Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг Улсын Их Хурал 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр соёрхон баталсан билээ.
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хууль тогтоомж, тэтгэврийн тогтолцооны онцлогоос хамаарч тэтгэврийн төрлийг сонгож, хоёр улсад шимтгэл төлсөн хугацааг давхцуулахгүйгээр нэгтгэн тооцож, өндөр насны тэтгэврийг тогтоох асуудлыг тусгасан юм. Мөн Монгол Улсын иргэд 1998 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улсын хуримтлалын тэтгэврийн даатгалд хамрагдсан бол өөрийн улсдаа тус улсын хуримтлалын тэтгэврийг шилжүүлэн авах асуудлыг тусгасан.
Монгол Улс тус хэлэлцээрийг соёрхон баталснаар хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллаж, нийгмийн хамгааллын тогтолцоонд харилцан тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх юм. Ялангуяа Монгол Улсын иргэдийн ажиллаж, амьдарсан улсдаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь Монгол Улсад даатгуулсан хугацаанд тооцогдохгүй, тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй, өндөр насны тэтгэврийг бага хэмжээгээр тогтоох сөрөг үр дагаврыг арилгах аж.
Хэлэлцээрт зааснаар хоёр улсын нутаг дэвсгэрт 1998 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл цаг хугацааны хувьд давхцалгүй ажиллаж, нийгмийн даатгалд хамрагдсан хугацааг нэгтгэн тооцож тэтгэврийн эрх үүсгэх бөгөөд тухайн иргэн өөрийн улсдаа тэтгэврээ тогтоолгож болохоор болжээ. Тодруулбал, 60 настай Монгол Улсын иргэн А Монгол Улсын нийгмийн даатгалд 18 жил шимтгэл төлсөн, Бүгд Найрамдах Казахстан Улсад 1990-1998 онд нийт 8 жил ажиллаж, даатгуулжээ. Иргэн А Монгол Улсад 18 жил даатгалын шимтгэл төлсөн болон Казахстан Улсад 1998 оноос өмнө 8 жил нийгмийн даатгалд хамрагдсан хугацаагаа нэгтгэн нийт 26 жил шимтгэл төлснөөр тооцуулж, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох юм.
Түүнчлэн Монгол Улсын иргэд 1998 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улсын хуримтлалын тэтгэврийн санд шимтгэл төлж даатгалд хамрагдсан бол тус улсын хууль тогтоомжийн дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсаас хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Иргэн Монгол Улс дахь банкны өөрийн дансанд хуримтлалын тэтгэврийг шилжүүлэн авах юм. Тодруулбал, 65 настай Монгол Улсын иргэн Б Бүгд Найрамдах Казахстан Улсад 1998-2010 онд 12 жил шимтгэл төлсөн бөгөөд төлсөн шимтгэлтэй уялдсан хуримтлалын тэтгэврийг тогтоолгох эрхтэй. Тэрбээр Монгол Улсын нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргахдаа Казахстан Улсад шимтгэл төлж байсан нотлох баримтыг ирүүлнэ. Нийгмийн даатгалын байгууллага холбогдох мэдээллийг Бүгд Найрамдах Казахстан Улсын тэтгэврийн байгууллагад хүргүүлэх бөгөөд хүлээн авсан тал судлан үзээд тэтгэврийг тогтоож, иргэний Монгол Улс дахь арилжааны банкны харилцан дансанд сар бүр тэтгэврийг шилжүүлдэг болох юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



