x

НАРТАЙД...

М.Цэемаа

Найман сарын наран шарсан халуун өдөр Монгол Улсын сүлдэт баганын урдаас орох нарийн зам дээр “бээжин жип” гэх зэгэл саарал машинууд шилээ харан зогсоцгоож тусгаар улсын торгон хил рүү орохоор ээлж дарааллаа хүлээн аажуухан урагшилна. Хилийн энэ боомтоор олон жилийн урьд сураг тасран салж холдсон ах дүүс уулзаж учралдахын баяр гуниг хосломхой ахуйд садан сүлбээгээ эрэн бэдэрчүхүйн баяраа цээжнээ баринтагласан Маамхүү эмгэн өчнөөн жилийн зовлон харууслаа цээжнээ зураглан тэвчивч зовхиноо гялтайх өнчин нулимсаа нуун ханцуй дотроо наминчилж сууна.
Шороо түйрэнгээр нүүр нүдгүй булсан тэртээх 60 гаруй жилийн өмнөхөн ах дүүсээрээ жингийн тэн дүүргэсэн нэжгээд хүн үгийн мугуйд автан үүр шөнөөр хана униа харжигнуулан ачаалаад нүүн явахад эмгэн дөнгөж л наадах цаадахын зах зухыг гадарлахтайгаа нас зүсийг зүүж ядан байж. Нүд эрээлжилж толгой эргэм эл нүүдлээс хойш аавынхаа бараа турууг олж харсангүй. Орой шөнө аргал хорголд алсхан явсан ч айдас хүйдэс хормой даган дарж, өнчирсөн сэтгэлдээ эх нутгаа үргэлж хадгалж яваа эх нь өдөр ирэх тусам урд хормойгоо өшигчин зулзаган хус шиг туяалзсан нуруу нь хатсан загийн хожуул шиг бөгтийсээр нүдний зовхи нь бүлцийж улайгаад цаг үргэлж усан хүрээ татсаар явах. Нүүж очсон нутагт удаа ч үгүй морьтой явган буу агссан энгийн цэргийнх нь мэдэгдэхгүй монголоор дультраатан муухан ярих хүмүүс ирж хэдэн нялх хүүхдүүдийг нь уйлуулан орхиод эхийнх нь гарыг ард нь шидмэсээр хүлээд тэмээнд тэгнэн хаашаа ч юм авч оджээ.

Энэ өдрөөс хойш хөөрхий муу эхийнхээ царайг олж үзсэнгүй. Дайжиж зүдэг бүдэгхэн яваа хэдэн нялх хүүхдүүд дээр холын садангийн ганц бие хар хүн Шижээ амь тэмцэн явсаар ирэхэд хүний мөрөөс болсон хүүхдүүд баярлалдан угтаж авлаа. Учрыг үл ухавч ус нутгаасаа ойж гарсан хөөрхий хүмүүс бие биедээ нөмөр нөөлөг болох ая эв нь таарвал буцаж уугуул ус нутгаа бараадахыг хүсэвч нэгэнт оройтож харийн хүний хүйтэн саварт өртөх нь тэр. Усаа таних нь байтугай нусаа ч арчих чадал мөхөс Маамхүүд өмбөн бөмбөн овоохойд ах хоёр дүү нь л хажууд нь байвал уугуул ус нутаг хэмээн сатаарах ч яамай л болоод байв. Гэсэн ч өсч өндийн буй ах Раднаа, Маамхүү хоёрын сэтгэлийн үзүүрт өсч өндийсөн өлгий нутгийн элст толгод Хүрмэнгийнх нь явган хүрэн улаан уулс сэрвэлзэж өндөлзсөөр л. Хоёр дүү нь даанч нялх балчир байна даа.Эх оронгүй, эцэг эхгүй өнчрөхийн ихээр өнчирсөн тэднийг өнөөхөндөө өндөр өвгөдийн өршөөл ивээл нь ивээж өсч өндийсөөр нас биед хүрч элдэв эсийн наад цаадахыг ухаарч эхэллээ.

Үрээ морь, бяруун гунж ундаалсан ус, уугуул нутгаа зорин гүйж одох лугаа өглөө босоод л хойд зүг рүү зүглэн идээ ундааныхаа дээжээ өргөж тулгалж бадраасан Монгол Улсын минь гал голомт бадамлан буй хэмээн цээжний чандаа аргадна. Айлын шоовдор хүүхдүүд шиг хажиглуулж жижиглүүлж, мөрдүүлж, хавчуулж түмэн зүйлээр зововч шүд зуун амьдрахуйн араас шогшсоор. Хонгортон шаргалтах говио, бөндийж буржийх хармагийн бутат элсэн толгодоо цээжний угтаа хадгалан, сэтгэлийн хайландаа аргадаж суусан Шижээ өвгөн цагийн эрхээр элэгдэж бурхны зүг рүү сажилж, хорин настай хонгор зүстэй ах Раднааг нь цэрэгт дайчлан авч явсаар сургийн үзүүр алдарч билээ. Бүр хожмоо там тумхан сургаар Түвдийн өндөр хөх уулсын дунд амь гээснийг мэдэж билээ.

Маамхүү эцэг эхээс үлдсэн хэдэн малын буянаар хоёр дүүгээ хүний зэрэгт хүргэж ирсэн ч хүний л үзэх зовлон зүдгүүрийг ханатал амссаар гучин насны босгоноо тулж иржээ. Мао Зэ Дуны “улаан хамгаалагч”-дын эрин үе ирж солиорч галзуурахаа шахсан хэсэг бүлэг залууст “цагаачин бүсгүй” огт таалагдахгүйгээр барахгүй түүнийг элдвээр хяхан хавчиж хоёр ч удаа гацааны төв дээр хорьж элдэв эсийг асууж шалгаан эрүүдэн тамласан аж. Улаан хамгаалагчдын хорооны улаан хамгаалагч өөрийгөө өвөрлөгч гэх “хятад” залуутай танилцаж түүний нөмөр нөөлөгт хоргодохоос өөр аргагүй болов. Маамхүү хоёр дүүгээ гэж хамаг л бүхнээ зориулавч тэднийг хамт амьдрахыг засаг захиргаанаас зөвшөөрөхгүй байлаа. Отгон дүү нь угийн ухаан сийрэг сэргэлэн охин тул сургууль номоор явсаар Тайвань гээч улсыг арван тав орчим насандаа зорьсоор сураг төдий.

Эх орноосоо салсан хүн насан туршдаа уйлдаг гэдгээр уйлж, ганихарч явсаар хүн л хойно тэр л орчиндоо дасч, гуч хол гарсан хойноо хүү төрүүлэв. Хүү нь багахандаа хормойдон дагаж уйлан хайлан унан тусан явсаар овоо хүний дайтай өсч өндийгөөд ирсэн ч байгаа байдал аяг ааль нь нэг л хол хөндий “сэрүүн” хүн болоодохлоо. Өрнөөс унасан үр минь дээ гэж энхэр тэврээ хатавч уух идэх нь ч таарамж тохиромжгүй эв нийцгүй харь хахь байхлаар Маамхүү хөдөө гадаа явахдаа “хэзээ хийсэн үйлийн үр” юм бол гэж дотогшоо нуран нуран уйлна.

Туурга тусгаар Монгол минь мандаж бадарч байгаа л гэнэ лээ. Би л аз муутайдаа ойж гараад муугаа үзэж яваа нь энэ. Хэзээ хийсэн үйлийн үрээ үүрч яваа юм бол доо гэж бодохоор хоолой дээр нь бөөн хар юм тээглэж нүдэнд нь усан далай цэлэлзэнэ. Бүхэл бүтэн жарныг туулж үзэхээ үзэж яваа Маамхүүгийн сэтгэлд гэрэл тэргэлээр туссан хэрэг явдал энэ яваа насанд нь тохиох юм гэж санасангүй. Хятад Монголын харилцаа наашлан эерч эгэл хүний зовсон зовлон дээр гэрэл гарч, эх эцгийнхээ уугуул, өөрийнхөө төрж өссөн нутаг зүгээс Маамхүүг хайж сурагласан мэдээ ирж санаж сарвайх тэдэнтэйгээ бүтэн жарны хойно уулзаж учралдахаар яваа нь энэ. Монголоос ижийнх нь талынхан сурагласаар сургийн үзүүр Маамхүүд ирж хамаатнууд нь нутагтаа ирэхийг урьжээ.

Гацааны засгийн ордноос унаа хөсөг гаргаж нэгийн зэрэг харуул дагуултай Монголынхоо хил дээр зогсч, цөнгөө түрэхээ зогссон хүний орчлон хөл алдан эргэж байх шиг санагдана.Таана үнэртэх зөөлөн салхины үзүүр үнсэн угтах шиг ижийтэйгээ, аавтайгаа, эрх хонгор настайгаа учран золгох шиг яаран догдолж хөл газар хүрэхгүй зүрх дэлсэн догдловч сэтгэл нэг л гонсгор.70 хол гарсан чавганцыг дагаж яваа энэ албаны гэх хятад “миний аль насанд таарах ёстой тээг юм” бол доо гэж бодох. Хормой норгон унасан нь л яах аргагүй үнэн болохоос бусдаар харь хүн шиг болсон хүү нь л дагаад яваа нь болмоор л юм даа. Өдий насны чавганцын хэр хэмжээ гэж байх л даа. Хүний эрхээр яваа гэж бодохлоор хоолой багалзуур нь бачуурч өмсч яваа хөх торгон бошинзныхоо хоолойн товчийг шурдхийлгэн тайлж уртаар шүүрс алдав.

Цэнхэр улаанаар алаглаж алтан соёмбо нь гялалзсан Монгол Улсын төрийн далбаа салхинаа намирсаар хилээр орогсодыг шалгаж яваа цэргийн дүрэмт хувцастай залуухан сайхан охиныг харсан эмгэн эхэр татан уйллаа. Хүний нулимс барагддаггүй аж. Маамхүүгийн нулимс дууссан л баймаар даа.

Хилийн шалган нэвтрэх дээр тулж зогссон орог саарал “Бээжин жип” машинаасаа эмгэн залуухан хүн шиг шууран шаламгай нь аргагүй бууж шалганы төмөр хаалтнаас сөхрөн адис авлаа. Ай хөөрхий хүний сэтгэл гэдэг орой ёроолгүй, оосор бүчгүй аж.
Төөнөрөн шаргалтах наран баруунаа ташиж говийн элсэрхэг хөрсний тоос бургилан тэртээ ард үлдэнэ. Говийн аараг бүүрэгхэн толгод цэнхэр зэрэглээндээ нойрмогхон харагдаж санаа бодол хөл малгайгүй хөврөн хөвсрөвч “амьд явахад алтан аяганаас рашаан хүртдэг” нь үнэн ажгуу. Алтан аяганаас ус уухаас ч эрхэм ойж одсон, төөрч будилсан амьдрал нь утга төгөлдөржиж төрөлтэйгээ учран золгож элгээ дэвтээх нь нэн баярламаар. Миний ижийн минь, аавын минь ураг төрөл уудам эх орон нутагтаа тавтайхан жаргаж суугаа нь л надад юу юунаас эрхэм юм даа.Үхэхээс бусдыг үзэж хүний нутагт үйлээ эдэлж явсан надад өөр юу хэрэгтэй юм. Ханатлаа амьсгалах сан, эх нутгийнхаа агаараар. Ханатлаа уйлах сан элгэн садандаа очиж...

Тэртээд өндөлзөх сундлаа уулсын бэлээр цагаан гэрүүд бөмбийж харах барааны үзүүрт энд тэндгүй тэмээ мал налайна. Аараг бүүрэг толгодын энгэр хормойгоор усанд яваа сүрлэг амьтад гэмээр хайлаас,тооройнууд сүглийж хүглийж харагдана. Ай ямар сайхан бэ. Нутаг минь нутаг минь энэ ертөнцөд тулах цэг минь...
Говийн элсэрхэг шинэхэн замаар давхисаар айлсан буусан гурван цагаан гэртэй хот айлд хүрч очив. Гэрийн гадуур хонь мал налайж тэртээ холоос дөрвөн нүдтэй улаан халтар нохой хонхорцог нь нэвсийх сүүлээ өргөн сүр үзүүлэн угтан давхиж ирлээ. Хилээр орж ирсээр бүхэл юмс танил дотно санагдаж өр өмөрсөн он жилүүд илааршчих шиг.

Хот айлын баруун талын том цагаан гэрээс Маамхүүгийн үе насны авгай гарч ирснээ буцаж яаран орж явчхав. Удсан ч үгүй хадаг намируулан гарч ирэн угтаж авахад нь арайтай л дуу алдан хашхирсангүй. Яг л муу ижий нь баригдаад явахынхаа өмнө нь “хаашдаа өнгөрөв бололтой миний хүүхдүүд хэзээ нэг цагт нутагтаа тэмцэж очдог юм шүү” гэж захиж суусан нь харагдаад хоёр нүдийг нь нулимс бүрхээд ирэв.
Дашмаа...тийм тийм Дашмаа өдий олон жил болоход нэрийг нь мартсан ч үгүй шүү дээ. Сайнаасаа салж саруулаасаа төөрсөн би зовлонгийн далайд сэлж явахдаа ясаа хуссангүй ээ...гэж Маамхүү бодлоо. Хөл дүүжлэн очсон унаанаасаа хотны хөлд буусан Маамхүү гүйх шахуу явсаар Дашмаагийн өмнө очвол хоёр хөгшин төөрөлдсөн хувь заяагаа зөөллөн дуу дуугаа авалцан уйлан тэврэлдлээ.Хэчнээн жилийн шаналангаа таягдан хаясан “бөөс олдовч бөгс цээжээр нь хуваах” бүл эгч дүүс уулзалдан учиралдлаа.

Орчлонгийн орой болж нар баруунаа унаж амьсгал сэрүүсээд ирсэн учирсан улс цайлж дайлаад хот айлын гурван гэрт инээд наргиан дуу цовоо цолгиун. Дашмаагийн ач зээ нар гэрээр дүүрэн ижийтэй нь усны дусал шиг адилхан Маамхүүд дотночлон эерэх ч хамт ирсэн хүү болох нүдний цагаан хүрээт шилтэй туранхай цонхигор дөч эргэм насны хүн, жолооч нь гэх хятадтай төдийлөн ойрчилж хэл нэвтрэлцэх нь “зайтай”. Ирсэн нь ч тэр, угтсан нь ч тэр хөндий хол байгааг ажигласан Маамхүү дал хол гарч үхэл нь үхрийн зэлэн дээр ирсэн би ер яав л гэж салж төөрсөн ах дүүдээ ирсэн л үнэн дэг. Дотор хүн гэдэг дотор л хүн байдаг хойно доо гэсэн бодлоо дотроо хадгалж сууна. Маамхүү хүүгээ жолоочтойгоо тамхилахаар гарах зуур гэр доторхыг нүд эргүүлэн харснаа сэтгэл нь амарч “миний хүүхдүүд ээ энэ улсын дэргэд янз бүрийн юм хамаа намаагүй бүү яриарай. Тэр нүдний шилтэй нь миний төрсөн хүү мөн хэдий ч “хүний биеийг нь төрүүлэхээс санааг нь төрүүлэх биш дээ” гээд гэм хийсэн хүн шиг газар ширтэн үрчгэр зовхио гарынхаа долоовор хуруугаар зөөлөн арчаад авав.

Гэрт ялаа ч ниссэн сонсогдмоор ахуйд Дашмаагийн гурван настай зээ хүү гайхсан байртай хорголон хар нүдээ дүгрэглүүлэн харсаар босоод эхийнхээ энгэр өөд асан өвөр дээр нь гарч суулаа.Өндөр эмээтэй нь мөн ч адилхан энэ эмээ яагаад уйлаад байгаа юм бол. Бяцхан хүү айх шиг ч гайхах ч шиг...
Энэ томчууд чинь яаж орхив доо байз...

2018 он. Хүн чулууны хонхор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрх чөлөөний үнэ цэнэ 2 цаг 8 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 2 цаг 24 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 2 цаг 36 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 2 цаг 42 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 2 цаг 48 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 2 цаг 52 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 18 цаг 50 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 19 цаг 47 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 22 цаг 39 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 22 цаг 57 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна Өчигдөр 10 цаг 48 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Өчигдөр 10 цаг 39 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна Өчигдөр 10 цаг 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өчигдөр 10 цаг 20 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Өчигдөр 10 цаг 01 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал Өчигдөр 09 цаг 42 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэл... Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 с...
Top