га газрыг хамруулан хийсэн.  Мөн 32 байршилд тохижилт бүхий газар доорх автомашины зогсоолын судалгааг хийсэн. Социализмын үед хувийн өмч, хувьдаа машинтай хүн бараг байгаагүйгээс орон сууцны хорооллуудыг авто зогсоол, байшин доорх гараашгүйгээр төлөвлөсөн байдаг. 1990 оноос хойш хүмүүс хувьдаа машинтай болж, маш олон гараашийг төлөвлөлтгүйгээр барьж эхэлсэн. Эдгээр зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй гараашнуудыг буулгаж байгаа. Ингэхдээ томоохон талбайтай газруудад дээрээ ногоон байгууламжтай, доошоо олон давхар авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн. Мөн ил зогсоолын судалгааг 22 байршилд хийсэн. Улаанбаатар хотын зогсоолуудыг төлбөрийн ангилалтай болгоё, авто замын нэгдүгээр эгнээнд машинаа тавьдаг зөрчлийг төлбөрөөр зохицуулах санал боловсруулсан" гэлээ.

Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний зохицуулалт хариуцсан дэд  дарга, хурандаа Б.Батболд: Ногдуулсан торгуулийн 60 хувь нь л төлөгддөг

-Улаанбаатар хотын авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд аль болох зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг  хязгаарлах, явган зорчигч тээврийн хэрэгсэл хоёрыг аль болох огтлолцуулахгүй байх гэсэн хоёр үндсэн зарчим чухал санагддаг. Тодорхой бүсүүд, хороолол доторх замыг нэг урсгалтай болгох бололцоо бий юү. Нүхэн гарцуудын ойролцоо дөрвөн замын уулзвар зэрэгцээд байгаа нь оновчтой биш, нийтийн тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар муу байгаа. Энэ бүхнийг нарийвчлан судалсан уу?

-Улаанбаатар хотын түгжрэлд нөлөөлж байгаа олон асуудал байдгийн нэг нь бидэнд хамааралтай буюу замын хөдөлгөөнд оролцогчдын дэг журам, хууль тогтоомжийн хэрэгжилт юм. Манай байгууллага зам барьдаггүй, зохион байгуулалт хийдэггүй. Хийсэн замын зохион байгуулалт дээр дүрмийн хэрэгцээг хангаж ажиллах үндсэн үүрэгтэй байгууллага. Өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах үүргийг 400 гаруй албан хаагч өдөр, шөнийн 24 цагт хүлээн ажилладаг. Бидний ажилд нэг бэрхшээл байгаа нь авто замын хөдөлгөөнд дэг журамгүй оролцож буй жолооч нарт бэлэн бус торгууль ногдуулдаг болсноос хойш дэг журам улам муу болж, замын хөдөлгөөнд дураараа оролцдог болсон. Ногдуулсан торгуулийн 60 хувь нь л төлөгддөг. Тиймээс торгууль төлөөгүй жолооч нарт төрийн үйлчилгээг хязгаарлах саналыг  Зөрчлийн тухай хуульд оруулж байгаа.

Нэгдүгээр эгнээг чөлөөлөх тал дээр манай зохицуулагч нар хяналт тавихын зэрэгцээ камерын бичлэгийг үндэс болгодог. Замын зохицуулагчдын хүрэлцээ муу байдаг учраас камергүй замуудад нэгдүгээр эгнээгээр зорчсоор байгаа. Хойшид хөдөлгөөнт хяналтын систем буюу автобусанд камер тавьж, нэгдүгээр эгнээгээр зорчсон, автобусны зогсоол дээр машинаа тавьдаг зөрчлүүдийг илрүүлж, торгууль ногдуулдаг болно.

Нийслэлийн Засаг даргын авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн "Богдхан төмөр замын хувьд ТЭЗҮ хийсэн, одоо бүтээн байгуулалтын ажлыг хийж эхэлнэ. Хотыг голоор нь хувааж байгаа төмөр замыг хотоос гаргана. Таван шар, Нарантуул захын уулзвар дээр галт тэрэгний хөдөлгөөнөөс шалтгаалаад өдөртөө 55 удаа авто замын хөдөлгөөнийг хааж байдаг. Энэ байдал чөлөөтэй болно. Нөгөөтээгүүр аюултай ачаа тээвэрлэлт хот дундуур явахгүй болно" гэлээ.

-Олимпын гүүрнээс урагшаа олон мянган хүн, олон зуун айл өрх амьдардаг ч тус гүүрэн дээр явган хүн зорчих зам байхгүй. Үүнээс болж олон мянган хүн амь дүйн байж гүүрээр алхдаг. Хэзээ бидний аюулгүй  зорчих боломж нээгдэх вэ?

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:

-Олимпын гүүр бол явган хүн зорчих хэсэгтэй. Зураг төсөл нь батлагдсан. Гол тулгарч байгаа асуудал нь тус гүүрийг барьж, гүйцэтгэж байгаа Төмөр замын 20 дугаар товчоо компани үнийн санал дээр маргаан үүсгээд саатсан. Хоёр тал зөвшилцөлд хүрч, зургадугаар сарын 30 гэхэд  гүүрийг барьж дуусгахаар болсон.

-Тэнд дугуйн зам төлөвлөсөн үү?

-Дугуйн болон тэргэнцэртэй иргэн зорчих хэсэг төлөвлөгдсөн.

Б.Одсүрэн: Зогсоолыг төлбөржүүлээд, стандарттай болгосноор түгжрэл 16 хувиар буурах боломжтой

-560 автобусаар парк шинэчилнэ. Техникийн хувьд ямар шаардлага тавьж, ямар автобуснууд орж ирэх вэ?

-Автобусны техникийн үзүүлэлтийг манай мэргэжлийн байгууллагууд гаргадаг. Цахилгаан автобусанд хамгийн том үзүүлэлт нь батарей байдаг. Автобус  өдөрт 12 цаг ажиллахын тулд 260-320 киловатт цагийн хүчин чадалтай батарейтай байх ёстой. Мөн суудлын тоо болон бусад багтаамж, жолооны хүрд, автобусны дулаан алдалтыг харгалзана. Өвлийн цагт халаагуур ажиллаж байх ёстой. Гэтэл цахилгаан автобус бол батарейгаар халуунаар үлээж чаддаггүй. Иймд нэмэлт дизель түлшээр салоноо халаах төхөөрөмж тавих ёстой. Түүнчлэн дугуй болон бусад гадна талын зарлан мэдээлэх электрон самбар гэх мэт нарийн үзүүлэлтүүд бий.

-Хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр гадаа нь зогсоол байдаггүй. Зогсоол байлаа ч тэр нь стандарт бус. Зогсоолын асуудлыг нийслэл шийдэх үү?

-Улаанбаатар хотын зогсоол бол цогц асуудал. Бүх зогсоолыг төлбөртэй болгохын тулд зогсоол стандарттай байх ёстой. Тухайлбал, зогсоол руу орох гарах, давхар тавих боломжгүй байх, төлбөр авах, хэрэгжүүлэх үндэс суурь, нөхцөлийг бий болгох ёстой. Эхний ээлжид Бага тойруугийн зогсоолуудыг энэ ондоо багтаан стандартад оруулж байгаа. Дараа жилээс Их Тойруугийн зогсоолуудыг гэхчлэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ.  Тэрнээс өм цөм, наана цаана хийх боломжгүй.  Улаанбаатар хотын гол  гудамж, зам дээр зогсоол байх боломжгүй. Ялангуяа төв зам дээр байгаа замын хажуугийн зогсоолуудыг НИТХ-аар оруулж, стандартад оруулахаар ажиллаж байна. Төв замд хажуугийн зогсоолтой байхаар машинтай иргэд давхар зогсоод, нэгдүгээр эгнээгээ тэр чигээр нь хаачихдаг. Үүнээс болж автобус нэгдүгээр эгнээнд биш, хоёрдугаар эгнээ рүү ордог. Улмаар зорчих хөдөлгөөн эрс буурдаг.

Түүнчлэн зогсоолын бүсчлэлийн орон зайг тогтоох, бүсчлэлээ дагаад зогсоолын төлбөр тогтоох  асуудал байна. Зогсоолын төлбөрийг  шинэчилж байна. Дараа долоо хоногт НИТХ-аар хэлэлцэнэ. Зогсоолыг төлбөржүүлээд, стандарттай болгосноор түгжрэлийг 16 хувиар бууруулах боломжтой.

Хотын хэмжээнд нэн тэргүүнд хашаагаа буулгая гэдгийг нийт иргэд, аж ахуйн нэгжүүддээ уриалмаар байна. Өмчлөх сэтгэхүйгээ больё. Нийтийн эрх ашгийг дээдэлье. Бүгд газраа эмжээд, хашаа барьчих юм бол бүгд машинд суухаас аргагүй нөхцөл бий болно. Иймд явган замын нөхцөл байдлаа сайжруулъя, хашаагаа буулгая гэдэг уриалгыг гаргаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 18 цаг 29 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав Уржигдар 18 цаг 28 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 17 цаг 50 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов Уржигдар 17 цаг 48 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо Уржигдар 17 цаг 47 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав Уржигдар 17 цаг 39 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу Уржигдар 17 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Уржигдар 17 цаг 30 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Уржигдар 17 цаг 27 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ Уржигдар 17 цаг 26 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Уржигдар 17 цаг 25 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Уржигдар 15 цаг 08 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Уржигдар 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Уржигдар 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Уржигдар 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 2026-03-12 Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 2026-03-12
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа
Top