УИХ-ын гишүүн Б.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэн, үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Анхны 126 гишүүнтэй парламентад сонгогдсон гишүүний хувьд уг асуудлыг хэрхэн тусган хүлээн авч байна вэ?
-Анх удаа ийм шийдвэр гарч байгаад УИХ-ын гишүүний хувьд төрийн тэргүүний нэр хүндийг хамгаалах, хариуцлагатай байх, шударга ёсны зарчмыг баримтлан асуудалд хандаж байна гэж хүлээн авсан.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буухаасаа өмнө тогтолцооны өөрчлөлтийг энэ парламент хийх хэрэгтэй гэж хэлсэн. Тэр нь сонгодог парламентын тогтолцоо руугаа орох уу, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу гэж. Хууль тогтоогч хүний хувьд уг асуудалд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага. Мөн хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэж бид Үндсэн хуульдаа тунхагласан. Түүнчлэн асуудлыг олуулаа хэлэлцэж, олонхоосоо санал хурааж шийдвэр гаргадаг зарчмыг зөв гэж харж байгаа. Энэ утгаараа аливаа засаглал, тогтолцооны өөрчлөлтийг дэмжигүй гэдгээ илэрхийлье.
-Дараагийн ерөнхийлөгчөөр ямар хүн сонгогдоосой гэж бодож байна вэ?
-Ард түмэн бидний эв нэгдлийг хангаж, эх орныхоо төлөө цохилох зориг зүрхтэй, асуудалд олон талаас нь бодож хандах ухаалаг хүн байгаасай л гэж хүсэж байна даа.
-Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-д өргөн баригдаж, хэлэлцүүлгийн шатанд явж байна. Та энэ хуулийн төсөлд нэлээд шүүмжлэлтэй хандаж буй. Ер нь Монгол Улс усны нөөцөө хамгаалах, ашиглах бодлогоо хэрхэн авч явах ёстой гэж үзэж байна вэ?
-Усаа хайрлана, улсаа мөн хайрлана. Ус бүх зүйлд хэрэгтэй. Гэхдээ усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш.
Усыг хайж байж олдог, олж байж хэрэглэдэг, хэрэглэж байж амьдардаг. Тиймээс бид эхлээд усныхаа нөөцийг судалж, хаана ямар хэмжээний ус байгаа, хэрхэн ашиглах боломжтой вэ гэдгийг мэдэх шаардлагатай. Монгол Улс газрын доорх усныхаа ердөө 17 хувьд нь судалгаа хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, бид газар доорх усныхаа нөөцийн дийлэнх хэсгийг бүрэн судалж, мэдээгүй байна гэсэн үг.
Гэтэл судалгаа хийх боломжийг нэмэгдүүлэх, усны салбарын байгууллагуудыг ажиллах нөхцөлөөр хангах, хяналтыг сайжруулах зэрэг асуудлыг бодлогын түвшинд шийдэх ёстой байтал эсрэгээрээ судлаачдын усны мэдээлэл авах боломжийг улам хумих зохицуулалт оруулж ирсэн. Усны тухай хуулийг сайжруулах шаардлага бий. Гэхдээ сайжруулахдаа усны нөөцийг судлах, хамгаалах, зохистой ашиглах, хяналт тавих чиглэлээр бодитой өөрчлөлт хийх хэрэгтэй. Судлаачид, мэргэжлийн байгууллагуудын ажиллах боломжийг хааж болохгүй.
-Та хуулийн төслийг дэмжих боломжгүй байсан хэд хэдэн шалтгаан дурдсан. Хамгийн гол нь ямар заалтууд асуудал дагуулж байна вэ?
-Өргөн баригдсан Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хууль тогтоогчийнхоо хувьд хэд хэдэн үндэслэлээр дэмжих боломжгүй байлаа. Тухайлбал, хуулийн төслийн 48.6-д ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулах үйл ажиллагаанд газар доорх цэнгэг ус ашиглахыг хориглохоор тусгасан. Энэ заалт нь зөвхөн уул уурхайн томоохон компаниудад хамаарахгүй. Том, жижиг гэлтгүй бүхий л үйлдвэрүүдийн усан хангамжийн эх үүсвэрийг хориглох нөхцөл үүснэ. Үйлдвэрүүд усгүй бол үйл ажиллагаагаа явуулах боломжгүй. Ингэснээр үйлдвэрүүд зогсох, хаагдах эрсдэл бий болно. Энэ нь улс, орон нутгийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Усны нөөцөө хамгаалах ёстой гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ хамгаалах нэрийн дор үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоох хэмжээнд хүргэж болохгүй. Усны нөөц, ашиглалт, нөхөн сэргэлт, тухайн орчны онцлогт үндэслэсэн зохицуулалт хийх ёстой. Нэг мөр хориг тавих нь бодлогын зөв шийдэл биш.
-Хуулийн төсөл боловсруулахдаа судалгаа, тооцоолол хангалтгүй байсан гэж та шүүмжилж байна. Ямар судалгаа, тооцоолол байх ёстой байсан юм бэ?
-Аливаа хуулийн төсөлд орж буй шинэчлэл нийгэм, эдийн засагт үнэхээр хэрэгтэй юу гэдэг хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, үүнтэй холбоотой судалгаа, тооцоог хийсний үндсэн дээр хуулийн төслийг боловсруулах ёстой. Гэтэл энэхүү Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр судалгаа, тооцоолол, мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлт хангалтгүй байсан. Тухайн заалтыг хэрэгжүүлснээр ямар үр нөлөө гарах вэ, үйлдвэрлэлд ямар нөлөө үзүүлэх вэ, улсын болон орон нутгийн төсөвт ямар ачаалал үүсэх вэ, иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг урьдчилан тооцсон байх шаардлагатай. Хуулийн төсөлд шинэ зохицуулалт оруулахдаа түүний үр дагаврыг тооцохгүйгээр, судалгаагүйгээр шийдвэр гаргаж болохгүй. Хууль батлагдсаны дараа асуудал үүсвэл тэр үед нь засна гэдэг хандлага байж болохгүй. Хууль өөрөө асуудал үүсгэх биш, асуудлыг шийдэх ёстой.
-Монгол Улс одоо хүчин төгөлдөр Усны тухай хуультай. Тэгвэл шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа өмнөх хуулийн хэрэгжилт, ямар асуудал байгааг дүгнэж, шаардлагатай өөрчлөлтийг хийх ёстой байсан байх?
-Монгол Улс Усны тухай хуультай. Сайжруулах шаардлагатай болохоос салбарын хамт олноор огт хэлэлцүүлээгүй бодлогын асуудлыг эцэст нь нэмж тусгаж болохгүй. Усны тухай хууль 2012 оны тавдугаар сарын 17-нд батлагдсан. Үүнээс хойш тус хуульд 12 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Тэгэхээр энэ хууль огт өөрчлөгдөөгүй, шинэчлэгдэх шаардлагагүй хууль биш. Харин хэрэгжилтэд нь ямар асуудал байна, ямар зохицуулалт дутуу байна, юу нь ажиллахгүй байна гэдгийг тодорхойлж, түүнийгээ сайжруулах ёстой. Гэхдээ хуулийн шинэчилсэн найруулга гэдэг нэрийн дор бодлогын томоохон өөрчлөлтүүдийг гэнэт оруулж ирж болохгүй. Салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд, судлаачид, үйлдвэрлэл эрхлэгчид, холбогдох байгууллагуудын саналыг авч, хэлэлцүүлэг хийж байж хуулийн төслийг боловсруулна.
-Мэргэжлийн холбоодын байр суурь ямар байсан бэ?
-Хуулийн төсөлтэй холбогдуулан Монголын гидрогеологи, геоэкологийн мэргэжлийн холбоо, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монголын Геологийн холбоо, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монгол Нүүрс ассоциаци, Геологийн холбоодын нэгдсэн зөвлөл зэрэг мэргэжлийн байгууллагууд байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргасан. Эдгээр байгууллагын байр суурь, гаргасан мэдэгдлээс харахад хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр холбогдох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Усны агентлаг маш хангалтгүй ажилласан гэж бодож байна. Ийм олон мэргэжлийн холбоод байр сууриа илэрхийлж байгаа нь хуулийн төсөл боловсруулалтын шатандаа хангалттай хэлэлцүүлэг хийгдээгүй, түүхий төсөл оруулж ирсэн гэдгийг харуулж байгаа юм. Үүнийг олон нийт, ард иргэд ч харж, ойлгож байгаа байх.
-Та Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр энэ асуудын талаар байр сууриа илэрхийлсэн. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ямар асуудал байсан бэ?
-Байнгын хорооны хуралдаан дээр энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхэд би байр сууриа илэрхийлсэн. Хуулийн төсөл бичсэн ажлын хэсэгт газрын доорх ус судлаачид оролцоогүй байсан нь харамсалтай. Газрын доорх усны асуудлыг зохицуулах хууль боловсруулж байгаа атлаа тухайн чиглэлээр судалгаа хийдэг мэргэжилтнүүдээ ажлын хэсэгт оролцуулахгүй байна гэдэг ойлгомжгүй. Усны нөөц, түүний тархалт, ашиглалт, нөхөн сэргэлт, хамгаалалтын асуудлыг мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор шийдэх ёстой. Энэ хуулийн төсөл бидэнд нэг зүйлийг ойлгууллаа. Хуулийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө маш сайн хэлэлцүүлэг хийх шаардлагатай юм байна. Салбарын мэргэжилтнүүдийн саналыг авч, асуудлыг бүрэн судалж, тооцоолол хийж байж хууль боловсруулж, өргөн барих ёстой.
-Хуулийн төсөл УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Ус бүх зүйлд хэрэгтэй. “Усыг хамгаалах ёстой, энэ хуулийг дэмжихгүй бол баллана” гэсэн байдлаар айлгасаар УИХ дээр хэлэлцэж, дэмжүүллээ. Үүнд харамсаж байна. Усыг хамгаалах асуудлыг хэн ч эсэргүүцэхгүй. Харин усыг хамгаалах нэрээр улс орны эдийн засаг, үйлдвэрлэл, судалгаа шинжилгээний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх зохицуулалт оруулж ирж болохгүй. Хуулийн төсөл дэмжигдсэн ч цаашид УИХ дээр ажлын хэсэг байгуулагдана. Тэр ажлын хэсэг маш нягт, сайн ажиллах шаардлагатай болсон. Хуулийн төсөлд байгаа асуудлуудыг нэг бүрчлэн судалж, залруулах, шаардлагатай нэмэлт судалгаа, тооцооллыг хийж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авах ёстой.
-УИХ дээр байгуулагдах ажлын хэсэг ямар ажлуудыг хийх шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Нэгдүгээрт, энэхүү хуулийн төсөл хэрэгжвэл үүсэх үр нөлөөний судалгааг хийлгэх шаардлагатай. Хуулийн төсөл хэрэгжсэнээр усны салбар, үйлдвэрлэл, эдийн засаг, иргэдэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бодит судалгаагаар тодорхойлох ёстой. Хоёрдугаарт, усны чиглэлийн төрийн байгууллагуудын бүтэц данхайх асуудал байна. Төрийн байгууллагын бүтэц, орон тоог нэмэгдүүлэхээр тусгасан бол үүнээс үүдэх төсвийн зардлын тооцоо байх ёстой. Гэтэл төрөөс гарах шаардлагатай төсвийн тооцоо байхгүй байсан. Үүнийг нөхөж хийлгэх шаардлагатай. Гуравдугаарт, олон зөвшөөрлийг нэмсэн. Засгийн газрын бодлого, хууль тогтоомжийн хүрээнд бид төрийн зохицуулалтыг хөнгөвчлөх, бизнесийн орчныг чөлөөтэй болгох чиглэлээр ажиллаж байгаа.
Гэтэл энэ хуулийн төсөлд олон зөвшөөрөл нэмэхээр тусгасан нь чөлөөлье гэсэн концепцитой зөрчилдөж байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлыг хэлэлцэх ёстой. Дөрөвдүгээрт, гэнэт нэмсэн, хэлэлцүүлээгүй, бодлогын том өөрчлөлт бүхий заалтуудыг салбарын хүрээнд дахин хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, тусгах шаардлагатай. Тавдугаарт, Говь руу гадаргын ус татах төслийг хэрхэн дэмжиж байгаа нь тодорхой биш байна. Энэ асуудлыг хуулийн төсөлд тодорхой тусгах шаардлагатай. Говийн бүсийн усан хангамж, хөгжлийн асуудал маш чухал. Тиймээс гадаргын ус татах төслийн бодлого, зохицуулалт, хэрэгжилтийг тодорхой болгож, хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Зургадугаарт, хуулийн төслийг найруулгын түвшинд хуульчдаар нямбай найруулуулах шаардлагатай. Хуулийн заалт бүр ойлгомжтой, хоорондоо зөрчилгүй, хэрэгжих боломжтой байх ёстой.
Өдрийн сонин



