x

Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг

УИХ-ын гишүүн Г.Уянгахишигтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хаврын чуулган эхэлж байна. Энэ удаагийн чуулганы онцлог болон таны хувьд анхаарч ажиллах хуулийн төслүүд юу байна вэ?

-Намрын чуулган хаагдах үед гишүүдийн хувьд нэг зорилт тодорхой байсан. Өөрөөр хэлбэл, УИХ-д өргөн баригдсан боловч хэлэлцэж, баталж амжаагүй олон хуулийн төслүүдээ хаврын чуулганаар эрчимжүүлж, илүү үр бүтээлтэй ажиллах ёстой гэж харж байсан. Тиймээс энэ удаагийн чуулганаар нэлээд олон хууль хэлэлцэгдэж, батлагдана гэсэн хүлээлт байлаа. Харамсалтай нь бодит нөхцөл байдал дээр улс төрийн орчин дахин хүндрэлтэй болж, чуулганы хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхөөр нөхцөл үүсээд байна. Миний хувьд хаврын чуулганаар өргөн барихаар зорьж, чуулганы завсарлагааны хугацаанд бэлтгэсэн нэг чухал хуулийн төсөл бол Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл. Энэ хүрээнд үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан буюу REIT төрлийн шинэ санг бий болгох зорилготой.

-Өөр ямар хуулийн төсөл дээр анхаарч байна вэ?

-Өмнө нь өргөн баригдсан хуулиуд дээр ажлын хэсэгт ажиллаж байна. Тухайлбал, Гэр бүлийн Шүүхийн тухай хуулийн төсөл байна. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс дагнасан гэр бүлийн шүүх үйл ажиллагаагаа эхлүүлсэн тул энэ чиглэлийн процессын хуулийг зайлшгүй батлах шаардлагатай. Энэ бол хойшлуулж болохгүй асуудал. Үүнээс гадна Татварын багц хуулийн шинэчлэл энэ хаврын чуулганы гол сэдвийн нэг байх ёстой юм. Өмнө нь бусад гишүүдийн хамт нэмэгдсэн өртгийн албан татварыг таван хувь болгон бууруулах санал бүхий төслийг өргөн барьсан. Энэ нь Засгийн газраас өргөн барьсан татварын багц хуультай хамт хэлэлцэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Гэвч одоогийн байдлаар Засгийн газрын оруулж ирсэн Татварын багц хуулийн төсөл нь өргөн хүрээний хэлэлцүүлгийн үр дүнг бүрэн тусгаагүй, аж ахуй эрхлэгчид болон иргэдийн татварын ачааллыг бууруулах, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, бизнесийн орчинг тэлэх зорилгоо биелүүлэхээргүй байна гэж үзэж байна. Тиймээс уг төслийг буцааж, шинэчлэн боловсруулж оруулж ирэх шаардлагатай. Ялангуяа хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн ачааллыг бууруулах чиглэлд татварын бодлого илүү зоригтой өөрчлөгдөх ёстой юм.

-Засгийн газар, Сангийн яамны зүгээс татварын багц хуулийн төсөл орж ирээд батлагдахад төсөв дээр нэлээд хүндрэл учирна гэж ярьж байсан. Ер нь төсвөө хүндрүүлэхгүйгээр татварын эрх зүйн өөрчлөлтийг яаж хийх ёстой вэ?

-Төсвийн орлого буурна гэсэн болгоомжлол байгааг ойлгож байгаа. Гэхдээ татварын ачааллыг бууруулахгүйгээр эдийн засгийг сэргээх, тэлэх боломжгүй. Харин эсрэгээрээ хөрөнгө оруулалтыг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлснээр дунд хугацаандаа орлогоо өсгөх боломжтой. Энэ хүрээнд төрийн бүтээмжийг сайжруулах асуудал ч мөн яригдаж байна. Өнөөдөр бид зардлаа зөвхөн хэмнэх зарчмаар биш, бүтээмжтэй байх зарчмаар харах ёстой. Өөрөөр хэлбэл, хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр өгөөж бий болгох тогтолцоог төр өөрөө хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн төсвийн урсгал зардлын бүтэц өндөр байгаа нь анхаарах асуудал. Үүнийг оновчтой болгохын зэрэгцээ орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, тэр дундаа уул уурхай болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг идэвхжүүлэх шаардлагатай байгаа юм. Сангийн яам бодлого тодорхойлогч байх ёстой болохоос биш зүгээр л орж ирсэн орлогыг хуваарилдаг нягтлан маягаар ажиллаж болохгүй. Хэрвээ аж ахуйн нэгжүүд дампуурч, иргэд орлогогүй болбол татварын орлого өөрөө алга болно. Тэгэхээр үлдсэн цөөн хэдэн татвар төлөгчийн ачааллыг нэмэх нь шийдэл биш. Бидний хийх ёстой зүйл бол аж ахуйн нэгжүүдийн ачааллыг бууруулж, илүү олон, илүү бүтээмжтэй бизнес бий болох нөхцөлийг бүрдүүлэх явдал. Тэгж байж эдийн засаг тэлж, татварын суурь өргөжнө.

-НӨАТ-тай холбоотойгоор зарим улс, тухайлбал Японд хүнсний бараанд тавигдах татварыг тэглэсэн жишээ яригдаж байна. Манайд ийм боломж бий юу?

-Энэ жишээг нарийвчлан хараагүй байна. Гэхдээ НӨАТ бол эцсийн хэрэглэгч дээр очдог татвар. Үйлдвэрлэл, нийлүүлэлтийн бүх шат дамжлагаар дамжиж байж эцсийн бүтээгдэхүүн дээр шингэдэг. Хэрвээ энэ урсгалын аль нэг хэсгийг нь дангаар нь чөлөөлчихвөл системийн гажуудал үүсдэг. Жишээлбэл, дунд шатанд чөлөөлөлт өгвөл эхний шатанд байгаа үйлдвэрлэгчид дарамтад орж, буцаан олголтын механизм алдагддаг. Тиймээс НӨАТын бодлогыг хэсэгчлэн биш, бүхэл системийн урсгалаар нь харж байж шийдвэр гаргах ёстой.

-Та ярианыхаа эхэнд улс төрийн нөхцөл байдал хүндрэлтэй байна гэж хэлсэн. Одоогийн нөхцөлд АН-ын зүгээс чуулганыг бойкотолж байгаа асуудалд таны байр суурь ямар байна вэ?

-Хувийн хэвшилд олон жил ажилласан хүний хувьд аливаа ажил тасралтгүй явж, үр дүн гарч байх ёстой гэж үздэг. Энэ бол миний зарчим. Өмнө нь ажиглахад сөрөг хүчин нь заавал сөрөх ёстой гэх байр сууринаас ханддаг, нэгнийхээ амжилтыг нөгөөгөөр нь саармагжуулах улс төрийн хандлага нэлээн байсан. Энэ нь эцсийн дүндээ төрийн ажлыг гацааж, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлдөг. Ингэж улстөржилт давамгайлах үед шаардлагатай хуулиуд батлагдахгүй, бодлогын өөрчлөлтүүд хийгдэхгүй удааширдаг. Сүүлийн 20 жилд хийх ёстой байсан олон өөрчлөлт ийм шалтгаанаар хойшилсон гэж харж байна. Чуулган гацаад байвал хэлэлцэх ёстой олон чухал асуудал зогсдог. Тиймээс улс төрийн маргаанаас илүүтэйгээр УИХ үндсэн үүргээ хэрэгжүүлж, ажлаа хэвийн явуулах нь чухал. Бид хэн нэгнийгээ саатуулж өрсөлдөх биш, хийсэн ажлаараа өрсөлддөг байх ёстой гэж боддог.

-Та түрүүн намрын чуулганы төгсгөлд ч олон хуулиуд хэлэлцэх ёстой ч хойшлогдсон гэж хэлсэн. Одоо энэ хаврын чуулган мөн адил улс төрийн өрнөлөөс болоод хэлэлцэгдэх ёстой олон хуулийн төсөл хойшилогдох нөхцөл үүсчихлээ, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Бид гишүүн болоод энэ парламентад орж ирснээсээ хойш засгаа унагаачихлаа, УИХ-ын даргаа буулгачихлаа. Төсөв хэдэн ч удаа хэлэлцчихэв. Сүүлдээ Ерөнхийлөгч хориг тавилаа. Дахиад төсвөө хэлэлцлээ. Эхлээд уг нь хамтарсан засаг гээд л явсан. Энэ хамтарсан Засгийн газрыг унагачхаад дараагийн Засгийн газар ажлаа эхлүүлээгүй байхад л дахиад унагах улс төр өрнөсөн. Үүнээс болоод хэд хэдэн гишүүдийн асуудал ҮХЦ дээр очсон. Зарим нь эрүүгийн хэрэгтэн, Үндсэн хууль зөрчигч болоод, гишүүнээс нь эгүүлэн татах хүртэл асуудал явагдаж байна. Угтаа анхны 126 гишүүнтэй парламентын бүрэн эрхийн хугацаа эхлээд хоёр жил ч болоогүй байна шүү дээ. Энэ богино хугацаанд олон улстөржсөн үйл явдлууд болж өнгөрлөө л дөө. Дөрвөн жил гэдэг бол нэг талаасаа маш богинохон хугацаа. Нөгөө талаасаа яг шийдвэр гаргаад, ажлаа хийгээд явах юм бол хангалттай л цаг хугацаа. Нөгөөтэйгүүр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль гээд дахиад л бүх ажлууд гацна. Дахиад л хэн Ерөнхийлөгч болох вэ, аль намынх нь төлөөлөл байх вэ, хэнийх нь рейтинг сайн байх вэ гэсэн улстөржилт явагдана.

-Сонгуулиас сонгуулийн хооронд хийсэн ажлаараа бус хоосон улстөржилтөөрөө л өрсөлддөг болсон гэж үү?

-Тийм. Өнөөдөр харахад, улс төрийн өрсөлдөөн хийсэн ажлаараа биш, харин бие биеэ муутгах байдлаар өрнөх нь илүү давамгай байна. “Би ийм ажил хийсэн” гэж уралдахаас илүүтэйгээр “Тэр нь муу, энэ нь муу” гэсэн сөрөг пиараар өрсөлддөг байдал түгээмэл болсон. Үүний үр дүнд улстөрчдийн нэр хүнд өөрсдийнх нь бий болгосон хийсвэр маргаан, харлуулалтын дунд унаж, олон нийтийн итгэл суларч байна. Нэгэнт төлөөлж байгаа хүмүүсийн нэр хүнд ийм түвшинд хүрэхээр сонгогчдын төрдөө итгэх итгэл ч дагаад буурдаг. Дээрээс нь бодит үр дүн иргэдэд нүдэнд харагдаж, гарт баригдах хэмжээнд мэдрэгдэхгүй байгаа нь итгэлийг улам сулруулж байна. Төрд итгэх итгэл, Засгийн газарт итгэх дэмжлэг буурах нь эргээд сонгуулийн үед бодлогын өрсөлдөөн бус, богино хугацааны ашиг сонирхол давамгайлах нөхцөлийг бүрдүүлдэг. Ингээд эцэстээ “Хэн юу хийсэн бэ” гэдгээс илүү “өнөөдөр бидэнд юу өгч байна вэ” гэсэн хандлага давамгайлж, сонгуулийн мөнгө тараалт зэрэг буруу жишиг үргэлжлэх эрсдэл бий болдог юм болов уу гэж ойлгоод байна. Хэрвээ үнэхээр юу хийснээрээ уралддаг байсан бол сонгуулиар би энэ, энийгээ хийгээд ингээд яваад ирлээ. Одоо нэг ийм юм үлдчихлээ. Энийгээ дахиад нэг хийчихмээр байна. Хэрвээ та нар хэрэгтэй гэж бодож байвал намайг сонго гэдэг ийм асуудал яригддаг болно. Ингэж л явбал асуудал өөр болох гээд байгаа юм л даа. Гэтэл яг тэр цаг үе рүүгээ очтолоо бид хэр удахыг сайн мэдэхгүй байна.

-Угтаа ийм улстөржилтөөс үүдсэн аливаа асуудлыг болиулахын тулд л 76 гишүүнтэй парламентын тоог 126 болгосон шүү дээ. Өөрөөр хэлбэл, парламентын чадамж суларлаа, үүнийг нэмэгдүүлэхийн тулд тоогоо нэмэх шаардлагатай гэж үзээд л нэмсэн. Гэтэл яагаад энэ улстөржсөн, хайрцлагдсан байдлаасаа гарч чадахгүй байна вэ?

-Яг өнөөдрийн өрнөж байгаа улс төрийн нөхцөл байдлыг та бүхэн нэг хараарай. Жишээ нь, хаврын анхны чуулганы хуралдаан эхлээд хоёр дахь хуралдаанд сөрөг хүчин болох АНын гишүүдийн ирц тэг хувьтай байна. Нэг ч гишүүн чуулганд оролцоогүй. Нэг талдаа сөрөг хүчний хувьд улс төрийн акц мөн үү мөн. Нөгөө талдаа гишүүдийн хувьд намаас нь ямар дарамт ирж болох вэ гэхээр “Чуулганд орвол хохино шүү. Бид бүлгээрээ нэгдмэл байх ёстой шүү” гэчихвэл энэ нь хувь гишүүний хувьд мэдээж хэцүү байна. Учир нь намын гишүүн жагсаалтаар орсон ч бай тойргоос сонгогдсон ч бай, бүгд л намаасаа мандатаа аваад сонгуульд оролцдог. Энэ утгаараа нэгэнт намын олонхын шийдвэр гарчихсан бол тэрийгээ дагахаас өөр сонголт хувь гишүүдэд байхгүй гэсэн үг. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн өргөн барьчихсан хуулийн санааг ч гэсэн харсан байх. Энэ хуулийн төслийн 9.1.6 дээр жагсаалтаар орж ирсэн гишүүдийг эргүүлэн татах тухай тусгай нөхцөл оруулж ирсэн байгаа. Энэ чинь л өөрөө энэ хандлагыг улам өөгшүүлээд байгаа юм.

-Өөрөөр хэлбэл, парламентын гишүүний хувьд намаасаа ч тэр эрх зүйн орчноороо ч тэр нэлээн шахалтад орно гэсэн үг үү?

-Энэ асуудал өөрөө улс төрийн хандлагын асуудал. Өөрөөр хэлбэл, жагсаалтаар намаас дэвшиж сонгогдсон гишүүн намын бодлогоос зөрвөл эргүүлэн татагдах боломжтой болгох тухай яригдаж байна. Энэ нь гишүүдийн бие даасан байдлыг сулруулах эрсдэлтэй. Мэдээж улс төрийн намаар дамжиж сонгогдсон учраас тухайн намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ бид УИХ-ын гишүүн болоод Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, улсын хөгжлийн бодлогыг баталсан. Жил бүрийн төлөвлөгөөг ч мөн адил баталж явж байна. Тэгэхээр баталсан бодлого, төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа хийх нь хамгийн чухал. Гэтэл хэрэгжүүлэх хугацаа нь шахагдаж байхад бодит ажилдаа төвлөрөхгүй, улстөржилт давамгайлаад байгаад л гол асуудал байгаа юм. Хэрвээ залуу гишүүд “баталсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлье” гээд санаачилга гаргалаа гэхэд том намуудын дотоод шийдвэр, удирдлагын байр суурь, чиглэлээс ихээхэн хамаарах нөхцөл үүсдэг. Намын дотоод зохион байгуулалт, сахилга бат хэрхэн хэрэгжих вэ гэдэг нь ч тодорхойгүй олон хүчин зүйлтэй холбоотой.

-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөлд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай намын хувьд уг хуулийн төслийг хэлэлцэж эхлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Нэгэнт өргөн баригдсан хууль бол хэлэлцээд, зөв зүйлсийг нь авч, боломжгүй хэсгүүдийг нь сайжруулах шаардлагатай. Гэхдээ агуулгын хувьд Үндсэн хуультай зөрчилдөх магадлалтай заалтууд байна гэж харж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах нэмэлт нөхцөл оруулж ирж байгаа нь анхаарал татаж байна. Үндсэн хуулийн дагуу УИХын гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг нь бие даасан, хараат бус байдлаар үйл ажиллагаа явуулах ёстой Үндсэн хуулийн субьектууд. Тиймээс тэдний бүрэн эрхийг хязгаарлах, улс төрийн нөлөөлөлд оруулах аливаа зохицуулалт маш болгоомжтой байх ёстой. Одоогийн хүчин төгөлдөр зохицуулалтаар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хоёрхон үндэслэл бий. Нэгдүгээрт, Үндсэн хууль зөрчсөн тохиолдол. Хоёрдугаарт, гэмт хэрэгт холбогдож, шүүхийн эцсийн шийдвэр гарсан тохиолдол. Харин үүн дээр нэмэлт нөхцөл оруулж ирэх нь парламентын бие даасан байдал, дархлаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс одоо яригдаж байгаа өөрчлөлтүүдийг УИХын тухай хуульд оруулахдаа Үндсэн хуультай зөрчилдөхгүй байх нь маш чухал. Ялангуяа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл дээр энэ асуудлыг нэлээн нарийн авч үзэх шаардлагатай.

-Ёс зүйн зөрчлийг эргүүлэн татах үндэслэл болгох нь зөв үү?

-Ёс зүйтэй байх нь УИХ-ын гишүүний зайлшгүй үүрэг. Тангараг өргөхдөө ч бид энэ үүргийг хүлээдэг байх нь зүй ёсны хэрэг. Тиймээс ёс зүйн шаардлагыг тодорхой болгож, хариуцлагажуулах нь зөв. Гэхдээ ёс зүйн зөрчил бүрийг шууд эргүүлэн татах үндэслэл болгох нь өөр асуудал. Үндсэн хуулиар “тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн” тохиолдолд гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тангараг зөрчсөн үйлдэл нь заавал Үндсэн хуулийн зөрчилтэй давхацсан байх ёстой. Жишээлбэл, хуралдаа суухгүй байх, эсвэл ёс зүйн алдаа гаргах нь шууд Үндсэн хуулийн зөрчил мөн үү гэдгийг маш нухацтай авч үзэх шаардлагатай. Энэ бүхнийг ялгаж салгахгүйгээр шууд эргүүлэн татах нөхцөл болгочихвол буруу тогтолцоо үүснэ.

-Та түрүүн хэллээ. Үндсэн хууль УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хоёрхон нөхцөл байдаг гэж. Тэгэхээр энэ нөхцөлийг нь нэмээд байвал ямар сөрөг үр дагавар бий болох бол. УИХ-ын гишүүний хувьд ямар эрсдэл үүсэх вэ?

-Мэдээж хэт олон нөхцөлөөр эгүүлэн татах боломж нээчихвэл УИХын гишүүд бие даасан шийдвэр гаргах боломжгүй болно. Нэг ёсондоо “хүүхэлдэй” шиг болж, гадны нөлөөлөлд амархан автдаг нөхцөл үүснэ. Энэ нь парламентын дархлаа, гишүүдийн хараат бус байдалд шууд халдана гэсэн үг. Гэтэл УИХын гишүүн гэдэг бол иргэдийн төлөөлөл. Шаардлагатай үед Засгийн газар, эрх баригч нам, бүр өөрийн намтайгаа ч мэтгэлцэж, иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Хэрвээ энэ чадамж нь сулраад эхэлбэл гишүүд сонгогчдоо төлөөлөх биш, харин улс төрийн нөлөөлөлд ажилладаг болж хувирах эрсдэлтэй. Нөгөө талаас “гишүүд хэт эрхтэй байна, дархлаа их байна” гэсэн шүүмжлэл бий. Гэхдээ зөвхөн сөрөг талыг нь харах биш, гишүүд ажлаа чөлөөтэй, хараат бусаар хийх, сонгогч иргэдээ төлөөлж, тэдний дуу хоолой, хүсэл, шаардлагыг төрийн бодлогод суулгах нөхцөлийг давхар харгалзах ёстой юм. Энэ хоёрын тэнцвэрийг зөв олж байж парламентын тогтолцоо эрүүл ажиллана гэж харж байна.

-Засгийн газрын гишүүдийг солих асуудал яригдаж байна. ХҮН намын зүгээс П.Наранбаяр сайдыг солих, эсвэл өөр хүн дэвшүүлэх талаар дотоод зөрчил байсан уу?

-ХҮН намын хувьд боловсролын салбарыг хариуцаж байгаа сайдынхаа ажлыг хангалттай гэж үнэлж байгаа. Боломжийнхоо хэмжээнд сайн ажиллаж байгаа гэж үздэг. Мэдээж аливаа салбарт саад, нөлөөлөл байдаг ч энэ нь сайдыг солих үндэслэл биш. Тиймээс П.Наранбаяр сайдыг өөрчлөх, оронд нь өөр хүн томилуулах санал ХҮН намын дотор байгаагүй. Харин Боловсролын салбараа эрх баригч нам өөрсдөө авах чиглэл гарсан гэж ойлгосон. Би Засгийн газрын гишүүн биш учраас үүнийг нарийн мэдэхгүй. Энэ утгаараа ХҮН намаас эрчим хүчний салбараа авах асуудлыг тавьсан гэж ойлгож байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Eric Donald (195.181.172.237)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг шүүх засаглал үүрэх ёстой 14 мин Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ 2 цаг 3 мин Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна 2 цаг 10 мин Дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийнэ 2 цаг 17 мин Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 2 цаг 22 мин А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бол сонсогдсон, хүүхэд хариу үзүүлээгүй 2 цаг 28 мин Ц.Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай 2 цаг 35 мин Монгол үндэстнээ авран хамгаалъя 2 цаг 57 мин Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Чагнаадорж хоёр... 3 цаг 16 мин Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ 3 цаг 46 мин Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 20 цаг 58 мин 129 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна 21 цаг 8 мин УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн засгийн орчны талаар санал солилцлоо 21 цаг 9 мин Улаанбаатар хот ЕСБХБ-ны "Ногоон хотуудын хөтөлбөр"-ийн нөлөөллийн судалгаанд оролцоно 21 цаг 10 мин Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2026 онд Улаанбаатар хотноо болно 21 цаг 11 мин УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй болголоо 22 цаг 35 мин С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд байхгүй жишиг 23 цаг 0 мин “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчиллөө 23 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 23 цаг 20 мин Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван медаль хүртлээ 23 цаг 20 мин
iИх уншсан
Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ... А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учра... Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ Нью-Йоркчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг 50 доллароор а... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Эрчим хүчний бодлогын зөвлөл хуралдаж, шилжилтийн стратегийн... "Улаанбаатар марафон 2026"-тай холбоотойгоор нийтийн тээврий... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх
Top