Улсын Их хурлын гишүүн, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ч.Номинтой ярилцлаа.
-Монгол Улсад COP17 бага хурал болж, Засгийн газар өндөр ач холбогдол өгч оролцлоо. Ерөнхийд нь энэ хурлын үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Би энэ хурлын ач холбогдлыг хоёр талаас нь харж байгаа. Нэгдүгээрт, Монгол Улс байгалиа хамгаалах, байгаль, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицож амьдрах нүүдэлчдийн арга ухаан, соёлтой. Энэ бол бидний биет бус өв. Тиймээс энэ арга ухаанаа дэлхий нийттэй хуваалцаж, Монгол Улсыг таниулах нь чухал гэж бодож байна. Хэдийгээр олон улсын томоохон арга хэмжээ болсон ч Монгол Улсад ийм хэмжээний хурал зохион байгуулагдсан гэдгийг олон улсад мэдээлж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээнд хүргэх ёстой. Нөгөө талаас цөлжилт, газрын доройтол дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болсон.Энэ хүрээнд шинэ технологи нэвтрүүлэх, үр дүнтэй арга барилыг ашиглах талаарх мэдлэг, мэдээлэл Монгол Улсад орж ирэх боломж бүрдэнэ гэж харж байна.Гуравдугаарт, улс орнуудын зөв зохистой хамтын ажиллагаа нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд шаардлагатай тодорхой хэмжээний санхүүжилтийг татах боломж бий болж байна.
-Танай салбар хамгийн их хөрөнгө оруулалт татсан гэсэн мэдээлэл гарсан.Хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалтыг ямар төслүүдэд татахаар ажиллаж байна вэ?
-Дан ганц манай яам гэж хэлж болохгүй. Харин манай салбар гэж хэлж болно.Бидний хувьд ногоон эрчим хүчид суурилсан хиймэл оюуны тооцооллын төв буюу дата төвийг Монгол Улсад хөгжүүлэх, цаашлаад өгөгдлийн эдийн засгийг бий болгох, цахим эдийн засгийг тэлэх зорилт тавьж, дэлхий нийтэд нэгэнт эхэлсэн шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхахаар зорьж байна. Манай улс олон шинэ технологи, үйлдвэрлэлээс хоцорч ирсэн. Дэлхийн зах зээлд оролцох боломж хомс байлаа. Үүний улмаас бид зөвхөн байгалийн баялгаасаа үнэ цэнэ бүтээж байна. Гэтэл дэлхий дахинд маш олон төрлийн шинэ эдийн засаг үүсч байна. Эдгээр эдийн засгаас Монгол Улс өөрийн гэсэн үнэ цэнийг бий болгох хэрэгтэй.Одоо бидэнд хиймэл оюунд суурилсан зах зээлд оролцох боломж байна.Тухайлбал, хиймэл оюунд их хэмжээгээр ашиглагдаж байгаа өгөгдлийг хадгалах, боловсруулах түвшинд оролцох боломжтой. Энэ боломжийг хэрэгжүүлэх гол дэд бүтэц нь дата төв юм. Аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлж, хиймэл оюун, өндөр хүчин чадлын тооцоолол, технологийн талаар дэлхий нийтээр ярьж байна.
Тиймээс үүнд Монгол Улс хаана нь байх вэ гэдгээ тодорхойлох шаардлагатай.Үүний нэг хэсэг нь дата төв.Шинэ эдийн засгийг бий болгохын тулд бодлогоо гаргаж, хууль эрх зүйн орчноо тодорхой болгож байна. Энэ эдийн засагт төр зөвхөн хууль эрх зүйн орчныг бий болгохоос гадна бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, шинэ эдийн засгийн суурь орчинг бүрдүүлэх юм. Харин хэрэгжилтийг хувийн хэвшил ханган ажиллана. Энэ ч утгаараа COP17-ын үеэр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг хувийн хэвшлийн байгууллагууд байгуулсан. Ойролцоогоор 863 мегаваттын эрчим хүч хэрэглэх хэмжээний дата төв байгуулах хэлцлүүд хийгдсэн. Эдгээр хөрөнгө оруулагчид өөрсдөө хөрөнгө оруулагчаа, хэрэглэгчээ, эрчим хүч нийлүүлэгчээ тодорхойлоод ирж байгаа. Харин яамтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байгаа шалтгаан нь дата төв барихад хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, орон нутгийн зохицуулалтыг хийх, зөвшөөрлүүдийг нэг цонхны үйлчилгээгээр шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаатай холбоотой.
Ойролцоогоор 863 мегаваттын эрчим хүч хэрэглэх хэмжээний дата төвийг байгуулна гэсэн хэлцлийг хийсэн. Энэ хүмүүс чинь өөрсдөө хөрөнгө оруулагчаа, хэрэглэгчээ, эрчим хүч нийлүүлэгчээ бүгдийг нь тодорхойлоод ирж байгаа. Харин яагаад яамтай санамж бичиг зурж байгаа юм гэхээр энэ дата төвийг барихад та бүхэн хууль эрх зүйн орчноо тодорхой болгоод орон нутгийн зохицуулалтаа хийж өгөөч, нэг цонхны үйлчилгээгээр бидний зөвшөөрлийг гаргаж өгөөч гэж байгаа юм. Хэмжээгээр нь аваад үзвэл 863 мегаватт гэдэг чинь манай улсын хэрэглээний бараг тал гэсэн үг. Манайх чинь одоо 1900 орчим мегаваттыг хэрэглэдэг.Үнийн дүнгээр нь авч үзвэл 36 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт. Үүний 15.6 тэрбум ам.доллар нь манай улсад шууд хөрөнгө оруулалт болж орж ирнэ. Эрчим хүчний станцаа өөрсдөө барих, дата төвийнхөө барилга байгууламжийг барих зэрэгт иймэрхүү хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн үг. Үлдсэн нь өндөр технологийн тоног төхөөрөмжүүдээ авахад зарцуулна.
-Өөрсдөө эрчим хүчний асуудлаа шийднэ гэдэг нь Монгол Улсын эрчим хүчний системд нэмэлт ачаалал үүсгэхгүй гэсэн үг үү?
-Дата төвүүдийг манайд байгаа эрчим хүчний системээр хангах боломжгүй. Зарим хүн үүнийг буруу ойлгоод байх шиг байна. Монгол Улсад баригдах дата төвүүдийн хөрөнгө оруулалт өөрсдийн гэсэн эрчим хүчний эх үүсвэртэйгээ орж ирэхээр байгаа.Энэ нь эргээд бидэнд маш том нийгмийн өгөөж бий болгоно. Манай улс нүүрс түлж дулаанаар хангаж, үүний улмаас агаарын бохирдол үүсгэж байгаа.Харин эдгээр хөрөнгө оруулалтаар өөрсдийн эрчим хүчний эх үүсвэрээр дата төвөө хангаад, дата төвөөс үүсэх дулааныг ойр орчмын хот, суурин газрын дулаан хангамжид ашиглах боломжтой.Том зургаар нь харвал, нэгдүгээрт, эрчим хүчний үнэ цэнэ нэмэгдэнэ.Хоёрдугаарт, орон нутгийн дулаан хангамжийг шийдэх боломж бий болно.
-Дата төвийн хэрэгцээг хангаад илүү гарсан эрчим хүчээр Монгол Улсын эрчим хүчний дутагдлыг нөхөх боломжтой юу?
-Тийм. Илүүдэл эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлснээр манай улсын эрчим хүчний дутагдлыг нөхөх боломжтой.Дээрээс нь эрчим хүчний бие даасан байдлыг дэмжих боломж бүрдэнэ.Ер нь орж ирж байгаа саналуудын дийлэнхэд хувийн хэвшлүүд 200 мегаватт эрчим хүч үйлдвэрлэж байгаа бол 100 мегаваттыг нь төвийн шугамд нийлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа.Мөн эрчим хүчийг холимог эх үүсвэрээр буюу нүүрс болон сэргээгдэх эрчим хүчээр хангах ёстой гэж харж байгаа.
-Эдгээр хөрөнгө оруулалт хэзээнээс орж ирж, ажил хэрэг болох боломжтой вэ.Мөн дата төв байгуулах газрыг төр сонгож, зохицуулж өгөх үү?
-Дата төвүүдийн байршил ихэнхдээ эрчим хүчний эх үүсвэрийн нөөцөө дагаж тодорхойлогдоно. Нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй газруудад дата төвүүд байгуулагдана.Манай зүгээс эдийн засгийн чөлөөт бүсүүддээ санал болгож байгаа.Чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийвэл 10 хүртэлх жил газрын татвараас чөлөөлөх, гааль болон НӨАТ-аас тодорхой тоног төхөөрөмжийг чөлөөлөх зэрэг боломж бий. Гэхдээ хувийн хэвшлүүд маань дээр хэлсэнчлэн эрчим хүчний нөөцөө дагаж хөрөнгө оруулалтаа хийхээр харагдаж байна.Э нэ жилдээ хөрөнгө оруулалтаа хийж, ажлаа эхлүүлэх боломжтой төслүүд ч бий. Гэхдээ төрөөс хамгийн гол нь тогтвортой байдлыг бий болгож өгөөч гэж хүсэж байна.Хоёрдугаарт, хууль эрх зүйн орчноо тодорхой болгож өгөөч гэж байгаа. Тиймээс бид эдгээр нөхцөлийг бүрдүүлж өгнө гэдгээ илэрхийлж, санамж бичгүүдэд гарын үсэг зурсан. Монгол Улсад ийм өндөр өгөөж бүхий шинэ эдийн засаг хөгжих боломж бий.Харин хөрөнгө оруулагчид маань хэдхэн зүйлийг хүсэж байгаа.
-Тэдгээр нь юу вэ?
-Нэгдүгээрт, эрчим хүчний тогтвортой байдал. Хоёрдугаарт, сүлжээ буюу интернэтийн тогтвортой, найдвартай байдал.Гуравдугаарт, дата төвүүдэд хадгалах өгөгдлийн дийлэнх нь Монголынх биш байна. Монгол Улсын дата хэрэглээ одоогоор тийм өндөр биш. Тиймээс манай улсын дотоодын өгөгдлийг эргэлдүүлж ашиг олох тухай асуудал биш.Харин олон улсын их хэмжээний өгөгдлийг ашиглан хиймэл оюун ухаанд байгаа томоохон байгууллагуудын өгөгдлийг хадгална гэсэн үг. Гэхдээ тэд өгөгдөлд нь халдахгүй, бие даасан байдлыг нь хангаж өгөөч гэж хүсэж байгаа. Нэг ёсондоо эрчим хүч нь найдвартай, тасралтгүй байх ёстой.Мөн хэн нэгэн очоод үйл ажиллагааг нь зогсоохгүй байх шаардлагатай. Тогтмол процесс хийж байх ёстой зүйлийг зогсоочихвол эхнээс нь эхлэх шаардлагатай болно. Ингэснээр маш их зардал гарна. Ийм нөхцөлд орон нутгийн цагдаа очоод цахилгааныг нь салгах, шүүх, прокуророос очоод үйл ажиллагааг нь зогсоох зэрэг нөхцөл үүсвэл энэ салбар цаашид тогтвортой үргэлжлэх боломжгүй.
Тиймээс халдашгүй, бие даасан байдлыг бий болгож өгөхийг хүсэж байгаа.Үүнийг бий болгохын тулд бид хуулийн төсөл өргөн барьсан.Нэг үгээр хэлбэл, “цахим Элчин сайдын яам” болох ёстой. Эдгээр нөхцөлийг бүрдүүлээд өгчих юм бол хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалтаа хийж, бид дэлхийн зах зээлтэй хөл нийлүүлэн алхах боломжтой болно. Нэгэнт дэлхий дахинд хиймэл оюун ухааны хөгжил эхэлчихсэн байхад бид хараад суугаад байж болохгүй.Хятад улс шатахуун, түлшээр ажилладаг автомашины үйлдвэрлэлийн зах зээлээс хоцорсон. Харин цахилгаан автомашины үйлдвэрлэл хөгжихийг хүлээгээд, энэ салбарт хүчтэй орж ирсэн. Өнөөдөр дэлхийн тэргүүлэгчдийн нэг болсон.Үүнтэй адилхан бид олон зүйлээс хоцорсон ч энэ боломжийг бас алдаж болохгүй.Бидэнд боломж байна. Дахиад 2-3 сар, бүр жил хүлээвэл энэ боломжоос хоцорно.Дэлхий нийтээрээ эрчим хүчний дутагдалтай байна. Дата төвүүдийг эрчим хүчний системтэй холбохын тулд 3-7 жил хүлээх хэрэгтэй, манай эрчим хүчний систем даахгүй гэж хэлж байна. Гэтэл бидэнд нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бий.Дээрээс нь манай урд хөрш сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг маш богино хугацаанд үйлдвэрлэх боломжтой.Ийм нөхцөлд энэ боломжийг ашиглах ёстой.
-Гадны хөрөнгө оруулагчдын хүсэж байгаа эдгээр нөхцөлийг бүрдүүлэх гол зохицуулалтуудыг саяхан өргөн барьсан “Өгөгдлийн тухай” анхдагч хуулийн төсөлд тусгасан гэсэн үг үү?
-Манай яам хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын түвшинд нэлээд хэлэлцүүлсэн.УИХ-ын дарга намрын чуулганаар хэлэлцэнэ гэдгээ хэлсэн.Энэ хуульд гурван үндсэн зүйл байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаад улсын өгөгдлийг хадгалах, боловсруулах үед тодорхой нөхцөлөөр халдашгүй байдлыг олгоно. Хоёрдугаарт, дотооддоо хиймэл оюун ухаан, өгөгдлийн эдийн засгийг бий болгох боломжийг бүрдүүлэх ёстой. Тэр ч утгаараа бид өгөгдлөө нээлттэй болгож байгаа. Манай улсад хамгийн ихээр өгөгдлийг хэрэглэдэг, хадгалдаг, солилцоонд оруулдаг нь төр. Гэвч төр өгөгдлөө зөвхөн өөр дээрээ хадгалдаг. Хувийн хэвшилд хадгалуулдаггүй гэсэн үг.
-ХУР болон ДАН системийг хэлж байна уу?
-Тийм. Гэхдээ цаана нь Үндэсний дата төв байна.ХУР, ДАН системээрээ дамжуулан өгөгдлийг хэрэглээнд оруулж явдаг.Тиймээс төрд байгаа хязгаарлагдмал бус, нууцын зэрэглэлгүй мэдээллийг нээлттэй болгоё гэж байгаа юм. Ингэснээр хиймэл оюун ухаан, шинэ технологи дээр хөгжүүлэлт хийж байгаа стартап компаниуд Монголын хиймэл оюуныг хөгжүүлэх боломжтой болно.Номын санд байгаа номнууд, тэр бүү хэл цэг, таслал бүр өгөгдөл шүү дээ. Ашиглаж болох маш их мэдээлэл байгаа учраас нээлттэй болгоё. Хоёрдугаарт, өгөгдлийг хувийн хэвшлийн дата төвд хадгалж болдог болгоё гэж байгаа.Ингэснээр Монголын дата төвд хөрөнгө оруулах, өгөгдлийн эргэлт үүсэх боломж бий болно.
-Танай яамнаас “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төслийг өргөн барьсан.Энэ ямар зохицуулалт хийх вэ?
-Энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх байх. Улсын хэмжээнд гарч байгаа гэмт хэрэг, залилангийн дийлэнх хувь нь цахим орчинд гарч байна гэсэн судалгаа бий.Дээрээс нь үе тэнгийн дээрэлхэлт, цахим гадуурхалт зэрэг асуудал гарч ирлээ. Хэдийгээр манай улс ардчилсан, хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг дээдэлдэг ч нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэдгийг анхаарах ёстой. Мөн бид хүүхэд, залуусаа нийгмийн сүлжээнд хамгаалах нь маш чухал гэж үзэж байгаа. Манайд 9-13 насны хүүхдүүдийн 90 гаруй хувь нь фэйсбүүк хэрэглэдэг. Өсвөр насны хүүхдүүдийн 50 орчим хувь нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байсан, зургаан хүүхэд тутмын нэг нь амиа хорлох сэдэлтэй байсан зэрэг судалгаа бий. Тэгэхээр хүүхдүүдийн үзэл бодол, үнэт зүйл, хүмүүжил төлөвшиж эхэлж байгаа үед нь ямар нэгэн хамгаалалтгүйгээр хэнтэй ч холбогдох боломжтой, аюултай орчинд хараа хяналтгүй байлгаж болохгүй.
Хүмүүс бодит орчинд хүүхдээ хамгаалдаг хэрнээ цахим орчинд хүүхэд нь хэнтэй ярилцаж байгааг мэддэггүй.Тиймээс үүнийг хийсвэр зүйл гэж ойлгож болохгүй. Иймээс энэ хуулийн зохицуулалтыг хийж, өргөн барьсан. Гол зохицуулалт нь 16 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд зохицуулалттай оруулах юм. Нэгдүгээрт, 13 хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээнд огт оруулахгүй. Хоёрдугаарт, 13-16 насны хүүхдүүдийг насны онцлогт тохирсон агуулга үздэг байдлаар зохицуулна. Энэ нь зөвхөн манай улсад хэрэгжүүлэх гэж байгаа цоо шинэ зүйл биш. Нийгмийн сүлжээний платформуудын дотоод дүрэм, журамд ч ийм зохицуулалт бий. Харамсалтай нь хүүхдүүд насаа худал бичээд нийгмийн сүлжээнд орж байна. Насны мэдээллээ үнэн зөв оруулбал насанд нь тохирсон агуулгыг харуулах платформуудын шийдэл аль хэдийнэ бий болсон.
-Засгийн газар болон таны хувьд энэ салбарт ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?
-Манай Засгийн газар “Чөлөөлье” үндэсний хэмжээний аяныг хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд ногоон эдийн засгийг нээх, тэлэх, хөгжүүлэх зорилтыг тавьж байна. Энэ дотроо манай салбарын хувьд өгөгдлийн эдийн засгийг эргэлтэд оруулах, цахим эдийн засгийг хөгжүүлэх асуудал яах аргагүй багтаж байгаа. Энэ бол Засгийн газар болон манай яамны тэргүүлэх бодлого. Мөн кибер аюулгүй байдлыг сайжруулах, тэр дундаа цахим залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.Тиймээс цахим залилантай тэмцэх нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ гэж үзэж байгаа. Үүнийг ХЗДХЯ, банк, санхүүгийн байгууллага болон хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ. Одоо зөвхөн цахим залилантай тэмцэх ажлыг ХЗДХЯ хийж байгаа.
Гэхдээ урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг гарсан үед яаралтай арга хэмжээ авах, банк, санхүүгийн байгууллагуудын оролцоог хангах зэрэг цогц тогтолцоо бий болж байж үр дүнтэй тэмцэнэ. Ер нь хүн өөрөө цахим ур чадвар, мэдлэггүй байвал залиланд өртөх эрсдэлтэй.Зөв мэдээлэл авдаг, залилах гэж байгаа үйлдлийг таньдаг байх шаардлагатай. Одоо бид өөрсдийн хүүхдүүдээсээ ч дор цахим ур чадвартай байна шүү дээ. Тиймээс цахим ур чадварыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа.Дээрээс нь харилцаа холбооны тогтолцоогоо шинэчлэх цаг болсон байна.Шуудан, цахим худалдааны тогтолцоогоо ч шинэ түвшинд харах шаардлагатай болсон.
Өдрийн сонин



