x

Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаая

Тамхины хуулин дээр ашиг сонирхол үнэртүүлж, тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаая

“Пүү, хятадууд вэйпний 90 хувийг үйлдвэрлэдэг хэрнээ өөрсдөө үнэр, амтыг нь хориглочихсон. Харин манайд л тэр их үйлдвэрлэдэг нь орж ирдэг юм биш үү. Юүтүбер Түшиг тэгж ярьж байна лээ” гэж гудамд хоёр хүү ярьж явахыг сонслоо. Нээрээ л дэлхийн улс орнууд эхнээсээ хориглоод эхэлчихсэн, дор хаяж тамхины гашуун амтнаас бусад хүүхэд, залуусын сонирхох амтыг тас хорьсон электрон тамхи буюу вэйп Монголд ямар ч зохицуулалтгүй худалдаалагдаад ихээ удлаа. Өнгөрсөн намар УИХ-д өргөн баригдсан Тамхины хяналтын хуулийг энэ хаврын чуулганаар батлах учиртай юм сан. 

Ер нь тамхитай холбоотой хууль яригдаад ирэхээр ямар нэг далдын хүчин үйлчлээд энэ төрлийн хуулийг ер явуулдаггүй. Гэтэл электрон тамхи буюу вэйп ямар ч зохицуулалтгүй нэвтэрсээр олон жил болов. Одоо өсвөр насныхан байтугай бага насны хүүхдүүд гувшаа хурга шиг нэг юм хөхчихсөн, утаа суунаглуулаад явж байдаг болсон нь худлаа биш. Айл болгонд нэг ийм асуудал, ээж бүр сэтгэл нь өвдсөн ийм нөхцөл байдал нэгэнт бий болжээ. Ард нь улс Монголоо авч явах ирээдүйн иргэдийн маань эрүүл мэндийн асуудал ямар байгаа бол гэсэн эмзэглэл голоос гогодоно. 

Хаврын чуулган эхэллээ. Хэлтэй, амтай бас хүлээлттэй эхэлж байна. Энэ чуулганаар хэлэлцэх хамгийн их “зовлон” үзэх магадлалтай хуулийн нэг бол Тамхины хяналтын тухай хууль. Яагаад зовлон үзнэ гэвэл хамгийн том эрх ашгийг хөнддөг, хамгийн их батлуулахгүй байх оролдлого тал талаас гардаг хууль. Дээрээс нь хуулийн санаачлагч болоод батлуулахаар яваа гишүүдийг хамгийн ихээр харлуулдаг хууль. Оролдогсод нь гаднаасаа ч бий, дотроосоо ч бий. Уг нь энэ хуулийг анх санаачлахад 78  ч бил үү гишүүн гарын үсгээ зурж дэмжсэн гэж дуулж байсан. Бас багагүй тоо шүү. Гэхдээ яг батлах болоход хэд нь хойш сууж, хэд нь санаатай санаагүй шалтаг тоочихыг мэдэхгүй л байна. Харин баталгаатай мэдэж байгаа зүйл бол улстөрчдөөс хэн нь хаанахын ямар лоббид автаад байгааг, тамхины компаниуд нийлж байгаад ямар, ямар элдэв явуулга явуулдгийг олон нийт болж байгаа үйл явдлаас дор нь гадарладаг болсон явдал. Ер нь олон жилийн туршлага бидэнд байна доо. Яг нарийн ширийнийг нь мэдэхгүй ч юу болдгийг нь олон нийт чгадарладаг болсон. 

Үнэндээ энэ адармаатай хуулийг УИХ дээр эмэгтэйчүүд л зориглож барьж чаддаг. 2012 онд Л.Эрдэнэчимэг гишүүн элдвээр хэлүүлж явсаар энэ хуулинд өөрчлөлт оруулсан нь олон асуудлыг шийдэж чадсан байдаг. Одоо О.Номинчимэг гишүүн эр зориг гаргаад үзэлцээд явж байна. Ер нь чуулган дээр хэн нэгэн энэ талаар яриад эхлэхээр электрон тамхины эсвэл янжуур тамхины талыг баримтлагч, аль нэг талын эрх ашгийг баримтлагч болгоод хаячихдаг технологи ноцтой үйлчилсээр ирсэн. Аль нэг талын лоббигоор энэ хуулийг батлах гэж байгаа мэт цуурмагц энэ асуудал урагшаа явахаа байчихдаг. Гэхдээ нэг голын усанд хоёронтоо орж болдоггүй шиг тамхины компаниудын энэ арга нэгэнт хуучирсныг мэддэг болов уу.

Дэлхий дээр нэг талд нь уламжлалт утаат тамхи буюу янжуурынхан нөгөө талд электрон тамхиныхан хуваагдчихаад нэгнээ муулж байгаа харагдавч үнэндээ уг гарвал нь нэг байдаг. Манайд ч тийм гэсэн сураг дуулдсан.

Дэлхийн тамхи үйлдвэрлэгч томоохон компани болох Philip Morris компани янжуураасаа вэйп үйлдвэрлэгч томоохон компани болсон. British American Tobacco гэхэд RELX International гээд электрон тамхины компанитай, Japan Tobacco Inc бүр энэ нэрээрээ электрон тамхи руу орсон байх жишээтэй. Эндээс бид янжуур болоод электрон тамхиныхан хоорондоо эсрэг үзээд байдаг тусдаа нөхөд биш харин тэдний салбар доторх стратегийн шилжилт гэдгийг ойлгох учиртай. 

Анх электрон тамхийг янжуур тамхинаас гаргах эхний арга хэрэгсэл мэт ойлгуулж байлаа. Тэгж ч ойлгож тамхинаас гарахаар электрон тамхи руу шилжсэнхүмүүс цөөнгүй, зэрэгцээд хүүхэд, залуус ч маш их хошуурсан. Үнэндээ энэ нь орлуулах бүтээгдэхүүн огтоос биш байлаа. Харин ч электрон тамхи хэрэглэж сурсан хүүхэд, залуусын янжуур тамхинд шилжих магадлал бүр 3-5 дахин их гэдэг нь судалгаагаар нотлогдчихсон. Тийм ч учраас судлаачид үүнийг тамхи руу орох хаалга гэдэг юм билээ. Тамхи хэмээх там руу орох хаалга гэмээр ч юм уу. Харамсалтай нь манайд энэ хаалга ямар ч цоож цуургагүй байсаар ирлээ. Сүүлийн үед эмч, эрүүл мэндийн салбарынхан янжуур, электрон тамхинаас гарах гэхээсээ никотины хамаарлаас гарах гэж ойлгох нь зөв гэх болсон байна лээ. Янжуур тамхи ч, электрон тамхинд ч донтуулдаг, тархи тэр дундаа хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг никотины агууламж их. Никотины хамаарлаас гаргах энэ ойлголтыг ч яригдаж байгаа хуулинд нарийн тодорхой зааж өгөх хэрэгтэй. 

Электрон тамхи манай зах зээлд нэвтрээд удаж байхад үүнийг зохицуулсан хуудас ч цаасгүй явж ирэв. Гэтэл өнөөдөр дэлхийн 82 улсад хууль тогтоомжоор зохицуулж, 46 улсад электрон тамхийг бүрэн хоригложээ. Манайхны олноороо очдог Вьетнам улс гэхэд энэ оны эхнээс үүнийг бүрмөсөн хориглосноор аяллын компаниуд сандран анхааруулга хийгээд байсан даа. Ноднин очиход зүгээр байсан даа, ямар учиртай юм гэж монголчууд дургуйцээд байна, гэтэл улс орнууд ингэж л арга хэмжээ авч байна шүү дээ аяллын хөтөч залуу ярьж байсныг санаж байна. Бусад улс орнууд шиг бүрмөсөн хорьчихгүй байлаа гэхэд амт, үнэрийг хориглодог улс орнууд бас бий. Хорь гаруй орон ийм зохицуулалт хийжээ. Дани, Финланд, Нидерланд, Эстони, Австрали, Герман, Канад, АНУ-ын зарим мужуудад амт үнэрийг хориглосон нь учиртай. Элдэв жимсний амт, гоё үнэр хүүхдүүдийг электрон тамхинд ороход шууд нөлөөлдөг гэж үздэг учраас ийнхүү албан ёсоор хуульчилж өгсөөр байна. Энэ манайд ч зайлшгүй зохицуулах шаардлагатай. 2019 онд судалгаагаар 13-15 насны хүүхдүүдийн 14 хувь нь тамхи татдаг, 3.5 хувь нь вэйп татдаг гэж байсан бол 2023 онд 13-17 насны сурагчдын 19.9 хувь янжуур, 24.8 хувь нь вэйп татдаг болжээ. Зүгээр л дөрвөн хүүхдийн нэг нь электрон тамхи, таван хүүхдийн нэг нь янжуур татаж байна гэсэн үг. Манай улсын хүн амын нийт нас баралтын 17 хувь нь тамхинаас шалтгаалсан гэсэн үзүүлэлт бий. Одоо гарынх нь булцгар ч арилж амжаагүй бага насныхан мөнгөө нийлүүлж байгаад дуртай газраасаа электрон тамхи худалдаад авчихаж байна. Тэгээд нийлж авснаа 5-6-уулаа ам дамжуулан татна. Хавдрын үзүүлэлтээр дэлхийд толгой цохидог Монголын гунигт энэ үзүүлэлт ирээдүйд улам нэмэгдэхээс буурах гэрэл гэгээ үзэгдэхгүй байна. Тэр ч байтугай сүүлийн үед хэн ямар вэйп татаж байна, хэн үнэтэйг хүзүүндээ зүүж гайхуулж байна, хэн хямдханыг татаж байна гэдгээрээ нэгнээ ялгаварлан гадуурхдаг байдал ч бий болжээ. Бас вэйп татаж чамирхахгүй бол найзуудын бүлэг бүлгэмд ч тэнцэхгүй гэх шиг.

Бид хүүхдүүдээ тамын энэ хаалгаар оруулж алдахаасаа өмнө арга хэмжээ авахгүй бол ураг удмын, улс үндэстний аюулгүй байдал хөндөгдөөд байна. 

Ер нь 18 нас хүртлээ тамхи татаагүй бол тамхинд орох магадлал 80 хувь, 26 хүртлээ татаагүй бол 90 хувь буурна гэж үздэг. Тэгэхээр аль болох тамхичдын тоог багасгахын тулд өсвөр залуу наснаасаа татахгүй байх, татуулахгүй байх дээр бүх бодлого чиглэх хэрэгтэй байгаа биз. Харамсалтай нь манайд өнгөрсөн он жилүүдэд ямар ч хяналт, ямар ч бодлого байсангүй. Электрон тамхи аюулгүй мэт толгой угаалт явагдсаар. Судалгаа нотолгоо, дэлхийн улсуудын хориг, шийдвэрүүд харин өөрийг хэлсээр...

Эргээд харах нь залуус толгой дараалан татдаг болчихож. Янжуур тамхийг уушиглаж, амь нас эрүүл мэндээ гаргуунд нь хаях нэн шинэ үеийнхийг электрон тамхиар бүрэн бэлджээ. Үнэхээр өнөөх электрон тамхи буюу вэйп нь янжуур тамхинаас гарах урьтал алхам байсан бол тоо хэмжээ буурч мэдэгдэх ёстой биз. Гэвч тийм зүйл алга аа. 2012 онд хилээр мэдүүлсэн янжуур тамхины тоо ширхэг 1.9 тэрбум  байсан бол 2024 онд 3.5 тэрбум ширхэг болж хуга нуга өссөн байгаа юм. Нөгөө электрон тамхины тоо ч талийж өгсөн. 2020 онд 0.047 ширхэг байсан нь 2024 онд 8.2 сая ширхэг болж нэмэгджээ. 2012-2024 он гээд гурван парламентын бүрэн эрхийн хугацаа хэрэгжих хооронд электрон тамхины хэрэглээ 174 дахин нэмэгдсэн байна. Бүр нэг зуун далан дөрөв дахин шүү.

Нөгөө талдаа энэ тамхины зах зээл ямар том болохын хэрээр эргэлтийн хөрөнгө томорно. Тэр хэрээр лобби чдийлдэхээ байна. Улс төр, хэвлэлийн хүрээнд тулж ажиллаж, эргээд олон нийтийн дунд төөрөгдөл бий болгоно. Аль нэг талын хүн, электрон тамхиныхны гар хөл эсвэл янжуур тамхинынхны лоббичин гэж цоллоно. Эцсийн дүндээ хэрээ хэрээнийхээ харыг гайхаад байх зүйлгүй адилхан л хэрээ. Дэлхий даяараа тамхины эсрэг тэмцлийг татвар, үнэ нэмэх, ер нь эдийн засгийн хөшүүргээр л зохицуулдаг гэдэг нэгэнт тодорхой болчихсон. Канад улсад гэхэд тамхи авдаг зардал нь сарын нийт амьжиргааны 12 хувь болдог дундаж үзүүлэлт бий. Ингээд амьдралд нь бодит нөлөөлөл үзүүлээд ирэхээр хүмүүс тамхинаас гарах тухай лбодож эхэлдэг. Хүүхэд, залуучуудад мөнгөний асуудал шууд нөлөөлдөг учраас ээж, аавын толгойны өвчин болоод байгаа эл асуудлыг шийдэхэд дэм болоод ирдэг. 

Монгол бол дэлхийд маш хямдхан тамхитай улсын нэг. Монголд хайрцаг тамхи 1 ам.доллар ч хүрэхгүй үнэтэй байхад Австралид 23-24 доллараар худалдаж авна. Франц, Финландад 9-10 ам.доллараар ганц хайрцгийг авна. Тэнд тамхинд ногдуулах татварын хувь хэмжээ 80-90 хувь байхад манайд тэн хагаст нь ч хүрэхгүй буюу 42 хувь байдаг. Тэгэхээр тамхинаас гаргах тэргүүн зэргийн туршлага болсон үнийн хөшүүрэг манайд үйлчлэх боломжгүй гэсэн үг. Одоо тэрэнд давуу тал олголоо, үүнд давуу тал олголоо гээд байх тархи угаалтад оролгүйгээр Тамхины хяналтын тухай хуулийг олон нийт шахах хэрэгтэй. Олон мянган ээжүүд давлагаалах шаардлагатай байна. Тэгэхгүй болникотины хөнөөл, хамаарлаас гадна мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, хар тамхины асуудал ч үүнтэй холбоотой сөхөгдөх болов. Электрон тамхины шингэнд сэтгэцэд нөлөөт бодис, хүчтэй нойрсуулдаг эм, хуулиар хориглосон мансууруулах бодис байгааг НҮБ-ын Олон улсын мансууруулах бодисын хяналын зөвлөлөөс анхааруулж, арга хэмжээ авах болсон гэдэг. Гэтэл манайд сүүлийн үед сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг вэйпийн шингэний сав ашиглаж хилээр оруулж ирсэн хэргүүд бүртгэгдэх болсон.Асуудал бүр хүндэрч байна гэсэн үг. 

Огт зохицуулалтгүй электрон тамхин дээр хуулийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй, өмнөх хуулиараа явж ирсэн янжуур дээр татварыг сарвайтал нэмэх хэрэгтэй. Хэн нь хэндээ илүү боломж олгосон гээд байх зүйлгүйгээр асуудлыг шийдэх шаардлага байна. 

Тамхины хяналтын хуулийг дэмжиж байсан 78-аас хэн сугарч үлдэж, хэн ашиг сонирхолд дөрлүүлж байгааг ил болгох ёстой. Ашиг сонирхол үнэртүүлсэн нөхдийг шууд зарлаад л явчих хэрэгтэй. Ухарч няцах гээд байгаа эсвэл аль нэг талын эрх ашгийг төлөөлөөд байгаа түшээдийг олон нийт аандаа шүүгээд өгнө. Та нарыгаа төлөөлнө гэж санал авч сонгогдчихоод олны эрх ашгийн эсрэг кноп дараад сууж байж болохгүй ээ. 

Өнөөдрийн эрх ашиг, хэдэн халтар цаасны цаана Монголын ирээдүй хаягдах ёсгүй. Монгол хүний амь нас, ураг удмын хувь заяа гудайх учиргүй.

Э.Энэрэл, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга Н.Учрал Бээжингийн робот үйлдвэрлэлийн паркад зочиллоо 3 мин Цагаан ордны талбайд Христофор Колумбын хөшөөг байрлуулжээ 7 мин Д.Жаргалсайхан: Ёс зүйтэй байх нь зөв ч Ерөнхийлөгчийн хууль цаг үеэ олсонгүй 10 мин АТГ авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан нэвтрүүллээ 11 мин Орхон аймгийн 50 жилийн ойг угтан нийтийн эзэмшлийн талбай дахь бизнес эрхлэгчдийг нүүлгэнэ 15 мин Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалын томоохон ордууд илрүүллээ 16 мин Баянгол дүүргийн төв болон ахмадын эмнэлгийг хэсэгчлэн засварлалаа 19 мин АНУ Ираны нефтийн хоригийг түр хугацаанд сулрууллаа 20 мин Ховд аймгийн ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв 21 мин ГССҮТ болон Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг хамтын ажиллагааны гэрээ байгууллаа 28 мин Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо 1 цаг 16 мин Өнгөрсөн сард 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ 1 цаг 34 мин Гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 37 мин Литва улсад Дитер Болены концертыг цуцалжээ 1 цаг 39 мин Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаая 1 цаг 39 мин Баянгол дүүргийн төв болон ахмадын эмнэлгийг хэсэгчлэн засварлалаа 1 цаг 42 мин Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? 1 цаг 43 мин Монголын говиос Цэрдийн галавын бичил хөхтөний ховор олдвор илрэв 2 цаг 44 мин Сэлэнгэ аймагт хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох арга хэмжээ авч байна 2 цаг 46 мин АНУ-ын сүрдүүлгийн дараа Иран хатуу мэдэгдэл хийв 4 цаг 3 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ
Top