x

Саяхан болоод өнгөрсөн хүний эрхийн өдрөөр...

Саяхан болоод өнгөрсөн хүний эрхийн өдөр манайхан амтай болгон энэ сэдвээр бөөлөх шиг боллоо. Энэ сайн хэрэг л дээ. 

Үүнийг бичигч би бээр нь залуу насныхаа ихэнх он жилийг “Өдрийн сонин”-ы гал тогоонд өнгөрүүлсэн, өдөр тутмын сонины хүн юм. Бидний үед манай сонин цорын ганц сөрөг хүчин байлаа. Бүх утгаараа шүү. 

Ямартайч “зуун айл” орчимд одоо ч ноолойн буй “Ардын эрх”-ын гэх овогтой шар байшинд миний амьдралын 20 жил өнгөрсөн байдаг. Энэ хугацаандаа би ганц ч удаа “Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” гэдэг айлын шинэ жилийн баярт очиж үзээгүй байж билээ. Үүгээрээ би юу хэлэх гэсэн бэ гэхээр одоогийнх шиг тансаг цэнгүүнүүд ховор байснаас илүү редакцийн маань дэг соёл өөр байсан гэдгийг тайлбарлах гээд байгаа юм л даа. Өрсөлдөгч сонин маань тэргүүн нүүртээ “Манайхан алтангадас одонтнуудаа хүлээн авлаа” хэмээн аархаж байхад бид зүгээр л ажиллаж байдаг байсан сан. Манай сонинд ирдэг хамгийн том шагнал “Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч сонин” гэх өргөмжлөл байв. Ерөнхий эрхлэгч маань энэ шагналыг хүртэж буйгаа нэр төрийн хэрэг гэж үздэг төдийгүй, биднийг ч тэгж төлөвшүүлсэн. Энэхүү жаазтай өргөмжлөл “Өдрийн сонин”-ы хойморт хэд залардагийг мартжээ. 

Хэн ч энэ ойлголтыг ойшоодоггүй шахам цаг үе байж гэж одоо би боддог юм. Сүү зарж байгаа эмээгийн бидонтой сүүг өшиглөж унагаасан цагдаагийн араас манай сонин л явдаг тийм үе байсан болохоор. Сантагийн хувцас өмсөөд гацуур зарж байсных нь төлөө цагдаа ирээд гацууртай юутай хээтэй нь өнхөрүүлээд хаячихыг нүдээрээ хараад үүр цайтал үзэлцэж, өглөөний дугаартаа бичиж, үүнийхээ төлөө асуугдаж дуудагдан чичлүүлж явсан мань мэтэд одоо сүрхий сүрхий мөс зүсэгчид болж орилогсод инээдтэй санагдах үе бий. Нөгөө талаасаа талархан баясах нь ч их. 

Ер нь бол бүр муухай хадтай, чулуутай хөрсийг нь хуулалцсан болохоор дээр суугаа эрхмүүд маань “Өдрийн сонин”-д энэ өдөр хүндэтгэл илгээх ёстой санагддаг. Эрхээ булаалгасан тухай ямар ч ойлголтгүй, эрх гэж өөрсөддөө байдаг эсэхийг ч мэддэггүй олон нийттэй бид ажиллаж байсан. Хүн амины хэргээр бүх насаараа хоригдох ял авсан нэгэн олоон жилийн дараа хилсээр яллагдсан нь илэрч, шоронгоос суллагдаад хамгийн эхлээд “Өдрийн сонин” дээр ирж байлаа шүү дээ. Энэ үйл явдал бидэнд асар удаан, асар бэрх замыг туулж үр дүн үздэг тэмцэл юу болохыг мэдрүүлж байв.

Саяхан болсон хүний эрхийн өдөр манай сошил орчныхон гоё амаараа баахан хүний эрх ярин шагширцгаасан ч, нөгөө талдаа энэ ойлголтоо хөлөөрөө нэг болгон тарааж хаяцгааж байгаагаа огт анзаарсангүй. Нэгийг өмөөрч тэмцэлдэнгээ хөл дороо нөгөөгийн нэр нүүр, санаа сэтгэлийг шалбаагтай хутган хаяж, энэ үйлдлүүдээрээ амь насыг нь ч эрсдэл рүү түлхэж, амьдрах эрхэнд нь аймшигтайгаар халдан буйгаа эс анзаарна. 

Д.Сүндий гэх иргэн УИХ-ын сонгуульд нэр дэвшжээ. Сурталчилгааны үеэр түүний хувийн амьдралд тохиолдсон байж болзошгүй зарим үйл явдлын тухай мэдээллүүд олонд дэлгэгдэх нь тэр. Товчхондоо ийм явдал болоод өнгөрсөн. Цахим буллид өртсөн эхнэр нь Америкаас лайв хүртэл хийж гуйсан ч улайссан хэл ам зогсоогүй. Нөгөө нөхөр ч сонгуульд ялаагүй. Гэвч хэрэг явдал ингээд нам жим болоогүй байжээ. Сонгуулийн сурталчилгааны явцад хууль зөрчсөн үндэслэлээр Д.Сүндий хэдхэн хоногийн өмнө шүүхээс ял шийтгүүлэх нь тэр. “Д.Сүндийд гурван жил хорих ял оноожээ” гэх тэр мэдээ цацагдангуут ахиад л ар гэр, үр хүүхэд нь юутай хээтэйгээ цахим буллид өртлөө. 

Хамгийн жигшүүртэй нь, эхнэрийнх нь тухайн үед гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд зөвхөн цагдаад хандаж бичсэн өргөдөл нь сонгуулийн үеэр дэлгэгдсэн явдал. Цагдаагийн байгууллагаас гарахгүй гэж итгэсэн хөөрхий бүсгүйн зовлонт амьдрал, тохиолдож байсан аймшигтай үйл явдлууд түмэнд дэлгэгдчихсэн. Жилийн өмнө нэгэн гэр бүл ийм зовлон амссан. Гэтэл сая ахиад л бүсгүйн амьдралыг нөгөө сэдвээр нь булж орхилоо. Хүний газар, нас биед хүрээгүй хүүхдүүдээ аван одсон тэр бүсгүй одоо ямар байгааг таах аргагүй. Хүүхдүүдийнх нь байдал ямар байгааг шүлсээ үсчүүлэн сошилоор шүүгсэд мэдэхгүй. Тэдний амьдралыг ямар эрсдэл рүү шахчихав аа. 

Ердөө хоёр гурав хоногийн өмнө Д.Мөнх-Эрдэнэ гэдэг залуугийн бичлэгийг цахим руу яг нохойд сэг зэм хаяж өгч байгаа юм шиг шидчихлээ. Хаанаас, хэн явуулсан нь тодорхойгүй зүгээр л “Май, одоо тасдаж ид” гээд чулуудчихна лээ. Энэ айлын ар гэрт асуудал үүсвэл яах вэ. Эхнэр хүүхэд нь тийм ч хэнэггүй хүлээж авахгүй л болов уу. Үүнээс болж нэгэн эмэгтэй, хэдэн хүүхдийн амьдрал эрсдэлд орвол хэн хариуцлага хүлээх вэ. Сошил уу?!

Сэлэнгэ аймгийн гаальд ажилладаг тэр гэх эмэгтэй дох тусчээ гэх мэдээг ер нь хаанаас сонины редакци руу шидчихсэн юм бол гэж би хэдэн мянган удаа боддог байсан. Бараг хориод жил ээдрээ нь тайлагдаагүй хэрэг. Дугаар буух гэж байхад тэнэсэн сум шиг л ороод ирсэн байдаг. Одоогийнх шиг цахим сүлжээ, сайтууд гэж байсангүй. Гэсэн ч гэрлийн хурдаар бүсгүйн аминд хүрсэн. Нөхөр нь хөөрхий бүсгүйг зодоод алчихсан. Мэдээг нийтэлсэн “Үг” сонины эрхлэгч сурвалжлагчийнхаа өмнөөс хариуцлага хүлээн яллагдсан. Үүнээс болж олон жил шаналж явсаар хорвоог орхисон. Энэ үйл явдлын хөлд олон айлын амьдрал сүйдсэн, олон хүн үрэгдсэн. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ав хомрогодоо ашигладаг, зүгээр л хэрэглэдэг хэсгийнхэн бол улс төр. Бусад үед олон нийтээр хараалгаж, салбараараа нулимуулж байсан ч тэдэнд хамаагүй. “Муусайн хэвлэлийнхэн ч алуулж байна даа. Ер нь ингэх болсон, больж” гэсхийн тамшаалж суудаг гарууд бол улстөрчид шүү дээ. 

Тэд хэвлэлийн зарим хэсгийг нь ивээлдээ авсан дүр эсгэнэ. Нөгөө хэсэг нь хараад баахан тэнэгтэж орилно. Хоорондоо алалцана. Үнэн хэрэгтээ тэд хэнийг ч ивээлдээ авдаггүй. Намынхаа төв хэвлэлийг ч өрсөлдөөн дунд нүцгэн хаячихдаг л улсууд шүү дээ. Аль аль нь.

Тэдний хаяж өгдөг цагдаа, прокурорын нэгэнт ил гаргахаар шийдчихсэн хэргүүдийн хагас хугас мэдээллүүд бол нохойн угаадас. Хэрэгтэй юм юу ч байхгүй. Тэрийг нь цацаж өгч, олон нийтийг хараал зүхлээр умбуулж, хөшиг манан татуулж өгөх ажлыг нь л хийгээд явах хэрэггүй. Замаасаа шахаж, золигт гаргаж байгаа хэсгийнхнийхээ хар дэвтрийг өгч хөнгөхөн баярлуулдаг тэдний ой гутам ажиллагаанд дандаа давхар мэдрэмжээ ажиллуулж хандах ёстой. 

Одоо сэтгүүлчидтэйгээ нягт ажилладаг, бүх бойжилтынх нь турш хараа бараандаа “сургалт” явуулдаг, гэрийн багш шиг сүрдэм газетчикууд, том том эрхлэгч нар алга болж дээ...

Эрхлэгч болгон өөрийн дэг сургуультай. Зарим нь “Чи битгий дугар, чи дугарвал зөвхөн надад таалагдах сэдвээр л дугар. Чи чив чимээгүй бай” гэх болж. Яг л “Чи ерөөсөө битгий амьсгал, битгий амьд бай” гэж байгаа юм шиг. 

Зарим нь үүрэг хариуцлагаа хаяжээ. Яг л “Би одоо залхлаа. Цаашаа яаж явахаа өөрсдөө мэд” гээд зөнд нь хаяж буй юм шиг... 

Сонинг баг гаргадаг. Баггүй сонин гэдэг бол толгой нүцгэн салхи сөрөөд гүйж яваа хүн шиг зүйл. Дээр нь үзэл санаагүй бол гүйцээ...

Агуу их сошилын үетэй ийм байдлаар өрсөлдөх боломжгүй. 

Саяхан болоод өнгөрсөн хүний эрхийн өдрөөр манай сонинууд яг малгайгүй, цасан шуурганд явган гүйж яваа хүн шиг байлаа...

Ингэтлээ уран сайханжиж болно гэж үү дээ, манайхаан...

Б.Ганчимэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 10 цаг 59 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 11 цаг 4 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 11 цаг 10 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 11 цаг 12 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 11 цаг 14 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 14 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 11 цаг 15 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 13 цаг 14 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 13 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 13 цаг 18 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 13 цаг 18 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 13 цаг 21 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 13 цаг 21 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 15 цаг 16 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 15 цаг 16 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 15 цаг 19 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 15 цаг 20 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 17 цаг 34 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 17 цаг 36 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 17 цаг 37 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top