x

УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудад ажиллалаа

УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг зөрчсөн, хүчирхийлэлтэй холбоотой үйлдлүүд нийгмийн эмзэг асуудал болсонтой холбогдуулж, УИХ-аас тодорхой ажил зохион байгуулах шаардлага үүссэн талаар өнгөрсөн баасан гарагийн Нэгдсэн чуулганы үеэр мэдээлсэн билээ.

Энэ хүрээнд тэрбээр УИХ-аас хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар баталсан хууль, тогтоомжийг хэрэгжилтийг хянаж, шалгах зорилгоор ерөнхий боловсролын 133 дугаар сургууль, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудад ажиллалаа.

133 дугаар сургуулийн барилгын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэх үүрэг өгөв

Өчигдөр (2019.05.06) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль дээр ажиллаж, эцэг эхийн төлөөлөлтэй уулзав. УИХ-ын даргыг дагалдан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан,  БСШУСЯ, нийслэлийн Боловсролын газар, Хөрөнгө оруулалтын газар, Газрын албаны холбогдох албан тушаалтнууд ажилласан юм.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь 22.000 гаруй хүн амтай бөгөөд үүний 5000 гаруй нь сургуулийн, 2800 орчим нь цэцэрлэгийн насны хүүхдүүд аж. Гэтэл эдгээр хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар эцэг эхчүүд хэлэв. Тодруулбал, хорооны нутаг дэвсгэрт ганц ч цэцэрлэг байхгүй. “Монгол тэмүүлэл” олон улсын лаборатори сургууль болон 133 дугаар сургууль гэсэн төрийн өмчийн хоёр сургууль нэг хичээлийн байранд өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд үйл ажиллагаагаа явуулдаг байна.

133 дугаар сургууль 2017 онд шинээр байгуулагдсан, 1540 хүүхэд суралцдаг ч өөрийн гэсэн байргүйгээс “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн 1, 2 дугаар давхрын 15 танхимд гурван ээлжээр хичээллэж байна.

Тус хороонд энэ онд нэгдүгээр ангид орох 680 хүүхэд байна. Газрын асуудлыг шийдэж, сургуулийн барилгыг барихгүй бол эдгээр хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөх ноцтой эрсдэл үүсээд байгаа юм. Мөн 133 дугаар сургуулийн сурагчид нэг ширээнд 4-5-уулаа сууж байна. Самбараас хичээлийн ширээ хүртэл 60 см зайтай. Багш нарын амрах өрөө байтугай, өөрийн гэсэн анги танхим гэж байхгүй аж. 26 дугаар хорооны сургууль гэж улсын төсвөөр барилгын ажил нь явагдсан ч ашиглалтад орохдоо "Монгол тэмүүлэл" сургууль руу шилжсэн. Өөрөөр хэлбэл, газар нь 133 дугаар сургуулийнх, барилга нь “Монгол тэмүүлэл” сургуулийнх болж таарч байгаа юм.

"Монгол тэмүүлэл" нь БСШУСЯ-ны харьяа бол, 133 дугаар сургууль нь нийслэлийн Боловсролын газрын харьяаных. Шинээр сургууль барих гэхээр газрын асуудал нь шийдэгдэхгүй байгааг нэн яаралтай шийдвэрлэж өгөхийг сургууль, эцэг, эхийн төлөөлөл УИХ-ын дарга Г.Занданшатараас хүсэж шаардлага, албан бичиг өглөө. Тодруулбал, 133 дугаар сургуулийн эцэг эхчүүд “Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэх шаардлагыг тавьж байгаа бол “Монгол тэмүүлэл” сургууль нь 133 дугаар сургуулийн барилгыг 2019-2020 оны хичээлийн жил эхлэхээс өмнө барих асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байгаа юм.

Хоёр сургуулийн хэвийн үйл ажиллагааг доголдуулахгүй байя гэвэл алийг нь ч нүүлгэн шилжүүлэхэд хүндрэлтэй тул газрын асуудлыг шийдэж, шинэ сургууль барих нь хамгийн оновчтой шийдэл болохыг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэлсэн юм.

133 дугаар сургуулийн 920 хүүхдийн багтаамжтай байрыг барих 6.6 тэрбум төгрөгийг 2018 оны улсын төсөвт суулгаж, мөн оны наймдугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжаар 7500 ам.метр газрыг “Олимп” хотхоны арын талбайд олгожээ. Гэвч тус хотхоныг барьсан “Ика” ХХК-ийнхан манай эзэмшлийн газар гэж шүүхэд гомдол гаргаснаар газрын асуудал гацаанд оржээ. Газрын асуудлыг шийдээд өгчихвөл 133 дугаар сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа “Неман” констракшн ХХК-ийн захирал Л.Баясгалан хэлсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсад сүүлийн жилүүдэд бүх салбарт хоёр өөр стандарт байдаг болчихлоо. Үүний нэг илрэл нь энэ хоёр сургууль байна. Нэг байранд хоёр өөр стандарттай сургууль хамт байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж байна. УИХ  ярьдаг биш, ажилладаг байх ёстой. Зөвхөн хууль гаргаад орхихгүй, түүнийхээ хэрэгжилтийн араас явдаг байх ёстой. Иймд бид газар дээр нь ирж ажиллаж байна. Ирэх долоо хоногт газрын асуудлыг нь шийдэж, барилгын ажлыг нь эхлүүлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудад өгч байна. Зуны сар зургаа биш учраас 10 сар гэхэд хүүхдүүд шинэ хичээлийн байрандаа орсон байхаар ажилла” хэмээн үүрэг өгөв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан холбогдох аж ахуйн нэгжүүдэд нийтийн эрх ашгийг дээдэлж, нийгмийн хариуцлагын хүрээнд газраасаа чөлөөлж өгөх тухай хугацаатай шаардах албан бичгийг хүргүүлсэн. Боломжтой бүх хувилбарыг ярилцаж байгаа тухайгаа танилцууллаа.

Нийгмийн сүлжээгээр бэлгийн хүчирхийллийн талаар хяналтгүй “давалгаалах нь” хүчирхийлэгчдэд сэдэл өгдөг

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.05.07) хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцав.

Эхлээд Хүүхдийн эрх хамгааллын “Үжин” төвд ажиллалаа. Тус төв бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдэд нөхөн сэргээх 12 төрлийн үйлчилгээг үзүүлдэг юм байна. Гэр бүлийн орчныг бүрдүүлдэг учраас орны багтаамжаас шалгаалан 6 хүүхдийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай ч одоогийн байдлаар 13 хүүхэдтэй байна. Гэр бүлийн харилцааны сөрөг тал, архины хамааралтай эцэг эх, салалт зэрэг нь хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл болж байгааг тус төвийн захирал Д.Ундраа хэллээ. Тэрбээр, “Орон нутгийн хэмжээнд баг, хороо, сум дүүргийн Засаг дарга нар хүн амынхаа талаар бүрэн мэдээлэлгүй, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэггүй, эрүүл мэндийн байгууллагуудын хандлага муу, цэцэрлэг, сургуулийн багш, эмч, нийгмийн ажилтнууд хүүхдүүдэд хүчирхийллийн эсрэг сургалт, мэдээлэл өгдөггүй зэрэг төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй байдлаас болж хүүхэд хохирдог. Орон нутгийн Засаг дарга нар малынхаа тоог цээжээрээ хэлдэг атлаа хүүхдийн тоогоо тэр дундаа эрсдэлт бүлгийн өрх, хүүхдийн тоог огт мэдэхгүй байдаг. Төрийн бодлого шийдвэрүүд ихэвчлэн “өнгөрсөн борооны араас цув нөмрөх” гэдэг шиг хүчирхийлэл болсны дараа хамгаалахад чиглэж байна. Иймд хүүхдүүдэд бага наснаас нь хүчирхийллийн талаарх мэдлэгийг насны онцлогт нь тохируулан өгдөг байх сургалтын хөтөлбөртэй болох зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, олон улсад сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт “бахирах” буюу “чиний биед хэн ч зөвшөөрөлгүй хүрч болохгүй. Хэрэв хүрвэл хашгирч бусдад мэдэгдэх ёстой” гэдгийг нь ойлгуулдаг. Төсөв мөнгөний хүрэлцээ муутайгаас мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудыг тогтвортой ажиллуулахад хүндрэлтэй байдаг. Хамгаалах байранд нэг хүүхдийг 3 сараас 1 жил хүртэлх хугацаанд байлгах боломжтой. Одоогийн байдлаар хамгийн удаж байгаа хүүхэд 7 сар болсон байна. Хүүхдийн хөгжил хамгааллын зардлаас авсан төсөв байрны түрээс, цахилгаан, дулааны төлбөрт таардаг” гээд түр хамгаалах байрны асуудлыг бодлогын хэмжээнд шийдэж өгөхийг УИХ-ын дарга Г.Занданшатараас хүсэв.

Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүд сэтгэл санааны хүнд хямралтай, амиа хорлохыг хэд хэдэн удаа оролдсон, бэлгийн замын халдварт өвчинтэй байдаг учраас чадварлаг, мэргэжлийн нийгмийн ажилтантай байх шаардлагатай байдаг байна. Мөн хүүхдийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлүүлэхэд өмгөөллийн асуудал ч хүндрэлтэй. Төрөөс үнэ төлбөргүй өмгөөллөөр хангах ёстой ч тэдгээр өмгөөлөгчдийн ур чадвар муу, шүүх хуралдаандаа ирдэггүй зэрэг асуудлууд тулгардаг. Хүчирхийлэл үйлдэгч нь өмгөөлөгчтэй шүүх хуралд орж байхад хохирогчид өмгөөлөгчгүй байдаг талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, дэд дарга Б.Халиун, төвийн захирал Д.Ундраа нар хэлж байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хийсэн судалгаагаар нийгмийн цахим сүлжээгээр хүчирхийллийн талаарх мэдээллийг хяналтгүйгээр цацаж байгаа нь нэг талаар сэрэмжлүүлэг болдог ч нөгөө талаар хүчирхийлэгчдэд “ингэж болох юм байна” гэсэн сэдэл өгдөг нь тогтоогджээ.

Бэлгийн хүчирхийллийн хохирогчид зөвхөн охид байхаа больж, сүүлийн үед хөвгүүдийн асуудал ч яригдах болсон байна. Тиймээс зөвхөн ялын бодлогоор бэлгийн хүчирхийллийн асуудлыг шийдэхгүй. Урьдчилан сэргийлэх ажлыг хийх нь хамгийн зөв шийдэл гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Гэр бүлийн орчин, архидалтаас болж хүүхэд хүчирхийллийн хохирогч болдог

Үүний дараагаар УИХ-ын дарга Г.Занданшатар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцав.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр нь бэлгийн, сэтгэл санааны, хөдөлмөрийн мөлжлөгийн, бие махбодийн, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг байна. Тэдгээр хүүхдүүдийн аюулгүй байдлыг нь хангах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, сэтгэл зүй, боловсрол, асран халамжлах,  холбон зуучлах үйлчилгээг энэ төвийнхөн үзүүлдэг аж.

2018 онд нийт 995 хүүхдийн аюулгүй байдлыг хангаснаас 34 тохиолдол нь бэлгийн хүчирхийллийн хохирогч байна. Үүнээс 12 хүүхэд нь орон нутгаас байжээ. Хүчирхийлэл үйлдсэн шалтгаанд архины хамааралтай, харилцааны асуудалтай эцэг эх, гэр бүл салалт, эцэг эх түр хугацаагаар тусдаа амьдарч байгаа, хойд эцэг, эхтэй байх зэрэг нөлөөлжээ.

Он  гарсаар нийт 250 гаруй хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлжээ. Түр хамгаалах байр 22 хүүхэд хүлээн авах боломжтой ч одоогийн байдлаар 36 хүүхэдтэй байна. Хуулийн хүрээнд 72 цаг хамгаалах ёстой ч нөхцөл байдлаас шалтгаалан 7 хоногоос 3 сар хүртэлх хугацаагаар байрлуулж байгааг ажилтнууд нь танилцууллаа.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь 24 цагаар тасралтгүй ажилладаг. Өдөрт дунджаар 500-1200 дуудлага хүлээн авдгаас 40 орчим хувь нь зөвлөгөө мэдээлэл авдаг аж. Харин 60 орчим хувь нь зорилтот дуудлага эзэлдэг байна. Тус төв 4 оператортой. Нэг оператор 50 минут ярих шаардлагатай. Байнга сөрөг мэдээлэл сонсож, ярилцдаг учраас ажлын ачаалал ихтэйн дээр сэтгэл зүйн хямралд өртдөг байна. Дөрвөн ээлжийн нийгмийн ажилтантай бөгөөд шөнөдөө хоёр хоёроороо ажилладаг гэнэ. Энэ оны байдлаар нийт 29 хүүхэд ирснээс хамгийн бага нь 9 сартай байжээ. Яаралтай тусламжийн ганцхан машинтай байдаг нь ачаалал ихтэй үед хүндрэл үүсгэдгийг тус төвийн захирал С.Отгонсүрэн УИХ-ын даргад уламжилсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Энэ сарын 8-ны өдөр хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлаар УИХ-ын гишүүдийн санаачилгаар хяналтын нийтийн сонсгол зохион байгуулна. Бүх салбарын төлөөлөл оролцож асуудлыг нарийн ярилцаж, гарц шийдлийг олно. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог тодорхой болгох шаардлагатай. Тиймээс та бүхэн энэ сонсголд заавал очиж оролцоорой” гээд хүүхдийг хүчирхийллээс хамгаалах асуудалд УИХ онцгой анхаарал хандуулж, ойрын үед холбогдох хууль тогтоомж гаргахаар ажиллаж байна гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 2 цаг 21 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 2 цаг 35 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 20 цаг 40 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 20 цаг 42 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 20 цаг 46 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 20 цаг 46 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 20 цаг 49 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 20 цаг 49 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 20 цаг 52 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 20 цаг 58 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 21 цаг 48 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 23 цаг 11 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 23 цаг 12 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 23 цаг 41 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 23 цаг 43 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 23 цаг 44 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 23 цаг 45 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Өчигдөр 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Өчигдөр 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Өчигдөр 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ
Top