x

Ноолуурыг дотоод нь авна уу, гадаад нь авна уу малчинд хамаагүй

"Ноолуурыг дотоод нь авна уу, гадаад нь авна уу хамаагүй. Боломжийн үнээр аваад, бидний амьдрал ахуйг л бодолцох хэрэгтэй"

Өнгөрсөн жил ноолуурын ханш хамгийн ихдээ 130 мянган төгрөг хүрсэн. Учир нь манай улс ноолуураа угааж, самнан экспортолно гэсэн шийдвэр ноолуурын ханшид нөлөөлсөн гэж иргэд үзэж буй юм.Тэгвэл ноолуураа хэрхэн үнэд хүргэх талаар малчид ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын малчин Д.Батбаяр: 

-Малчдын хувьд дөрвөн цагийн эргэлтэд ганц удаа орлого олдог үе нь хавар ноолуурын үе л байдаг. Ер нь ноолуурын үнэ ханш малчдад ашигтай байх талын зүйл л хэрэгтэй байна. Ноолуурын ханш ноднин жил үнэхээр хүнд байсан. 120 мянгаас дээш гараагүй. Энэ жил чухам яах юм бүү мэд. Өвөл нь бид чинь өвс, тэжээлээ зээлээр авчихаад хавар нь ноолуурынхаа мөнгөөр зээлээ дарахыг бодно. Гэтэл ноолуур нь ханш багатай болчихоор баахан л өр зээлтэй хүмүүс болж хувирдаг. Тийм учраас нэг бол тогтсон үнээ баримаар байгаа юм. Эсвэл угааж, самнаж гаргана гэсэн шийдвэрээ болиулах ёстой ч юм шиг. Одоо бол ямааны арьс сүрхий үнэтэй байх шиг байна. Баянхонгор аймагтаа 70 мянган төгрөг хүрчих шиг боллоо. Энэ жил ноолуур 120 мянгаасаа битгий унаасай л гэж бодож сууна.

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын малчин А.Цэрэнпил: 

-Малчид бид жилдээ ганц удаа өр ширээ дарахаас эхлээд бүх зүйлээ л ноолуурынхаа мөнгөөр зохицуулдаг шүү дээ. Заавал түүхийгээр нь гаргах ёстой гэсэн зүйл байхгүй л дээ. Мөн дотоодын үйлдвэрүүддээ өгч болно. Хамгийн гол нь Хятадтай адилхан үнэтэй л авчихвал зүгээр байгаа юм. Гэвч ингэхгүйгээр малчдыг хохироогоод байна. Тал талдаа тархаад суурьшдаг бид чинь төв газрынхантай адилхан эсэргүүцээд, жагсаал цуглаан хийж чадахгүй. Хамгийн гол нь хэн авах нь бидэнд хамаагүй. Боломжийн үнээр аваад, бидний амьдрал ахуйг бодолцвол зүгээр байгаа юм. Гэвч нэг хүн гарч ирээд, нэг шийдвэр гаргадаг. Малчдаасаа ч асуусан юм байхгүй. Хятадад ноолуураа өглөө гээд зарим хүн шүүмжилдэг юм билээ. Бид бол өдий 30 жил мал маллахдаа нэг ч хятадад өгч байгаагүй. Тэр ченжүүд нь хятаддаа өгдөг юм уу, монголдоо өгдөг юм уу мэдэхгүй шүү дээ. Малчид бид ч гэсэн улс орноо бодолгүй л яах вэ. Дотоодын үйлдвэрүүдэд өчнөөн хөнгөлөлттэй зээл өгдөг юм шиг байна лээ. Тэгсэн мөртлөө л малчдыг доош нь хийгээд, ноолуурыг нь ханш багатай болгочихоор асуудал үүсээд байна. Урьд нь ноолуурыг хар, цагаан хамаагүй л авчихдаг байсан. Гэтэл ноднин жилээс эхлээд хар байна, цагаан байна гээд янз бүрийн шалтаг тоочсоор байгаад хамгийн доод үнээр авдаг болчихсон.

Малчид бид чинь малчны зээл ч авахгүй байхын аргагүй. Өнөөх зээлээ хавар ноолуурын үеэр хэдэн төгрөгтэй болно гэж тооцоолоод авч байгаа шүү дээ. Гэтэл ноолуур нь үнэ багатай болчихсон. Ер нь ноолуурыг дотоод нь авна уу, гадаад нь авна уу хамаагүй. Хамгийн гол нь үнэ цэнэтэй, дэлхийн зах зээлд ойртуулж авбал зүгээр. Ноднин жил манай нутагт ноолуур 135 мянгаас эхлээд дөрөвдүгээр сард эм ямаа, борлонгоо самнаад ноолуураа тушаах гэтэл шороотой байна гээд 110 мянгаар зарсан. Зүүн аймагт эхэлж ханш нь гарахдаа 150 мянга байсан гэсэн. Үүнийг салбарын сайд нь 150 мянгаас ноолуурын ханш эхэлж байна гээд ярьдаг. Гэвч амьдрал дээр тийм зүйл байхгүй. Ж.Энхбаяр бол ноднин жил ёстой самарсан. Ноолуурыг угааж цэвэрлээд гаргасан бол хөдөө аж ахуй сэхэж, сэргэмээр юм. Гэвч байдгаараа л байна. Учиргүй л мөнгө олно гэсэн зүйл л ярьцгааж байсан санагдаж байна.

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын малчин С.Батцэцэг: 

-Өмнө жил манай суманд ноолуур 120 мянгаас дээш ханш нь өсөөгүй. Өмнө нь 200 мянга дөхдөг байлаа. Сумандаа ченж нар ирэхээр нь ноолуураа тушаачихдаг байсан ч бэлэн мөнгөтэй ченжгүй болсон. Малчдаас ноолуураа авсаад бараг сарын дараа мөнгө нь орж байгаа юм. Хавар мөнгөгүй болсон малчид чинь ноолуураасаа л өр зээл, банкны асуудлаа төлдөг шүү дээ. Өмнө нь шууд түүхийгээр нь гаргадаг байхад ченж нар мөнгөтэйгөө хүрч ирээд авчихдаг байсан. Наад зах нь бензиний мөнгөтэй болчихдог байхгүй юу. Дотоодын үйлдвэрүүдэд мөнгө нь мөд орж ирдэггүй юм шиг байна лээ. Хэрэв шууд түүхийгээр нь гаргадаг болчихвол бидэнд бэлнээр мөнгө нь ирнэ шүү дээ. Энэ өвөл цаг их зүтгэсэн, хавар хэцүүхэн байна байх. Тэгэхээр ноолуурын ханш гайгүй гарчихаасай л гэж бодож сууна.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын малчин Г.Энхбаатар: 

-Ноолуураа түүхийгээр нь гаргавал малчид өндөр үнээр ноолуураа зарна шүү дээ. Харин боловсруулаад гаргахаар ноолуурын ханш арай хямд болно гэж ойлгосон. Боловсруулбал Монголд угааж, самнаж байгаа үйлдвэрүүддээ ашигтай. Ийм л ялгаатай гэж ойлгосон. Саяхан Засгийн газрын шийдвэрээр хэдэн тэрбумаар ноолуур бэлтгэгчдэдээ зээл өгч байгаа харагдсан. Уг нь дотооддоо ноолуураа угаагаад, самнаад бүтээгдэхүүн болговол Монгол Улсдаа ашигтай л даа. Ингээд ноолуурын компаниуд ханш тогтоочихдог. Тэр ханшнаасаа дээш гаргадаггүй. Ханш нь доошилж явсаар хамгийн сүүлд баруун аймагт 120-130 мянга хүрдэг. Энэ нь мэдээж малчид бидэнд хохиролтой. Жилдээ ганц удаа ноолуурынхаа мөнгөөр цалинжиж байгаа шүү дээ. Бас ченж нар дундаас нь маш их ашиг олоод байгаа юм шиг санагддаг. Малчдын хувийн бизнест төрийн оролцоо хэрэггүй. Ер нь төр оролцчихоор малчид хохироод байна. Яг зах зээлийнхээ журмаар л явах ёстой.

Д.Алтанцэцэг: Малчид үйлдвэрлэгчидтэйгээ нэг зүг рүү харж байж монгол ноолуурыг дэлхийн зах зээлд гаргана

Ноолуурын салбарын дээрх асуудалтай холбогдуулан Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Манай улс ноолуураа угааж, самнаж гаргана гэсэн шийдвэртэй холбоотой ноолуурын ханш өнгөрсөн жил бага байсан гэж малчид хэлж байна. Энэ шийдвэртэй холбоотой танай холбооны зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн жилийн ноолуурын дундаж ханш 135-140 мянган төгрөг байсан. Зүүн аймгийн хог, шороо багатай, чанартай ноолуурын ханш 182 мянган төгрөгөөс эхэлсэн. Өнөөдөр малчдын амьжиргааг дээшлүүлэх, орлогыг нь тогтвортой байлгаж,унагахгүй байхын төлөө ноолуурын үйлдвэрүүд маш их хичээл зүтгэлтэй ажиллаж байна. Бодит байдал дээр ноолуурын үнэ гадаадын зах зээлээс хамаардаг. Гадаад зах зээл дээр эрэлт хэрэгцээ нь өндөр байвал ноолуурын үнэ дагаад өсөөд л байна гэсэн үг. Ноолуурын үнийг тогтвортой байлгах, малчдын гар дээрх мөнгөн орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой үйлдвэрлэлийн бодлогыг явуулахад ноолуурын салбарын өртгийн сүлжээний гол манлайлагч нь үндэсний үйлдвэрүүд, хувийн хэвшил юм. Гэтэл малчид өнөөдөр дурын үнэ хэлдэг. Ноолуурыг “Ийм үнээр ав, тэдээс доош унагахгүй байх” гэсэн шаардлага тавьдаг. Үндэсний үйлдвэр тогтвортой санхүүжилт, өрсөлдөх чадвартай байж, олон зуун ажлын байрыг бий болгоно. Өндөр үнэтэй техник технологийг ашиглаж эрсдэл, өрсөлдөөн ихтэй зах зээлд үйлдвэрлэгчдийн хүчээр дэлхийн зах зээлд монгол ноолуурыг таниулж, жилээс жилд түүхий эдийн үнийг өсгөж чадаж байна. Хэдхэн жилийн өмнө нэг килограмм ноолуур 50 мянган төгрөгийн ханштай байсан бол одоо 130-180 мянган төгрөг хүрлээ. Энэ жилийн хувьд дэлхийн зах зээл дээр самнасан ноолуурын үнэ төдийлөн ихээр өсөөгүй, бага зэрэг буурсан боловч хувийн хэвшлийнхэн төрөөс хөнгөлөлттэй зээл авч байгаа учраас үүрэг хариуцлагынхаа хүрээнд ноолуурын үнийг унагахгүй байх бодлогыг барьж байгаа.

-Ер нь түүхий эдийн үнэлгээ яавал өсөх вэ?

-Монгол Улс зөвхөн түүхий эд бэлтгэгч орон биш,тогтвортой үйлдвэрлэгч орон болж нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох юм бол түүхий эдийн үнийг тогтвортойгоор барих боломжтой. Үүнийг аль аль талдаа анхаарч үзэх шаардлагатай. Өнгөрсөн жил ноолуурын салбарт самнасан ноолуурын техникийн зохицуулалтыг батлуулж хэрэгжүүлснээр ноолуурыг угаасан байдлаар экспортолдог байсан бол технологийн түвшинг нэг шатаар ахиулж 4000 тонн самнасан ноолуурыг экспортолж 331 сая ам.долларын орлого олсон.Ингэснээр суурилагдсан угаах, самнах хүчин чадлаа бүрэн дүүрэн ашигласны зэрэгцээ 330 ажлын байраар нэмэгдүүлж чадлаа. Өмнө нь нэг жилдээ нийт ноолуурынхаа 30 гаруй хувийг үндэсний үйлдвэрүүд бэлтгэдэг байсан бол өнгөрсөн онд 50 гаруй хувийг нь бэлтгэж чадсан. Энэ нь жилээс жилд ноолуурын салбарт төрөөс олгож байгаа хөрөнгө оруулалтын зээлийн үр дүн, нөгөө талаасаа малчид, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа гэж хэлж болно. Одоо боловсруулалтын дараагийн шат буюу суурилагдсан ээрэх хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглах, ээрэх үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх стратегийн төслийг хэрэгжүүлэн дээд зэргийн чанартай ээрмэл утсаар нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж тогтвортой текстилийн тэргүүлэх үйлдвэрлэлийг хөгжүүлье гэдэг томоохон зорилт тавиад ажиллаж байна.

Үйлдвэрлэл хөгжиж байж улс хөгжинө. Хэрвээ түүхий эдээ ямар ч боловсруулалтгүй, үнэ цэнэ, нэмүү өртөг шингээхгүйгээр тэр чигээр гаргаад байвал ноолуур үнэгүйдэх эрсдэлтэй. Харин төр, хувийн хэвшил, малчид үйлдвэрлэгчидтэйгээ нэг зүг рүү харж нэг бодлого, нэг стратегийн дор нэгдэж байж монгол ноолуурын үнэ цэнийг бүтээж чадна.

-Нөгөө талдаа түүхий ноолуураа яаж үнэд хүргэх вэ гэдэг зүйл яригдаж байна л даа?

-Дэлхий дахинаа үүсээд байгаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, тогтвортой үйлдвэрлэлээс гарсан бүтээгдэхүүн худалдаж авах, хөрөнгө оруулалт хийхийг хэрэглэгчид хүсдэг болсон. Түүнээс гадна дэлхийн зах зээлд түүхий эдийн чанараас гадна бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцооны ил тод байдал, тэр дундаа бэлчээр, байгаль орчинд үзүүлж буй нөлөө, хүлэмжийн хийн ул мөр, мал амьтны тавлаг байдал зэрэг олон шалгуур үзүүлэлтийг шаардаж байна. Энэ бүхнийг хангаж чадвал ноолуураа үнэд хүргэх боломж бий. Үүнээс гадна төрийн зөв бодлого нь ноолуурыг үнэд хүргэхэд чухал нөлөөтэй. Ноолуурын салбарын хөгжилд нэг алхам болох самнасан ноолуурыг экспортолсноороо шинэ зах зээлд нэвтэрч, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бий болгож байна. Монголын ноолуурын бодлого нь тогтвортой, оновчтой байвал дэлхийн ноолуурын салбарын томоохон тоглогч, үйлдвэрлэгч болох боломж ойрхон байна.

-Тэгвэл ноолуурын угаах самнах, үйлдвэрийн хөгжил манай улсад ямар байгаа вэ?

-Өнөөдөр бид 54310 тонн ноолуур угаах хүчин чадалтай. 13200 тонн ноолуур самнах хүчин чадал суурилагдсан нь түүхий эдээсээ 2.5 дахин илүү хүчин чадал бүрэн суурилагдсан байгаа. Ноолуурын салбар жилд 1.6 их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж үүний 85 хувийг экспортолж салбарт 10 мянга гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Өнгөрсөн жил самнасан ноолуурын экспорт өссөнөөс гадна эцсийн бэлэн бүтээгдэхүүний экспорт, дотоод борлуулалт өссөн. Жилээс жилд монгол ноолууран бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж байна. Тогтвортой, ногоон, хаягдалгүй цэвэр үйлдвэрлэлийг явуулснаар ноолуураа хамгийн боломжит дээд үнээр зарж борлуулах, валютын орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломж байна. Дэлхийн зах зээл дээр монгол ноолуурын нэр хүндийг өсгөх, бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах онцгой өгөгдөл, чанарын баталгаажуулалт, өрсөлдөх чадварыг хөгжүүлэн үндэсний эдийн засагт оруулах хувь нэмэр, ажлын байр, байгаль орчин, малчдын амьжиргаанд үзүүлэх эерэг үр нөлөөг нэмэгдүүлэхийн төлөө олон талт хамтын ажиллагааг төр засаг болон донор байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Бат инженер (202.9.40.69)
    Харин ч хамгийн их хамаатай. Амиа бодох өвчнөөс салцгаая Мрнголчуудаа
    2026 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.40.69)
    сссссссссссссссссссссссссссс
    2026 оны 03 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны станц ирэх 10 дугаар сард ашиглалтад орно 2026-05-01 Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана 2026-05-01 Ирэх оны төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн байр суурийг тусгана 2026-05-01 Нефтийн үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд цэгтээ хүрч, 126 доллароос давлаа 2026-05-01 Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна 2026-05-01 Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаанд түүхэн амжилт гаргалаа 2026-05-01 Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ 2026-05-01 Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө 2026-05-01 Монгол Улсын 2027-2029 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төслийг өргөн мэдүүллээ 2026-05-01 Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагуудтай уулзлаа 2026-05-01 МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026-05-01 Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан ёсоор баталгаажууллаа 2026-05-01 Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 95 хувьтай байна 2026-05-01 Тавдугаар сарын 02-04-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байж, дулаарна 2026-05-01 Ханын материал орчимд 3000 айлын орон сууц барих төсөл хэрэгжинэ 2026-05-01 Улаанбаатар марафоны бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана 2026-05-01 Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлах тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 2026-05-01 "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" арга хэмжээ орон даяар болно 2026-05-01 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хаврын мод тариалалт маргааш эхэлнэ 2026-05-01 Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах тохиролцоонд гарын үсэг зурлаа 2026-05-01
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг он... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top