x

Хөгжилгүй гэсэн гайхшралд өгөх нэг тайлбар

“Почему Монголия такая бедная,
ведь у нее была великая империя?”

 

Дэлхийн эдийн засгаас баахан тоо баримт үзлээ. 2019 оны Нобелийн эдийн засгийн оны шагналт Абхижит Банержи, Эстер Дюфло, Майкл Кремер гэх гурван эрдэмтний лекцийг гүйлгэж уншлаа. Ядуурал гуйланчлалд нэрвүүлсэн 700 гаран сая хүн ард дэлхий дээр байдаг ба ядуурлаас болж жил тутамд 5 сая хүүхэд 5 нас хүрэлгүй хорвоог орхидог, хичнээн хичээн зүтгэвч бид сүүлийн 20 жилд ядуурал гэх энэ гай гамшигтай тэмцээд дийлээгүй, харин ч сөхөрч унах шахсан гэж ирээд Шведийн академи дээр тэд лекцэлжээ. “Монгол” гэсэн нэр хаяг байна уу, маниусыг жишээ сургамж болгож уу хэмээн би хайгаад олсонгүй. “Монгол” гэсэн нэр гараад ирвэл яс хавтайх байлаа. Азаар алга. 2018 оны байдлаар ядууралд нэрвэгдсэн 105 улс (5.7 тэрбум) байна гэсэн НҮБ-ын судалгаанд харин манай улсын нэр явж байнаа. НҮБ-ын үзэж байгаагаар тэр 5.7 тэрбумын 23.5 хувь нь ядуурлын торгон шугам дээр, харин 46 хувь нь үгээгүй ядуу буюу эрүүл мэндийн ба боловсролын хувьд бүрэн гээгдсэн гэсэн байх юм.

Харин тэр гурван эрдэмтэн ядуурлын судалгаа хийхдээ XIX зууны дунд үеэс түүх ухаж, ядуурал гэдгийн үндсэн хэв шинж, шалгуурыг оношлож, ядууралтай тэмцэх аргачиллыг санал болгосон гэж байна. Тэр аргачилал нь практик дээр нотлогдсон юм байх. Тэгэхдээ үр дүн муутай яваа, яагаад гэвэл төрөлт тоймгүй их, хүн ам хэт өссөн бүс нутаг орнуудад ядуурал хавтгайрсан гэсэн байх юм. Монголын маань нэр ус тэр судалгаа, шалгуур, аргачилалд байдаггүй ээ. Ертөнц дээр ядуу яваа бүх хүн ардын 80 хувь нь Өмнөд Ази ба Сахарын цөлөөс өмнөших Африкийн орнуудад байна, хамгийн их санаа зовоох нь Энэтхэг гэсэн байх юм. Сүүлийн 10 жилийн дотор Энэтхэгт ядуурлын түвшинг 55-аас 28 хувь хүртэл буулгаж чадсан, гэвч дэлхийн хамгийн их ядуустай орон хэвээрээ 364 сая хүн ядуу байна гэсэн тоо тэр гурван эрдэмтний илтгэлд явж байна. Арван жилийн өмнөх байдлаар болЭнэтхэгийн хүн амын талаас илүү ядуурчихаад явж байсан болж таарч байна. Харин тэр 28 хувь гэдэг нь манай улсын ядуурлын үзүүлэлтай дүйж байна. Гэхдээ тэнд тэрбум 300 сая, энэ гуравхан сая хүн ард бий.

Дахиад л улигт сэдвээ хөндөе! Манай улс ер нь яачихсан юм бэ? Хөгжиж дэвжиж өгөхгүй, бүр санаатайгаар түүнийг ард иргэд нь саатуулж байгаад зэвүүцээд ундууцаад бичихээс аргагүй болж байна. Монгол төрийн нэрт зүтгэлтэн Д.Догсом “Бидний ард түмэн хүн бүр дор бүрнээ хичээн зүтгэж, хөдөлмөрлөж тэмцвээс гэр орноо өөд нь татаж чадна!” гэж хэлж байжээ. Үнэхээр одоо цаг руу авчирч монгол хүн бүрийн духан дээр наачихмаар мэргэн үг санж. Манай улсын хувьд газар доор нь дүүрэн алт, эрдэнэс, зэс, нүүрс, занарын ба метаны хий, нефть (Менделеевийн химийн үелэх элементийн жагсаалтын ихэнхи нь), газар дээр нь 70 сая мал, IQ-гаараа дэлхийд тавд, гуравхан сая ард түмэн. 

Нобелийн эдийн засгийн оны шагналт гурван эрдэмтэн манай улсыг муу муухайн жишээ сургамж болгоогүй, бараг л цаагуураа бол ядуу байх ёсгүй улс үндэстэн гэчихсэн юм биш үү? Хөгжихөд яг юу нь саад болчихоод байгаа юм бэ? 

Сайтад тавигдсан хоёрхон мэдээг харьцуулж харшуулж уншигтун! Газар тэнгэр хоёр гэдэг шиг л. Эхнийх нь манай улсын эдийн засгийн ерөнхий дүр төрхийг цаад сэтгүүлч ганцхан өгүүлбэрээр тун урнаар гаргаад тавьчихаж:–Тавантолгойн 14000 жолооч нүүрснээс гадна авилга, торгууль, хүнд суртал ачиж явна. Авто тээврийн үндэсний төвөөс олгодог улс хоорондын (Жишээ нь Тавантолгой-Гашуун сухайт боомт) ачаа тээвэр эрхлэх “С” зөвшөөрлийг дамлан худалдах, цөөн хүмүүс хуйвалдан их хэмжээний ашиг олох нөхцөл бүрдсэн нь 99.000 төгрөгний хураамжтай эрх 1.500 000 төгрөгөөр дамлагдаж байгаагаас харагдаж байна гэжээ.

Хоёр дахь мэдээ. Дотор огшоосон, магнай тэнийлгэсэн үйл. Ямар их хийморьлог яасан их гавьяа вэ? Энэ эдийн засаг эрхлэгчид ба эдийн засгаас хойш суугчид уншиж үзэх уяраач ээ! Юу хэмээвээс Олон улсын ой тогтоолтын холбооноос зохион байгуулдаг “Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” БНХАУ-ын Жухай хотод үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд Монголын оюун ухааны академийн 10-20 насны 16 тамирчин олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамданы удирдлага дор оролцож байна. Ой тогтоолтын ДАШТ-д 20 орны 300 гаруй шилдэг тамирчин оролцож, нийт 10 төрлөөр өрсөлдөж буй. Энэ сарын 28-нд эхэлсэн уг тэмцээн өнөөдөр /2019.12.01/ өндөрлөнө. Тэгвэл Азийн мастер Б.Жамбалбаярням “Зураг” төрлийн бага насны ангилалд таван минутад 333 зураг тогтоосноор дэлхийн рекордыг шинэчилж дээд амжилтын эзэн болжээ.  Манай тамирчид тэмцээний эхний өдрийн байдлаар 20 медаль хүртээд байна гэжээ. Арванзургаахан тамирчинтай 20 медаль шүү!

Оросын zen.yandex.ru гэх сайтад “Почему Монголия такая бедная, ведь у нее была великая империя?” буюу хөрвүүлбэл “Монголчууд яагаад ийм ядуу байдаг юм бэ, их эзэнт гүрэн тэдэнд байсан биз дээ?” хэмээн ам асуусан өгүүлэл гарсныг нэмж олж үзээд улигт сэдвээ хөндөж монголчууд руугаа дахин хандаж байна. Эзлэн авсан газар нутгийн хэмжээ, олсон баялгаараа автоматаар эзэнт гүрэн, их гүрэн болчихдог юм биш. Харин тэр олж авсан баялгаа цэцэглэн хөгжихдөө ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цэрэг зэвсгээр төдийгүй эдийн засгаараа их гүрэн болох хэрэгтэй хэмээн орос нийтлэлд бичсэн нь голд ортол хэлэгдсэн үг санж. Чингис судлаач, цээжээ дэлдэгч монголчууддаа (Чингисийн баатруудыг хүсэмжлэгч) уншаасай гэж хүсье. 

Испанийн эзэнт гүрэн тэлж томорсон түүхийг zen.yandex.ru гэх сайтад юу гэж бичсэн гээч? Америк тивийг тэд эзэгнэж тэндээс асар их алт эрдэнэс урсан орж иржээ. Алт мөнгө нь гоёл чимэглэл болж гар чихэнд наалдаад энгэрийн зүүлтээс хэтэрсэнгүй гэнэ. Эдийн засагт хөрөнгө болж ороогүй тул Испанийн хувьд Америк тивийг нээж эзэмшээд үлдсэн юм тун бага. Эдийн засгийн дэд бүтэцгүй, авчирсан баялаг нь ард иргэдэд тарж, ихэнхи нь цэргийн зардал болж урсан өнгөрчээ. Яг ийм хувь заяа Монголд нүүрлэсэн гэсэн байх юм. Феодалын хоцрогдсон систем хэвэндээ үлдэж, газрыг эргэлтэд оруулсангүй, эдийн засгийн энгийн наад захын хэлбэр Монголд хөгжсөнгүй гэжээ. 

Монголын хаад ноёд их буруутай юм гэнэ. Нүүдэлчдэд дэд бүтэц зайлшгүй чухал биш, боловсрол ч чухал биш. Хэрэгцээ нь ч биш. Нүүдлийн иргэншлээ гээгээгүй, хотжоогүй, иргэншээгүйн гайгаар нурж унасан гэх дүгнэлт хийжээ. 

Нүүдэлчдээс Архимед, Птолемей, Аль-Хорезми, Аристотель, Коперник, да Винчи, Пастер, Моцарт, Тесла нар төрөөгүй. Тийм учраас албан хүчээр ард түмэндээ боловсролыг тулгаж, албан хүчээр соёлжуулах байсныг хаад ноёд нь орхигдуулсан ажээ. Харин ч засаг төр нь ямагт хулгайлагч, залилагч, паразит байж нүүдэлчин ард түмнээ орлогын эх сурвалж хэмээн дарлан мөлжиж байснаас монголын ядуурлын уг сурвалж эхэлдэг хэмээн zen.yandex.ru гэх сайт бичсэн байх юм.

Санал нийлэх, нийлэхгүй санаа орос сайтад байна. Харин би зөрүүлээд Орос руу нь хандуулж ядуурсны шалтгааныг ганц өгүүлбэрээр хэлье. СССР улсад нефть оргилж, шатдаг хий сад тавьж байсан 1970-1980-аад онууд мөнгөөр бялхуулж, ард түмэн нь хөгжихийн төлөө үхэлдэхээ больж, байгалийн баялгийн эзэнт гүрэн болж босч өндийж ирсэн билээ. Хуримтлуулсан их мөнгөө шал дэмий салбар руу илгээсэн. Цэрэг-зэвсэг. Зөвлөлтийн зэвсэгт хүчнийг мөнгөөр хахтал нь хангаж, даян дэлхийн коммунист-ажилчны хөдөлгөөн, үндэсний-эрх чөлөөний хөдөлгөөнүүдийг санхүүжүүлж, коммунист суртал нэвтрүүлэгт асар их мөнгө зарж, АНУ-тай халз уралдах өнгөн үзүүлэлтээ өндөрт өргөн үзэлцэж, гэтэл ард нь Зөвлөлтийн бүх ард түмэн хов хоосон хоцорч гэнээ. Үлгэр төгсөж СССР гэх эзэнт гүрэн нуран унажээ. Монголын, Испанийн эзэнт гүрнээс зарчмын хувьд ямар ялгаа байна?

Үндсэн сэдэв–Зовлогоо зовоосон эдийн засагтаа тэр оюун ухааны ололт амжилтуудаа оруулаач, шингээгээч хэмээн би мөн ч их бичсэн дээ! Одоо дахиад бичнэ. 70 сая мал, IQ-гаараа дэлхийд тавд гэдэг дээрээ бүр дөрөөлөн бичнэ. Монгол Улс хөрөнгө оруулалтынхаа үр ашгаар дэлхийд сүүлийн 10 дугаар байрт буюу Африкийн ихэнхи орнуудын дараа орж байгаа нь хамгийн том хяслан ажээ. Бас л олон улсын судалгаагаар ил болсон баримт түшиж ярьж байна. “Үр ашиг” гэж ярьж байна шүү. Бид байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч улсын нэгд тооцогддог боловч үр өгөөжийг нь хүртэх, хүртээмжтэй  ашиглах тал дээр оновчтой ганц ч бодлого явуулаагүй, одоо ч байхгүй, дорвитой тууштай ажилладаггүйгээс чамгүй шүүмжлэл, доромжлол амсаж, чадал боломжоосоо давсан хэмжээгээр өөрсдийгөө хохироогоод явж байна. “Үр ашиг”, популизм хоёрыг би бүр харшуулж, эсрэгцүүлж тавьмаар санагддаг. 

Монголчуудын ахуй нөхцөл өнөөгийнхөө эринд, XXI зуунд хөл нийлүүлж яваа гэхэд тун эргэлзээтэй. Гар утас, автомашин, өнгөт зурагтыг нь тооцохгүй бол XII, XV, XVIII зуунд яг л тэгж амьдарч байсан байх гэмээр. Ажил хийх хүсэл, тэмүүлэл, эр зориг ямагт дутагдаж ирсэн, одоо ч яг тэр хэвээрээ. Ажлын байранд очно, тэнцэнэ гэж даан ч байхгүй. Шуудай мөнгө амлаад өдөр лаа асаагаад зул бариад явахад сумын төв, аймгийн төвөөс ямаа самнах, ноос хяргах хөлсний ажилчин элсүүлж чадахгүй. Ганц жишээ. Дорнод аймагт 10 мянгат малчин миний залуу нөхөр маань яасан гээч, ямаа самнах, ноос хяргах ажилчин хайж хайж, адаг сүүлд нь хилийн цэргийн ангийн дарга нартай ярилцаж хуйвалдан цэргүүдийг цалинжуулж ам мөлтөс хийлгэсэн байгаа юм. Хойтон зун яанаа гэсэн айдас мань хүнд баттай суусан мэт надад санагдсан. 

Мал нь хүнээ тэжээгээд, мал нь өөрөө өөрийгөө аваад явдаг, мал нь идэш тэжээлээ өөрөө олж тэнхэрдэг бойждог, мал адуулагч нь цаг нар гэж байхгүй, хөдөлмөрийн хуваарь, хөдөлмөрийн сахилга бат–хариуцлага гэж байхгүй, байгалиараа тааваараа хэдэн мянган жил явж ирсний үр дүн өнөөгийн энэ их залхуурал байх. Мал нь нэгэнтээ 70 саяас давчихсан, хар зөнгөөрөө өсөөд байх аваас малын гаралтай түүхий эд боловсруулж зовлогоо зовоохгүй гэсэн сэтгэхүй баттай суучихсан. Газар тариалан нь төрийн нягт бодлогоор хөгжөөд байгаа юм биш, хар зөнгөөрөө, хэдхэн хүний хобби маягаар хөгждөг, тэгээд ч хөрсөнд нь юу ч ургадаггүй, малын бэлчээр энэ тэр гэсэн гох дэгээ (шалтаг шалтгаан) олонтой. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгс:–Халхголын тулалдааны 80 жилээр бөх барилдуулж, морь уралдуулаад зогсох бус бодит бүтээн байгуулалт босгоё гэж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ ярьсан. Үр дүнд нь бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлсэн. 80 жилийн ойгоо тэмдэглэх үед шинэ сумын бүтээн байгуулалт дуусч, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн байх болов уу.Энэ мэтээр бид алслагдсан 100 гаруй сум, орон нутгаа хөгжүүлэх шаардлагатай. 2012 онд УИХ-аар алслагдсан сумдаа шинэчлэхээр болсон, гэтэл хоёр гуравхан сум шинэчлэгдээд энэ ажил зогссон гэжээ.

Манай хөдөөгийн үнэн дүр төрхийг хэлээд тавьчихжээ. Залхуурал, арчаагүй байдал, идэвхгүй, сонирхолгүй амьдралыг нь шүүмжилжээ. Ертөнц дээр ядуу яваа бүх хүн ардын 80 хувь нь Өмнөд Ази ба Сахарын цөлөөс өмнөших Африкийн орнуудад байна гэдэг аргументыг гаргаж ирэн Монголд байх ёсгүй ээ, Одоо боллоо!, Залхлаа!, Хөдөлмөрлөө! л гэж хэлэх гээд байна.

Гадаадын судлаачдын хэлдгийг бас давтаж ганц нэг санаа цухуйлгая. Манай бүтэлгүйтлийг тэд ингэж үздэг. Бидний буруугаас л юм. Эдийн засгийн хязгаарлагдмал суурьтай, гадаад нөөцийн хамгаалалт хангалтгүй, улс төрийн тогтворгүй байдал нь эдийн засгийн бодлогод огцом нөлөөлдөг, хөрөнгө оруулах нөхцлийг хүндрүүлж мангартуулдаг, эдийн засгаа шоконд учруулах магадлал өндөртэй улс гэжээ. Манай улсын гадаад санхүүжилттэй холбоотой эмзэг байдал буураагүй явж ирсэн. Урсгал тэнцлийн өндөр алдагдал (ДНБ-ий 15 хувиас давсан), цэвэр гадаад өрийн дарамт өндөр (ДНБ-ий 180 хувь), гадаад өр төлбөрийн хамаарал зэрэг нь хөрөнгө оруулагчдын итгэл сэтгэлд нөлөөлөх эрсдэлтэй гээд элдэв зовлон барагдахгүй гэжээ. 

Түүхий эдийн экспортод төвлөрсөн эдийн засагтай, тэр нь эдийн засгийнх нь суурь, экспортын голлох ганц зах зээл (БНХАУ) нь гадаад орчны шоконд оруулах эмзэг байдлыг бий болгож болно. Дэлхийн эдийн засаг-санхүүгийн хямрал, Хятад-Америкийн худалдаа-технологийн дайн манай тэр зах зээлд нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүй. Эрсдэл хаяанд байна хэмээн анхааруулсан ч байх шиг. 

Гадны нөлөөлөл байгааг үгүйсгэж байгаа юм биш. Харин тэр Хар Африк, Өмнөд Азийнхан шиг засал авахаасаа өнгөрчихсөн юм биш шүү дээ. Хөгжилгүйг хэний ч албадлагагүй өөрсдөө бий болгочихсноо л залруулах хэрэгтэйсэн! 

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХӨЛ ХОРИОНЫ хугацааг долдугаар сарын 31-нийг дуустал СУНГАВ 17 цаг 3 минутын өмнө Тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэд татан авалтыг эрчимжүүлнэ гэв 17 цаг 8 минутын өмнө Л.Баярсайхан: Аав, ээж нь хүүгээ алдсан, дээрээс нь эмнэлгийн төлбөрт унаж, хүнд байдалд орчихоод байна 17 цаг 19 минутын өмнө ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталжээ 17 цаг 28 минутын өмнө 1990-ээд оны хамгийн шилдэг киногоор Форест гампыг нэрлэжээ 17 цаг 34 минутын өмнө Гадаадад байгаа монголчууд онгоц хөлслөөд ирэх нь ИЛҮҮ ХЯМД 17 цаг 50 минутын өмнө Г.Занданшатар: Эх орон, их түүхийнхээ Эзэн монголчууд минь дэлгэр сайхан наадаарай 20 цаг 28 минутын өмнө Байнгын хороодын дарга нарыг сонгов 20 цаг 35 минутын өмнө Баярын амралтын өдрүүдэд нэгдсэн эмнэлгүүд 24 цагаар ажиллана 20 цаг 40 минутын өмнө Орон нутгийн замд автомашин онхолдож 7 хүн амиа алджээ 20 цаг 47 минутын өмнө Онгоцонд мэндэлсэн ХОЁР ИХЭР охины биеийн байдал сайн байна 21 цаг 18 минутын өмнө Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг хойшлууллаа  21 цаг 38 минутын өмнө Истанбул-УБ чиглэлийн тусгай онгоцонд нэгэн эх амаржиж ИХЭР ОХИНТОЙ болжээ Уржигдар 21 цаг 13 минутад Д.Одбаясах: 20 жил дэлхийн алдартай 100 тайзан дээр тоглож байж авсан миний шагнал Соёлын тэргүүний ажилтан... Уржигдар 17 цаг 44 минутад "Үндэсний их баяр наадмаар Төрийн шагнал олгохгүй" Уржигдар 17 цаг 35 минутад БНСУ-д нутаг нэгт дөрвөн залууд зодуулсан монгол залуу нас баржээ Уржигдар 17 цаг 23 минутад Алт цэвэршүүлэх нэрээр мөнгө угаах төслийг ҮАБЗ мэдсэн үү? Уржигдар 16 цаг 46 минутад Н.Номтойбаярыг ял авахад “ТОПОР” ахтайгаа муудалцсан нь нөлөөлсөн болов уу? Уржигдар 16 цаг 35 минутад Заавал нэг хулгайчтай байж засаг барьсан болдог Уржигдар 16 цаг 27 минутад Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сум чиглэлийн зам эвдэрч, усанд автжээ Уржигдар 16 цаг 03 минутад
iИх уншсан
Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх үзэгдэл Заавал нэг хулгайчтай байж засаг барьсан болдог Ц.Баттуяа: Нас барсан хүнээр санал өгүүлсэн Сонгуулийн хороо... Эрх баригч нам томилгоондоо оруулж ирвэл төрд хэрэгтэй зайра... Хэлсэн үг хийсэн ажил нь зөрдөг МАН Н.Номтойбаярыг ял авахад “ТОПОР” ахтайгаа муудалцсан нь нөлө... Монгол улс ажиглагчаас ахиж, ШХАБ-д жинхлэх цаг болсон уу? Алт цэвэршүүлэх нэрээр мөнгө угаах төслийг ҮАБЗ мэдсэн үү? Ж.Эрдэнэбатын хэрэг парламентад ямар жишиг тогтоох бол Л.Баярсайхан: Аав, ээж нь хүүгээ алдсан, дээрээс нь эмнэлгий... Гадаадад байгаа монголчууд онгоц хөлслөөд ирэх нь ИЛҮҮ ХЯМД БНСУ-д нутаг нэгт дөрвөн залууд зодуулсан монгол залуу нас б... С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нар батлан даалтаар гар... У.Хүрэлсүх: Би үхэхээс бусдыг үзсэн парламентын гишүүн. Би э... Н.Номтойбаярт 5.5 жилийн хорих ял оноолоо Д.Сарангэрэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Х.Нямбаата... УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбатад зургаан жил хорих ... Ялагдлаас өндийж, улс төрийн хүчирхэг институцийн хувьд эргэ... Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбаруу... С.Эрдэнэ Ц.Туваанд АН-ын тамгыг хоёр удаа шилжүүллээ 
Top