x

Ерөнхийлөгч “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” байгуулах санаачилгаа танилцууллаа

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ

УИХ-ын чуулганаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах, санал, дүгнэлт боловсруулах Түр хороо байгуулсан, Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийж, "Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон зэрэг үйл явдал Монголын улс төрд өнгөрсөн долоо хоногт өрнөв. Ингээд улс төрд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Засгийн газар 2020-2023 оны өрийн удирдлагын стратегийг батлав

Засгийн газар энэ сарын 23-ны ээлжит хуралдаанаараа 2020 онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, 2021-2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Мөн 2020-2023 он хүртэлх Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг баталжээ.

Засгийн газрын өрийн 2016 оны төгсгөлд ДНБ-ний 78.8 хувийг эзэлж байсан бол, өнгөрсөн оны төгсгөлд 58.9 хувь болж буурсан. Энэ нь төсөвт дарамт болдог концессын гэрээ байгуулах болон дотоодын банкуудад өндөр хүүтэй бонд арилжихгүй байх бодлого баримтласны үр дүн гэдгийг Сангийн сайд мэдээлэв. Тэрбээр, Монгол Улс 2021 оноос томоохон бондуудын өр төлж эхэлнэ. Тухайлбал, "Мазаалай" бондын 600 сая ам.доллар, 2022 онд Чингис бондын нэг тэрбум ам.доллар, 2023 онд "Гэрэгэ" бондын 800 сая ам.доллар, 2024 онд "Хуралдай" бондын 600 сая ам.доллар зэрэг нийт 2.9 тэрбум ам.долларын өр төлөх учиртай. Энэ төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүй төлөх стратегийг боловсрууллаа. Цаашид гадаад зээлийг авахдаа, эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр ашгийг сайтар тооцож байж авах хэрэгтэй" хэмээв.

Монгол Улсын эдийн засаг 2020 онд 6.3 хувь өсөж, инфляцийн түвшин 8 хувь байна гэж Засгийн газар тооцсон байна. Мөн 2020 онд гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай, төсвийн алдагдал ДНБ-ний 5.1 хувьтай тэнцүү байхаар тооцсон нь энэ оныхоос 0.3 хувиар сайжирсан үзүүлэлт аж. Ирэх онд Засгийн газраас хэрэгжүүлэх үндсэн чиглэлд нийт 37 их наяд төгрөгийн санхүүжилттэй 400 гаруй ажил тусгах саналыг холбогдох байгууллагууд ирүүлжээ. Үүнээс санхүүжих эх үүсвэр, хэрэгжих боломжтой нь уялдуулаад нийт 10 их наяд төгрөгийн 116 ажлыг үндсэн чиглэлд тусгасэн байна. Тухайлбал, Улсын төсвөөс хэрэгжүүлэх ажилд 6 их наяд төгрөгийн санал ирсэн. Үүний 3.4 их наяд төгрөгийн ажлыг хэрэгжих боломжтой гэж үзээд, төсөвт суулгасан. Мөн урсгал зардалд 3.7 их наяд төгрөг төсөвлөх санал ирснээс 1.3 их наяд төгрөгийг нь тусгасан гэдгийг Сангийн сайд онцолж байв.

2021-2022 оны төсвийн цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэхээр оруулсан. Мөн төрийн албаны тухай болон баталсан бусад хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал нэмжээ. Байгалийн түүхийн музей, Үндэсний их театрын барилга, Иж бүрэн номын санг 2020 онд ашиглалтад оруулах чиглэлийг Ерөнхий сайд өгчээ. Үүнтэй холбоотой тоног төхөөрөмж авах мөнгийг төсөвт суулгасан байна.

С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах түр хороо байгуулав

УИХ-ын чуулганы энэ сарын 25-ны нэгдсэн хуралдаанаар Л.Болд нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн  "Түр хороо байгуулах" тогтоолыг 88.6 хувийн саналаар батлав.

1998 оны аравдугаар сарын 02-нд С.Зоригийг хөнөөсөн хэргийг 20 орчим жил мөрдсөний эцэст 2015 оны наймдугааар сарын 31-нд Б.Содномдараа, Т.Чимгээ нарыг сэжигтнээр татан баривчилсан. Уг хэрэг 2015 оноос хойш гурван шатны шүүх дамжсаны эцэст 2017 оны 8 дугаар сарын 4-нд Улсын дээд шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт Хаалттай дэглэмтэй хорих ангид тус бүр 20 жил хорих ял оноосон. Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ноос уг шийдвэрийг хүний эрхийн хэмжүүр болон шударга шүүхийн зарчимд нийцээгүй хэмээн үзэж, УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороо байгуулахыг уриалжээ. Энэ дагуу УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар, С.Зоригийг хөнөөсөн хэргийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар санаачлан боловсруулсан байна. Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нар ажиллахаар тогтоолын төсөлд тусгасан юм.

Дашрамд дурдахад, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаахдаа эрүүдэн шүүсэн бичлэгийг өнгөрсөн сарын 27-ны Засгийн газрын хуралдаанаар нууцын зэрэглэлээс гаргасан. 2015 оны 9 дүгээр сарын 1-6-ны бичлэгийг түүвэрлэсэн 30 орчим минутын бичлэг байгаа бөгөөд Тагнуулын ерөнхий газраас албан бичиг ирүүлж, зөвхөн албаны хүрээнд ил гаргахаар шийдвэрлэсэн юм. Үүний дагуу УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн. Харин Түр хороо байгуулах тогтоолын төслийн хэлэлцүүлгийн  үеэр С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой баримт, 70 минутын дүрст бичлэгийг Үндэсний аюулгүй байдлын гишүүдэд үзүүлсэн тухай мэдээлэл байгааг УИХ-ын гишүүд дурдав. Мөн уг бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа.

Өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Тусгай хяналтын дэд хорооноос хэргийг шалгах Ажлын баг байгуулж байжээ. Гэвч ажлын баг мөрдөн байцаах ажиллагааны нууцын зэрэглэлтэй материалтай танилцах боломжгүй юм. Харин Түр хороо нь байнгын хорооны статустай ажилладаг тул нууц материалуудтай танилцах боломж бүрдэнэ гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 24-25-нд БНХАУ-д Төрийн айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд, Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Талууд өнөөгийн Иж бүрэн стратегийн түншлэлээ бүхий л түвшинд тасралтгүй хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад олгосон буцалтгүй зээл, тусламжийг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд хоёр талаасаа анхаарч, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус нэмүү өртөг шингээсэн, түүний дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд голчлон анхаарч ажиллахаар болсон юм. Тухайлбал, Монгол Улсын баруун бүсээс Хятадад экспортлох махны хориг, улсын зүүн болон баруун бүсээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлэх зэрэг саналыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлээн авч, энэ хүрээнд ажлын хэсэг гарган тодорхой ахиц гаргахаа илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ”, түүний бүс нутгийн байгууллагыг бий болгох санаачилгыг БНХАУ дэмжиж байгаа хэмээн байр сууриа илэрхийлэв. Дээрх төслөөс гадна ОХУ-БНХАУ-ын хооронд байгалийн хий дамжуулах шугам, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зарим боомтын ажиллах цагийг уртасгах зэрэг хоёр орны худалдаа эдийн засаг, гурван талт хамтын ажиллагаа, соёл боловсрол, олон улс, бүс нутгийн зэрэг өргөн сэдвээр албан ёсны хэлэлцээ хийлээ.

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр улсын холбогдох албаныхан 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.

Үүнд:

-Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозам барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,

-Монгол Улсын БСШУСЯ болон БНХАУ-ын Радио, телевизийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,

-“Улаанбаатар төмөр зам” ХНН болон Хятадын Төмөр замын ерөнхий компани хоорондын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээлэл солилцох тухай хэлэлцээр,

-Монгол Улсад “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын “Эрдэнэс Стийл” ХХК болон БНХАУ-ын "Синостийл Экүйпмэнт энд Инженерийн" (SINOSTEEL) ХК хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр,

-Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монгол Улсын “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон БНХАУ-ын "Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL)" ХК хоорондын гэрээ,

-Монгол Улсын “Гангар инвест ХХК” болон БНХАУ-ын “СAMC Инженеринг Чайна” ХХК хоорондын “Шинэ амгалан хоороллын төсөл” хэрэгжүүлэх гэрээ,

- Монгол Улсын “Мошеа Эко Энержи” ХХК болон БНХАУ-ын “Хятадын үндэсний техникийн импорт-экспортын корпораци” (CNTIC) хоорондын хамтын ажиллагааны гэрээ,

- Монгол Улсын “Иш Ноён Бадрах” ХХК болон БНХАУ-ын Хэбэй мужийн "Хайфу аккумулятор" ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ,

- Шинэ дэлхий холбоо болон Мазаалай хамгаалах сангийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав, Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нар багтжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” байгуулах санаачилгаа танилцууллаа

БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний хурлын төвд энэ сарын 26-нд эхэлсэн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулга оролцов. Чуулга уулзалтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээж үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцох үеэрээ үг хэллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга, "Сүүлийн жилүүдэд орчин үеийн технологийн дэвшил асар хурдацтайгаар эдийн засагт нэвтэрч, улс орнууд цаашлаад хүмүүс хоорондоо олон сувгаар харилцах боллоо. Улс орнуудын эдийн засаг улам бүр нягтран холбогдож, харилцан хамааралтай болж буй үйл явц цаашид ч хурдсах төлөвтэй байгааг олон судлаачид бичиж байгаа. Өөрөөр хэлбэл, хатуу болон зөөлөн дэд бүтцийн “Бүс ба зам”-аар холбох нь ирж буй цагийн шаардлага мөн. Ийм цаг үед “Хамтдаа ашгийг нь хүртэх” зарчим, уриа хэрэгжсэнээр өөр өөрийн улсынхаа иргэн бүрийн амьжиргааг дээшлүүлэх боломж бий болгоно гэдэгт итгэж байна. Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд дотоод дэд бүтцээ хөгжүүлж чамлахааргүй амжилт гаргалаа. Тухайлбал, орон нутгийн засаг захиргааны нэгжүүдээ цахилгаан эрчим хүч, интернет сүлжээ болон 6000 орчим км автозамаар холбож дууслаа. Харин энэ оноос төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдээ эрчимжүүлж байна. Бидний хувьд өөрсдийн хүчээр дэд бүтэц байгуулах нь хоёр хүн тутамд нэг км.кв газар нутаг ногддог буюу дэлхийд хамгийн сийрэг нягтралтай улсын хувьд томоохон сорилт юм. Гадаад орчны хувьд бүс нутгийн улсуудтай эдийн засгаар холбогдох чиглэлээр хамтран ажиллахаар ойлголцолд хүрч, зарим улстай тодорхой гэрээ, хэлцлүүд байгуулсан. Үүний нэг тодорхой жишээ нь, Орос, Хятад хоёр хөрштэйгөө хамтран хэрэгжүүлэх “Гурван улсын эдийн засгийн коридор” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр миний бие ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Зиньпин нартай өнгөрсөн онд болсон гурван улсын тэргүүн нарын дөрөв дэх уулзалтын үеэр тохиролцсон болно. Далайд гарцгүй орны хувьд транзит тээвэр нь өрсөлдөх чадварт нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг байдаг. Далайд гарцгүй орнуудыг манай бүтээн байгуулж буй дэд бүтцийг ашиглан Зүүн хойд Азийн том зах зээлд холбогдохыг уриалж байна.

Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр оновчтой холбох, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын үр ашигтай шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх, уг саналыг хэрэгжүүлэхт байгууллагыг Улаанбаатар хотноо байгуулах саналыг миний бие дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэхүү төсөл нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэх, нүүрс хүчлийн хий ялгаруулалтыг бууруулж, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн зорилтууд, бүс нутгийн орнуудын эдийн засгийн ашиг сонирхолтой нийцэж байгаа юм. Хамгийн чухал нь оролцогч улсуудын иргэдэд хямд, хүртээмжтэй эрчим хүч хэрэглэх боломж олгох чухал ач холбогдолтой юм" гэлээ.

“Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулгад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нар оролцлоо. 

Монцамэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 2 цаг 20 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 2 цаг 34 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 20 цаг 39 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 20 цаг 41 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 20 цаг 45 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 20 цаг 45 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 20 цаг 48 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 20 цаг 48 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 20 цаг 51 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 20 цаг 57 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 21 цаг 47 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 23 цаг 10 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 23 цаг 11 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 23 цаг 40 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 23 цаг 42 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 23 цаг 43 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 23 цаг 44 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Өчигдөр 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Өчигдөр 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Өчигдөр 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ
Top