x

Ш.Раднаасэд гишүүн Ерөнхий шүүгчийн томилгоог яаравчлахыг Ерөнхийлөгчөөс хүслээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан өндөрлөлөө. Чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцэж, чуулганд оролцсон гишүүдийн 94.6 хувийн саналаар Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилохыг дэмжлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэллээ.

Б.Бат-Эрдэнэ:

-Огт бизнес хийгээгүй насаараа төрийн албанд ажилласан хүмүүс орлогоо тайлбарлаж чаддаггүй. Таны гэр хаана вэ. Хөрөнгө орлогын мэдээллээ танилцуулаач.

Нэр дэвшигч Б.Жаргалсайхан:

-Нийгэмд гарч байгаа олон хэргүүдийн шийдвэрлэлтээс хамаарч олон нийт шүүхийн байгууллагыг дүгнэдэг. Би  ганц гурван өрөө байртай. Энэ байрандаа 10 гаруй жил амьдарч байна.

Ц.Гарамжав:

-Ямар ч албан тушаалыг бид итгээд дэмжиж болно. Ажлын үр дүн, үүрэг нь хамгийн чухал. Хууль шүүхийн байгууллагад Үндсэн хууль зөрчсөн асуудал хавтгайрсныг бид бүгдээрээ харсан. Өнгөрсөн 30 жил бий болсон бүлэглэлтэй та яаж тэмцэх вэ. Хууль шүүхийн байгууллагын үйл ажиллаагааг олон нийтэд яаж ил болох  вэ. Улс орныхоо эрх ашгаас урвасан гэрээнүүд  олон хийгдсэн.  Энэ бүхэнд хариуцлага тооцохгүй бол дахин ийм байдал бий болохыг үгүйсгэхгүй. Сүүлийн үед хүний нэр хүндэд халдах явдал хамгийн их гарч байна. Гэтэл үүнийг хэрэгсэхгүй болгочихдог. Ийм захиалгатай гэмт хэргүүдэд Прокурорын байгууллага анхаарал хандуулах цаг болсон.

Б.Жаргалсайхан:

-Тийм ээ. Хүний нэр хүндэд халдах, гүтгэх явдал их гарч байгаа нь үнэн. Цаашид ч өсөх хандлагатай байна. Зөрчлийн хуулиар зохицуулдаг. Хуулийн байгууллагын бүтцийн тухайд гэвэл би зөвхөн Прокурорын байгууллагын бүтцийн асуудлыг ярих боломжтой. Бүтцийн асуудлыг судалж үзнэ. Нийгэм бүхий л  талын хариуцлагыг нэхэж байна. Прокурорын байгууллагын дэргэд өмнө нь мөрдөн байцаах алба гэж байсан. Үүнийг дахин сэргээх эсэх эрх нь та бүхэнд бий. Харьяа чиглэлийн тухайд  прокурорын байгууллагын дэргэд мөрдөн байцаах алба байх нь зөв.

Х.Болорчулуун:

-Хуулийн байгууллагын шинэчлэлээ явагдаж байна. Энэ чиглэл Улсын Ерөнхий прокурорыг өөрчлөхөөс эхэлж байна. Албан тушаалтныг нэгийг нөгөөгөөр солих тухай асуудал биш шүү. Хэргийг шийдвэрлэх, хэтрүүлэх гээд бүхий л эрх нь зөвхөн Улсын Ерөнхий прокурорт бий. Таныг Л.Энх-Амгалан прокуророос илүү ажиллана гэж энэ албан тушаалд томилж байгаа. сайн ажиллах байх гэсэн хүлээлт  ч нийгэмд бий. Иргэний эр зориг гаргах шийдвэрүүд таныг цаашид хүлээж байгаа байх. Нийгэмд шударга бус явдал алдагдсан. Хоёр үхэр хулгайлсан хүн шоронд ордог бол 200 үхэр хулгайлсан хүн өнөөдөр ял хүлээдэггүй ийм л шударга бус байдал гарч байгаа.  Эдийн засагтай холбоотой том том гэрээнүүдэд хэний ч нөлөөнд автахгүй шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Хуулиа барьж ажиллаарай. Хэний ч хараат бус бие даасан шийдвэр гаргана гэсэн зарчмаа барьж ажиллахыг хүсье. 

Л.Мөнхбаатар:

-Прокурорын байгууллагыг улстөржсөн гэдэг яриа байдаг байсан. Үүнийг засах үүднээс прокурорын тухай хуульд хуульчийн мэргэжлээр  10-аас дээш жил ажилласан  байх мөн насыг нь тодорхой зааж өгсөн. Хуулиудын хэрэгжилтийн талаар мөн Монгол Улсын эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсмоор байна. Энэ мэдээллийг УИХ-аар даруй оруулж  ирээрэй.  Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах гээд бүхий л шатанд Прокурор хяналт тавьдаг. Ялтанд шаардлагатай арга хэмжээ авах нь Прокурорын үүрэг. Хууль зөрчихгүй, хүний эрхийг зөрчихгүйгээр прокурор ажиллах ёстой. Прокурорыг яллах үүрэгтэй гэж ойлгодог тал бий. Прокурорын ажилтнуудын  ёс зүйтэй холбоотой асуудал их яригддаг. Дэргэдээ ёс зүйн зөвлөл гэж ажилладаг ч хангалтгүй. Хэрэв энэ зөвлөл сайн ажилладаг байсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байх байсан.

Б.Пүрэвдорж:

-Хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн цалин өндөр байж шударга ёс тогтноно гэж би хардаг. 2016 онд  Төсвийн тухай хуулийг хэлэлцэхэд  би прокурорын албан хаагчдыг цалинг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэсэн.  Прокурорууд бараг 3 сая орчим төгрөгийн цалинтай болсон. Та хэдэн төгрөгийн цалин авч байв. Прокуроруудыг шударга  ажиллаасай гэж ард түмний татвараас  тэдэнд өндөр цалин  өгч байхад шударга бус ажиллаж Прокурорын байгууллагын нэр хүндийг унагаадаг асуудал бий. Шударга ёсыг бий болгохын төлөө таныг ажиллана гэж бодож байна.

Б.Жаргалсайхан:

-2016 оноос Прокурорын цалин бага байсан. Цалин бага байснаас үүдэж олон ч Прокурорууд  ажлаасаа гарч хүний нөөцийн тогтворгүй асуудал үүссэн. Харин 2016 оноос хойш Прокурорын цалинг нэмснээр тогтвортой байдал бий болсон. 2016 оноос өмнө миний  үндсэн цалин  нэмэгдэлгүйгээр 880 мянган  төгрөгийн цалин байсан бол  2016 оноос хойш нэмэгдэлгүйгээр үндсэн цалин 1 сая 700 мянган төгрөг болсон.

Ц.Нямдорж:

-Гайгүй шударга ажиллах  болов уу гэж танд  бага зэрэг найдаж байна. Томилогдсоныхоо дараа өөр хүн болчихдог шүү. Хууль хяналтын байгууллагыг улс төрийн зодуурын хэрэгсэл бүү болгоосой гэж танаас хүсч байна.

Ж.Мөнхбат:

-Сүүлийн 10 гаруй жил бий болсон шударга бус байдал улс төрийн нөлөөллөөс эхлэлтэй. Анх удаа салбартаа 30 жил ажилласан хүн томилогдож байгаа учраас хариуцлагатай ажиллана гэж бодож байна. Прокурорын байгууллагыг улс төрөөс ангид байлгах ажлыг та хийх хэрэгтэй. Улстөрийн нөлөөгөөр хууль шүүхийн байгууллага хөдөлснөөр ямар сөрөг үр дагаварт хүргэдгийг бид сүүлийн 10 жил харлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Нэр дэвшигчид амжилт хүсье.1988 оноос хойш салбартаа идэвхтэй ажиллажээ. Монголчууд их цөөхөн. Тийм болохоор нууц зүйл маш бага. Сүүлийн үед цахим мэдээллээс харахад таны талаар сөрөг мэдээлэл гарахгүй байна. Тэгэхээр цагаан мөртэй ажилласан юм уу даа гэж харж байна. салбартаа олон жил ажилласны хувьд танаас эр зориг  шаардагдана. Та том том хэргүүд дээр ажиллана. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээ, С.Зориг агсныг хөнөөсөн гэх мэт том хэргүүдэд ажиллахад ихээхэн эр зориг гарна. Хамт ажилладаг байсан хүмүүс тань утасдах байх. Та Монгол төрийн сүлднийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч,шударга ажиллаарай. Иргэдийн хууль шүүхийн байгууллагад итгэх итгэлийг та авчраасай. Таны ажилд амжилт хүсье. Маш их бэрхшээл дундуур явах байх, гэхдээ үүнийг хэн нэгэн өөрчлөх ёстой.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Энэ албан тушаалын нэр хүнд маш чухал. Өнөөдөр Монгол төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлддэг, үүсээд байгаа түвэгтэй асуудлуудад хяналт тавьдаг эрх дархтай байгууллагын удирдлагаар та  очих гэж байна. Өнөөдөр эрүүдэн шүүх ажиллагаанд хяналт тавих гол үүрэг нь прокурорын байгууллага.  Өнөөдөр асуудал их гарч байгаа нь прокурорын байгууллагын алдаатай холбоотой. Та ажиллаа сайн хийхгүй л бол дараа нь цагдаа, тагнуул, прокурорын байгууллага руу хариуцлагаа чихдэг шүү. Үүний тод жишээ Ц.Нямдорж, энэ хүн хууль зүйн салбарт 20 гаруй жил ажилласан атлаа өнөөдөр гэнэт ухаан орж байгаа мэт ярьж эрүү шүүлтийг илрүүлж байгаа баатар болж тоглож байна.  Хууль зүйн салбарыг эрүү шүүлтийн талбар болгосон хүн нь шүү дээ.  Энэ нөхрийн цаад санаа нь юу юм, үүнд прокурорын байгууллага хяналт тавих ёстой. өнөөдөр эрүүдэн  шүүлтэд өртсөн олон хүн бий. Тэдний нэгээс нь ч уучлалт гуйсангүй.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

-“Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” гэдэг.Төрийн хариуцлагатай албанд очихдоо яагаад заавал тангараг өргөдөг нь учиртай. 2016 оны долдугаар сарын 12-ны 12.45 цагт УИХ-ын энэ гишүүд тангараг өргөсөн байдаг юм. Тэр цагаас хойш өргөсөн тангаргаа тэд мартсан. Уг нь бол тангараг гэдэг нь эр, эм аль нь ч бай цээжинд нь гал мэт асч, зүрхэндээ хадаж авч явахыг хэлдэг. Тангаргаасаа няцсан хүмүүст хандаж хэлмээр байна. Та нарт зориулсан тангараг хэлж өгье.Улстөрчид нь хувийн байгууллагынхаа эрх ашгийн төлөө зээл хууль, төсөл төлөвлөгөө авч зөвхөн хувийн байгууллагынхаа болон эхнэр, хүүхдээ баяжуулахын төлөө үнэнчээр зүтгэхээ тангараглая гэдэг шинэ тангарагтай болмоор байна. Харин томилогдож байгаа хүмүүс нь намайг томилсон даргынхаа төлөө үхэн үхтлээ зүтгэнэ гэдэг тангарагтай болмоор байна. Энэ бол өнөөдрийн нийгмийн үнэн бодит байдал. Манай даргыг муулах юм бол цагдан хорино гэдэг. Улсаа хөгжүүлнэ гэж худлаа ярихаа одоо болих хэрэгтэй. Нам дотроо бүлгэм, бүлгэм дотроо жигүүрээ хөгжүүлнэ гэдэг  тангарагтай болчихмоор юм. Нэг удаа хэлээд л түүнийгээ мартахыг тангараг гэдэггүй юм. Б.Жаргалсайхан прокурор  та хэн нэгний өс хонзонг авах, бусдын нөлөөлөлд битгий автаасай гэж хүсч байна. Прокурорын тангарагт "Гаднын нөлөөнд үл автах" гэж маш чухал, өгүүлбэр байна. Та тангаргаасаа битгий няцаарай.

Я.Санжмятав:

-Хууль хяналтын байгууллагын нэр хүнд унасан цаг үед та ажиллах гэж байна. мэргэжлийн сайн баг бүрдүүлж, хариуцлагатай ажиллаарай. Өнөөдөр удирдлагууд нь солигдож байгаа ч гэсэн 95 хувь нь шударга, үнэний төлөө ажиллаж байгаа олон прокурорууд бий, тэднийхээ хүчийг ашиглаж ажиллахыг хүсье.

Ш.Раднаасэд:

-Ерөнхий прокурор ингээд томилогдох байх. Одоо ерөнхий шүүгчийнхээ асуудлыг УИХ-д хурдан оруулж ирээч. Яг үүн шигээ ерөнхий шүүгчийг даруй оруулж ирмээр байна. Ирэх долоо хоногт оруулж ирж, шийдмээр байна. Байнгын хороо одоо байнга хэрэг, албан тушаал, эрүүдэн шүүсэн, тамласан гэсэн асуудал л ярьдаг боллоо гэв.

УИХ-ын гишүүдийг үг хэлж дууссаны дараа нэр дэвшигчийг УИХ-ын прокурорт томилох асуудлаар санал хураалт явуулж, гишүүдийн олонхи дэмжсэнээр УИХ-ын үдээс хойшхи чуулган өндөрлөлөө. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 5 цаг 16 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 5 цаг 24 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 5 цаг 34 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 40 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 44 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 48 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 42 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 8 цаг 15 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 44 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 49 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 52 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 56 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 10 цаг 1 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 10 цаг 10 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 10 цаг 32 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 11 цаг 3 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 11 цаг 25 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 11 цаг 31 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 46 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 57 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top