Токио хот сэтгэл татам байдлын үзүүлэлтээрээ дэлхийн томоохон 48 хотын дунд есөн жилийн турш гуравдугаарт бичигдсэний эцэст анх удаа хоёрдугаар байр руу ахижээ. Тус хотод ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдсэнээс шалтгаалан Нью-Йоркийг гүйцэж түрүүлсэн байна.
Ингэснээр сүүлийн есөн жилийн хугацаанд шилдэг таван хотын дунд анх удаа өөрчлөлт гарсан бол Лондон хот нийт оноо нь буурсан хэдий ч жагсаалтын тэргүүн байраа 14 дэх жилдээ хадгалсаар байна гэж Японы “Mori” дурсгалын сангийн Хотын стратегийн хүрээлэнгээс мэдээлжээ.
Энэхүү индекс нь хотуудын “соронзон чанар” буюу дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс болон аж ахуйн нэгжүүдийг татах чадварыг нь эдийн засаг, судалгаа, хөгжил, соёл, амьдрахад таатай байдал, хүрээлэн буй орчин, хүртээмж гэсэн зургаан үзүүлэлтээр хэмждэг.
2008 оноос эмхэтгэж эхэлсэн жил тутмын тайланд Токио эдийн засгийн үзүүлэлтээр буурсан дүн үзүүлсэн боловч нийт оноогоо ахиулжээ. Иений ханш суларсан нь тус улсыг жуулчдын очих дуртай газар болгосонтой холбоотойгоор амьдрахад таатай байдлаараа нэгдүгээрт, соёлын үзүүлэлтээр хоёрдугаарт бичигджээ.
Харин Нью-Йорк хот бүх хотын дундаас хамгийн огцом буурсан дүн үзүүлж, 2012 оноос хойш хадгалж байсан хоёрдугаар байраа алдсан байна. Тухайлбал, амьдрахад таатай байдлын үзүүлэлтээр нэлээд доогуур байр эзэлж, “үнийн түвшин” хэмээх дэд үзүүлэлтээр сүүл мушгижээ.
Лондоны хувьд амьдрахад таатай байдал, хүрээлэн буй орчин зэрэг үзүүлэлтүүд нь буурсан боловч соёл, хүртээмжийн давуу талуудаараа тэргүүлсэн байна. Үүнээс гадна, энэ жил болсон Дэлхийн экспо үзэсгэлэн гадаадын жуулчдыг татаж, хотын ДНБ-ийг нэмэгдүүлснээр Осака өмнөх жагсаалтын 35 дугаар байрнаас 18 дугаар байр руу ахижээ. Түүнчлэн Японы баруун өмнөд нутгийн Фүкүока хот 40 дүгээр байрт жагссан байна.
Эх сурвалж: Kyodo



