Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэд энэ оны гуравдугаар улиралд 23.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 33.6 хувиар нэмэгджээ.
Гадаадын 103 улсын 23.8 мянган иргэн дээрх улиралд хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилгоор мөн сайн дурын ажил хийж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 33.6 хувиар буюу 6 мянга, өмнөх улирлынхаас 13.4 хувиар буюу 2.8 мянган хүнээр нэмэгдэв. Тэдгээр иргэдийн 70.6 хувь нь БНХАУ, 11.1 хувь нь БНЭУ, 3.2 хувь нь Вьетнам, 2.5 хувь нь Филиппин, 1.8 хувь нь Балба, 1.4 хувь нь ОХУ, 1.3 хувь нь БНСУ, 1.2 хувь нь АНУ, 0.9 хувь нь Индонез, 6.2 хувь нь бусад улсын харьяат юм.
Гадаадын иргэдийн 21.9 хувь буюу 5.2 мянга нь уул уурхай, олборлолт, 20.3 хувь буюу 4.8 мянга нь барилга, 19.3 хувь буюу 4.6 мянга нь боловсруулах үйлдвэрлэл, 12 хувь буюу 2.9 мянга нь бөөний, жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ, 5.5 хувь буюу 1.3 мянга нь цахилгаан, хий, уур агааржуулалт, 5.3 хувь буюу 1.3 мянга нь боловсролын салбарт, 4.4 хувь буюу нэг мянга нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа, 11.3 хувь буюу 2.7 мянга нь бусад салбарт ажиллаж байна.
Тэдний 92 хувь буюу 21.9 мянга нь эрэгтэй. Мөн 34.6 хувь нь буюу 8.2 мянга нь техник мэргэжлийн, 24.4 хувь буюу 5.8 мянга нь бүрэн дунд, 22.4 хувь буюу 5.3 мянга нь бакалавр, 15.9 хувь буюу 3.8 мянга нь тусгай мэргэжлийн дунд, 1.5 хувь буюу 365 нь магистр, доктор, 1.1 хувь буюу 264 нь суурь, бага боловсролтой, 0.1 хувь буюу 30 нь боловсролгүй иргэн ажээ.



