Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор Зөвлөлдөх санал асуулга явуулахаар шийдвэрлэжээ.
Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шатыг 2026 оны гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-нд Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар, хоёрдугаар үе шатыг дөрөвдүгээр сарын 11, 12-нд Улаанбаатар хотод Төрийн ордны Их танхимд тус тус зохион байгуулна.
Санал асуулгын судалгааны түүврийн арга зүйг Үндэсний статистикийн хорооноос олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, баталсан байна. Энэ дагуу нийт 1570 иргэнийг оролцуулахаар төлөвлөснөөс 740 нь нийслэлээс, 830 нь орон нутгаас оролцох юм байна.
Бэлтгэл ажлын хүрээнд "Баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 17-нд зохион байгуулж, холбогдох салбарын эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид оролцсон. Уул уурхайн салбарын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг энэ сарын 26-нд, банк, санхүүгийн салбар болон залуу эрдэмтэн, судлаачдын оролцоотой хэлэлцүүлгийг 27-нд зохион байгуулж, Үндэсний баялгийн сангийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, сайжруулах боломж, шийдлийн талаар санал солилцоно.

“Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгын учир...
Үндэсний баялгийн сангийн хэрэгжилтийн хүрээнд бодлогын дараах гол асуудлууд олон нийтийн анхаарлыг татаад байна. Үүнд баялгийн орлогыг өнөөдрийн хэрэгцээ болон ирээдүйн хуримтлалын хооронд хэрхэн тэнцвэржүүлэх, иргэдэд ашиг хүртээх шударга хэлбэрийг тодорхойлох, мөн ил тод байдал, хариуцлагыг хангах засаглал, хяналтын механизмыг хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудал багтаж байна.
Энэ хүрээнд улс даяар зохион байгуулагдах Зөвлөлдөх санал асуулга нь онцгой ач холбогдолтой. Иргэд тэнцвэртэй мэдээлэл авч, бодлогын хувилбаруудыг хэлэлцэн, Монгол Улсын баялгийн удирдлагын талаар мэдээлэлд суурилсан санал бодлоо илэрхийлэх боломж бүрдэнэ.
Ялангуяа иргэдийн өөрсдийн амьдралд шууд нөлөөлөх бодлогын шийдвэрт оролцох нь өндөр ач холбогдолтой. Энэхүү зөвлөлдөх санал асуулга нь шийдвэр болон шийдэл гаргах үйл явцыг иргэдийн гарт бодитоор өгч, тэдний дуу хоолойг бодлогын түвшинд тусгах боломжийг бүрдүүлж байна. Энэ зарчим нь иргэд баялагтаа эзэн байх, байгалийн баялгийг тэгш хүртэх, цаашлаад ирээдүй хойч үе нь илүү сайн сайхан нийгэмд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үндэс болж байна.
Үүний зэрэгцээ Монгол Улсад хөрөнгө, өгөөжид суурилсан зах зээл аажмаар хөгжиж байна. Өмнө нь “1072 хувьцаа”-ны туршлага нь иргэд баялгаас тодорхой хэмжээгээр шууд хүртэж, түүнийгээ өөрсдийн хэрэгцээнд ашиглах боломжтой гэсэн ойлголтыг өгсөн. Харин өнөөдөр Үндэсний баялгийн сантай холбоотой шинэчлэлийн хүрээнд, энэхүү тогтолцоо бодитой хэрэгжсэн тохиолдолд иргэд илүү их өгөөж хүртэхээс гадна, түүнийг хэрхэн удирдах, зарцуулах талаар өөрсдөө оролцон шийдвэр гаргах боломж бүрдэж байна.
Олон улсын туршлагаас харахад Олон улсын валютын сан нь байгалийн баялгийн орлогыг шударга, тогтвортой удирдахад ил тод байдал, сайн засаглал зайлшгүй чухал болохыг онцолдог. Харин Дэлхийн банк баялгийн сангийн үр ашигтай хэрэгжилтэд хяналт, хариуцлагын тогтолцоо чухал болохыг тэмдэглэсэн байдаг.
Мөн олборлох салбар дахь ил тод байдал дутмаг байх нь авлига, буруу удирдлагад хүргэх эрсдэлтэйг судалгаанууд харуулж байна. Түүнчлэн OECD болон бусад судалгаагаар иргэдийн оролцоо нь бодлогын чанар, төрд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг болохыг онцолдог.
Монгол Улс өмнөх Зөвлөлдөх санал асуулгын туршлагаараа иргэд зөв мэдээлэл, зохион байгуулалттай орчинд ээдрээтэй бодлогын асуудлуудад идэвхтэй, чанартай оролцох боломжтойг харуулсан. Санал асуулга нь зөвхөн санал авах үйл явц бус, ардчиллын хүлээн зөвшөөрөгдөх чанарыг бэхжүүлэх, үндэсний хэмжээний зөвшилцлийг бий болгох чухал механизм байх юм.
Иймд Үндэсний баялгийн сангийн хэрэгжилтийг амжилттай болгоход иргэдийн оролцоо ач холбогдолтой бөгөөд энэхүү үйл явцын үр дүн нь Монгол Улс баялгаа ирээдүйд хэрхэн удирдахыг тодорхойлох болно.
Үндэсний баялгийн санд хуримтлагдсан орлогыг Ирээдүйн өв сангаар дамжуулан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг анхдагч хэрэгцээнд хөрөнгө оруулалт болгон зарцуулах нь оновчтой шийдэл гэж судлаач нар үзэж буй бөгөөд олон улсын туршлагаас харахад Норвегийн баялгийн сангийн өгөөж нь эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбаруудыг санхүүжүүлж, тус улсын урт хугацааны тогтвортой байдлыг хангаж байна.
Судалгаануудын үр дүнгээс харахад хүний хөгжил болох эрүүл мэнд, боловсрол, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх бодлогын арга хэмжээнд хөрөнгө оруулах нь эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой байдал, тэгш байдлын суурь болдог. Иймд баялгийн сан нь зөвхөн хуримтлал бус, иргэдийн сайн сайхан байдалд чиглэсэн хөрөнгө оруулалтын механизм байх нь чухал болно.
Энэ бүхэн нь Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын дэвшүүлсэн “Цэгцрэх хөдөлгөөн”-ий суурь зарчимтай нийцэж, эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралын чанарт бодитоор тусгах зорилгыг хэрэгжүүлэх үндэс болж байгаа юм.
Үндэсний баялгийн сангийн хэрэгжилтийг амжилттай болгоход иргэдийн оролцоо шийдвэрлэх ач холбогдолтой бөгөөд энэхүү үйл явцын үр дүн нь Монгол Улс баялгаа ирээдүйд хэрхэн удирдахыг тодорхойлох, иргэд баялгийнхаа эзэн байх нөхцлийг бий болгоно.
Өөрөөр хэлбэл, “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгад иргэн таны санал хамгаас үнэ цэнтэй.
Зөвлөлдөх санал асуулга явуулах нь ямар холбогдолтой вэ?
Монгол Улсын хэмжээний Зөвлөлдөх санал асуулгыг 2017, 2023 онд тус тус зохион байгуулж байсан бөгөөд Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд илүү тэгш, шударга хүртээх асуудлаар ард иргэдтэй зөвшилцөнө.
Зөвлөлдөх санал асуулга нь зөвлөлдөх ардчиллыг бодитоор хэрэгжүүлэх арга зүй бөгөөд улс төрийн шийдвэр гаргах үйл явцад зөвлөлдөх буюу хэлэлцүүлэг хийх нь гол үүрэг гүйцэтгэдэг ардчиллын нэг хэлбэр гэж судлаач нар үздэг. Өөрөөр хэлбэл, энэхүү арга зүй нь иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон оролцуулж, тухайн асуудлын талаар тэнцвэртэй мэдээлэл авч, мэргэжилтнүүдээс асуулт асууж, өөр хоорондоо хэлэлцсэний үндсэн дээр байр сууриа илэрхийлэх боломж олгодог ардчилсан аргачлал юм. Иргэд зөвхөн санал өгөхөөс гадна мэдээлэлд суурилсан, бодож тунгаасан шийдвэр гаргах үйл явцад оролцдог онцлогтой.
ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР: Зөвлөлдөх санал асуулга нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн бүх шатны байгууллага, хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийн дагуу захиргааны хэм хэмжээний акт гаргах нийтийн эрх зүйн бусад этгээд, бүх шатны нутгийн өөрөө удирдах байгууллагууд шийдвэр гаргахын өмнө болон түүнийг хэрэгжүүлж, сахин мөрдөж байгаа байдлын талаар тохиолдлын зарчмаар түүвэрлэн сонгосон иргэдээс тусгай бэлтгэсэн асуултаар санал авах замаар иргэдийг төрийн үйл хэрэгт оролцуулах цогц үйл ажиллагаа юм. Зөвлөлдөх санал асуулгын зорилго бол 1) Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар олж илрүүлэх, 2) Тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаах иргэдтэй зөвлөх, 3) Иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх, 4) Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах явдал мөн гэж холбогдох хууль тогтоомжид заажээ. (Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль)
Баялгийн сангийн зарчим
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийн өгөөжөөс иргэд тэгш, шударга хүртэх зарчмыг хуульчилсан. Гэвч өнөөдрийн байдлаар энэхүү зарчим бүрэн хэрэгжихгүй, иргэд өгөөжийн тодорхой хэсгийг л хүртэж байгаа нь тулгамдсан асуудал хэвээр байна.
Үндэсний баялгийн сангийн хүрээнд одоогоор Ирээдүйн өв санд 6 их наяд төгрөг, Хуримтлалын санд 1 орчим их наяд төгрөг төвлөрсөн бөгөөд эдгээр сан хоорондын зөрүү 5 их наяд төгрөгт хүрээд байна.
Мөн иргэн бүр Хуримтлалын санд нэрийн данстай болсон ч дунджаар 175 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь баялгийн өгөөжийн тэгш хуваарилалтын зарчим алдагдсаныг харуулж байна.
Засгийн газраас зохион байгуулж буй “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулга нь иргэдийн оролцоонд тулгуурлан Үндэсний баялгийн сангийн бодлого, байгалийн баялгийн өгөөжийн хуваарилалтыг илүү шударга, ил тод, хүртээмжтэй болгоход чиглэгдэнэ. Ингэснээр байгалийн баялгийн орлогыг ил тод, тодорхой тогтсон аргачлал, зохицуулалтын дагуу удирдах тогтолцоог бэхжүүлэх, улмаар иргэдэд урт хугацаанд өгөөжтэй болгоход чухал алхам болно. Мөн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-тай холбоотой хуулийн хэрэгжилтийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Үндэсний баялгийн сан нь байгалийн баялгаас бүрдсэн орлогыг хуваарилах, хуримтлуулах, зарцуулах тогтолцооны суурийг бий болгож, баялаг нь ард түмний өмч бөгөөд өнөө болон ирээдүй үеийн нийтийн ашиг сонирхлыг харгалзах ёстой гэсэн зарчмын дагуу ажиллана.




