Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар холбогдох албаныхныг байлцуулан хуралдаж бүх шатны ажил хариуцсан хүмүүст хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн.
Үүний дараа Шадар сайд Я.Содбаатар хариуцлага хүлээж огцорч байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр "Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын удирдлага огцорч байна. Өчигдрийн үйл явдалд гүнээ харамсаж чинь сэтгэлээсээ мэдэгдэл гаргасан юм. Шууд миний хариуцаж байсан асуудал биш ч гэлээ хүнлэг бус, сэтгэлгүй хүмүүс Монголын төрд цөөн ч гэсэн байгаад бас харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Ерөнхий сайд, нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж, хариуцсан салбар, даалгасан ажлыг чинь сэтгэлээсээ гүйцэтгэлээ. Цар тахлыг дотооддоо алдаагүй 10 сарыг өнгөрөөсөн. Үүний 5 сар нь шинэ Засгийн газрын ажил байсан.
Алдаатай оноотой ч коронавирусийн халдварын эсрэг тэмцсэн миний болон манай багийн тэмцэл нөхдийн ажил зүтгэл стратегийн том алдаа гаргаагүй гэдгийг цохон тэмдэглэе. Бид дэлхийд цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж буй 5 орны нэгээр нэрлэгдэж буй. Коронавирусээр нэг ч хүн нас бараагүй. Тун удахгүй бүх нийтийн дархлаажуулалтын ажлыг эхлүүлнэ. Нэг ёсондоо бид "ковид-19"-тэй хийх тэмцэлд очих цэгээ харж байсан юм.
Энэ хүнд цаг үед ажиллаж буй эмч, мэргэжилтэн, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, хүчнийхэн, аймаг нийслэлийн онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүнд, Монгол Улсын Засгийн газар, УИХ-д хамтран ажилласан явдалд талархал илэрхийлье. УОК-ын даргын хувьд Шадар сайдын ажлаасаа огцрох өргөдлөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хуулийн дагуу өнөөдөр хүргүүлнэ. Дахин хэлэхэд нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна" гэлээ.