x

Эрүүгийн хууль тогтоомжийн гажуудлыг засах асуудлаар санал, дүгнэлт хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтын зөрчил, хийдэл, хэрэгжилт болоод эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид санал, дүгнэлт хүргүүллээ.

АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

Эрүүгийн хууль шинэчлэгдэн, мөрдөгдөж эхэлснээс хойш хоёр жил шахам хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд уг хуулийн зарим заалт эрүүгийн эрх зүйн нийтлэг жишиг, суурь зарчимтай илт зөрчилдсөнөөс гадна хүний эрх, нийгмийн шударга ёсны хэм хэмжээ, агуулгыг алдагдуулах ноцтой үр дагавартай байсан нь тодорхой болоод байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 7-д зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайд эрх зүйн шинэтгэл, хууль тогтоомжийн системчлэл болон гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг тодорхой асуудлуудаар бодлогын төлөвлөлт, боловсруулалт, дүн шинжилгээг хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхлэх үүрэгтэй.

Энэ үүргийнхээ дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд болон яамны зүгээс эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд үүсээд байгаа ноцтой үр дагавар бүхий асуудлуудад гол анхаарлаа хандуулж, шуурхай ажиллах шаардлагатай юм.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг заахдаа дэлхийн улс орнуудад тогтсон нийтлэг жишгээс ангид байдлаар эрх зүйн алдаа хийдэлтэйгээр томьёолж хуульчилсан нь өнөөдрийн хүндрэл бэрхшээлийг бий болголоо. Тиймээс Эрүүгийн хуульд байгаа дараах асуудлыг анхаарч, зөрчил, хийдлийг нь засаж залруулах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд: 

  1. Дэлхийн ихэнх улс оронд гэмт хэргийн ангилалтай нь уялдуулж хөөн хэлэлцэх хугацааг ямар нэгэн хийдэлгүйгээр тогтоодог байтал манай эрүүгийн хуульд гэмт хэргийн ангиллаас хамааралгүй зөвхөн хорих ялын шалгуураар хэт явцуу нөхцөлөөр тогтоосон;

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангид зөвхөн торгох ялтай буюу хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолохыг орхигдуулсан;

  3. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт нь мөн зүйлийн 2 дахь хэсгийн заалттай зөрчилдсөн. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэнээс хойш энэ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл яллагдагчаар татаж болохгүй гэж заасан атлаа уг хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан нь хуулийн хэрэглээнд ойлгомжгүй, хүндрэлтэй байдал бий болгосон. Дээрх хоёр нөхцөл байдлыг чухам алинаар нь тооцох эсэхэд эргэлзээ төрөх нөхцөл бий болсон. Чухам ямар тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнээс хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацааг хөөн хэлэлцэх хугацаанд хамруулах нь тодорхойгүйн дээр гэмт хэрэг үйлдсэн хүнийг яллагдагчаар татсанаас хойш анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаа нь хөөн хэлэлцэх хугацаанд хэрхэн орж тооцох эсэхийг эрх зүйн ямар ч зохицуулалтгүй орхисон байна. Зүй нь ийм хоёрдмол утгатай заалт орсон тохиолдолд зөвхөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг нь тогтоогоод хэргийг нь ял өгөхгүйгээр хэрэгсэхгүй болгох хандлага бий;

  4. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх заалтуудаар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг олон улсын жишиг, Эрүүгийн загвар хууль болон Герман, Франц, ОХУ зэрэг орнуудтай харьцуулахад харьцангуй богино хугацаагаар буюу хэт багаар тогтоосон;

  5. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд, доод хязгаараас өөрөөр хуульчлагдсан нөхцөл эрүүгийн хуулийн тусгай ангид нь цөөнгүй тусгагдсан нь хөөн хэлэлцэх хугацааг тооцох, хэрэглэхэд түвэгтэй байдлыг бий болгосон. Жишээ нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх) 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Энэ гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааны алийг авах нь ойлгомжгүй, эргэлзээтэй. Үүнтэй адил төстэй гэмт хэргүүдэд (17.1.1, 17.2.1, 17.3.1, 22.10.1 г.м) хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломж алдагдсан. Эрүүгийн хуульд хуульчлагдсан 209 төрлийн гэмт хэргээс 84 зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох нь эргэлзээтэй, хийдэл, зөрчилдөөнтэй байна;

  6. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн илтэд зөрчилтэй, хийдэлтэй заалтуудаас шууд шалтгаалж мөрдөгч, прокурор, шүүгч нар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дур зоргоороо өөрсдийн үзэмжээр буруу тайлбарлан хэрэглэх зохисгүй практик бий болоход хүрч байна. Жишээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зохицуулалт тусгагдсан. Үүний хүрээнд авч үзвэл эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөлийг удирдлага болгон “Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тухайн шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг тоолж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл бүрдэн, улмаар ял завших боломжийг нэмэгдүүлсэн.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно гэсэн заалтыг хуулийн төсөл хэлэлцэгдэх явцад Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд тогтсон дэг, процедурыг зөрчин өөрчилж “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж өөрчилсөн.

Ингэснээр авлигын болон эдийн засгийн гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг субьектив санаа зорилгоор хэт удаашруулж гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад ял завших боломжийг олгох хүндрэл үүсэж байгаагаас гадна хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтаг үндэслэлээр олон нийтийн анхаарлыг татсан цөөнгүй хэргүүдийг хэрэгсэхгүй болгох ноцтой нөхцөл бүрдээд байна.

Сүүлийн үед авлигын гэмт хэргүүд, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, татвараас зайлсхийх болон эдийн засгийн зарим гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа хэт удаашралтай явагдаж, шүүхээс буцах, олон дахин хойшлогдох зэргээр процесс ажиллагааг нь зориуд сунжруулах явдал түгээмэл болж байгаа нь үүний нэг илрэл бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын оролцсон 25 хүнд холбогдох авлигын хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь том нотолгоо боллоо.

Иймд Эрүүгийн хуулийн зөрчил, хийдлийг арилгах, эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгож сайжруулах чиглэлд шуурхай арга хэмжээ авахыг хүсэхийн зэрэгцээ харгалзвал зохих дараах саналыг хүргүүлж байна.

  1. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тоолно” гэснийг хүчингүй болгох;

  2. Прокурор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг хүчингүй болгох. Учир нь тухайн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хэрхэн хураах түүний хохирлыг хэрхэн тооцох эсэх нь орхигдсоор ирсэн;

  3. Гэмт хэргийн ангиллаар хөөн хэлэлцэх хугацааг тогтоох. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлд хуульчилсан гэмт хэргийн ангиллын хийдэлтэй байдлыг эргэн харж, дахин шинээр уламжлалт ангилалтайгаа уялдуулж дахин ангилах шаардлагатай. Гэмт хэргийн ангилалтай уялдуулж түүний хөөн хэлэлцэх хугацааг тогтоосноор хорихоос бусад төрлийн ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх боломжтой болно. Хэрэв гэмт хэргийн ангилалтай уялдуулах боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэмт хэргээс бусад бүх хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолох нарийвчилсан зохицуулалт оруулах, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг гол шалгуур болгон түүнд нийцүүлэхээс гадна хөөн хэлэлцэх хугацааны дээд, доод хэмжээг ихэсгэж хуульчлах.

Түүнчлэн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа чухам яагаад, ямар үндэслэлээр ингэж удааширч, хэт сунжирсан байдлаар шалгагдаж, шийдэгдэж байгаа болон шүүхээс хэрэг буцах, шүүх хурал олон удаа хойшлогдох зэрэг нөхцөл байдлууд нь эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зэрэг холбогдох аливаа хууль тогтоомжийн хийдэл, зөрчилтэй холбоотой эсэхэд дүн шинжилгээ хийж, тухайн хуулиудад шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судалж, арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 2 цаг 2 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 2 цаг 10 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 2 цаг 20 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 26 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 30 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2 цаг 34 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 28 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 5 цаг 1 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 30 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цаг 35 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 5 цаг 38 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 5 цаг 42 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 6 цаг 47 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 6 цаг 56 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 7 цаг 18 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 7 цаг 49 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 8 цаг 11 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 8 цаг 17 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 32 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 8 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top