УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ХХОАТ-ыг нэг хувь болгох асуудлыг байнгын хороо дэмжсэн, энэ долоо хоногт чуулганаар орно гэж ойлгож байгаа. Хуулийн төсөл батлагдсанаар Татварын бааз суурь хумигдана гэж эрх баригчид үздэг. Таны хувьд харин өснө гэж байгаа. Яг ямар тооцоолол байна вэ?
-Эрх баригчид “Татварын хувь буурвал орлого буурна” гэж зөвхөн нэг талаас нь харж байна. Харин бодит амьдрал дээр татварын хувь буурахад гурван зүйл хөдөлдөг. Нэгдүгээрт, иргэдийн гар дээр үлдэх орлого нэмэгдэнэ. Хоёрдугаарт, хэрэглээ өсөж НӨАТ, ААНОАТ-ын бааз тэлнэ. Гуравдугаарт, өндөр татвараас болж нууж байсан орлого ил гарна. Өнөөдөр ХХОАТ-ын гол ачааг цалинтай иргэд үүрч байна. Гэтэл цалингийн орлого хамгийн ил тод, хамгийн амархан татагддаг орлого. Тиймээс бид татварын шударга ёс нэрээр яг ил тод ажиллаж байгаа хэсгээ шийтгээд байна. Миний тооцооллын гол логик бол нэг хувийн татвар нь иргэн, ажил олгогч хоёуланд нь орлогоо нуух, хиймлээр багасгах, хөдөлмөрийн гэрээнээс зайлсхийх сонирхлыг бууруулна. Ингэснээр татварын хувь буурсан ч бааз өргөжих боломжтой. ХХОАТ-ын тайлангийн хэрэглээг бүх түвшинд дэмжиж өгснөөр далд эдийн засгийн нэлээд хувь нь ил тод болно. Татварын бодлогыг зөвхөн “Өнөөдрийн төсөвт хэд орох вэ” гэж биш, “Эдийн засагт хэд үлдэж, хэд дахин эргэлдэх вэ” гэж харах ёстой
Таны санаачилсан дээрх хуулийн төслийг эрх баригчид батлаад явна гэсэн итгэл ямар байна. Учир нь эрх баригчдын зүгээс бизнесийн орчинг сайжруулах, татварыг хөнгөлөх асуудлаар хэд хэдэн хуулийн төслийг мөн адил чуулганаар хэлэлцүүлж байгаа шүү дээ?
-Итгэл гэхээсээ илүү улс төрийн хариуцлагын асуудал гэж харж байна. Ард иргэд татварын дарамт өндөр байна, гар дээр үлдэх орлого хүрэлцэхгүй байна, төрийн зардал хэтэрлээ гэдгийг эрх баригчид өөрсдөө маш тодорхой хэлж байгаа. Засгийн газраас бизнесийн орчныг сайжруулна, татвар хөнгөлнө гэж хэд хэдэн төсөл оруулж байгаа нь зөв. Гэхдээ бодит хөнгөлөлт нь иргэний халаасанд шууд мэдрэгдэх ёстой. ХХОАТ-ыг нэг хувь болгох төсөл бол хамгийн шууд, хамгийн ойлгомжтой, хамгийн хурдан нөлөөтэй арга хэмжээ. Хэрэв эрх баригчид үнэхээр татвар бууруулна, эдийн засгаа сэргээнэ гэж байгаа бол энэ төслийг дэмжихээс өөр логик байхгүй. Харин дэмжихгүй бол тэдний хувьд “татвар бууруулна” гэдэг нь зөвхөн уриа байсан уу гэдэг асуулт гарна.
-ХХОАТ-ыг нэг хувь болгон бууруулж байхаар аж ахуйн нэгж байгууллагын ажилчдынхаа өмнөөс төлдөг НД-ын шимтгэлийн хувь хэмжээг буулгах нь илүү эдийн засгийн ач холбогдолтой гэж үзэх эдийн засагчид байна. Уг асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-НДШ бууруулах шаардлагатай гэдэгтэй би санал нэг байна. Ажил олгогч, ажилтан хоёрын аль алинд нь НДШ маш том дарамт болж байна. Гэхдээ “ХХОАТ уу, НДШ үү” гэж нэгийг нь нөгөөгөөр нь үгүйсгэх хэрэггүй. Аль аль нь буурах ёстой. НДШ-ийн асуудлаар Б.Түвшин нарын 40 орчим УИХ-ын гишүүн хууль санаачлаад өргөн мэдүүлсэн. Эрх баригчид гацаагаад хоёр дахь жил рүүгээ орж байна. Засгийн газар өөрсдөө шинэчлэл хийж чадахгүй бол УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төслийг дэмжээд явах ёстой.
-Одонтой ээжүүдэд жил бүр 100-200 мянган төгрөг өгдөг. Энэ төсөв жилдээ 30 орчим тэрбум төгрөг болдог гэсэн тооцоо бий. Иймэрхүү шагнал, урамшуулал, нийгмийн халамжид олгодог үргүй зардлаа яаж зөв бодлогоор явуулах ёстой гэж та харж байна вэ?
-Ээжүүдийг хүндэтгэх ёстой. Гэхдээ хүндэтгэнэ гэдэг заавал жил бүр бэлэн мөнгө тараана гэсэн үг биш. Төрийн бодлого “алга ташуулах” биш, бодит үр дүн гаргах ёстой. Жил бүр 30 орчим тэрбум төгрөгийг жижиглэн тараахаас илүү эхчүүдийг эрүүл мэндийн бүрэн үзлэг, урьдчилан сэргийлэх оношилгоо, эмчилгээний багцад хамруулах нь илүү бодит өгөөжтэй. Ингэвэл татвар төлөгчдийн мөнгө халамж биш, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах хөрөнгө оруулалт болно. Ер нь халамжийн бодлого хавтгайрсан, улс төрийн оноо авах хэрэгсэл болоод удаж байна. Цаашид халамжийг зорилтот, үр дүнтэй, хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг хэлбэрт шилжүүлэх ёстой. Төр бэлэн мөнгө тараахдаа хурдан, иргэдийг ажилтай орлоготой болгохдоо удаан байж болохгүй.
-Хаврын чуулган шувтарч байна. Энэ хаврын чуулганаар үр бүтээлтэй хэлэлцэгдэж, батлагдсан ямар хуулийн төсөл байна. Нийгэм, эдийн засгийн амьдралд нэмэр болох эрх зүйн өөрчлөлтүүдийг хийж чадсан уу?
-Миний хувьд энэ хаврын чуулганаас бодит эдийн засгийн том реформ хангалттай гарсан гэж хэлэхэд хэцүү. Ярьсан зүйл их, нэр нь гоё хууль олон байна. Гэхдээ иргэний амьдрал дээр шууд мэдрэгдэх, бизнесийн дарамтыг бодитоор бууруулах өөрчлөлт цөөн байна. Хууль батлахын төлөө хууль баталдаг байдал их байна. Харин хууль батлагдсаны дараа татвар буурсан уу, зөвшөөрөл цөөрсөн үү, төрийн дарамт багассан уу, хөрөнгө оруулалт нэмэгдсэн үү гэдэг л гол шалгуур. Энэ хаврын чуулганаас хамгийн чухал хүлээлт бол татвар бууруулах, төрийн зардлыг танах, бизнесийн эрх чөлөөг бодитоор нэмэгдүүлэх асуудал байсан. Үүнд одоогоор хангалттай дүн тавих боломжгүй байна.
-Таны хувьд ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслөөс гадна өөр ямар эрх зүйн өөрчлөлтөд анхаарч ажиллаж байна вэ?
-Нэгдүгээрт, НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх ёстой. Жижиг, дунд бизнесүүдийг 50 сая төгрөгийн босгоор шахаж, НӨАТ-ын дарамтад оруулж болохгүй. Өнөөдөр хэрэгжиж байгаа 50 сая гэдэг бол босгогүй байна гэсэн үг. Тиймээс босгыг багадаа нэг тэрбум, боломжтой бол 2.5 тэрбум болгох ёстой. Энэ талаар зарчмын зөрүүтэй санал өгсөн байгаа. Хоёрдугаарт, НДШ-ийн дарамтыг бууруулах асуудал зайлшгүй яригдана. Ажил хийх, ажил олгох хоёр хоёулаа өндөр өртөгтэй болсон. Б.Түвшин нарын 40 гаруй гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эхний ээлжинд баталмаар байна. Гуравдугаарт, сонгогчдын саналыг худалдан авдаг байдлыг бид таслан зогсоох ёстой, залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцдог болгох хэрэгтэй байна. Энэ чиглэлийн хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа
-Их хурал, Засгийн газар нь наадам, цэнгээн яаж зохион байгуулах, хэнд ямар цол олгох вэ гэдгийг хэлэлцэж, үндэсний өв соёлоо “матарлахаас” илүү хэрхэн эдийн засгаа эрчимжүүлж, өсгөх вэ. Яавал Монгол Улс мөнгөтэй, ажилтай, орлоготой болох вэ гэдгээ ярих ёстой гэж шүүмжлэх хүн их байна...?
-Монгол Улс хөгжих боломжгүй улс биш. Харин хэт хуучинсаг бодлого, том төр, өндөр татвар, авлига, хэт зохицуулалт дөрөв хөгжлийг бодитой боомилж байна. Таны асууж байгаа зөв. Бид наадам, цол, шагнал, хэн юу авах вэ гэдгээсээ илүү яаж баялаг бүтээх вэ, яаж хөрөнгө оруулалт татах вэ, яаж татвараа бууруулах вэ, яаж иргэдээ ажилтай орлоготой болгох вэ гэдгээ ярих цаг болсон. Монголын хөгжил жинхэнэ утгаараа гараанаасаа гарах өдөр бол төр эдийн засгийн гол тоглогч байхаа больж, хувийн хэвшил, иргэн, хөрөнгө оруулагчид чөлөөтэй ажиллах өдөр. Төр том байх тусам иргэн жижиг байдаг. Харин иргэнээ том болгоё гэвэл төр өөрөө жижигрэх ёстой.
-ХХОАТ-ыг нэг хувь болгосноор есөн хувийн зөрүү гарна. Энэ есөн хувь иргэнд үлдсэнээрээ ямар ашигтай вэ?
-Ер нь ХХОАТ-ыг нэг хувь болгох нь ганц татварын өөрчлөлт биш. Энэ бол төр иргэнийхээ хөдөлмөрийн орлогыг хүндэтгэж байна уу, үгүй юу гэдэг зарчмын асуудал. Иргэн ажил хийж орлого олсныхоо төлөө шийтгүүлдэг байж болохгүй. Татварын 10 хувийг нэг хувь болговол есөн хувийн зөрүү иргэдэд өөрсдөд нь үлдэж, хамгийн үр ашигтай, ухаалаг байдлаар зарцуулагдана. Мөн эдийн засгийн цусны эргэлт сайжирна. Харин төр лүү хураагдвал элсэнд ус асгахтай адил алга болно. Эсвэл янз бүрийн хөшөө босгож, буулгах, дарга ангийн үнэтэй машин, тансаг оффист зарцуулагдаж таарна. Тиймээс төр өөрийн зардлаа заавал танах ёстой. Иргэдийн халаасыг ухах хамгийн амархан. Харин төрийн үрэлгэн байдлыг засах хамгийн хэцүү. Одоо бид амархан замаар биш, зөв замаар явах ёстой. Энэ татварын хувь хэмжээг бууруулах хуулийн төсөл нь өөрөө эрх баригчдыг энэхүү хэцүү ажлыг хийлгэх чиглэл рүү шахаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, татварын орлого багасахаар тооцоолоод түүндээ тааруулж зардлаа бас багасгаж төлөвлөхийн тулд хүссэн хүсээгүй данхар бүтцээ цомхотгох, дарга ангиа цөөлж, тансаглалыг нь зогсоох шаардлагатай болно гэсэн үг.
Өдрийн сонин



