ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ш.Амангүлтэй ярилцлаа.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сая Казахстан улсад айлчлаад ирлээ. Түүний айлчлалын ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ. Өмнөх айлчлалуудаас ямар онцлогтой болов?
-Манай хоёр орон 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улс нь Бүгд найрамдах Казахстан улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон эхний таван улсын нэг юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд найрамдах Казахстан улсад хийсэн төрийн айлчлал нь цаг хугацаа, давтамжийн хувьд онцлогтой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 20 жилийн дараа Бүгд найрамдах Казахстан улсад хэрэгжүүлсэн айлчлал болсноороо ач холбогдол өндөр. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын харилцан итгэлцэл, ойлголцол улам бэхжиж, хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимжин хөгжих нөхцөлийг бүрдүүлж, стратегийн түншлэлийн харилцааг улам бататгаж, хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгож чадлаа. Өмнөх айлчлалуудтай харьцуулахад энэ удаагийн айлчлалаар илүү прагматик, бодит үр дүнг чухалчилсан, олон жил яригдсан асуудлуудыг шийдвэрлэхийг эрхэмлэж, бодит үр өгөөж өгөхүйц тохиролцоонуудыг хийснээрээ ихээхэн ач холбогдолтой айлчлал боллоо гэж харж байна.
-Түүний айлчлалаар талууд Монголын эдийн засагт бодитой өгөөж авчрах ямар асуудлуудыг тохиролцсон бэ?
-Хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. 2025 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 60 орчим сая ам.доллар буюу 2024 онтой харьцуулахад худалдааны эргэлт долоон хувиар өсчээ. Мэдээж энэ тоон үзүүлэлтийг өсгөх, цаашид худалдааны эргэлтийг огцом нэмэгдүүлж 500 сая ам.долларт хүргэх, бодлогын тохиролцоонд хүрсэн. Энэ хүрээнд бизнес форумыг зохион байгуулж, хоёр талын 300-гаад бизнесийн төлөөллүүд оролцож, олон салбарт нягт хамтран ажиллахаар боллоо. Тухайлбал, Монгол Улсаас ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг Бүгд найрамдах Казахстан улсаар дамжуулан Төв Ази, Евразийн зах зээлд гаргах, харин Бүгд найрамдах Казахстан улсаас улаан буудай, жимс, хүнсний бүтээгдэхүүнийг тогтвортой, харьцангуй хямд үнээр авахаар боллоо. Хоёр орны худалдааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд хамгийн том саад бэрхшээл бол тээврийн логистикийн асуудал байдаг.
Тээвэр логистикийн асуудлын хүрээнд Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэгийг эхлүүлэх, Баян-Өлгий-Өскемен чиглэлийн нислэгийг сэргээх, тээврийн дөт авто замыг хамтран бий болгох, хөрөнгө оруулалт, санхүүгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд хооронд харилцан зорчих, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Баян-Өлгий аймагт Бүгд найрамдах Казахстан улс Консулыг нээх, Хархорум хот болон Налайх дүүргийг Казахстаны хотуудтай ах, дүүгийн харилцаатай болгох зэрэг зэрэг хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд олон тохиролцоонуудыг хийлээ. Эдгээр цаг үеийн шаардлагад нийцсэн бодит үр дүнгээ өгөх боломжтой гэрээ хэлэлцээ, тохиролцоонуудыг хийсэн явдал нь Төв Азийн бүс нутагт чиглэсэн тэр дундаа Бүгд найрамдах Казахстан улстай хийсэн стратегийн түншлэлээ бататгасан Монгол Улсын гадаад бодлого амжилттай хэрэгжиж буйн илрэл болохыг харууллаа хэмээн үзэж байна.
-Сая айлчлалаар яригдсан гэрээ, санамж бичгүүдээс аль нь хамгийн хэрэгжих магадлал өндөр бол. Яагаад гэвэл төрийн өндөрлөгүүдийн айлчлалын дараа ихэнх гэрээ, санамж бичиг хэрэгждэггүй гэх шүүмжлэл байдаг шүү дээ?
-Ер нь төрийн дээд хэмжээний айлчлалын үеэр байгуулдаг зарим гэрээ, санамж бичгүүд улс төрийн бэлгэдэл төдий үлддэг гэсэн шүүмжлэл байдаг нь үнэн. Харин энэ удаагийн айлчлалаар байгуулсан баримт бичгүүдийг харвал илүү ажил хэрэгч, талуудын бодит ашиг сонирхолд тулгуурласан шийдвэрүүд нэлээд гарсан гэж харж байна. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах сонирхол нь цаасан дээр биш, цаг үеийн хэрэгцээ шаардлагад суурилсан нь илэрхий харагдаж байна. Ялангуяа тээвэр, худалдаа, логистикийн чиглэлд байгуулсан санамж бичгүүд нь хэрэгжих боломж бүхий бодит үр дүн өгөх магадлал сайтай байгаа нь ажиглагдлаа. Тухайлбал, шууд нислэгийн асуудлыг авч үзвэл энэ нь төсвөөс их хэмжээний зардал шаардахгүй, богино хугацаанд хэрэгжих боломжтой шийдэл. Шууд нислэг бий болсноор иргэдийн зорчих нөхцөл сайжрахаас гадна бизнес, худалдаа, харилцаа илүү идэвхжих бодит нөхцөл бүрдэнэ. Тиймээс энэ удаагийн айлчлалын үеэр гаргасан шийдвэрүүдийг өмнөх зарим айлчлалтай харьцуулахад илүү бодитой, үр дүн гаргах боломжтой, ажил хэрэгч чиглэлд ойртсон байна гэж харж болохоор санагдлаа. Өөрөөр хэлбэл, улс төрийн бэлгэдэл гэхээсээ илүү ойрын хугацаанд амьдрал дээр мэдрэгдэх үр өгөөж өгөх шийдвэрүүдийг гаргаж чадсан айлчлал болсон гэж хэлж болохоор байна.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал гадаадын хөрөнгө оруулалтыг татах мессэж болж чадах уу?
-Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлал гадаадын хөрөнгө оруулалтыг татахад тодорхой ахиц дэвшил гарч буйг илтгэсэн, эерэг мессэж болж чадлаа. Учир нь энэ айлчлал нь Монгол Улс бүс нутагтайгаа тогтвортой, прагматик харилцаа хөгжүүлэх, тээвэр, логистик, эрчим хүчний хамтын ажиллагаагаа төрөлжүүлэхийг зорьж байгаагаа харууллаа. Гэхдээ бодит хөрөнгө оруулалт орж ирэх эсэх нь айлчлалаас илүүтэй дотоодын бодлого, хууль эрх зүйн тогтвортой байдал, хэрэгжилтээс шалтгаална. Хэрэв айлчлалаар яригдсан тээвэр, эрчим хүч, эдийн засгийн хамтын ажиллагаа бодитоор хэрэгжиж эхэлбэл хөрөнгө оруулагчдын итгэл илүү нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс энэ айлчлал нь гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгсөн эхний алхам болсон, харин бодит хөрөнгө оруулалт татах эсэх нь дараагийн хэрэгжилтээс хамаарна гэж харж байна.
-Ер нь Монголын бизнесийнхэнд Казахстаны зах зээл хэр нээлттэй вэ?
-Казахстан бол 20 сая гаруй хүн амтай, зах зээлийн хэмжээ том, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр нэлээд туршлагатай улс. Энэ утгаараа Монголын бизнесийнхэнд хаалттай биш, нээлттэй зах зээл. Хоёр орны иргэд хоорондын харилцаа идэвхтэй, улс төрийн харилцаа найрсаг, худалдаа хийхэд саад болохуйц улс төрийн асуудал байхгүй. Мөн соёл, хэрэглээ, цаг уурын хувьд ойролцоо учраас Монголын бараа бүтээгдэхүүнийг сонирхох явдал харьцангуй элбэг. Тиймээс боломжийн хувьд харвал Монголын бизнесүүд Казахстаны зах зээлд хөл тавих нөхцөл нээлттэй гэж хэлж болно. Гэхдээ нээлттэй байна гэдэг нь заавал амархан, эсвэл судалгаа, тооцоогүй очоод шууд амжилт олно гэсэн үг огт биш. Казахстан өөрөө том зах зээлтэй, дотоодын үйлдвэрлэгчид нь хүчтэй, бас Орос болон Төв Азийн бусад орнуудтай ойр учраас өрсөлдөөн өндөр байдаг. Зөв бэлтгэлтэй, зорилтот зах зээлээ зөв сонгож чадвал Казахстаны зах зээлд бодитоор амжилт олох боломж бий.
-Казахстантай тээврийн коридороо хөгжүүлбэл бидэнд ямар боломжууд ирэх вэ. Эсвэл геополитикийн хувьд хүндрэлтэй юу?
-Хэрвээ бид Бүгд найрамдах Казахстан улстай тээврийн коридороо хөгжүүлж чадвал Монгол Улсад зарим боломжууд нээгдэнэ гэж харж байна. Юуны өмнө, энэ бол зүгээр нэг шинэ зам барих тухай асуудал биш, харин Монгол Улсын худалдаа эдийн засаг хөршүүдээс хэт хамааралтайг багасгах ач холбогдолтой алхам юм. Одоогийн байдлаар манай экспортын дийлэнх хувь нь нэг чиглэлд төвлөрсөн байгаа нь эдийн засаг, улс төрийн эрсдэлийг дагуулдаг. Харин Бүгд найрамдах Казахстан улстай тээврийн коридор хөгжвөл Монгол Улс Төв Ази, цаашлаад Турк, Европын зах зээл рүү гарах гарцтай болж, экспортын чиглэлүүдээ төрөлжүүлэх, боломжтой. Мөн манай хамгийн том сул тал болох тээврийн зардал буурах боломж бүрдэнэ. Бүгд найрамдах Казахстан улс бол тээвэр, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн улс. Тиймээс ачаа бараа тээвэрлэх боломж сайжирвал экспортын өртөг буурч, мах, ноос, ноолуур, боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн зэрэг салбарууд ашигтай экспорт болох нөхцөл бүрдэнэ. Цаашлаад Монгол Улс дан ганц түүхий эд экспортлогч биш, дамжин өнгөрөх тээвэр хийх улс болох боломж бүрдэнэ. Харин геополитикийн хувьд хүндрэлтэй юу гэж асуувал, энэ чиглэл харьцангуй эрсдэл багатай гэж үзэж байна. Бүгд найрамдах Казахстан улс бол аль нэг талд хэт туйлширсан улс биш, Орос, Хятад, баруунтай бүгдтэй нь тэнцвэртэй гадаад бодлого барьдаг. Тиймээс Монгол Улс, Бүгд найрамдах Казахстан улстай тээврийн коридор нь их гүрнүүдэд геополитикийн аюул, заналхийлэл мэт харагдах магадлал багатай. Гэхдээ нэг анхаарах зүйл нь хэрвээ Монгол Улс ганцхан энэ чиглэлд хэт найдвал эрсдэл үүсэж магадгүй. Харин Бүгд найрамдах Казахстан улс, Хятад, Орос, хамтран, олон гарцтай, тэнцвэртэй бодлогыг баримталж чадвал Казахстантай коридор нь эрсдэл дагуулах бус, харин эсрэгээрээ Монголын геополитикийн маневрын боломжийг нэмэгдүүлнэ. Тиймээс, Бүгд найрамдах Казахстан улстай тээврийн коридор хөгжүүлэх нь эдийн засгийн хувьд Монголд маш том боломж авчрахын зэрэгцээ геополитикийн хувьд харьцангуй аюул багатай, зөв хэрэгжүүлбэл стратегийн давуу тал болж чадна гэж би харж байна.
-Хоёр их гүрний дунд оршиж байгаа манай улсын хувьд Казахстантай хамтын ажиллагаа хэр бодитой өргөжих боломжтой вэ. Хоёр хөршийн нөлөөлөл бий юу?
-Хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувьд Бүгд найрамдах Казахстан улстай хамтын ажиллагаа бодитоор өргөжүүлэх боломж бий. Бүгд найрамдах Казахстан улсынхувьд Монгол Улстай ижил, олон чиглэлт, тэнцвэртэй гадаад бодлого баримталдаг, эдийн засгийн прагматик сонирхлоор хамтарч ажилладаг улс. Тиймээс манай хоёр орон харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий. Мэдээж хөршийн нөлөөлөл байж таарна, учир нь Монгол Улс, Бүгд найрамдах Казахстан улстай шууд хиллэдэггүй, тээвэр, эрчим хүч зэрэг бодит хамтын ажиллагаа хойд хөршийн нутгаар дамждаг. Цаашид хамтын ажиллагаа нь эдийн засгийн чиглэлд, хэн нэгнийг сөрөөгүй хэлбэрээр урагшлах боломжтой.
-Манайх Казахстанаас түүхий нефть, түлш авахаар талууд санамж бичиг байгууллаа. Тээвэрлэлтийн хувьд аль нь илүү боломжит хувилбар вэ. ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч таарна. Харин хойд хөрш зөвшөөрөх үү?
-Энэ айлчлалын үеэр Монгол Улс, Бүгд найрамдах Казахстан улстай газрын тосны салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Мэдээж түүнийг тээвэрлэх асуудал нь хамгийн том асуулт, хөрш маань зөвшөөрөх үү гэдэг асуулт зайлшгүй гарч ирнэ. Бүгд найрамдах Казахстан улсын хувьд түхий нефтийг Оросын нутгаар дамжуулан Европ руу явж ирсэн жишээ ч бий. Эндээс харахад, зарчмын хувьд огт зөвшөөрөхгүй улс биш.Бүгд найрамдах Казахстан улсаас түлш авна гэдэг нь зөвхөн хоёр талын асуудал биш, тиймээс гурван талын Монгол, Орос, Казахстан улсуудын улс төр эдийн засгийн зохицуулалт шаардана. Тиймээс түлш авах санаачилгыг бодитой болохын тулд гурван улсын хооронд транзит тээврийн тусгай механизм байгуулах ёстой болов уу.
Өдрийн сонин



