x

Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулна

УИХ-ын гишүүн Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Улс орон, эдийн засгийн амьдрал хүнд байна. Ийм цаг үед АН-ын улс төрийн акц цагаа олсонгүй гэж шүүмжлэх хүмүүс их байна. Нөгөөтэйгүүр чуулгандаа оролцоод шаардлагаа тавиад яваад байх боломж байхгүй байсан уу?

-Улс орон, эдийн засгийг хэн ийм хүнд байдалд оруулсан юм бэ. Сүүлийн арван жил Монгол ардын нам үнэмлэхүй олонхиор засаглаж байна. Энэ хугацаанд тэд төсвийн мөнгийг хайр найргүй үрэн таран хийж, хэдэн гишүүдээ ээлж дараалан сайдын суудалд залахаас өөр юу хийж гийгүүлсэн юм бэ. Эцэс төгсгөлд нь намын хэрүүлээ төрийн зовлон болгож, УИХ-ын танхимд зогсоо зайгүй хулгай дээрэм ярьдаг боллоо. Нөгөө талаас, Монгол ардын намын дарга УИХ-ын чуулганы индэр дээрээс улс төржиж болохгүй шүү дээ. Парламент бол олон намуудын мэтгэлцээний талбар байх ёстой. Чуулганы танхим дахь олон намын төлөөлөлд хүндэтгэлтэй хандах учиртай. Таван намын төлөөлөл бүхий парламент улс орны өмнө тулгамдсан асуудлыг бүтээлчээр хэлэлцэж, зохистой шийдвэр гаргаж ажиллах нь маш чухал. Онц чухал асуудал дээр бид нам харгалзахгүй нэгдэж ч болно. Ийм нөхцөлийг бүрдүүлэхийн тулд парламентыг даргалж буй хүн аль нэг намын байр суурийг илэрхийлэхээс илүү төвийг сахиж, зөвшилцөл хийх чадвартай байх ёстой. Тиймээс би Ардчилсан нам улс төрийн акц хийж байна гэхээс илүү улс төрийн тэмцэл өрнүүлж байна гэж хэлнэ. Эрх баригчдыг иргэдийнхээ эрх ашгийг эрхэмлэж ажиллахыг шаардаж буй тэмцэл. Парламентыг хүчирхэг байлгахын төлөөх тэмцэл.

-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотойгоор таны байр суурь ямар байна вэ. Ер нь парламентын дархлаа, чадамжийг сулруулсан эрх зүйн зохицуулалт болно гэж олон хүмүүс хэлж байна шүү дээ?

-Монгол ардын намын дотоод зодоон төрийн зовлон болоод зогсохгүй институци хоорондын толхилцоон болж хувирлаа. Нэг нам энэ олон жил хяналтгүй засаглах ийм л хор уршигтай байдаг юм байна. Ерөнхийлөгч нь ч Ерөнхийлөгч шиг байж чадсангүй, намаасаа түдгэлзсэн атлаа намынхаа хэрүүл маргаанд оройлох маягтай оролцоод явж байна. Сая өргөн барьсан хуулийн төсөл нь ч тэр, засаглал хоорондын хяналт, тэнцлийг үлэмж сулруулсан, иргэдийн сонгуулийн эрхэнд халдсан, ардчиллаас ухрах үр дагавартай гэж харж байна. Монголын ардчилал, монголчуудын эрх чөлөөний мэдрэмж, төрт ёсны уламжлалын хүчинд өнөөгийн геополитикийн нөхцөлд маш эмзэг тэнцвэр дээр тогтож ирсэн учраас бид Үндсэн хуулийн тогтолцоог эвдэж мэдэх аливаа санал санаачилгад тун болгоомжтой хандах ёстой. Үүнийг Ерөнхийлөгч мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл хууль зөрчин барин ийм төсөл өргөн барьж байна гэхээр эрх баригчид ямар айхтар эрх мэдэлдээ эрдсэн, амьдралаас тасарсан байгаа нь харагдаж байгаа юм.

-Хууль зөрчсөн гэдэг нь?

-Үндсэн хуулийн 26 дугаар зүйлд, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно гэж заасан. Тэгвэл УИХ-ын тухай хуулийн 36 дугаар зүйлд, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачилна гэж заасан. Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй боловч УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлах эрхгүй байгаа биз. Хамгийн хачирхалтай нь Засгийн газар хуулийн төсөлд өгсөн саналдаа, уг хуулийн зохицуулалт нь "Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгт хамаарах бус, харин гишүүний эрх зүйн байдал, бүрэн эрхийн хэрэгжилт, дуусгавар болох нөхцөлтэй холбоотой тул дээрх заалттай нийцэж байна" гэж үзсэн байгаа юм. Засгийн газар ингэж дураараа хууль тайлбарлахгүй л дээ. УИХ-ын гишүүний эрх зүйн байдлыг Улсын Их Хурлын үйл ажиллагаанаас ангид байдлаар авч үзэх боломжгүй шүү дээ. Улс төрийн жижиг эрх ашгаа хамгаалахын тулд юу ч хийхээс буцдаггүй байж болохгүй. Үндсэн хуульт ёс, парламентын дархлаа зэрэг үнэт зүйлс өнөөдөр шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн эрх ашгаас илүү үнэ цэнтэй байдаггүй юм уу. Ёстой нөгөө жоомоо алах гээд байшингаа шатав гэгч нь болох нь л дээ. Тиймээс Улсын Их Хурал энэ хуулийн төслийг хэлэлцэж болохгүй. Хүлээж авдаг нь ч буруу. Хууль зөрчсөн асуудал дээр холбогдох хүмүүс хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Энэ асуудалд УИХ-ын гишүүд нам харгалзахгүй парламентынхаа талд зогсоно гэдэгт итгэж байна. Энэ бол бидний үүрэг.

-Дээрх хуулийн төсөл батлагдлаа гэхэд илрэх сөрөг үр дагаварууд юу байж болох бол?

-Ганц хоёрхон нүүр хуулийн төслийн үг, өгүүлбэр бүр нь асуудал дагуулж байгаа. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ-д танилцуулсан л бол гишүүн татагдана, УИХ дээр санал хураалт явахгүй. ҮХЦ-ийн есөн гишүүнд ямар айхтар эрх олгох нь энэ вэ. Түүнчлэн, УИХ-ын гишүүдийг жагсаалтынх болон тойргийнх гээд хуваачихаж байгаа юм. УИХ-ын гишүүн л бол гишүүн шүү дээ, тойргийнх болон жагсаалтынх гэсэн ангилал байхгүй. Сонгогдох аргачлал нь л өөр байгаа болохоос биш нэгэнт тангараг өргөсөн бол Улсын Их Хурлын гишүүн мөн. Үндсэн хуульд, "Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна" гэж маш тодорхой заасан.

Үндсэн хуулийн бус зохицуулалт оруулж ирж болохгүй. Цаашилбал, жагсаалтын гишүүдийг намын төлөөллийн төв байгууллагын шийдвэрээр эгүүлэн татах гэнэ. Сонгогчдын эрхэнд маш ноцтой халдаж буй явдал шүү дээ. Ирцийн асуудлыг мөн хөндсөн байна лээ. Хурлын ирцэнд орох эсэх, санал хураалтад оролцох эсэх чинь давхар улс төрийн шийдвэр шүү дээ. Тэгтэл ийм механик аргаар хариуцлага тооцох нь зохимжгүй юм. Би ажлаа хийлгүй хурал таслаад яваа хүмүүсийн талаар бус, харин үл оролцох замаар байр сууриа илэрхийлэх бүрэн эрхийн талаар ярьж байна. Үүнийг хязгаарлаж болохгүй. Харин сонгогчдын хувьд ээлжит сонгуулиар тухайн гишүүнийг сонгох эсэх шийдвэрийг гаргахдаа тэр хүний ирц, оролцоонд үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой. Угаасаа ардчилсан тогтолцоонд улс төрчидтэй хариуцлага тооцох маш тодорхой мөчлөг, цаг хугацаа байгаа. Сонгуулиар хариуцлага тооцуулахгүй байх санаатай эрх баригчид сонгуулийн бус цагаар хэдэн хүнд хариуцлага тооцож буй дүр эсгэх замаар эрх мэдэлтэйгээ зууралдах нь байна шүү дээ.

-Таны хувьд энэ хаврын чуулганаар ямар хуулийн төсөлд анхаарал хандуулан ажиллаж байгаа вэ?

-Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслөө өргөн барихаар ажиллаж байна. Энэ бол Ардчилсан намын эдийн засгийн үзэл баримтлал, бодлогын цөм, философийг илэрхийлэх хууль юм. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлтэй хамтран санаачилж байгаа. Ардын нам засагласан арван жилд эдийн засаг дахь төрийн оролцоо үлэмж нэмэгдэж, хувийн хэвшлийн өрсөлдөх чадвар буурсаар байна. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал монголчуудад улс төрийн эрх чөлөөг авчрахын зэрэгцээ эдийн засгийн эрх чөлөөг амласан боловч бид энэ зорилгодоо хүрч чадаагүй явна. Тиймээс Ардчилсан намын бодлого, мөрийн хөтөлбөрийн үндсэн цөм бол монголчуудын эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах замаар монгол хүн бүрийн цалин, орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгаа тэлэх зорилго юм.

1992 оны Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөө, төрийн байгуулалтын асуудлыг маш тодорхой авч үзсэн атлаа эдийн засгийн эрх, эрх чөлөөг хамгаалах зохицуулалтууд харьцангуй ерөнхий байдлаар туссан гэж хэлж болно. Тиймээс энэ байдлыг залруулсан, эдийн засгийн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан зүйл заалт бүхий ерөнхий хууль шаардлагатай байна гэж үзсэн. Засгийн газраас ижилхэн нэртэй хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа. Тэдний төсөл, манай төсөл хоёроос хоёр намын үзэл баримтлалын ялгаа маш тодорхой харагдаж байгаад олзуурхаж байна.

-Макро эдийн засгийн үзүүлэлт ерөнхийдөө суларсаар байна. Угтаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын улирал эхэлж байна шүү дээ. Энэ утгаараа та хаврын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын өсөлтийг хэрхэн хийх талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Монгол ардын нам 10 жил дураараа дургиж чадсан нь эдийн засгийн гадаад орчин харьцангуй сайн байсантай салшгүй холбоотой. Нүүрсний мөнгө орж ирээд байсан, төсөв асуудалгүй бүрдээд байсан учраас эрх баригчид сонгуулийн өмнө мөнгө тараах зэргээр иргэдийг аргадахтайгаа байлаа. Харин геополитикийн нөхцөл байдал улам хүндэрч байгаа энэ үед бодит бодлогын өөрчлөлтгүйгээр, ямар нэгэн шинэчлэлгүйгээр урагш явах боломжгүй болж байна. Тиймээс өөрчлөлт, шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Гэм нь өнөөгийн эрх баригч Монгол ардын намаас бодлогын манлайлал гарахгүй нь улам л тодорхой болж ирж байна. Ядаж шинээр элдэв өөр зээл тавихгүй байх, Туулын хурдны зам шиг өндөр өртөгтэй дэд бүтцийн төсөл шинээр эхлүүлэхгүй байх нь чухал байна. Даанч зарим зүйл дээр үнэхээр дийлэхгүй юм.

-Засгийн газар сайд нартаа хариуцлага тооцож байна. Дараагийн орж ирж байгаа сайд нарын хувьд ажлаа сайн хийх хандлага харагдаж байна уу?

-Ганц хоёр сайд солиод ажил нь сайжирчихдаг байсан бол өнөөдөр бид аль хэдийн цэнгэлийн манлайд хүрчих байсан болов уу. Хүлээлт бага л байна. Ардын намынхан нэр хүнд нь унаад ирэхээр ганц нэг хүмүүсээ сольж иргэдийн дунд хүлээлт үүсгэдэг арга технологитой болсон нь сүүлийн үед бүр явахаа байж дээ.

-Японд хүнсний бараануудыг НӨАТ-аас бүрэн чөлөөллөө. Манайх ч гэсэн энэ төрөл зүйлийн татварыг чөлөөлөх боломж бий юу. Ингэж чөлөөлсөнөөр өргөн хэрэглээний барааны үнэ буурах, цаашлаад инфляц буурах боломжтой юу. Энэ асуудалд та ямар бодолтой байгаа вэ?

-Манай эдийн засгийн татварын дарамт 40 хувь шахаж байна. Дэд бүтцийн хөгжил сул, өргөн уудам нутаг дэвсгэртэй улсын хувьд тээвэр, ложистикийн зардал маш өндөр байдаг нь мөн л зардлыг нэмэгдүүлдэг. Дээр нь жилийн дөрвөн улиралтай, маш богинохон барилгын сезонтой гэх мэт бэрхшээл их бий. Эрчим хүч, шатахууны хараат байдал ямар байгаа билээ.

Ийм нөхцөлд бид татварын дарамтыг аль болох бууруулж байж л хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дэмжинэ. Тиймээс аль нэг салбарын НӨАТ-ыг чөлөөлөх гэхээс илүү нийт татварын хувь хэмжээг бууруулах нь чухал гэж бодож байна. Тухайлбал, НӨАТ-ыг таван хувь болгох тухай Б.Пүрэвдорж нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл явж байгаа. ХХОАТ-ыг нэг хувь болгох тухай Ж.Баярмаа нарын гишүүдийн санаачилсан хуулийн төсөл хүлээгдэж байгаа. Энэ мэтчилэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд маш тодорхой санаачилгуудыг гаргаад явж байна. Түүнчлэн, үнийн өсөлтийг хазаарлах тал дээр Монголбанкны шинэ ерөнхийлөгч шийдэмгий ажиллах шаардлагатай байна. Ер нь гадаад зах зээлийн орчин сайнгүй болж ирж байгаа энэ үед бид бүхий л нөөц бололцоогоо дайчилж ажиллахгүй бол нөхцөл байдал улам хүндрэх вий гэдэгт санаа зовж байна.

-Ардчилсан нам үндсэн дүрмийн өөрчлөлтийн дагуу намын гишүүдээ шинээр бүртгэж, дотоод сонгуулиа хийж, ирэх дөрөвдүгээр сард Их хурлаа хийх товтой байгаа. Дотоод сонгуультай холбоотой таны байр суурь ямар байна вэ?

-Ирэх жилээс эхлээд томоохон сонгуулиуд эхэлнэ. Ардчилсан намын тухайд, 2028 онд УИХ-ын сонгуульд ялалт байгуулаад хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ид боловсруулж байна. Нам дотроо бүрэн шинэчлэл хийж байгаа. Ардчилсан нам хариуцлагаа маш сайн ухамсарлаж байгаа гэдгийг хэлье. Ер нь Монголын ардчилсан тогтолцоо цаашдаа оршин тогтнох, эс оршин тогтнох асуудал манай намын үйл ажиллагаатай нягт холбоотой. Тэр хариуцлагыг ч бид үүрч яваа. Энэ утгаараа 2027, 2028 оны сонгууль хүртэл сөрөг хүчнийхээ үүргийг маш сайн биелүүлэх ёстой. Нөгөөтэйгүүр АН дотооддоо шинэчлэлийг зоригтой хийж байна. Мөрөөдөл тээж байгаа олон залууст хаалгаа нээж байж, ялалт байгуулна гэж үзэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ орон даяар хэлэлцүүлэг хийж, тодруулна гэсэн хүлээлттэй байна. Үүний дараагаар 2028 онд ямар ажил хийж хэрэгжүүлэхээ ард түмэнд танилцуулаад явна. Бид үлдсэн хоёр жилийн хугацаанд өргөн барих хуулиудаа өргөн барьж, сонгуульд маш тодорхой зорилготой оролцож, эрх баригч намд хариуцлага нэхэж ажиллана. Ардчилсан намынхаа Их хурлаар намынхаа шинэ бүрэлдэхүүнийг танилцуулж, шинэ дүрмийн хүрээнд хийсэн бүтэц бүрэлдэхүүн, гаргасан бодлого шийдвэрүүдээ танилцуулна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зундарь: Амин насны урсгал 57 мин Химийн хорт бодис хууль бусаар хадгалсан гадаадын иргэн, хуулийн этгээдийг торгожээ 1 цаг 19 мин Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ 1 цаг 20 мин Зэвсэгт хүчний ангид цэргүүд маргалдаж нэг нь бэртсэн асуудлаар ЗХЖШ мэдээлэл хийлээ 1 цаг 22 мин Сувилахуйн "Асаргааны баг"-ийн туслах сувилагчдыг чадавхжуулах сургалт боллоо 1 цаг 22 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ 1 цаг 24 мин Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулна 1 цаг 27 мин О.Цогтгэрэл: Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар сайн дураараа чөлөөлөгдөж, шалгуул 1 цаг 50 мин "Монголын Геологи хайгуул чуулга уулзалт-2026" эхэллээ 3 цаг 4 мин Нийслэлд хэрэгжиж буй төслүүдийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг нээлттэй мэдээлэхийг үүрэг болголоо 3 цаг 9 мин Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам барихаар төлөвлөжээ 3 цаг 10 мин Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко БНАСАУ-д айлчилж байна 3 цаг 16 мин Дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг "Ягаан өдөр"-ийн тухай 3 цаг 17 мин Орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарч, дадлага сургуулилалт хийнэ 3 цаг 18 мин Шар усны үер, халиа тошинд өртөх эрсдэлтэй 1024 өрх байна 3 цаг 19 мин Иран дайсагнаагүй орнуудын хөлөг онгоцыг Ормузын хоолойгоор нэвтрүүлнэ 4 цаг 12 мин Усны нөөцийг хамгаалах, хууль эрх зүйн зохицуулалтын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа 5 цаг 53 мин УИХ: Хууль боловсруулах ажлын хэсгүүдийн хуралдааны тов 5 цаг 53 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 5 цаг 57 мин Гуравдугаар сарын 26-наас 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 6 цаг 1 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top