x

Г.Эрдэнэбат: Д.Булган хэргийн яллагдагч хэвээрээ байгаа

С.Зориг агсны хэрэгийн хяналтын прокуророор ажилласан УЕП-ын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх асан Г.Эрдэнбатын даваа гаригт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Та бид хоёр нэг жилийн өмнө “Цензургүй яриа”-нд оролцож байсан. Тухайн үеийн нөхцөл байдал, одоо үүсээд байгаа нөхцөл байдал хоёр огт өөр байна. Улсын нууцад хамаарахаас бусдыг нуухгүйгээр цензургүй ярьж чадна гэж итгэж болох уу?

-Нэгдүгээрт би прокурор биш болсон, иргэн Г.Эрдэнэбат. Хоёрдугаарт хуульч хүн, энэ хэрэг дээр ажиллаж байсны хувьд мэдэх зүйлээ харьцангуй цензургүйгээр ярьж чадах байх аа.

-Та прокурорын байгууллагад нийт хэдэн жил ажилласан бэ?

-Есөн жил.

-С.Зориг агсны хэрэгт хэдийнээс хяналт тавьж эхэлсэн бэ?

-2013 оны дөрөвдүгээр сараас 2016 оны есдүгээр сар хүртэл ажилласан. Тэр үед ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод ажлын хэсгийн ахлагчаас болиулсан.

-Яагаад ажлын хэсгийн ахлагчаас болиулсан юм?

-2011 онд ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг прокуророор ахлуулж ажиллаж эхэлсэн байдаг. Тухайн үед Нийслэлийн прокуророор ажиллаж байсан н.Бат-Орших ахалж байгаад 2013 оны дөрөвдүгээр сараас би ахлах болсон. Уг хэрэг гүйцэтгэгч нарын түвшинд илэрсний дараа 2016 оны наймдугаар сараас хэргийг хоёр хэсэг тусгаарласан. Гүйцэтгэгч нартай холбоотой хэрэг УДШ-ээр 2019 оны наймдугаар сард шийдэгдэж дууссаны дараа захиалагч нарыг шалгах ажлын хэсгийг прокуророор ахлуулах шаарддлагагүй юм байна гэж үзээд ажлын хэсэгт өөрчлөлт оруулсан. Нэг үгээр би энэ ажлын хэсэгтэй хамаагүй болсон.

-Гүйцэтгэгч нартай холбоотой хэргийг мөрдөн шалгаад, илрүүлээд, гурван шатны шүүхээр шийдэх хүртэл та ажлын хэсгийг ахалсан гэж ойлгож болох уу?

-Үндсэндээ тийм.

-Танай ажлын хэсэгт нийтдээ хэдэн мөрдөн байцаагч, хэдэн прокурор ажилласан бэ?

-Мөрдөн байцаагчийн хувьд тагнуулын ажлын хэсэгт гурав, цагдаагийн ажлын хэсэгт нэг хүн ажилласан. Гүйцэтгэх ажилтан хэд ажилласныг би нарийн хэлж болмооргүй байна. Дээр нь хэлэхэд яг нарийн тоог нь би мэдэх ч үгүй. Яагаад гэвэл гүйцэтгэх ажилтнууд цаашаа туслах ажилтан элсүүлээд, өөрсдийн ажиллагаандаа татаж оруулаад ажилладаг. Энэ нь тагнуул, цагдаагийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаа. Хэдийгээр ажлын хэсгийн ахлагч боловч нууц далд явагддаг гүйцэтгэх ажилд ямар хүн, хүч ашиглаж байгааг төдийлөн мэддэггүй талтай л даа.

-Прокурор тэр болгонд хяналт тавьдаггүй юм уу?

-Гүйцэтгэх ажлын тухай хуулиар прокурорын үзэх, харах хязгаар бий. Прокурор таван төрлийн зөвшөөрөл өгдөг, тухайн үеийн хуулиар. Тэр таван төрлийн зөвшөөрөлтэйгээ холбоотой асуудлыг л үздэг, хянадаг. Тэр таван төрлийн зөвшөөрөл өгсөнтэй холбоотой асуудлыг үзэхдээ ч гүйццэтгэх ажлын тухай хуулиар нууцлахыг шаардсан зүйлүүд байдаг. Эх сурвалж, ашигласан техник хэрэгсэл, түүнд оролцсон нууц ажилтнуудын тухай мэдээллийг үзэх, харах нь хязгаартай, хориотой.

-Хяналт тавьж байгаа прокурортоо хүртэл үү?

-Тийм. Одоогийн хуулиар ч бас бүрэн дүүрэн мэдэх бололцоогүй.

-Тэр нууцыг хэн мэддэг юм?

-Мэргэжлийн албад нь л мэднэ шүү дээ. Энэ ажилд надаас гадна хоёр прокурор, мөрдөн байцаагч хяналт тавьж ажилласан.

-Саяхан таныг албан тушаалаас чинь чөлөөлсөн. Чөлөөлсөн явдал Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой байсан уу? Тэр бичлэг ил болсноос болж танд хариуцлага тооцож огцруулсан уу?

-Яг ямар байдлаар үнэлж дүгнэснийг би бүрэн утгаар нь мэдэхгүй. Мэдээж энэ асуудалтай холбоотой байх. Ер нь бол миний УЕП-ын орлогчоор ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусчихсан байсан. Гэтэл энэ үйл явдал их өвөрмөц байдлаар өрнөөд, түүнтэй холбоотой хариуцлагын асуудал яригдсан. Хууль зүйн хариуцлагын асуудал бол тусдаа байх.  Энэ бол гэмт хэрэг, хүний эрх, эрх чөлөөнд халдсан ноцтой үйл явдал болсон. Үүнийг хуулийн байгууллагууд шалгаж байгаа.

Ер нь бол 2018 оны арванхоёрдугаар сараас авахуулаад албан ёсоор хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хууль бусаар хүч хэрэглэн эрх чөлөөнд нь халдсан явдал байна уу? гэдгийг шалгаад явж байсан. Дараа нь энэ асуудал дуулиан болоод ҮАБЗ, УИХ-ын чуулган, сүүлдээ бүр сэтгүүлчдэд хүртэл үзүүлсэн тэр нотлох баримт илрээд, 2019 оны гуравдугаар сарын 15-нд энэ хэрэгт холбоотой хүмүүсээ бариад яллагдагчаар татсан. Шүүгчийн захирамж гараад цагдан хорьсон.

Харин үүнээс хойш тодорхой зарим улстөрч албан тушаалтан мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтыг олж авсан байдаг.

-Энэ хэргийг хаана шалгасан юм?

-АТГ-т харьяалал тогтоогоод шалгаж байсан. Нотлох баримт бол тагнуулын байгууллага дээрээс илэрсэн. Тэгээд хоёр хүнийг яллагдагчаар татсан албан ёсны шийдвэр нь 2019 оны гуравдугаар сарын 15-нд гарсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоо ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хэргийг зохион байгуулсан, удирдан зохион байгуулсан гэгдээд байгаа хүмүүс ч шалгагдах байх. Хууль зүйн хариуцлага яригдах байх. Харин зэрэгцээд улс төрийн хариуцлага ч юм уу, шүүлт ч юм уу нэг юм юм болчихлоо.

-Тэр бичлэгийг АТГ илрүүлсэн юм уу?

-АТГ-аас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад олж тогтоосон.

-2018 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Ж.Батзандан Байнгны хорооны хуралдаан дээр “Хорих байранд эрүү шүүлт явуулсан байна. Эмэгтэй хүний өрөөнд эрэгтэй хүн оруулсан байна” гэж ярьсан. Нэг жилийн өмнө бид хоёр ярилцлага хийх үед та “Содномдаржаа, Чимгээ нарын хоригдож байгаа нөхцөл байдалд байнгга хяналт тавьж байгаа. Усанд оруулж, эмчид үзүүлж байгаа” гэж ярьж байсан. Гэтэл эрүүдэн шүүсэн нь үнэн байсан. ЖБатзандангийн ярьсан үнэн байсан. Одоо та юу хэлэх вэ?

-Нөгөөхөө л хэлнэ. Нэгдүгээрт, прокурор цагдан хорих байрны нөхцөл байдлыг шалгасан. Цагдан хорих байранд гарсан нөхцөл байдлыг шийдсэн, холбогдох албан тушаалтанд нь хариуцлага тооцсон. Прокурор өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд ажилласан.

-Б.Содномдаржааг 17 удаа эмчид үзүүлсэн. Т.Чимгээг мөн тооны удаа эмчид үзүүлсэн гэж хэлсэн тар хэлж байсан шүү дээ?

-Үнэн шүү дээ. Тэр тоо ерөөсөө өөрчлөгдөхгүй. Одоо яриад байгаа хавирга хугарсан гэдэг чинь тухайн үед хавирга хугараагүй байна аа л гэж гарсан. Прокурор өөрт байгаа эрх хэмжээний хүрээнд, өөртөө байдаг арга хэрэгслээр л хяналтаа тавина. Түрүүн хэлсэнчлэн цагдан хорих байранд явуулсан зарим арга хэмжээ гүйцэтгэх ажлын арга хэмжээ байсан. Гүйцтгэх ажлын нууц эх сурвалжийг нууцлах шаардлагын үүднээс зарим зүйлийг танилцуулах боломжгүй гэсэн. Прокурорын эрх хэмжээ хязгаарлагдсан тийм л үйл явдал болсон. Нарийн яривал өнөөдөр ч гэсэн зарим зүйлийг шалгаж эцэслээгүй байгаа шүү дээ. Бичлэгийг шалгаж, хэн юу зохион байгуулсан, хэдийгээс ямар хугацаанд энэ үйл явдал болсон бэ? гэдгийг хуулийн дагуу шалгаад хууль зүйн дүгнэлт гарах ёстой. Энэ нь уг нь дуусаагүй байгаа. Ийм баримт олдлоо, үүнийг шалгая. Жинхэнэ бичлэг мөн үү, хэзээ болсон үйл явдал вэ, үүний ард хэн байсан, яагаад тухайн үед прокурорын мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын бусад хяналтаар илрээгүй вэ? гэдгийг шалгаж тогтоох ёстой. Цагдан хорих байрны нөхцөл, дэглэм бол ШШГБ-ын хариуцдаг ажил л даа. Яагаад өнөөдөр ийм маргаантай нөхцөл байдал үүсэв, тухайн үед цагдан хорих байранд хичнээн хүн байсан гэх мэтчилэн бүгдийг шалгана.

-Энэ ерөөсөө цагдан хорих байрны ахуй нөхцөл, дэглэмтэй холбоогүй асуудал. Тэр эрүүдэн шүүсэн бичлэгийг би үзсэн. Та бас үзсэн байх, тийм үү?

-Сүүлд үзсэн.

-Бичлэгт тэр хүмүүсийг үнэхээр байж боломгүйгээр дарамталж, доромжилж байна лээ. Үүнд л хяналт тавих гэж та прокурор хийж байгаа биз дээ?

-Үүнтэй холбоотой миний хүлээсэн үүрэг хариуцлага юу байсан бэ, үүнийгээ хангалттай хийж чадсан уу, үгүй гэдэг дээр би хууль зүйн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна.

-Хангалттай ажлаа хийгээгүй байна шүү дээ. Та эрүүдэн шүүснийг мэдээгүй байна шүү дээ?

-Өнөөдөр тэгж дүгнэж облно. Гэхдээ үүний цаана ямар асуудал байна вэ гэдгийг би хэлсэн. Миний хардаг, хянадаг юмны хэмжээ хязгаар гэж бий. Тэр хэмжээ хязгаарынхаа дотор үзээд илрүүлж болох байсан байна уу? гэдгийг шүүхийн дүгнэлт шийднэ. Түүнд нь хууль зүйн хариуцлага тооцно гэвэл асуудал алга.

-Энэ эрүүдэн шүүсэн асуудлыг мэдээгүй өнгөрсний төлөө танд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэвэл та хүлээх үү?

-Хүлээнэ шүү дээ. Би хүлээхгүй гэсэн ч хүлээлгэчихнэ. Хэрвээ миний гэм буруу тогтоогдвол би мянга түмэн удаа өөрийгөө зөвтгөж яриад нэмэргүй. Харин наана нь ямар асуудал болоод байна вэ гэхээр Гүйцэтгэх ажлын тухай хууль гэж юу байна, тухайн үеийн ЭБШХ болон ЭХХШТХ (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай) ямар байсан, тэр хуулиар прокурорт ямар эрх хэмжээ байсан, юуг олж үзэж чадах, юуг үзэж чадахгүй байсан гэдгийг ярихаасаа илүү нэг улстөрч албан тушаалтан улс төрийн яллагчийн үүрэг гүйцэтгээд, хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүх хурал болгож хувиргаад, олон нийтээс “эрүүдэн шүүгч”, “хэрэг зохиогч” гэсэн нэр ч юм уу, ял ч юм уу өгсөн ийм л үйл явдал болоод байна.

Би түрүүнээс хойш хэлж байна. Энэ бол хууль зүйн асуудал, эрүүгийн хэрэг юм аа. Эрүүгийн хэргийг Монгол Улсад ямар байдлаар шалгаж шийдвэрлэдэг вэ, түүгээрээ л шалгаад шийдвэрлэчих. Эрүүгийн хэргээ үүсгэ, яллагдагчаар хүмүүсээ тат. Хэн нь ямар хэмжээний үүрэг хуулиар хүлээсэн, түүнийгээ биелүүлсэн үү, үгүй юу? Ингэж яваад цаашаа хуулийн хариуцлагад хүрэх ёстой. Өөр ямар ч асуудал байхгүй.

-Таны шалгаж байсан хэрэг дээр чинь хүн эрүүдэн шүүлгээд, түүнээсээ болоод онц хүнд хүн амины хэрэг хүлээгээд явж байна шүү дээ. Тэр бол байж болохгүй асуудал. Та энэ хэргтээ хариуцлага хүлээгээд ял авлаа гэхэд аль хэр ял авах вэ? Эрүүгийн хуулиар авах уу, эсвэл сахилгын шийтгэл ногдуулах уу?

-Би өөрөө өөртөө хууль зүйн дүгнэлт өгмөөргүй байна. Эрүүгийн хариуцлага бол эрүүгийн хариуцлага л биз. Би харин нэг зүйл дээр эсрэг зогсоно. Эрүүдэн шүүгээд энэ хүмүүст хэрэг хүлээлгээд, хилсээд хүн шийтгэчихсэн гэж яриад байгаа. Эрүү шүүлттэй холбоотой асуудал бол буруу байна. Үүнийг шалгана. Хэн буруутайг тогтоогоод хариуцлага хүлээлгэх бол ерөөсөө асуудал биш.

-Эрүүдэн шүүсэн дээр таны ажлы алдаа гарсан уу?

-Өөртөө байгаа хууль зүйн бүх хэрэгслээр шалгаж, шийдвэрлэж байсан учраас би яг жилийн өмнө “прокурор ажлаа хийсэн” гэж ярьж байсан. Одоо ч үүнийгээ л ярина. Гэхдээ хэрвээ шалгадаг байгууллага нь шалгаад “ийм зүйл дээр буруутай байна аа” гээд тогтоовол тэр л биз дээ. Тэр бол бултаж бусгаад, олон нийтийн өмнө өөрийгөө өмгөөлснөөр шийдэгдэх асуудал биш.

Харин энэ ярианд дунд, энэ хэргийн дүйвээнээр энэ хүмүүсийн гэм бурууг нотолсон бусад нотлох баримтууд үгүйсгэхдэхгүй шүү. Энэ хүмүүсийг эрүүдэн шүүгээд хэрэг хүлээлгэчихсэн гэдэг яриа бол хэргийн хүрээнээс хальсан хийсвэр дүгнэлт.

-Яагаад?

-Энэ хүмүүсийг үйлдэл, хэргийг маш олон өөр баримтаар тогтоосон, нотолсон. Хавтаст хэрэгт авагдсан тэр баримтууд шүүхэд очиж үнэлэгдээд шүүхийн шийдвэр гарсан. Яг нарийн яривал хоёр ч удаагийн төрийн шийдвэрээр энэ хэрэг ил болсон. 2017 оны гуравдугаар сарын 10-нд тухайн үеийн Ерөнхийлөгч С.Зориг агсны хэргийг материалыг ил болгох хэрэгтэй гэдэг үүргийг тухайн үеийн хуулийн дагуу ТЕГ-т өгөөд, ТЕГ-ын дарга бүрэлдэхүүн тогтоож шинжээч гаргаад энэ хэргийг нууцаас гаргасан. Одоо хэн хүссэн нь очоод хэргийн материалтай танилцаж болно.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлигаар энэ хэрэг нууцаас гарсан. Прокурор н.Сандагдорж гарч ирээд МҮОНТВ-ээр мэдэгдэл хийгээд зарим бичлэгийг үзүүлсэн. Прокурорт хэн ийм үүрэг өгөх вэ?

-Улсын ерөнхий прокурор л өгсөн байх даа, хуулиар аа.

-Ерөнхийлөгч яагаад ийм зарлиг гаргасан юм бэ?

-Миний санаж байгаагаар энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдлсэний дараа нийгэмд “Яагаад ийм нууц далд хэргийг шийдчихэв. Шүүх хурал яагаад хаалттай болов” гэсэн хардлага, шүүмжлэл байсан. Тийм учраас энэ зарлигийг гаргасан байх. Үүгээр 74 хуудас матераил нууц хэвээр үлдэж, 14926 хуудас материал ил болсон. Үүнээс яг нэг жилийн дараа буюу 2018 оны гуравдугаар сарын 27-нд хуульд өөрчлөлт орсон шалтгаанаар Засгийн газар тогтоол гаргаж дахиад энэ хэргийг нууцаас гаргасан. Хоёр ч удаа нууцаас гаргачихсан энэ хэргийн материалтай хэн дуртай нь танилцаж болно. Тэгээд Б.Содномдаржаа хэрэг хүлээсэн байна уу, эсвэл өөр баримтаар хэрэг нь нотлогдож уу? Т.Чимгээ хэрэг хүлээж үү, өөр зүйлээр нотлогдож уу? гэдэг тодорхой харагдана.

-Монгол Улсын Ерөнхийлөгч дуртай цагдаа зарлиг гаргаад, прокурорт үүрэг өгөөд хэргийн материалыг төрийн нууцаас гаргах эрхтэй юу?

-Яг энэ зарлиг дээр нь бичээтэй байна. Төрийн нууцын тухай хуулийн 4.2-т заасны дагуу Ерөнхийлөгч зөвшөөрөл өгч, Ерөнхийлөгчийн зөвшөөрлийн дагуу мэргэжлийн байгууллагууд нь ил гаргаж болох материалаа ил гаргадаг хуультай байсан.

-Миний санаж байгаагаар зарлиг гаргаж, хэргийг төрийн нууцаас гаргаад н.Сандагсүрэн прокурор мэдээлэл хийх үед хэрэг шүүхээр хянагдаж дуусаагүй байсан. Дээд шүүхэд даваад явж байсан. Гэтэл дээд шүүхийн хуралдаан болоохоос өмнө прокурор гарч ирж ярилцлага өгсөн. Энэ яриа шүүхэд нөлөөлж болох уу?

-Тухайн үед мөрдөгдөж байсан ЭБШХ-иар хэрэг маргааныг шийдвэрлэхэд давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна гэсэн зохицуулалттай байсан. Нийслэлийн шүүх хэргийг давж заалдах шатны шугамаар хэлэлцээд дуусчихсан байсан. Тухайн үед прокурорын байгууллага “энэ хэрэгт хэн ямар гэм буруутай вэ” гэдэг дээр шүүх асуудлыг эцэслээд шийдчихсэн учраас хэргийн тухай мэдээлэх нь зүйтэй юмаа гэдэг ийм л дүгнэлтэд хүрсэн.

Харин хяналтын шатны шүүхээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үү, зүйлчлэл нь зөв үү? ЭБШХ-ийг ноцтой зөрчсөн гэж үзэх арав гаруй тохиолдол байдаг, тэр тохиолдол нь гарч уу, үгүй юу гэдгийг л хянадаг хурал юм л даа. Хэрэг зөв үү, буруу юу гэдгийг тэнд ярихгүй учраас хэрэг шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөхгүй гэж үзээд мэдэгдэл хийсэн.    

-Б.Содномдаржаад 2015 оны наймдугаар сарын 31-нд цагдан хорьсон байдаг. Түүний дараа буюу есдүгээр сарын 1-нээс 7-ныг хүртэл зургаа хоногийн турш түүнийг эрүүдэн шүүсэн байдаг. Ц.Амгаланбаатарыг оруулсан, хэргээ хүлээ гэж дарамталсан. Дараа нь ШШБГ-ын ажилтан орсон. Б.Содномдаржаа “Би хүн алаагүй ээ” л гээд байсан. Дараа нь Б.Содномдаржаа хэргээ хүлээсэн. Тэгэхээр эрүүдэн шүүсний улмаас хэрэг хүлээсэн гэдэг дүгнэлт хийж болох уу?

Хоёрдугаарт та жилийн өмнө манай ярилцлагад орохдоо Б.Содномдаржаагийн согтуугаар хүн зодож, дарамталж байгаа бичлэгийг үзүүлсэн. Тэр хэргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Б.Содномдаржаа дээр 2012 оноос гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэдэг?

-2012 оноос хойш тэр хүн дээр гүйцэтгэх ажил явуулсан. Тэр үеэс энэ хүн дээр эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байсан гэдэг яриаг хаанаас яаж зохиогоод байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. 2013 оны долдугаар сард ял эдэлж байсан ялтан Ц.Амгаланбаатар  гэдэг хүн хамгийн анх ШШГБ-ынхаа гүйцэтгэх ажилтанд мэдээлэл өгөөд, тэр мэдээллийг ШШГБ-ын гүйцэтгэх ажлын хэлтсээс тагнуулын байгууллаг руу шилжүүлээд, түүний дараа тагнуулын хоёр ажилтан Ц.Амгаланбаатартай очиж уулзсанаар Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байдаг.

Жишээ нь, Б.Содномдаржаагийн биеэ авч явж байгаа байдалтай холбоотой, хүн зодож байгаа бичлэгийг ямар ч тусгай албад бичээгүй. Энэ бол хэрэг дотор байгаа баримт. Энэ бичлэгийг Б.Содномдаржаагийн өөрийнх нь эхнэр өөрийнхөө утсан дээр бичсэн байсан. Б.Содномдаржааг баривчлах үеэр гэрт нь нэгжлэг хийсэн мөрдөн байцаагч эхнэрийнх нь утсанд үзлэг хийж байгаад олсон. Түүнээс биш тусгай алба, тагнуулын байгууллага нууцаар хийсэн бичлэг биш. Бичлэгийг харсан энгийн хүн ч ойлгоно. Хойно, урд нь гараад бичээд байгаа биз дээ. Ямар нууц камер тэгж сурвалжлага хийж байгаа юм шиг дагаад бичээд байдаг юм.

Тэгээд энэ бичлэгийг эхнэр нь юу гэж тайлбарласан тухай хавтаст хэрэг дотор мэдүүлэг нь байж байгаа. Согтохоороо хүн амьтан дарамтлаад, зодоод байдаг учраас өөрт нь эрүүлд нь харуулах гэж бичиж авсан юм аа гэдэг. Тэр мэдүүлэгтэйгээ хэрэг дотор байгаа.

Тиймээс тусгай албад Б.Содномдаржаад хэрэг хүлээлгэх гээд л 2012 оноос хойш дагаад, бичээд байсан юм байхгүй. Би тэгвэл бас нэг бичлүүлэг үзүүлчихэж болох уу?

-Болно оо.

/Бичлэг/

-Танай хүнд гурван жилийн өмнөөс утсанд нь мессэж ирдэг байсан гэсэн. Ямар нэг дарамт шахалт байсан уу?

-Байсан. 2004 оноос эхэлсэн. Намайг жирэмсэн байсан болохоор хамаагүй хэлж яриад яахав гэж нуудаг байсан юм шиг байна лээ. Санаандгүй утсаа орхиод гараад явчихсан хойгуур утсанд нь мессеж ирээд, тэгж би мэдсэн л дээ.

-Таны анх үзсэн мессэж юу гэж байсан бэ?

-Чи залуухан эхнэртэй биз дээ. Амьдралыг чинь там болгоноо оо... гэсэн байсан. Тэгээд би “Ямар хүнээс юун мессэж ирээд байгаа юм бэ? гэхэд “Намайг зөвөөр ойлгоороой, чамай зовоочих байх гээд хэлээгүй юмаа” гэсэн. Удаа ч үгүй хоёр хоногийн дараа миний утсанд мессэж ирсэн. Амгаланбаатарын мессеж байсан. Би тэр өдөртөө сим картаа унтраагаад хоёулаа өөр дугаар авсан.

-Энэ ямар учиртай бичлэг вэ?

-Энэ бол мөн адил ямар нэг тусгай албад, гүйцэтгх ажлын шугамаар хийсэн бичлэг биш. 2016 онд хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх үед сэтгүүлч Б.Содомдаржаагийн гэр бүлтэй очиж ярилцсан бичлэг.

-Royal Tv юм байна...

-Хэрвээ та анзаарсан бол 2004 оноос Ц.Амгаланбаатар Б.Содомдаржааг дарамталж мессэж бичиж эхэлсэн, энэ хоёр хүний дунд зөрчилдөөнт байдал үүссэн тухай ярьж байгаа биз. Анзаарсан бол 2004 онд онд гэдсэнд байсан хүүхэд нь 2016 онд 11 настай байсан байна. Одоо энэ хүмүүс ямар тайлбар хийхийг би мэдэхгүй. Би өөрөө 2013 онд ажлын хэсгийн ахлагчаар очсон. Гэтэл энэ хүмүүс аль 2004 оноос хойш зөрчилдөөнтэй байсан тухай баримтууд байна шүү дээ. 2004 онд байгаагүй ажлын хэсгийнхэн хаана нь энэ хэргийг зохиосон байх вэ? Энэ хүмүүсийн хооронд тэгвэл юу байсан юм?

-Өөр зүйл байсан юм болов уу?

-Өөр зүйл байсан бол энэ хүмүүс ийм хүнд ноцтой хэрэгт буруутгагдаж байх үедээ “Бидний хооронд ийм зөрчил байсан учраас Амгаланбаатар гэдэг хүн биднийг ингэж дарамтлаад, айлгаж ичээгээд байсан” гэдгээ хэлэх хэрэгтэй шүү дээ.

-“Энэ мессежүүдийг Ц.Амгаланбаатар бичээгүй ээ. Тагнуулын ч юм уу аль нэг тусгай ажилтан бичээд байсан юм шиг байгаа юм. Ямар ч алдаагүй бичдэг байсан, Амгаланбаатар бол мессэж бичиж чаддаггүй байсан” гэж тухайлбал, Ц.Нямдорж сайд хэлсэн. Тэр мессежийг Ц.Амгаланбаатар биш, ТЕГ-ын дарга Б.Хурц ч юм уу бичсэн байх магадлалтай биш үү?

-Тагнуулын дарга тийм мессэж бичээд суух завтай ч юм уу. Ер нь нэг зүйлийг ойлгоё. Одоо хоёулаа 2013 оноос хойшхи мессэжийн тухай ярьж байна, тийм уу?

-Би мэдэхгүй. Ямар ч байсан Ц.Нямдорж гуайн дэлгэсэн их муухай үгтэй мессэжийн тухай ярьж байна...?

-2013 оноос хойш энэ хүний талаар мэдээлэл аваад энэ хүнтэй уулзаад эхлэхээр Содномдаржаа, Чимгээ гэдэг хүмүүс энэ хэргийг үйлдсэн тухай мэдүүлж эхэлдэг. Энэ дагуу шалгах ажил хийгдсэн. Жишээ нь, хар тамхины наймаачин байлаа гэхэд хэрэглэгчийг нь бариад авчихсан эрүүгийн албаныхан тэр хүний утас холбоог ашиглаад, нөгөө наймаачинтай хар тамхийг нь авья барья гэж тохироод, урхи тавьж байгаад бариад авбал энэ одоо муухай арга уу?

Муухай санагдаж магадгүй л дээ, гэхдээ иймэрхүү аргаар хэргийг илрүүлдэг арга байдаг л даа.

-Хүлээн зөвшөөрөгдсөн арга уу?

-Эсвэл би одоо “гүйцэтгэх ажил гэж ийм юм байдаг, ийм төрлийн тусгай аргууд бий” гээд нэг нэгээр нь ярих ёстой юу? Содномдаржаа гэдэг хүн энэ хэргийг хийсэн, би мэдэж байна гээд ярьсны дараа тусгай албаныхан өөрсдийнхөө арга хэрэгслээр тэр хүнийг өдөөж, хөдөлгөөнд оруулаад, тэр хүний зүгээс хариу үйлдэл нь ямар байх нь вэ, юу ярих нь уу? гэдгийг судалж шалгасан байж таарна аа даа.

-Тэгэхээр мессэжийг Амгаланбаатар бичээгүй юм уу?

-Хэн мэдлээ. Бичсэн гэж би хэлээгүй. Одоо хоёулаа нийлж суугаад, “манай тусгай албаны тийм ажилтан Амгаланбаатарын нэрээр тэр хүнтэй тэгж харьцсан юм” гээд би ярих уу? Хэрэв тэгвэл би өөрөө гүйцэтгэх ажлын нууц задруулсан болно биз дээ. Мессэж бичсэн байна. Тэр хүн сандарсан байна. Сандраад олон үйлдэл хийж. Тэр үйлдэл нь өөрийг нь барьж өгч, тийм үү? Түүнийг бид өнөөдөр гүйцэтгэх ажил л гэдэг.

-ЭБШХ-ийн 16.12-р зүйлд “Эрүү шүүлт тулгаж авсан нотлох баримт, мэдүүлгийг нотлох баримтад тооцохгүй” гэсэн байна. Эрүүдэн шүүсэн нь үнэн, доромжилсон нь үнэн. Тэрний дараа Содомдаржаа хэргээ хүлээсэн нь үнэн. Тэгэхээр таны илрүүлсэн гээд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн заалт энэ биш үү?

-Эрүүдэн шүүж авсан нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй. Бүр нарийн яривал тэр хүн “Би энэ хэргийг хийгээгүй, Энэ энэ хүмүүс хийсэн юмаа” гээд гараараа бичиж өгсөн хүн шүү дээ. “Би энэ хэргийг хийсэн, уучлаарай” гэдэг мэдүүлэг ч, гараар бичсэн тайлбар ч байхгүй.

Хоёрдугаарт Содномдаржаа энэ хэргийг үйлдсэн гэдэг нотолгоог бид түрүүн таны яриад байсан гүйцэтгэх ажил гэдэг юмыг явуулж байгаад Содномдаржаагийн сандрахдаа хийсэн үйлдлүүд, Содномдаржааг харсан гэрчүүдийн мэдүүлгээр нотолсон болохоос биш Содномдаржаагийн өөрийн мэдүүлгээр нотлоогүй шүү дээ. Бусад баримтыг тэгвэл яах вэ?

-Зохиомлоор цуглуулсан байх?

-Яаж? Жишээлбэл “энэ хүн хэргийн газар явж байсан” гэсэн гэрчийг би хаанаас яаж зохиох вэ? Ер нь бол Содномдаржаа, Амгаланбаатар хоёрын харьцсан мессэж нь бие биедээ шинэ жилийн мэндчилгээ хүргэж байгаа найз нөхдийн харилцаа биш л дээ. Муухай муухай үгтэй нь үнэн, талагдахгүй байж магадгүй. “Чиний гэмт хэрэг хийснийг би гэрчилнэ, чи хэргээ хүлээ” гээд эхлэхээрээ тэр хоёр хүн нэг их найрсаг харьцаагүй байх, нэг талаас.

Дээр нь яджаахад нөгөө мессэжээ үзүүлэхдээ Содномдаржаагийн хариу мессежийг харуулахгүй байгаа юм. Содномдаржаагийн хариу мессэжийг нөгөө мөрдөн байцаах ажиллагаанд нотлох баримтаар аваад явчихсан учраас би бас харуулж чадахгүй байна л да. Тэр хүн тэр хариу мессэж дотроо ямар ямар зүйлийг бичиж, өөрийнхөө хэрэгт холбоотойг илчилсэн бол?

Гүйцэтгэх ажиллагааны явцад олж авсан нотлох баримтаар Содномдаржааг энэ хэрэгт холбоотойг нотолсон гээд байгаа маань уучлаарай, Сономдаржааг камерт хийж эрүүдэн шүүхээс өмнө юм шүү.  

-Тэр зөндөө олон баримтуудыг чинь танд мэдэгдэхгүйгээр хуурамчаар бүрдүүлсэн байвал яах вэ? Та тэгээд дахиад нэг жилийн дараа “би мэдсэнгүй” гээд зогсч байвал яах вэ?

-Хорвоо дээр төгс төгөлдөр юм гэж байхгүй. Манай эрх зүйн тогтолцоо ийм л юм. Бид цуглуулж авсан баримтаа л үнэлдэг. Прокурорууд алдаа гаргахгүйн тулд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хүмүүсийнхээ ажлыг дахин дахин шалгасан. Тухайн үед шалгалтаар тийм зүйл илрээгүй. Энэ хэрэг дээр нэг нотлох баримт цуглуулсан мөрдөн байцаагчаа шалгаж байсан. Яриад байгаа энэ олон гэрчүүдэд хэн нэгэн нөлөөлсөн үү, юм амласан уу, занаж зүхсэн зүйл бий юу гэдгийг тухай бүрт нь шалгаж байсан. Тэр үед ийм баримт илрээгүй. Илрээгүй учраас би энэ байр суурин дээрээ л байна шүү дээ. Хэрэгт авагдсан нотлох баримтууд бүгдээрээ үгүйсгэгдээд дуусах хүртэл би хамгаална.

Харин нэг болгоомжлох зүйл байна. Гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан баримтууд маань устчих вий, хэргийн гэрчүүдэд нөлөөлчих вий, ингээд энэ хэргийг юу ч биш болгох гэсэн оролдлого байна уу даа гэж хардаж байна. Өнөөдөр бид байгаа баримтуудаа л хамгаалж ярина.

-Жилийн өмнө бидний ярьсан яриан дотор нэг ноцтой зүйл байсан. Хэргийн газраас Содномдаржаа, Чимгээ, Амгаланбаатар нарын хурууны хээ олдоогүй гэж? Энэ маш том үгүйсгэл биш үү?

-Хурууны хээнээс өөр баримтаар нотлогддог хэрэг зөндөө л бий шүү дээ.

-Хүн алсан юм бол биен дээр нь үлдэхгүй юу?

-Гарын хээ ч бас хаа хамаагүй гэзэр үлдэхгүй л дээ. Та бид хоёрын өмсч байгаа хувцсан дээр жишээ нь гарын хээ үлдэх болов уу?

-Чимгээг хэрэг гардаг өдөр хөдөө гэртээ байсан гэж ээж нь ярилцлага өгсөн. Содномдаржаа тэр үед цэрэгт явчихсан байсан. Улаанбаатар хотод огт байгаагүй хоёр хүн энэ хэрэгт ялллагджээ гэж яриад байна. Чимгээ ер нь хэргээ хүлээсэн үү?

-Үгүй шүү дээ. Хэрэв та санаж байгаа бол ганцхан үг хэлснийг нь би танд харуулж байсан. “Нотлох баримт байгаа юм уу?” гэж. Үүнээс өөр нэг ч үг хэлээгүй. Ээж нь өнөөдөр “Тэр үед Дорноговь аймагт байсан” гэж ярьж байна. Энэ асуудлыг шалгасан. Тухайн үед хаана байсныг нь асуухаар одоо ярьж байгаа хүмүүс маань тодорхой зүйл хэлдэггүй байсан. Өмгөөлөгч нь туршлагатай сайн өмгөөлөгч байсан учраас үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд баримт цуглуулж яваад Чимгээгийн хүүхэд 1998 онд Дорноговь аймагт сургуульд сурч байсан тухай баримтыг гаргаж өгсөн. Одоо үүн дээр нь тулгуурлаад “Чимгээ тэр үед хүүхдээ харж байсан” гэж ярьж байгаа ч тухайн үед цуглуулсан баримт, мөрдөн байцаалтын явцад өөр үр дүн гардаг. Тэр үед Чимгээ хүүхдээ ээж дээрээ орхиод явчихсан байсан гэдэг гэрчүүдийн мэдүүлэг ч бий л дээ.

Содномдаржаа гэдэг хүн эхэн үедээ би цэргийн алба хааж байсан гэдэг. Шалгаад үзэхээр цэрэгт татагдсан бүртгэл, алба хаасан бүртгэл ч байхгүй. Ямар нэг бүртгэлд байхгүйгээр Содномдаржаа гэдэг хүн цэрэгт татагдчихсан байсан, сүүлд нь эрүүл мэндийн шалтгаанаар суллагдаад ирчихсэн гээд байдаг. БХЯ-ны архив болон бүх боломжтой газраас хайгаад тийм баримт олддоггүй. Сүүлд энэ нь үгүйсгэгдээд ирэхээр тэр хүн “Би хадланд явчихсан байсан” гэдэг. Нэг хүн хэдэн газар нэг зэрэг байдаг юм бэ? Нэг бол цэрэгт, нэг бол хадлан дээрээ л байна биз дээ. Хүн өөрийгөө өмгөлөхийн тулд юу ч ярьж болно.

-Нямдорж сайд бол яг ингэж хэлсэн. Тэгэхээр Ц.Нямдорж сайдад хүмүүс итгэж байна л даа. Яагаад гэвэл “энэ хоёр хүн хилс хэргээр ял хүлээсэн” гэж ярьсаар байгаад эрүүдэн шүүсэн бичлэгийг гаргаад ирлээ шүү дээ?

-Ц.Нямдорж сайд ярьсаар байгаад гаргаад ирсэн юм биш. Удаа дараа ийм гомдол гарсан учраас энэ хэргийг шалгаад, 2018 оны арванхоёрдугаар сард прокурорын байгуулллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд, хууль сахиулдаг байгууллага нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад гаргаж ирсэн юм л даа. Үүнийг Ц.Нямдорж сайд олоод ирсэн ч юм биш, мөрддөг байгууллага нь мөрдөөд гаргаж ирсэн юм. Хуулийн систем өөрийнхөө алдаа дутагдлыг засах гээд, “удаа дараа ийм гомдол гараад байна, шалгая” гээд шалгаад гаргаж ирсэн баримтыг өнөөдөр яагаад тэр хүнд хамааруулж байгаа юм.

-Уг нь бол Ц.Нямдорж сайд ирсэн бол “Та хаанаас энэ бичлэгийг авсан бэ” гээд асуумаар байна л даа...

-Харин тийм. Өөрөөс нь асуу л даа. “Би мөрдөн шалгах ажиллагаанд оролцож болдоггүй, хуулиараа хориотой” гэж ярьдаг хүн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр олсон нотлох баримтыг ил гаргаад яриад яваа шүү дээ.

-Ц.Нямдорж сайд “энэ хэрэг зохиомол хэрэг, ингэж хүн амины хэрэг илрүүлдэггүй юм” гэж байнга байр сууриа илэрхийлсээр ирсэн нь үнэн шүү дээ. Одоо тэгээд эрүүдэн шүүсэн баримт гараад ирэхээр хүмүүс энэ хүний үгэнд итгэх нь зүй ёсны биз дээ?

-Энэ хүн нэг үг хэлээд, түүнийг нь нотолсон баримтгүй зүйл ярихаар яагаад “зүй ёсны” болдог юм. Би нэг л зүйлийг хэлж байгаа. Эрүүдэн шүүсэн асуудал буруу. Эрүүдэн шүүсэнтэй холбоотой шалгалтыг хийгээд хэнээс хэн хүртэл явах юм, хэн хэнтэй холбоотой юм, тэр хариуцлагаа тооц. Гэхдээ үүнтэй холбоогүйгээр маш олон хүн энэ хэргийг гэрчлээд, гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан маш олон баримтуудаар энэ хэргийг нотолсон. Гэтэл хууль сахиулах байгууллагын ажилтнуудын нэг удаагийн алдаа завхрал, болхи ажиллагаагаар бүхий л хэргийг үгүйсгэж байгаа нь арай л дэндүү хөнгөн шийдвэр. Ингэж болохгүй. Хэрвээ энэ хэргийг зохиосон гэж байгаа бол хэрэгт авагдсан хоорондоо огт холбоо хамааралгүй тэр олон баримтуудыг хэн яаж зохиосон байх вэ? Үүнийг л би тэр “зохиосон” гээд байгаа хүнээс асуумаар байна.

-Нотлох баримт хангалтай авагдсан гэж та хэлсэн. Гэтэл яагаад энэ хүмүүсийг хэрэг хүлээлгэх гэж “эрүүдэх” болов? Үүнийг хаанаас, хэн зохион байгуулсан бэ?

-Үүнийг би хэлж мэдэхгүй. Шалгагдаж байгаа хэрэг шүү дээ.

-Та мэдэх ёстой шүү дээ?

-Би мэдэх ёстой хуулийнхаа хүрээнд шалгах ёстой зүйлээ шалгаад явсан. Яг ингэж зодож занчиж, хэрэгт холбогдолтой хүмүүсийг нэг өрөөнд оруулж, “хэргээ хүлээ” гэж шахаж дарамталсныг тухайн үеийнхээ хуулийн хязгаарлалтаас болоод мэдэж чадаагүй. “Үүний чи мэдэх ёстой байсан, мэдэж чадаагүй байна” гэвэл хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ би түрүүнд хэлсэн.

-Амгаланбаатарын нэг захидал өнөөдрөөс соошлаар тарж эхэлсэн. Захидалд “Би С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй. Энэ хэрэгт Бат-Үүл, Булган, Содномдаржаа, Чимгээ, Ганхуяг гэх хүмүүс огт хамаагүй. Миний бие 1998 оны аравдугаар сарын 2-нд 16 нас хүрч байсан. Тэр үед хүн алах нь байтугай маш аймхай хүүхэд байсан. Бат-үүл, Булган хоёрыг огт танихгүй, өмнө харж байгаагүй. Энэ хэрэгт буруутгагдаад байгаа хүмүүсийн асуудлыг шударгаар шийдэж тусална уу!” гэсэн байна. Энэ захидал танд ирсэн үү?

-Энэ бас л шинээр гарч ирж байгаа баримт, мэдээлэл байна.

-Та Амгаланбаатарын бичгйн хэвийг мэдэх үү?

-Сайн мэдэхгүй. Энэ хэрэгтэй холбоотой сонин сонин үйл явдал өрнөсөн баримтууд байдаг юм. Миний олж мэдсэнээр энэ хүн ялаа эдэлж байх хугацаандаа ажил хийе, ялынхаа хугацааг хурдан дуусгая гээд явж байсан. Гэтэл хорих ангид орох бололцоотой хүмүүс тэр хүн дээр учир битүүлэг байдлаар орж уулзсан байдаг. Үүний дараа Амгаланбаатар гэнэт хүсэлт гаргаж өмгөөлөгчтэй уулзсан. Энэ үйл явдлын дараа энэ өргөдлийг өөрөө бичиж өгчээ.

-Хэдэн оны хэдэн сард?

-Би цааших үйл явдлыг хариуцаагүй учраас үүнтэй холбоотой мөрдөн байцаах ажиллагааны талаар илүү тодорхой мэдээлэл өгч чадахгүй байна л даа. Гэхдээ юу ойлгогдож байна гэхээр ерөөсөө энэ хэргийг шалгах ажиллагааг цааш нь явуулахгүй байх сонихол үнэхээр байна уу? Яагаад энэ хүн дээр ямар шалтгаантай нь мэдэгдэхгүй хүмүүс нууцаар орж уулзав, тэр хүмүүсийн зорилго юу байв?

-Ямар хүмүүс уулзсан юм?

-Тэр ч гэсэн бас мөрдөн шалгах ажиллагааны нууц шүү дээ. Уулзаад юу ярьсан, Амгаланбаатарын бодол санааг ямар аргаар өөрчилсөн, Амгаланбаатар гэдэг хүн яагаад ийм бичих болов гэдгийг одоо шалгаад явж байгаа. Хэрэг дуусаагүй байгаа шүү дээ, захиалагчийг илрүүлэх ажиллагаа үргэлжлээд явж байсан. Тэгэхэд хөндлөнгийн хүмүүс орж ирээд энэ хүн хэлсэн ярьсан зүйлээсээ буцах нөхцөл байдал үүссэн.

-Энэ захидалд нэр дурьдагсан хүмүүсийг бид танина. Харин Ганхуяг гэж хэн бэ?

-Энэ хэрэгт мөн холбогдож, шалгагдаж байгаад нотлох баримт цуглаагүй учраас хэрэгсэхгүй болсон хүн байх шиг байна.

-Э.Бат-Үүл энэ хэрэгт хэдэн удаа шалгагдсан бэ?

-Намайг хэрэгт хяналт тавьж байх хугацаанд нэг удаа шалгагдсан.

-Э.Бат-Үүлийн малгайтай холбоотой нэг асуудал байдаг. Үнэхээр тэр малгай хэргийн газраас олдсон юм уу?

-Хэргийн газар дээр маш олон хүн орж гарсан. 70 гаруй хүн орж, гарсан тухай өнөөдөр бүгд ярьдаг. Энэ хүмүүс дотор Э.Бат-Үүл гэдэг хүн байсан. Хэргийн газрын үзлэг хийж эхэлснээс дуусах хүртэл энэ хүмүүс орж, гарсан. Дараа нь энэ малгай хэргийн газраас олдоод хураагдсан байдаг. Малгайны эзэн Э.Бат-Үүл гэж сүүлд тогтоогдсон. Гэхдээ энэ малгай хэзээ энд орхигдсон бэ? Энэ хүмүүс орж гарсны дараа малгай үлдсэн үү, тэрнээс өмнө байсан уу? гэдгийг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн юм байна лээ.

-Шүүх хурал болсон. Содномдаржаа, Чимгээ, Амгаланбаатар гэдэг хүмүүс одоо ялаа эдэлж байгаа. Харин Булганыг яагаад гэрчээр оруулаагүй юм бэ? Яах аргагүй Зориг агсныг алагдахад хажууд нь байсан гэрч. Энэ хүнийг яагаад гэрчээр ороогүй вэ гэдэг л эргэлзээ үүсгээд байгаа юм биш үү?

-Булган гэдэг хүнийг бид санаандаа гэрч л гэж хадаж байсан. Энэ хүн гэрчилдэг. Гэхдээ их сонин сонин байдлаар гэрчилнэ шүү. Анх “гурван багтай хүн орж ирсэн, царайг нь хараагүй” гэдэг. Сүүлд “00-ийн өрөөний хаалганы завсраар эмэгтэйгийнх нь царайг харсан” гэдэг. Дараа нь энэ хүмүүсийн царайг харсан болж хувирдаг.

Бид мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад баримтууд цуглуулж эхэлсэн. Энэ хүмүүс үйлдсэн юм байна гэдэг итгэл үнэмшил, түүнийг нь батлах нотлох баримтуудтай болсон. Ингээд нөгөө хүнээсээ “Энэ хүмүүс мөн үү?” гэхээр “Бишээ” гэдэг. Ингэхээр энэ хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч, хяналт тавьж байгаа прокурор, тэдний дотор надад ч “Энэ хүн гэрчлэхгүй юм байна, энэ хүн өөр сонирхолтой байна” гэдэг итгэл үнэмшил төрсөн. Тиймээс мөрдөн байцаагч маань санал тавиад, “энэ хүн чинь энэ хэрэгт хамсаатан юм биш үү, хамжигч юм уу, эсвэл хэргийг мэдсэн хэрнээ мэдээлэхгүй байгаа үл гэрчлэгч үү?” гэдэг сэжиг таамаг төрөөд яллагдагчаар татсан. Яллагдагчаар татаад шалгасан ч хамтран оролцсон гэдэг хангалттай нотлох баримт олдоогүй учраас хэрэгсэхгүй болгосон.

Ингээд хэрэгсэхгүй болгосон чинь процессийн хувьд нэг ноцтой байдал үүссэн. Шүүх хуралд зөвхөн хэргийн оролцогч нар л оролцдог. Гэрч, хохирогч, яллагдагч буюу шүүгдэгч. Гэтэл Булган гэдэг хүн хэн бэ? Яллагдагч биш, гэрч биш, хохирогч биш.

-Тэгээд энэ хүн хэрэгтэй ямар ч хамаралгүй болсон уу?

-Яалаа гэж. Хэргийг тусгаарласны дараа захиалагчийг шалгах хэрэг дээр шинэ нотлох баримтаар энэ хүнийг яллагдагчаар татаад явж байгаа шүү дээ.

-Одоо ч гэсэн шалгаж байгаа юу?

-Тийм. Бид яагаад бүх юмыг ийм амархан мартчихдаг юм бэ. Жил гаруйхны өмнө л “Булганыг яллагдагчаар татлаа” гээд бөөн дуулиан болоод, баахан сэтгүүлч дагаад, ТЕГ-ын үүднээс мэдээлж байсан биз дээ. 2017 онд “Зориг агсны хэргийг нууцаас гаргалаа” гээд бөөн дуулиан болж байсан. Дахиад жилийн дараа “Энэ хэрэг нууц хэвээрээ байна, нууцаас гаргалаа” гэхээр “Одоо л нууцаас гаргаж байгаа юм уу” гээд сууж байдаг. Бидний ой санамж бас асуудалтай байна л даа.

-Бас нэг ноцтой гэхээр мэдээлэл бий. Хэний нь өмгөөлөгч гэдгийг мэдэхгүй байна. Бодвол Чимгээ, Содномдаржаа хоёрын нэгнийх нь байх. Өмгөөлөгчийн хүүхдийг хар тамхины хэрэгт холбогдуулж өмгөөлөгчийг сүрдүүлж байгаад ял өгсөн гэх?

-Энэ хэрэгт холбогдуулж болох үйл явдал болгоныг холбогдуулах гэж үзэж байна л даа. Зам тээврийн осол болсон ч зохион байгуулсан гэдэг. Содномдаржаа нэг хүнтэй зодоон цохион хийгээд тэр нь шалгагдаж байгаад хугацаа нь дуусаад хэрэгсэхгүй болгосон байхад ч “Содномдаржааг хэрэгт татах гээд гүйцэтгэх ажил зохион байгуулсан байна” гэдэг. Үүнтэй адил нэг хүнийг мансууруулах бодис хэрэглэсэн асуудлаар шалгаад, тэр нь өмгөөлөгчийн хүү байсан нь сүүлд илрэнгүүт “өмгөөлөгчийг дарамтлах зорилгоор зохион байгуулсан” гэдэг. Энэ хорвоо дээр болсон хэрэг болгоныг “энэ хэргийг үүрүүлэхийн тулд” гэж ярьдаг. Өмгөөлөгчийн хүүг шалгасан нь цагдаагийн байгууллага. Цагдаагийн байгууллагад тагнуулын байгууллага үүрэг өгөөгүй л байлтай. Цагдаагийн байгууллага хар тамхиныхаа хэргийг л шалгасан байлгүй дээ.

-Гэхдээ одоо ингэж ойлгохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Жилийн өмнө би тантай ярилцаад “За үнэхээр энэ хэрэг илэрчихжээ” л гэдэг итгэл үнэмшилтэй гарч байсан. Гэтэл жилийн дараа эрүүдэн шүүсэн нь үнэн байна аа гэдэг баримт гараад ирлээ. Одоо тэгэхээр итгэх итгэл юу байна?

-Яагаад энэ хэргийн нотлох баримтуудыг үнэлэхгүй байгаа юм. Яагаад хардаж сэрдэж болох бүхнийг үнэнд тооцоод, энэ хүмүүс хэрэг үйлдсэн байна гэдэг нотлох баримтыг үнэлэхгүй байгаа юм.

-Танд тэгвэл надад үзүүлэх нотлох баримт байна уу?

-Би чинь одоо жирийн иргэн шүү дээ. Тийм учраас хавтаст хэрэг сугавчилж ирсэнгүй. Ер нь бол энэ хэргийн материал ил болчихсон. Хүсвэл хэн ч очоод, хүсэлтээ гаргаад эрүүгийн хэргийн архиваас нь үзэж болно. Ингэвэл энэ хэрэг ямар баримтаар нотлогдсон бэ, гэдэг нь гараад ирнэ.

Тэр өмгөөлөгчийг дарамтлахаар Чимгээд үзүүлэх хууль зүйн туслалцаа өөрчлөгдөх юм уу? Өмгөөлөгчийн хүүхдийг хэрэгт холбогдуулсан гээд байгаа үйл явдал чинь цаг хугацааны хувьд Чимгээг өмгөөлж байхад буюу мөрдөн байцаах шатанд болсон уу? Үгүй шүү дээ. Энэ хэрэг шүүхээр шийдэгдээд дуусч байх үед болсон үйл явдал.

-Чимгээгийн охин ослоор нас барсан үйл явдал бол яалт ч үгүй хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад болсон. Хэргийг зохион байгуулчихаад Чимгээд сэтгэл санааны дарамт үзүүлэх зорилгоор охиных нь амь насанд хүрсэн юм биш биз? гэдэг хардлага байна л даа?

-Үүнийг ч гэсэн шалгаж болно шүү дээ. Тухайн үед зам тээврийн ослыг шалгасан байгууллагаас нь очоод асуу. Зүв зүгээр зам дээр давхиж яваад, өөрсдөө ямар нэг буруу үйлдэл хийгээгүй байхад, машинд нь гэнэтийн техникийн шалтгаан үүсээд онхолдсон байх, үүнийг нь хэн нэгэн зохион байгуулсан байж болзошгүй гэж үзэж байвал шалгасан байгууллагаас нь асуусан нь дээр.

-Энэ хэрэг бүхэлдээ зохиомол гээд бодъё, хоёулаа. Тэгвэл хэн зохиосон байх вэ?

-Мэдэхгүй ээ. Энэ хэрэгт хоорондоо хамааралтгүй өөр өөр байгууллагуудын хийсэн ажил, цаг хугацааны хувьд нэг хүн зохион байгуулсан байх боломжгүй үйл баримтууд авагдсан байгаа шүү дээ.

-Тагнуулын дарга, УЕП-т хэн үүрэг өгч чадах вэ? Шүүгч нарт бас хэн үүрэг өгч чадах вэ?

-Би хэлж мэдэхгүй байна. Монгол Улсад тийм боломж бий юм уу?

-Тагнуулын байгууллагын даргыг хэн удирддаг вэ?

-Ажил үүргийнхээ хувьд Ерөнхий сайдад харьяалагдаж, томилогддог албан тушаалтан шүү дээ.

-Прокурорыг?

-Прокурорыг УИХ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж томилдог.

-Шүүхийг?

-Шүүгчийг Ерөнхийлөгч томилдог.

-Энэ хүмүүсийг бүгдийг бүгдийг нь нэгтгэж, зохион байгуулж чадах албан тушаалтан Монголд байна уу?

-Би бол байна гэж харахгүй байна. Жишээлбэл, Амгаланбаатар гэдэг хүнийг Ерөнхийлөгч уучилсан гэдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тэгж ярьж эхэлж байна. Гэтэл Амгаланбаатар гэдэг хүний хэргийг 2010 оны арванхоёрдугаар 10-ны өдөр УДШ-ээс хяналтын журмаар хэлэлцээд, анхан шатны шүүхээс оноосон цаазаар авах ялыг нь 25 жилийн хорих ял болгож өөрчилсөн байдаг.

-Манайх цаазын ялгүй болсон учраас уу?

-Түүнээс өмнө. УДШ өөрөө шийдвэрээ гаргасан байдаг юм. Таамаглаж ярихдаа бол, энэ хэргийг зохиохын тулд 2010 онд Амгаланбаатар гэдэг хүний цаазын ялыг тэр үеийн Ерөнхийлөгч уучилсан юм шиг яриад байдаг.

-Хэрэг зохиовол тэгж л зохиох байх?

-Баримт нь болохоор УДШ-ээс шийдвэр гарсан байдаг. Тэгвэл, 2010 оны УДШ-ийн шүүгч нарыг тэр үеийн Ерөнхийлөгч томилсон юм уу? Үгүй л байхгүй юу. Тийм байдлаар олон зүйлийг энэ хэрэгтэй холбож, таамаглаж ярьдаг. Түүнийгээ нотолсон баримт нь байхгүй байхад сэжиг таамгаа үнэн мэтээр яриад, түүнд нь хүмүүс итгэж үнэмшээд байдаг нь сонин шүү.

-Булган энэ гурван хүнийг гэрчлээгүй юм уу?

-Мөн байна гэж заагаагүй.

-Чимгээ ч хэргээ хүлээгээгүй?

-Хүлээгээгүй.

-Хэрвээ та хяналт тавьж байсан прокурорын хувьд алдаа гаргаад энэ гурван хүнийг хилсээр шийтгэгдчихсэн байвал яана. Тэгж бодож үзсэн үү?

-Үзсээн, олон удаа.

-Тэгээд?

-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ хэргийг шалгаж байгаа хүмүүс зохиомлоор хэрэг хүлээлгэх нь хэнд ямар ашигтай вэ? гээд бодоод үзье л дээ. Надад жишээ нь ямар ашигтай, шалгаж байгаа хүмүүст ямар ашигтай байх вэ? Энэ хэрэг тийм амархан ч шийдэгдэх хэрэг биш гэдэг нь харваас тодорхой байсан. Энэ хэргийг шалгаж байх явцад тэр тагнуул, цагдаагийн байгууллагад байнга хяналт тавьдаг, ажил үүргийн хувьд огт хамааралгүй прокурорын байгууллага яагаад тэдэнд итгэж, хөтлөгдөж явна гэж. За, яах вэ, Эрдэнэбат гэдэг хүнийг хасчихья л даа. Эрдэнэбат гэдэг хүн хэрэг зохиолцсон юм байж: Тэгвэл надаас огт хамааралгүй, Ерөнхий прокурорынхоо удирдлагад ажилладаг хяналтын прокурорууд энэ хэргийн мөрдөн шалгалтад байнга хяналт тавьж байсан шүү дээ.

-Хянаж байсан, шалгаж байсан л гэнэ. Эрүүдэн шүүснийг мэдээгүй л өнгөрсөн байна шүү дээ?

-Эрүүдэн шүүсэн дээр бол үнэхээр зовлонтой нөхцөл байдал үүсээд байгаа. Хуулийн зохицуулалт нь прокурорын оролцох хэмжээ хязгаарыг заагаад өгчихсөн.

-Тэгвэл прокурорт мэдэгдэлгүйгээр ямар нэг үйл ажиллагаа явуулж болох нь ээ. Хуулиараа, тийм үү?

-Прокурорт мэдэгдэлгүйгээр гүйцэтгэх ажил явуулж болно. Тодорхой арга хэмжээнүүдийг прокурорт танилцуулахгүй ч байж болдог.

-Энэ хэрэг илэрвэл хэнд ашигтай, илрэхгүй байвал хэнд ашигтай юм?

-Хэргийг захиалсан, зохион байгуулсан хүмүүст бол мэдээж илрэхгүй байх нь ашигтай.

-Нэг маргаантай асуудал байдаг. Захиалагчийг нь илрүүлээгүй байж гүйцэтгэгчийг шоронд хийсэн нь буруу. Хэзээ ийм зүйл энэ дэлхий дээр байсан юм бэ? гэж...

-Эрүүгийн процессийн хувьд, хууль зүйн талаасаа “ингэдэг ёстой, ёсгүй” гэдэг байр суурь бол маргаантай. Энэ дэлхий дээр нарийн зохион байгуулалттай, захиалагчтай хэргийг тэр болгон бүх хүмүүсийг нь олж тогтоогоод, бүрнээр нь шийдэж чаддаггүй л дээ. Манай байцаан шийтгэх хуулийн өөрийнх нь хэмжээ хязгаар бас бий. Хэргийн холбогдогч нарыг цагдан хорих нь хугацаатай. Хэргийг мөрдөж шалгахад цаг хугацааны хязгаартай. Хэргийн гүйцэтгэгч нарыг тогтоочихоод “захиалагчийг нь олно” гээд бариад суугаад байх гэхээр цаг хугацааны хязгаарт тулдаг учраас захиалагчийн хэргийг тусгаарласан. Ийм практик байдаг. Хамгийн ойрын жишээ бас байна аа. ОХУ-д гарсан алдартай улстөрч Борис Немцовын хэргийн гүйцтэгэгч нарыг шүүхээр шийдвэрлэсэн. Өнөөдөр ч гэсэн захиалагчийг нь шалгаад явж байна шүү дээ. Тэгэхээр үүнийг урьд хожид байгаагүй, хорвоод дэлхийд байдаггүй зүйл шиг ярих нь учир дутагдалтай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • хахахах (192.82.66.101)
    утгагүй тэнэг
    2019 оны 07 сарын 24 | Хариулах
  • Erka (119.40.98.162)
    Мөнхбаясгалан чухал царай гаргачихаад агаарын юм их асуухын хэн асуултыг нь бэлдэж өгдөг юм болдоо чааваасдаа. Ярилцлага нь ямар ач холбогдолтой юу болж таарваа Нямдоржид хулхидуулчихлаа.
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    Энэ хэргийг захиалагчийн зангаагаар эрх мэдэлд хүрсэн хархууд л замхруулаад байгаа юм байна доо. Одоогийн эрх барьж байгаа хүчнийг үгүй болсо цагт л захиалагч нь илэрч мэдэх юм.
    2019 оны 04 сарын 14 | Хариулах
  • Нялга (66.181.187.119)
    Энэ халзан өвгөн золиос болжээ. Эрүүгийнхнийг тэжээнэ Хөөрхөн хөгшин баньд болоод шоронд өмхийрөөд дуусна даа Жан наар хоёртоо жаргалтай байж дээ Өөр яахав
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.91.119.94)
    иймэрхүү хүмүүс прокурор хийж байхад шупарга ёс гэж байхгүй юм байна.
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 7 цаг 12 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 7 цаг 17 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 9 цаг 0 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 9 цаг 14 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 10 цаг 19 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 11 цаг 6 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 11 цаг 24 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 13 цаг 29 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 15 цаг 13 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 15 цаг 40 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 18 цаг 22 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 18 цаг 33 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 18 цаг 49 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 19 цаг 1 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 19 цаг 7 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 19 цаг 13 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 19 цаг 17 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Уржигдар 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Уржигдар 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Уржигдар 13 цаг 29 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top