Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Төв, Баруун, Зүүн Ази болон Номхон далайн орнууд хариуцсан Тээврийн салбарын захирал ноён Чен Чен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар АХБ-ны санхүүжилтээр Сангийн яаманд хэрэгжиж буй хилийн боомтын шинэчлэлийн төслүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар болон цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын шинэ төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар хилийн боомтуудад хэрэгжиж буй "Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл"-ийн хэрэгжилтэд Сангийн яам өндөр ач холбогдол өгч байгааг онцлон дурдаад, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллана гэдгээ илэрхийллээ.
АХБ-ны Тээврийн салбарын захирал ноён Чен Чен тус банкны санхүүжилтээр хэрэгжиж буй хилийн боомт, зам тээврийн салбарын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, төлөвлөсөн үр дүнд хүргэхэд талуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал болохыг онцлон тэмдэглэлээ гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.



