Монгол Улс Базелийн конвенцын Ази, Номхон далайн бүсийн төвтэй хог хаягдал, химийн бодисын менежмент, боловсруулалтын чиглэлээр хоёр болон олон талт төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлнэ.
Хамтын ажиллагааны суурийг тавьж, БОУАӨЯ Базелийн конвенцын Ази, Номхон далайн бүсийн төв (BCRC China)-тэй харилцан ойлголцлын санамж бичгийг Бээжин хотод байгуулж, БОУАӨЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ Базелийн конвенцын Ази, Номхон далайн бүсийн төвийн Гүйцэтгэх захирал Жинхүй Ли нар гарын үсэг зурав. Ингэснээр Монголд хог хаягдлын байгаль орчинд ээлтэй менежментийг бэхжүүлэх, Базелийн конвенцийн хэрэгжилтийг идэвхжүүлэхэд хамтран ажиллах эрх зүйн үндэс бүрдэж буйг БОУАӨЯ мэдээллээ.
Түүнчлэн, аюултай болон бусад хог хаягдлыг багасгах, байгальд ээлтэй зохистой удирдах, тэг хаягдал (zero-waste), хог хаягдалгүй нийгэм байгуулах санаачилгыг бүх түвшинд дэмжих, манай хотуудыг “Хог хаягдалгүй хотуудын сүлжээ”-нд нэгдэх, чадавх бэхжүүлэх сургалт, семинар хийж, туршлага солилцох, технологи дамжуулах, “BCRC China”-гийн Монгол дахь үндэсний ажлын алба байгуулах боломжийг судлах чиглэлээр хамтран ажиллах юм.
Санамж бичиг нь 10 жилийн хугацаанд хүчинтэй хэрэгжих бөгөөд талуудын харилцан тохиролцоогоор сунгах ажээ.



