x

“Жаст”-ын Ш.Батхүү удахгүй цагаадна

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан луйврын хэрэг сүүлийн 10 жил яригдаж байна. Хэргийн эзэн уг нь тодорхой. “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү. Тэрбээр 2009 онд “Эрдэнэт”-ийг барьцаалж гадны банкнаас 109 сая ам.долларыг гаргуулаад авчихсан. Ингэхдээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн асуудал байдаг. Үүнээс болж Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд хүртэл дуудагдсан.

Гэсэн ч хууль, шүүхийн байгууллагаас одоог хүртэл Ш.Батхүү болон энэ асуудалтай холбогддог албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж чадаагүй байна. Сүүлдээ Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, Ш.Батхүүгийн өрийг нь төлж, бууж өгөв. Энэ бүхнээс харахад удахгүй “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг цагаадах янзтай болоод явчихлаа.

ХЭРГИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?

“Жаст”-ын Ш.Батхүү 2009 онд  “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Харин 2013 онд энэ талаар мэдээлэл гарч хуулийн байгууллага шалгаж эхэлсэн.  Эрүүгийн хуулийн 1.10.3-д  зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг 15 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг бол үйлдсэнээс хойш 12 жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болно гэжээ.

Тэгэхээр Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэрэг үйлдэгдсэн буюу 2009 оноос эхлэн тооцогдоно гэсэн үг. Түүнээс хойш 12 жил гэхээр ирэх 2021 он гэхэд Ш.Батхүү хуулийн хариуцлагаас мултарчих юм байна. Ш.Батхүү болон энэ хэрэгт холбогддог албан тушаалтнууд үүнийг л хүлээж байгаа.

Ш.БАТХҮҮГИЙН ХЭРГИЙГ ЯАГААД БУЦААВ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн нэгдүгээр сард Ш.Батхүүгийн холбогдсон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Ингэхдээ яллагдагч Ш.Батхүү нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай санаатай нэгдэж, бүлэглэн “Стандарт” банктай байгуулсан гэрээний зарим баримтыг хуурамчаар үйлдэн  220 тэрбум 276 сая 450 мянган төгрөгийн зээлийг залилан мэхлэх аргаар авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулсан гэжээ.  Түүнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн байдаг.

Түүнчлэн Ш.Батхүү нь Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай санаатай нэгдэж бүлэглэн, ”Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан” буюу залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон” гэж үзсэн. Тиймээс хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Харин тухайн шүүхээс Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийг хийж эргээд прокурорт буцаасан байна.

Харин прокурорын байгууллагаас эсэргүүцэл бичиж, эргээд шүүхэд хүргүүлсэн талаарх мэдээлэл ч байгаа юм.  Тэгэхээр  Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг хуулийн байгууллагуудын дунд иймэрхүү байдлаар хугацаа хожиж, явсаар хөөн хэлэлцэх хугацаатай тулах нь дээ.

Ш.БАТХҮҮ ЗАСГИЙН ГАЗАРТ 40 САЯ. АМ ДОЛЛАР ТӨЛЖ ЧАДАХ УУ?

Засгийн газраас шийдвэр гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг “Стандарт” банканд төллөө.  Шадар сайд Ө.Энхтүвшин “Ямартай ч үйлдвэрийн гадны асуудлыг шийдчихлээ.  Одоо дотооддоо учраа олж, Ш.Батхүүгээр өрийг төлүүлнэ гэх ухааны юм ярьсан. Түүний дараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мөн л Ш.Батхүүгээс 40 сая ам.доллараа авна гэж хэллээ. Энэ нь зүгээр л нэг гал унтраах үг л дээ.

Хамаг хөрөнгөө тараачхаад юу ч үгүй үлдсэн Ш.Батхүүгээс яаж 40 сая ам.доллар гаргуулна гэж бодов оо.  Ёстой хоосон хүнээс  хоёр чихийг нь авахтай л адил зүйл болно. Ш.Батхүү цагтаа Монголын тэргүүн баячуудын нэг байх нь ч байсан. “Хадгаламж” банкны эзэн, “Жаст ойл” шатахуун түгээх станцыг байгуулж, “Жаст агро” үйлдвэрийн эзэн, “Олон овоот” уурхайн эзэн гээд л хэдэн арван тэрбум төгрөгөөр яригдах эд хөрөнгөтэй томчуудын нэг байв.

Тэгвэл Ш.Батхүүгийн эзэмшиж байсан бүх хөрөнгө өнөөдөр бүгд өөр хүмүүсийнх болсон.“Жаст ойл” шатахуун түгээх станцыг “Магнай трейд” компани худалдан авсан. “Магнай трейд” компанитай Ерөнхий сайд асан С.Баяр нэлээд ойр байдаг. Ш.Батхүү, С.Баяр нар ойр дотны холбоотой найзууд. Тэгвэл “Олон овоот” уурхай нь “Алтжин” группийн Г.Алтангийн мэдэлд очсон. Г.Алтан Ш.Батхүү нар “Олон овоот”-ын уурхайн төсөлд хамтран хөрөнгө оруулалт хийсэн байдаг юм билээ. “Хадгаламж” банкаа харин Төрийн банканд шилжүүлсэн. Ингэж хөрөнгөө талаар нэг тараагаад алдчихсан хүнээс 40 сая ам.долларыг нөхөн төлүүлнэ гэдэг ёстой л үлгэр биз дээ.

Ш.БАТХҮҮ “ЭРДЭНЭТ”-ИЙГ ДАХИН ЛУЙВАРДСАН УУ?

Ийнхүү  Монголын Засгийн газар Ш.Батхүүгийн өрийг дарж, хэрэг ч замхрах тийшээгээ орчхоод явж байхад дахин нэг баримт гарч ирэв. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эрдэнэт” үйлдвэрийн 40 сая ам.доллартай холбоотой мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Саяхан болсон өр дарах асуудал дээр оросуудын ихээр хэрэглэдэг луйврын схемээр ашигласан байж магадгүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, хоёр хувийн компани хоорондоо бизнес хийхдээ гуравдагч төрийн өмчийн компанийг оролцуулдаг. Үүний үр дүнд хувийн компаниуд ашигтай ажиллаж, төрийн компани золиос болдог. Энэ луйврын арга Эрдэнэт дээр хэрэгжсэн байж магадгүй байна. Учир нь  40 сая ам.долларын зээлийг төлөхөд “Ocean Partners” гэх компани зуучлагчаар оролцсон байдаг. Харин энэ компани 1998 оноос хойш “Эрдэнэт “үйлдвэртэй хамтран ажиллаж ирсэн. Нийт 3.1 тэрбум ам.долларын зэсийн баяжмалыг Эрдэнэтээс авч борлуулжээ.

Мөн “Жаст”-ын Ш.Батхүүг “Стандарт” банкнаас зээл авахад хамтран оролцсон. Сая зээлийг төлөхөд ч хамтран оролцжээ. Тэгэхээр тус компани 40 сая ам.долларын асуудалд “Стандарт” банкыг нэр төдий ашигласан  байж болох баримт дэлгэгдээд байна. Өөрөөр хэлбэл, “Жаст”-ын Ш.Батхүү, “Ocean Partners” хоёр бизнес хийхдээ “Эрдэнэт” үйлдвэрийг оролцуулан луйврын схемээ зохиож, төрийн өмчит үйлдвэрийг луйвардсан байж болно гэдэг хувилбарыг Б.Пүрэвдорж гишүүн яриад эхэллээ.

Хэрэв тийм бол  Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг хоёр дахь удаагаа луйвардсан хэрэг болж таарч байгаа юм. Энэ нь хэрэгт шинэ нөхцөл байдал үүсгэх үү гэдгийг хуулийн байгууллага шалгаж шийдвэрлэнэ биз ээ. Ямартай ч нэлээд хурцаар яригдаж гарч ирсэн Ш.Батхүүгийн хэрэг мөлийсөөр сүүлдээ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусч цагаадах янзтай болчихсон гэдгийг дуулгая.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Өө (202.126.88.32)
    Батхүү бараг юм хүртээгүй ш дээ. МАНгарууд намдаа ашигласан нэртэй хэдэн луйварчид аваад гударсан
    2019 оны 04 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 6 цаг 31 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 6 цаг 36 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 8 цаг 19 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 8 цаг 33 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 9 цаг 38 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 10 цаг 25 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 10 цаг 43 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 12 цаг 48 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 14 цаг 32 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 14 цаг 59 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 17 цаг 41 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 17 цаг 52 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 18 цаг 8 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 18 цаг 20 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 18 цаг 26 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 18 цаг 32 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 18 цаг 36 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Уржигдар 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Уржигдар 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Уржигдар 13 цаг 29 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top