x

Ерөнхийлөгч өө! одоо ЖДҮ-чдийг тат, гоё харагдана

Улс төрд үүссэн жирийн биш үйл явдлууд, хуралдаан нь удаан хугацаагаар саатсан УИХ хөдөлгөөнд орсон гэх мэт үйл явцууд өөрөө өнгөрсөн долоо хоногийг улс төртэй холбоотой мэдэгдэл, мэдээллээр дүүрэн байлгалаа.

Долоо хоногийн улс төрийг өнгөрөгч долоо хоногийн төгсгөлд болсон УИХ-ын хуралдааны мэдээллүүд эхлүүлэв. Прокурорын байгууллагаас УИХ-д ирүүлсэн ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдэглзүүлэн шалгах санал Даваа гарагийн онцлох сэдэв байсан.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон тэднийг хуулийн байгууллага шалгана гэсэн ч УИХ муйхар зориг гарган дөрвөн гишүүнээ Б.Батзоригийн нэгэн адил хамгаалж үлдэв. Тодорхой болсон албан тушаалын гэмт хэрэг, их хэмжээний мөнгөтэй холбоотой дуулианыг УИХ төрийн өндөр албан тушаалтны халдашгүй байдлаар халхлан авч үлдээд сайн нэр дуулсангүй. Цаашид ч дуулахгүй нь тодорхой.  

Эхний ээлжинд таван ЖДҮ-чин аварсан ч цаана нь УИХ-д ахиад 20 гаруй ЖДҮ-чин үлдсэн. Нэмээд Ерөнхий сайдын нэр ч ЖДҮ-чдийн дунд цохиж яваа юм. 

Долоо хоногийн дундуур аврагдсан ЖДҮ-чдийн гурав нь Прокурорын байгууллагын яллагдагчаар татсан тогтоолтой танилцахгүй зугтаж байгаа мэдээлэл цацагдсан. Энэ “орголт” нь ЖДҮ-чдэд тэднийг хамгаалах том машин бий гэх итгэл бүрэн суусантай нь холбоотой болов уу. 

Прокурорын оролдогыг гишүүд “буланд шахаж” орхисон ч УИХ ЖДҮ-чдийн асуудлыг дахин хөндсөн. Баасан гарагт парламент хэсэг гишүүдийн санаачилсан ЖДҮ-чдийг шалгах Түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн дэмжлэгийг авсангүй. Гишүүдийн бараг 50 хувь нь ЖДҮХС-гаас зээл авсан парламентаас өөдтэй мэдээ гарахгүй. Гэхдээ ЖДҮ-г мартуулахгүй байхыг зорьж буй тал төслийг хэлэлцэх асуудлын дараалалд шингээж, нийгмийн анхааралд дахин авчирч дөнгөсөн нь энэ.

Түр хороо байгуулахын эсрэг кноп дарагчид нь ЖДҮ-чид. Кнопны цаана хэн ч өөрийгөө хуулийн байгууллагын мэдэлд “май” гэж өгөхгүй гэсэн жижиг бодол нуугдаж байсан болов уу. Гэхдээ маргааш гэж өдөр бий. Дархан эрхтэй парламентын гишүүний бүрэн эрх бас дуусна гэдгийг тэр гишүүдэд хэн нэг нь сануулж амжсан байх. 

ЖДҮ-чдийг татвал гоё ч харагдана гэсэн хэвлэлүүдийн байр суурь хоосон биш

Баасан гарагт МАН-ын даргын байр суурийг тээсэн, ЖДҮ-чин голдуу гишүүдийн хүсэл УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг парламент баталлаа. УИХ-ын гишүүдийн бойкот, гудамжны тэмцлийн санаа гэх мэтийг тээсэн энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч УИХ-ын босгоор давуулсан. Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 89.8 хувь нь дэмжиж М.Энхболд суудлаасаа сугарлаа.

60 тэрбумын эзэн, төрийн хэргийн тээг гэгдсэн УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дагуу огцорч буй нь энэ. Одоо Монголд шударга ёсыг тогтооно гэж байгаа бол Ерөнхийлөгч өө! ЖДҮ-чдийг татах хуулийг төсөл санаачлаад УИХ-д оруулаад ирээч, гоё харагдана хэмээн хэвлэлүүд бичиж, сэтгүүлчид онлайнд санал бодлоо илэрхийлж байна. 

Нийтийн анхаарлыг татсан улс төрийн бужигнааны эхэнд Ерөнхийлөгч чадамжгүй болсон УИХ тарахыг шаардаж, УИХ-ын даргаас бүтэлтэй хариу сонсоогүй. Үүнээс хойш хоёр сар өнгөрчээ. 

Одоо нөхцөл байдал өөрчлөгдөн УИХ-ын бараг 30 гишүүн ЖДҮ-гээс зээл авсан, авахдаа албан тушаалаа ашиглаж, нөлөөлсөн, зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй гээд ёс зүйн хувьд том алдаа хийсэн нь баримтаар нотлогдоод байна. 

УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг АН-ын УИХ дахь бүлэг ч түрж, парламентыг хугацаанаас нь өмнө тараах тэдний саналд МАН-ын гишүүд гарын үсэг зурдаг боллоо. Ийм тохиромжтой цагт Ерөнхийлөгч санаачилгаа дахин өндийлгөж, ЖДҮ-чдийг УИХ-аас эргүүлэн татах ажлыг эхлүүлбэл нийтээс оноо ч авна, гоё ч харагдана гэсэн хэвлэлүүдийн байр суурь хоосон биш юм. 

Тэгээд ч энэ парламентаас өөдтэй юм гарахаа байсан. Хүчирхийлэл, хүчин, авлига, албан тушаалын хэргээс гадна гишүүдийн хувь хүний ёс зүйг нийтээрээ жигших хандлага ажиглагдах болов. Тэд улс төр хийх нэрээр хэлэхгүй, ярихгүй болгоныг хэлж ярьж, нэгнээ гүтгэж буй. 

Т.Аюурсайхан Ж.Бат-Эрдэнэ нарын хэрүүл шүүхэд очсон. Л.Болдын фактыг Ж.Мөнхбат дэлгэсэн. Л.Болд эргүүлэн Ж.Мөнхбатыг талаар мэдээлэл хийсэн. Л.Оюун-Эрдэнийн төрийн тусгай хамгаалалтад байдаг албан тушаалтан руу “довтолсон”, О.Баасанхүүгийн Ц.Нямдоржийг уйлаад Д.Дорлигжавыг авраад өгөөч гэж хэлээд Н.Энхбаяраас гуйсныг ч зарласан. Төрийн хэрэг хэлэлцдэг тогоонд гэр бүл, эхнэр, хүүхний ч хэрүүл үүсэх болов. Тийм жигшим явдлыг гишүүд ичиж, эмээлгүй ил гаргаж байна. Ийм ёс зүйгүй парламентын гишүүд байснаас байгаагүй нь дээр гэдгийг олон нийт ч хэлэлцэх болов.

Шинэ УИХ-ын даргыг ЖДҮ-чид томилно

УИХ-ын огцорч байгаа дарга энэ сарын 25-нд үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. Түүний эзгүйрсэн суудлыг харин хэн бөглөх вэ? 

Ийм таавар, хуулийн төсөл батлагдахаас өмнө яригдаж байгаа. Дараагийн УИХ-ын дарга хэн бэ гэж МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий сайдын орчинд яригдсныг ч эх сурвалжууд мэдээлж эхэллээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх парламентын хамгийн ахмад, туршлагатай Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин дөрөвт хоорондоо тохироод хэн нэгнийхээ нэрийг оруулаад ирвэл дэмжинэ гэсэн битүү хатуу үг хэлсэн талаар онцолж байна.

Гэвч түүний энэ байр суурь саяхан гудамжинд өөрсдийгөө тэмцэгч гэж нэрлэн жагссан залуу гишүүдэд таалагдахгүй байгаа гэх. УИХ-ын даргад нэр яригдаж буй дөрвөн гишүүн өнгөрсөн долоо хоногт ЖДҮ-чдийг өндөр хэмжээнд хамгаалсан. Энэ нь бас нийгэмд таалагдаагүй. 
Гэхдээ хэн ч УИХ-ын дарга болсон хамаагүй, тэр хүнийг МАН-ын хагарсан хоёр бүлгийн арай илүү олуулаа байгаа, ЖДҮ-чид бөөгнөрсөн фракц тодруулан, томилох нь ойлгомжтой.

Ёс юм шиг дэгддэг долоо хоногийн авлига

Авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой мэдээлэл цацагддагүй долоо гэж байхаа больсон. Ёс юм шиг ямар нэгэн дуулиан дэгддэг. Нийгэм харин төрийн өмчинд шунасан цагаан захтнуудын бохир баримтыг сонирхон шохоорхохоос илүү хэргийг шалгаж дуусгах, хохирлыг эргэн төлүүлэх эрмэлзэлтэй байгаа нь харагддаг.  

Долоо хоногийн авлигын хэрэг, баривчилгаатай холбоотой дуулиан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сонсогдлоо. ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт Нийслэлийн прокурорын саналаар дахин нэг сарын хугацаагаар хоригдов. С.Баярцогт 2018 оноос Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар шалгагдаж байгаа. Энэ удаа прокурор хэрэгт шинэ нөхцөл байдал үзээд түүнийг баривчиллаа гэж мэдэгдээд байна

Мөн долоо хоногт УЕП-ын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнд очсон Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурорт Ц.Элбэгдоржтой холбоотой олон хуудас баримт өглөө. Цаас бүхэлдээ экс Ерөнхийлөгч албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүйг нотлох баримтууд гэв. 

“Ц.Элбэгдорж нь Тавантолгойн гэрээг Монгол Улсад ашиггүй байгуулах ажлыг зохион байгуулсан учраас иргэн Х.Баттулга би хувь хүнийхээ хувиар шалгуулах хүсэлтэй байна” гэж Ерөнхийлөгч хүслээ тодотгосон байгаа. Энэ үг нь аливаа дуулианыг “Ерөнхийлөгчийн улс төр” гэж харддаг нийгмийн хяналтаас анги байх гэсэн бодолтой нь холбоотой байсан болов уу.

Баримтыг хүлээн авсан Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан Монгол Улсын прокурорын байгууллага зөвхөн хуульд захирагдаж хэн нэгнээс хараат бус үйл ажиллагаагаа явуулна гэж хэлээд авсан. АТГ баасан гараг гэхэд хэрэг үүсгэсэн тухай дуулдав.

Үүнээс гадна авлига, баривчилгаа тойрсон үйл явдлыг Хотын дарга асан Э.Бат-Үүлийн албан тушаалын гэмт хэрэг, Зам тээврийн яамны газрын дарга Б.Махбалын хүн амины хэргийн шүүх хурлын анхны хэлэлцүүлэгийн зар. Бизнесмэнээс дөрвөн сая доллар дарамталж авсан хэрэгт буруутгагдсан Д.Дорлигжавын өмгөөлөгч мэдэгдэл зэрэг нийгэмд нэлээн дуулиан тарьсан асуудлууд хачирлав.

Хотын даргын томилгоо МАН-ын эрх мэдэлтэй хэсгийн ирээдүйг зурна

Долоо хоногийн анхаарал татсан сэдэвт Хотын даргын томилгоо зайлшгүй орно. Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг томилно гэж МАН-ын Удирдах зөвлөл нэгэнт шийдсэн байв. Гэвч Удирдах зөвлөлийн том дэмжлэгтэй энэ хүн НИТХ дээрээ бүдрэв. Заалнаас НИТХ-ын гишүүн С.Мөнхчулуун нэр дэвшин С.Амарсайхантай санал тэнцэж, дараагийн санал хураалтаар олонхийн санал авч, бараг Хотын дарга тодорчихлоо гэсэн томилгооны ойлголтыг эвдэж орхилоо.

Ерөнхийлөгчийн худ С.Амарсайхан өрөлдөгчдөө ялагдсан явдал өөрөө сонирхлын төвд олж ирж байх шиг байна. С.Мөнхчулууны нам, бүлгийн хамаарлыг сөхвөл тэр Нийслэлийн СХД-т засаглаж асан Д.Сумъяабазарын хүн. 

С.Сумъяабазарт ч өөрийн хүнээ хотын даргаар томилох санаа байсан. Өнгөрсөн намар Хотын МАН-ын хорооны даргаар томилогдоод энэ албан тушаалд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг зүтгүүлэх гэж үзсэн. Тэр ч УИХ-ын гишүүнээс сайн дураараа татгалзаж, Хотын дарга хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн удаатай. 

Хэрвээ ЖДҮ-ийн дуулиан дэгдэж, нэг кноп ямар их үнэ цэнэтэй байгааг ойлгуулаагүй бол Х.Нямбаатарын нэр одоо яригдаж байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс Д.Сумъяабазар л С.Мөнхчулуунд заалнаас нэр дэвших зориг, НИТХ дахь гишүүдэд Хотын намын хорооны даргын хувиар С.Мөнхчулууныг дэмжих командыг өгсөн байх магадлалтай. 

Энэ таамаг үнэн бол сайны дохио биш. Эрх мэдлийн төлөө зодолдоод аягаа хагалсан МАН-ын хуваагдал юу ч биш. Хагархай шаазангийнхаа талыг атгаж буй, эрх мэдэл төвлөрсөн тэр бүлэг дунд дахин эрх мэдлийн тэмцэл өрнөнө. Үүнийг Хотын даргын томилгоо бараг эхлүүлнэ гэсэн үг юм. 

доо НИТХ Нийслэлийн Засаг даргыг батламжлах тогтоолоо гарган саналаа Ерөнхий сайдад өргөн мэдүүлнэ. Гэсэн ч үүнээс өмнө шинэ Хотын даргын тухай сөрөг мэдээллүүд их хэмжээгээр түгж байна. Түүний тухай 18 хуудас баримт Ерөнхий сайд болон АТГ рүү ниссэн. Баримтад мөн л ашиг сонирхлын зөрчил, цагаан захтны хэрэг байж болзошгүй хардлага бий гэж эх сурвалжууд мэдээлээд байна. 

Засаг даргыг батламжлах НИТХ-ын тогтоол хараахан үйлдэгдээгүй. Энэ тогтоолыг ялагдсан нэр дэвшигч С.Амарсайхан үзэглэнэ. Тэр тогтоолыг

Ерөнхий сайд батламжлах болов уу, эс батламжлах болов уу? 

Дагаад ямар нөхцөл байдал үүсэх бол гэсэн асуултын хариулт нь өөрөө хагарсан шаазангийнхаа талыг атган, гараа исгэчихгүйг хичээн суугаа МАН-ын эрх мэдлийг гартаа оруулсан талын ирээдүйг зураад өгөх болов уу.

Д.Шатарбал

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • иргэн (103.229.123.105)
    хуулийн дагуу л асуудлыг шийдвэрлэж байх хэрэгтэй. ЖДҮчдийг татах л хэрэгтэй. Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд, АТГ, Шүүх, прокурор бүгд шударга л байх хэрэгтэй. Өөр өөрийнхөө институцийнхээ эрх үүргийнхээ хүрээнд л ажиллаж хэрэгтэй байх. Бие биенийхээ ажил руу ороод заагаад, дарамтлаад, шүдтэй шүдгүй арслан яриад байж хэрэггүй байх. Бас төрийн дээр нам гараад байхаа бүр зогсоох хэрэгтэй байнааааааааа
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Монгол Иргэн (66.181.178.66)
    Ерөнхийлөгчөө... НААД АВИЛГЫН ЭЗЭН ХУУРАМЧ ШУДАРГА ДҮР ЭСГЭГЧ "ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ОРЛОГЧ, АТГ-ын дарга ЭНХЖАРГАЛ" нарыг маш түргэн зайлуулаач ээ...
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 2 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна 3 мин Өвлийн паралимпод монгол тамирчин АНУ-ын шигшээ багт багтан өрсөлдөж байна 4 мин Дуучин Рианнагийн харш руу гал нээсэн эмэгтэйг баривчилжээ 7 мин УИХ-ын төлөөлөгчид Бутаны Хаант Улсад анх удаа парламентын түвшинд айлчиллаа 7 мин Хугацаат цэргийн алба хаагчдын дунд "Цэргийн мэргэжлийн аварга" шалгаруулах тэмцээн болно 9 мин Ахмад настны асрамж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл хэрэгжүүлнэ 10 мин Улаанбурхан өвчний халдвар 14 мянга давж, 6-8 сартай хүүхдүүдийг вакцинд хамруулахыг уриаллаа 11 мин Шөвгийн наймын тоглолт Шведийн Стокхольм хотноо энэ сарын 13-нд эхэлнэ 1 цаг 30 мин Д.Трамп: В.Путинтэй Украин болон Ойрх Дорнодын асуудлаар маш сайн ойлголцлоо 2 цаг 2 мин Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно 2 цаг 3 мин Мэргэжлийн боксын рингэнд 14 ялалттай яваа МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тов гарлаа 2 цаг 8 мин Д.Трамп: Ираны эсрэг цэргийн ажиллагаа төлөвлөснөөс өмнө дуусна 2 цаг 10 мин Ираны хөл бөмбөгийн шигшээ багийн таван тоглогч Австралиас орогнол хүсжээ 2 цаг 17 мин Улаанбаатар хотын нийтийн тээвэрт трамвай нэвтрүүлнэ 2 цаг 18 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах "Шинэ тойрог зам" төслийн зураг төсөл 95 хувьтай байна 2 цаг 19 мин Прокуророос авлига, албан тушаал, мөрийтэй тоглоомын хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 2 цаг 21 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 11 мин Улсын хэмжээнд 5000 гаруй өрх шар усны үерт өртөх эрсдэлтэй байна 4 цаг 13 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 4 цаг 16 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Уулын өвгөн Али Хамэнэй Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо...
Top