x

ЖДҮ-чин гишүүд бүрэн эрхээсээ өөрсдөө түдгэлзэх боломж байна

Гадаад мэдээнээс сонирхуулахад, Хятад Улсад 2018 онд авлигын хэргээр 621 мянган хүнийг хариуцлагад татсаны 51 нь өндөр албан тушаалтан байсан талаар Хятадын Коммунист намын төв хорооны Сахилга батыг хянан шалгах хорооны мэдээлэлд онцолсон байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний явуулж буй авлигатай тэмцэх кампанит ажлын гол онцлогийн нэг бол халдашгүй байдлыг харгалзахгүй байгаа явдал юм гэдгийг ч тодотгожээ. Тиймээс ч шийтгүүлсэн хүмүүсийн 51 нь сайдын болон мужийн захирагчийн түвшний түшмэд аж.

Хятадтай өөрийнхөө улсыг харьцуулах гэсэнгүй. Бид хууль бүү хэл нийгмийн байгууллын хувьд тэднээс тэс ондоо. Ийм ч болохоор өнгөрсөн долоо хоногт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудалтай холбогдуулан Улсын ерөнхий прокуророос УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах санал оруулсан ч ангийнх нь нөхөд аваад үлдлээ.

Гэхдээ манайх шиг ардчилсан орнуудад хуульд бичигдээгүй ёс зүйн код үйлчилдэг жишиг бий.Энэ талаарх жишээг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2015 онд “Азийн хүлэг улс” хэмээх тун бодууштай зүйл олныг хөндсөн номдоо бичсэн байдаг юм. Тухайн үед тэр номонд бичсэн “Улс төрийн соёл өндөртэй оронд ийм өчүүхэн гэмээр мөнгөн дүн л асар өндөр нэр хүндийг оргүй болтол нь унагаах чадалтай байдаг” гэсэн үг их таалагдаж билээ.

Ингээд олон зүйл нуршилгүй тус номоос зарим эшлэл түүж хүргэе. Тухайлбал, “БНСУ-ын хамгийн нэр хүндтэй Ерөнхийлөгчийн нэг Но Мү Хён авлигын хэрэгт нэр нь холбогдсоноос болж, уулан дээрээс үсрэн амиа хорлож байв. Энэ гэнэтийн эмгэнэлт явдал дэлхий нийтийг цочирдуулсан...”, “Японы ирээдүйн Ерөнхий сайд гэгддэг байсан Хөдөө аж ахуйн сайд Тошикацу Мацуока төрийн ордны оффисын түрээс болон 8,500 ам.долларын хандивыг олон нийтэд зарлаагүйн төлөө улс төрийн карьертаа цэг тавьсан.

Түүгээр ч барахгүй сэтгэл санааны хямралд орж, амиа хорлохыг оролдов. Улс төрийн соёл өндөртэй оронд ийм өчүүхэн гэмээр мөнгөн дүн л асар өндөр нэр хүндийг оргүй болтол нь унагаах чадалтай байдаг...”, “Дэлхийн хамгийн тохитой томоотой төрхтэй Ерөнхийлөгч гэгддэг Франсуа Олланд жүжигчин Жули Гэйт хэмээх бүсгүйтэй нэр холбогдсон түүх бий. Францын төрийн тэргүүн, энэ “сэргэлэн эр” мотоцикл хөлөглөн, хамгаалалтын дуулганы хар шилэн хаалтаар нүүрээ далдлан амрагийнхаа гэрт очдог байсан тухай хэвлэлээр шуугиж, томоохон сенсаацийн эзэн болж байж. Ингэснээр өөрт нь төдийгүй намд нь итгэсэн олон түмний дэмжлэгийг оны шилдэг онигоо болгон хувиргасан юм...”, “Бодлого тодорхойлох, мэтгэлцэхдээ хэнийг ч дагуулдаггүй Билл Клинтон дадлагын оюутан Моника Левинскитэй нэр холбогдож, уваагүй секс дуулианы эзнээр түүхэнд мөнхөрсөн. Үүнээс нь болоод “Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх” тухай АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим шүүн хэлэлцэж, маш том асуудал үүсгэж байсан...” гэх мэтээр дурдаж болно.

Энд хамгийн их дурдагдсан жишээнүүд бол мөнгө төгрөг, хүүхэн шуухантай холбогдсон асуудлууд юм. Манайд ч УИХ-ын хамгийн залуу гишүүн гэгдэж байсан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож олон нийтийг сэртхийлгэж байлаа. Бараг л бүх нийтээрээ үзэн ядах дөхсөн нийгмийн давалгааг залуу гишүүн өөрөө давж гарсан юм. Нэг талаас монголчуудын ууч сэтгэл, нөгөөтэйгүүр Д.Гантулгын эр зориг ч гэж болно.

Парламентаар түдгэлзүүлэх асуудлыг нь хэлэлцээд УИХ-ын гишүүд “түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн шийдвэр гаргаж байв. Гэтэл мань эр өөрөө УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах шийдвэр гаргаад чөлөөлөгдчихсөн. Хүн өөрөө өөрийнхөө үнэн мөнийг шалгуулъя гэж зориглох ийм сайхан. Одоо бол УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг муулж, муйхарлах хүн алга. Харин ч жаахан доош нь хийх гэвэл хүмүүс “Хууль хяналтын байгууллага нь шийдэх асуудал биз дээ” гээд өмөөрөнгүй янзтай байдаг болж.

Тэгвэл ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүд аваад үлдлээ. Үүнээс хоёр сарын өмнө ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг мөн ингэж байсан юм. Хэдийгээр тэд бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг парламентаар шийдэх хуулийн ард нуугдаад хоцорсон ч боломжоо булаалгасан ЖДҮ эрхлэгчид, ард түмнээс хэзээ ч уучлал хүртэхгүй. Тиймээс өөрсдөө түдгэлзэж, шалгуулаад сэвтсэн нэр төрөө сэргээх боломж Д.Гантулгын адил байна гэж хэлэх гээд байгаа юм. Энэ бол зүгээр нэг хөнгөлөлттэй зээл хуулийн хүрээнд авсан явдал биш гэдгийг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан их тодорхой хэллээ.

Товчхондоо, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-нд “Сапфир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгуулжээ. Гэхдээ зээл авах үедээ барьцаанд нь ямар нэгэн хөрөнгө тавиагүй юм байна. Тиймээс барьцаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцах болохоо мэдэгдэж байна гэсэн бичиг хийж өгсөн гэнэ. Тэрбумаар яригдах хөрөнгөд барьцаа гаргаагүй явдал нь хууль зөрчсөн гэж прокурор үзжээ.

Харин УИХ-ын гишүүн Г.Солтаны хувьд өөрийнх нь төрсөн хүү захирлаар нь ажилладаг хамаарал бүхий “Монгол шаазан” хэмээх компанидаа 950 сая төгрөгийн санхүүжилт хүсэж, шийдвэрлүүлсэн байх аж. Мөн зээл эхнэрийнх нь хувийн данс руу орж банканд хүүлэгдсэн явдал ч гарсан гэх. УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-нд урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргуулсан байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор “X” тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4,380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулснаар, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан гэнэ.

Тэд бүгдээрээ ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригтой хам хэрэгтэн хэмээн сэжиглэгдэн шалгагдаж байгаа. Нэг нь зээлээ дарах зорилготой, нөгөө нь барьцаа тавиагүй, бусад зээлийн сангаас хасагдсан компани, төрсөн хүүгийнх нь компани гэх мэт намтартай. Тиймээс ч УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хэлэлцэж байх үедээ хэлж байсан үгээ Улсын ерөнхий прокурор өнгөрсөн долоо хоногт давтан хэлсээр таарав.

Тухайн үед тэрбээр “Хуулийн дагуу нөхцөл байдал тогтоогдсон учраас Б.Батзориг гэдэг хүнийг яллагдагчаар татаж, та бүхэнд танилцуулж байна. Та бүхэн энэ хүний эрхийг түдгэлзүүлэх эс түдгэлзүүлэхээ өөрсдөө шийдэх ёстой. Гэхдээ аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. Би гурав дахь удаагаа асуудал оруулж ирж байна. Эхний хоёр дээр нь та нар татгалзсан хариу өгсөн.

Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм. Хаана байгаа юм тэр шударга ёс чинь. Хууль ёсыг дээдлэх ёстой гэсэн зарчимтай Их хурал чинь яагаад энэ хүмүүсийг журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм. Түдгэлзүүлэхгүйгээр шалгах жирийн иргэн хоёр чинь шал өөр шүүдээ. Сангийн эрхлэгч жирийн иргэн өнөөдөр цагдан хоригдчихсон байж байна. Шийдвэр гаргасан Их хурлын гишүүн нь болохоор энд сууж байна. Энэ чинь шударга ёс юм уу” хэмээж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт ч мөн адил “Бүрэн эрхтэй дархлагдсан улстөрчдийг бүрэн дүүрэн шалгах боломж алга.

Хууль хяналтын байгууллага бололцоотой бүх арга хэмжээг аваад шалгадаг. Бүрэн дүүрэн шалгах гэхээр ингэж болохгүй гээд хуулиар халхалчихаар яах юм бэ. Тиймээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байж шалгана” гэсээр хоцорлоо. Ийнхүү түүний оруулсан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дөрөв дэх удаагаа “өвдөг шороодсон” юм.

УИХ-ын гишүүд журмын нөхдөө хамгаалахдаа нөхөрлөл хийгээд хүн ёсны хүндлэл үзүүлэх шиг боллоо. Нөгөө талаас ийм хэрэгт холбогдсон жирийн иргэнд хүн ёсны өмгөөлөл биш хуулийн зүйл заалт үйлчилдэг гээд бодохоор бас харамсмаар. Мөнхүү тэдний авсан зээл жирийн иргэдэд яг тийм байдлаар хүрэх боломжтой байсан уу гэдэг бодол ч төрнө. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “ЖДҮ-д холбогдсон гишүүдийг ёс зүйн хувьд уучлахгүй” гэсэн үгнээсээ cap гаруйн дараа буцан барин байж гишүүдийг хамгаалж байгаа нь ч олны “нүдийг хорсгож” байна. Ийм болохоор ЖДҮХС-г тоносон гэх хар нэрнээс эдгээр улстөрч хэзээ ч салахгүй.

Үнэн мөнийг зөвхөн шүүх тогтооно. Шүүх тогтоох болохоор МАН-ын эрх барьж буй энэ бүрэн эрхийн хугацаанд багтаад ЖДҮХС-гийн зээлийн асуудалд холбогдсон гишүүд өөрсдөө бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулчих хэрэгтэй. Ингэж өөрсдийнхөө ирээдүйг, Монгол төрийн ёс зүйг аварч үлдэх хэрэгтэй байна. Тэгж байж энэ улсад ёс зүй, шударга ёс байгаа нь харагдана. Дээр нь бүрэн эрхээсээ өөрсдөө татгалзаад шалгуулбал өршөөх хэмжээний өр нинжин ард түмэн байгааг ч бас бодох хэрэгтэй юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 18 цаг 55 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 19 цаг 8 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Уржигдар 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Уржигдар 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Уржигдар 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Уржигдар 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Уржигдар 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Уржигдар 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Уржигдар 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Уржигдар 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Уржигдар 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Уржигдар 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Уржигдар 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Уржигдар 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Уржигдар 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Уржигдар 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Уржигдар 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Уржигдар 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Уржигдар 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө...
Top