Монгол Улсын зарим иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдож саатуулагдах, цаашлаад олон жилийн хорих ял авсан тохиолдол цөөнгүй гарч байна.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 347 дугаар зүйлд зааснаар хар тамхи, мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн, үйлдвэрлэсэн тохиолдолд хэмжээнээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага оногдуулдаг.
200 гр-аас бага хар тамхи, 10 гр-аас бага героин, метамфетамин болон бусад мансууруулах бодисыг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн, худалдсан, тээвэрлэсэн, үйлдвэрлэсэн тохиолдолд 3 жил хүртлэх хугацаагаар хорих бол 200 гр-аас дээш 1000 гр-аас бага хар тамхи, 10 гр-аас дээш 50 гр-аас бага героин, метамфетамин, эсхүл их хэмжээний бусад төрлийн хар тамхи хууль бусаар хилээр нэвтрүүлсэн, худалдсан, тээвэрлэсэн, үйлдвэрлэсэн тохиолдолд 7 жил хүртлэх хугацаагаар хорих ялаар шийтгэх эрх зүйн зохицуулалттай.
Нэг кг-аас дээш хар тамхи, 50 гр-аас дээш героин, метамфетамин, их хэмжээний бусад төрлийн мансууруулах бодисыг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн, худалдсан, тээвэрлэсэн, үйлдвэрлэсэн тохиолдолд 15 жилийн хугацаагаар болон бүх насаар нь хорих, цаазаар авах ялаар шийтгэнэ.
Насанд хүрээгүй хүүхдийг хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хилээр нэвтрүүлэх, худалдах, тээвэрлэх, үйлдвэрлэхэд ашигласан, өдөөн хатгасан, насанд хүрээгүй хүүхдэд хар тамхи худалдсан этгээдэд илүү хүнд шийтгэл оногдуулдаг хэмээн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна.