Уул уурхай, зам, тээврийн ажлаас шалтгаалсан, зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд учирч буй сөрөг нөлөөллийг багасгахыг зорьж байна.
Манай улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжихээр төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах шугам зэрэг дэд бүтцийн ажлыг эрчимтэй өрнүүлж байгаа. УИХ-ын 2024 оны тогтоолоор баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д 5000 гаруй км төмөр зам, 6000 гаруй км авто зам барихаар тусгасан нь эдийн засгийн боломжийг нэмж байгаа ч байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг нь бууруулах ажил хангалтгүй байгааг судалгаанууд харуулж буйг БОУАӨЯ-наас мэдээлэв.
Түүнчлэн, цагаан зээр, хулан, хар сүүлт зээр, янгир, аргаль зэрэг өргөн уудам нутагт нүүдэллэдэг зэрлэг амьтдын амьдрах орчин хуваагдаж, шилжилт хөдөлгөөн нь хязгаарлагдан, тухайн зүйлүүдийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буйг олон улсын туршлага, судалгаа ч нотолж байгаа аж. Иймд авто, төмөр замуудын байгаль орчинд үзүүлэх нөлөөг багасгах, шинээр барих дэд бүтцийг зэрлэг амьтанд халгүй байхаар төлөвлөхөөр БОУАӨ-ийн болон Зам, тээврийн сайдын хамтарсан тушаалаар салбар хоорондын ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ахлан ажиллахаар боллоо.
Ажлын хэсгийн хурлаар холбогдох хуулийн төсөлд санал оруулж, хууль эрх зүйн орчныг сайжруулах, шугаман дэд бүтцийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох, төмөр замуудын гүүрэн, нүхэн гарцын үр нөлөөг судалж, стандартыг шинэчлэх, Улаанбаатар төмөр замын зарим трассын өргөст торыг стандартад нийцүүлэх, зэрлэг амьтдын нүүдэл, шилжилтийг судлах, амьтад төмөр замын хөдөлгөөнд саад учруулах эрсдэлийг багасгах туршилтыг хэрэгжүүлэх, олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, зам, төмөр замын зураг төслийн инженер, оюутан, үнэлгээний ажилтнуудыг чадавхжуулахыг төлөвлөгөөнд тусгах тухай хэлэлцжээ.



