x

Популизмын өрөг дээрх шинэ бэрс

Тэр бэрс гарах нь гарсан. Гэхдээ бэрс шиг байж чадахгүй байгаад хамаг учир байна. Зангараг нь дутаж байгаа гэсэн үг. Тэрбээр УИХ-ын дарга болоод 46 дахь хоног дээрээ анхныхаа чуулганыг нээж үг хэлэв. Хэлсэн үгэнд нь шударга ёс, хуулийн засаглал, ард түмний хүсэмжлэл гэсэн нэр томьёо байсхийгээд цухалзах аж. Ийм үгсийг индэр дээрээс чанга дуугаар итгэл төгс хэлэхэд сайхан сонсогддог л доо. Гэхдээ Г.Занданшатар даргын хувьд энэ дүр хэтэрхий хиймэл, хуурмаг харагдаад болдоггүй ээ. Худлаа юм худлаа л байдаг. Ажил хэрэгч, зарчимч байдал гэдэг хуурамч дүр эсгэхээс эрс өөр. Ам ажил хоёр нь зөрдөггүй, үг үйлдэл нь зөв байна гэдэг гоё үгсийн цуглуулга цээжилж уншихаас бүр өөр билээ.

УИХ-ын дарга хэлсэн үгнийхээ эхэнд намрын чуулганы хуралдаан олон хоног тасалдаж, хэлэлцэх асуудал, батлах ёстой хуулиуд хүлээгдэж байгаа гэдгийг онцолсон. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болсон үндсэн шалтгаан энэ мөн үү гэвэл мөн.

УИХ-ын үйл ажиллагааг гацаасан шалтгаан нь гэвэл харин эдүгээгийн УИХ-ын дарга өөрөө гар бие оролцон, магадгүй оройлон зүтгэсэн эрх мэдэл, албан тушаалын дахин хуваарилалтын төлөөх тэмцэл байсан гэдгийг олон нийт мартаагүй байгаа.

Монгол Улсын гурван хүний нэг нь ядуу амьдарч, ирэх жилүүдэд өрийн дарамт эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрэхээр байгаа тухай Г.Занданшатар даргын халаглал бол өөрийгөө толинд хараад цочирдсон хүний дуу алдалт юм. Тэрээр “1990 онд нийгмийн шилжилт хийж, тогтолцоогоо өөрчилснөөс хойш 28 жил өнгөрсний дараа эргэн харахад монголчууд бидэнд нэг зүйл улам тодорхой болж байна. Улстөрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй ажиллаж байснаас ядуурал, өрийн гүнзгий хямралд улс орон нэрвэгджээ” хэмээн нэмж халагласан.

Улс орны ядуурал, гүнзгий хямрал руу түлхсэн энэ 28 жилийн тэн хагасаас илүүд нь улс төрд идэвхтэй оролцож, УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, эрх баригч МАН-ын генсекээр ажиллаж явсан хүн гэнэт ийнхүү нүд нь нээгджээ гэхэд хэн ч итгэхгүй. Өөрийнхөө бүтээн босголцсон улс төрийн загвар, өөрөө гар бие оролцсон авлигын сүлжээ, албан тушаалын наймаа, өөрөө нэрмээс болсон ядуурал, хямралыг өнөөдөр тэрээр УИХ-ын даргын өндөр сэнтий дээрээс хараад цочирдон гайхширч, шогшрон гасалж байгаа нь инээдтэй. Тэрээр МАН хэмээх намын идэвхтэй гишүүн нь бөгөөд тус намын бий болгосон алдаа завхралын машины нэг эрэг шураг нь болсоор ирсэн билээ.

Парламентат ёсыг төлөвшүүлж, парламентын засаглалыг бэхжүүлэх талаар олон жил ярьж байгаа ч үр дүн бага, иргэдийн дунд УИХ-ын нэр хүнд сайнгүй байгааг нуух хэрэггүй гэж хэлэхдээ Г.Занданшатар дарга өөрөө ч энэхүү нэр хүндгүй парламентын нэг эд эс гэдгээ давхар хэлсэн бизээ. Тэрчлэн парламентын хяналтын чиг үүрэг нь орхигдсоноор хүний эрх, шударга ёс, хариуцлага ноёрхож байх учиртай хуулийн засаглал хямарч байгааг тэрээр хэлэв.

Өөрчлөлтийг өөрөөсөө гэдэгчлэн хямралын шалтгаан өөрт нь байгааг ч эрхэм спикерт сануулах нь зүй. Өнөөгийн УИХ, Засгийн газрыг ганхуулж буй ёс суртахуунгүй, хууль журамгүй бусармаг үйлдэл бол ЖДҮХС-гаас төрийн түшээд болон сайд нар тэрбум тэрбумаар нь зээл авч, жижиг дунд үйлдвэр эрхэлж буй жирийн иргэдийнхээ боломжийг булаан дээрэмдсэн явдал. Энэ хууль бус үйлдэлд өнөөгийн УИХ-ын дарга өөрөө нэр холбогдсон нь ам ажил хоёр нь алд дэлэм зөрж, шударга ёс, хуулийн засаглал гэдэг сайхан үг нь үсэрсэн шүлс төдий болоход хүрээд буй юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүд, зарим сайд, агентлагийн дарга нар эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан мэдээлэл олонд ил болсны дараа тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатарын хамаарал бүхий хоёр ч компани нийт гурван тэрбум орчим төгрөгийн зээл авсан гэдгийг хэвлэлүүд дэлгэсэн. Г.Занданшатартай хамаарал бүхий “Эмийн үйлдвэр” ХХК 1.2 тэрбум төгрөгийн зээлийг 2018 оны долдугаар сарын 03-нд авсан бол мөн түүний хамаарал бүхий “Асрал хайрхан” ХХК 1.7 тэрбум төгрөгийн зээлийг 2018 оны наймдугаар сарын 17-нд авчээ.

Г.Занданшатар энэхүү мэдээллийг үгүйсгэж өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд өөрийгөө гэм буруугүйг нотолж шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан тухайгаа мэдэгдсэн. Гэхдээ одоо болтол түүний энэ хүсэлтийнх нь хариу ирсэн дуулдаагүй л байна. Хэрвээ гэм буруугүй нь тогтоогдсон бол УИХ-ын дарга энэ талаараа өндөр дуугаар мэдэгдэл хийж нэр төрөө цэвэрлэж авах биз ээ.

Тэрээр УИХ-ын дарга болчхоод төрөлх нутаг Баянхонгортоо сүр бадруулан очихдоо ард түмэндээ сэтгэлээ зориулж чадахгүй байгаагаас төрийн нэр хүнд унаж, төрд итгэх иргэдийн итгэл алдарч байна хэмээн ширүүхэн мэдэгджээ. Баянхонгорын төвийнхнийг талх, нарийн боовоор хангадаг үйлдвэрээр орохдоо Г.Занданшатар дарга ЖДҮХС-гаас зээл авах гээд чадалгүй, арилжааны банкны өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэлээ өргөтгөн, жинхэнэ бор зүрхээрээ зүтгэж байгаа бизнесмэнийг хараад ЖДҮ-чин парламентынхнаасаа ичсэн болов уу.

Юутай ч “Ард түмний минь гар дулаан, сэтгэл дүүрэн байх ёстой. Үүний төлөө УИХ ажиллах болно” хэмээсэн алдарт үгээ Г.Занданшатар спикер Баянхонгорт явахдаа хэлсэн байдаг. Сайхан попорч байгаа юм шүү. Зүгээр л ажлаа яриад, бэрхшээл саад юу байгааг хэлэлцээд явахын оронд “Болор цом”-д уншмаар уран магтаал урсгаж явах ямар хэрэг байдаг ч юм.

Хамгийн хорлонтой нь ард түмэнд таалагдахын тулд сайхан ярих атлаа ажил үйлс нь олон нийтийн эрх ашгийн эсрэг байгааг хэлэх хэрэгтэй. Юуны өмнө өнөөгийн УИХ-ын дарга маань гадаадын хөрөнгө оруулагчдад нэн халгаатай, харшилтай хүн гэдгээ олон удаагийн давтан үйлдлээрээ харуулж буй.

Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Г.Занданшатар Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг идэвхийлэн санаачилж, 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр УИХ-аар батлуулсан. Улс орныхоо гадаад харилцаа, гадаад худалдаа, хамтын ажиллагааг хариуцдаг сайд нь ийнхүү гадаадын хөрөнгө оруулалтыг боомилох, хязгаарлах хууль санаачлан батлуулсан нь энэ. Улсынхаа эсрэг сайд гэхэд болохоор. Түүний батлуулсан энэ хууль гадаадын хөрөнгө оруулалтыг эрс бууруулсан. Эдийн засагт үзүүлсэн хор хохирол нь асар их байсан. Тиймээс уг хуулийг нь жилийн дараа хүчингүй болгосон билээ.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг дайсан мэт үзэх энэхүү эх оронч үзэл нь түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байх үед ч хурцаар илэрдэг байв. Хамгийн тод жишээ нь өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын 29-нд тэрбээр Тагнуул, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнийг дагуулан очиж Дундговь аймгийн Гурван сайхан суманд тусгай ажиллагаа явуулж, Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Жи Пи Эф"компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан билээ. Энэ үйл ажиллагаа нь гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг дохио болсон. Харин Г.Занданшатар дарга “Салхитын мөнгөний орд бол хувийн өмч биш. Монгол Улсын Үндсэн хуульд газар, газрын хэвлийн баялаг бол ард түмний өмч хэмээн заасан. Газрын хэвлийн баялгийг ашиглаж буй аж ахуйн нэгж хууль зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг цуцлах хуулийн 11 үндэслэл бий. Энэ дагуу 930 сая гаруй төгрөгийн татварыг нуун дарагдуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас, шаардлага хүргүүлэхээс эхлээд бүх арга хэмжээг хуулийн дагуу явуулсан. Гэвч зөрчлөө арилгаагүй тул тусгай ажиллагаа явуулсан юм” гэж мэдэгдэж байв. Салхит руу дайрсан тусгай ажиллагаа нь эдүгээ “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмээр үргэлжилж, түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсон Л.Оюун-Эрдэнэ дүү нь дайран эзэлж, дайчлан баривчлах, хувийн эд хөрөнгийг хураах, нийгэмчлэх тэргүүтэн коммунист дэглэмийн үеийн хүчирхийллийн арга хэрэгслүүдийг чадамгай хэрэгжүүлж байгаа. Цаашид 400 гаруй компанийн тусгай зөвшөөрлийг улсад хураан авна гэж мэдэгдсэн. Популизм гэгч ийм халдвартай, хурц шинжтэй, аюултай өвчин гэдгийг Г.Занданшатар өөрийн биеэр, үг үйлдлээрээ үзүүлж буй.

Ард түмний хүсэмжлэл, шударга ёс гэж ярих атлаа УИХ-ын дарга болонгуутаа Төрийн ордныг Их тэнгэрийн аманд барихаар яаравчлуулж, төрийн түшээдийн тансаглалын төлөө ихээхэн хүчин зүтгэл гаргаж буй нь Г.Занданшатарын нүүдэл олон түмний төлөө биш олз ашгийн төлөө, ард түмний төлөө биш алд биеийнхээ тулд гэдгийг харуулж байна. Орчин цагийн төлгөн коммунист, хурган популистуудын ийм хуурамч дүр төрх, худал үг тав алхалгүй баригдаж, таван үгэнд нь танигдаж байдаг билээ.

Г.Ууганбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 7 цаг 28 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 8 цаг 3 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 9 цаг 42 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 9 цаг 52 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 9 цаг 59 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 11 цаг 0 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 11 цаг 3 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 11 цаг 7 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 11 цаг 10 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 11 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 11 цаг 16 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 11 цаг 19 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 13 цаг 45 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 13 цаг 51 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 13 цаг 58 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 14 цаг 3 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 14 цаг 11 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 14 цаг 14 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 14 цаг 19 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 14 цаг 26 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top