x

Cистем туйлддаг тухай ном

Монгол Улсын Боловсролын сайд асан Л.Энх-Амгалангийн алба хашсан хугацааныхаа талаар бичсэн тун ч сонирхолтой ном худалдаанд гараад удаагүй байна. Нэгэн сайдын “ажлын тайлан” гэж нэрлэж болох авч сэдэв, асуудал бүрийг тусад нь гарчиглаж, маш энгийн үгээр, заримдаа зугаа наргиантайгаар илэрхийлсэн нь уншихад ихээхэн хялбар, сонирхол татам болгосон байна. Эндээс уншигчид өнөөдрийн Монголын боловсролын салбарын талаар иж бүрэн, зэгсэн сайн мэдээлэл, мэдлэг олж авах боломжтой ажээ. 

Уншигчид Л.Энх-Амгалангийн бичих, туурвих авьяасыг төдийлөн мэдэхгүй байж болох. Гэтэл тэрээр залуу насандаа Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйд дорвитой хувь нэмэр оруулахуйц чанартай материалууд “үйлдвэрлэн” нийтэлж, уянгын шүлгүүдээрээ яруу найрагчдын дунд өөрийгөө тунхаглаж явсан нэгэн билээ. Тиймээс энэ бол түүний хувьд цоо шинэ ажил биш, харин олзуурхууштай “эргэн ирэлт” болж байна. Түүний номын хэсгээс сонирхуулья. 

Калори ба ирээдүй

Дөнгөж ажлаа хүлээж аваад удаагүй байхад Ц.Мөнх-Оргил гишүүн надад “Хоёр зүйлийг заавал хийх ёстой, энэ бол чиний сайдын хувьд үлдээх ёстой өв болно” гэсэн “даалгавар” өгсөн юм. Нэгдүгээрт “Үдийн цайг” “Үдийн хоол” болгох. Хоёрдугаарт Писагийн үнэлгээнд заавал хамрагдах. 

Хоёулаа л амаргүй даалгавар. Ялангуяа эхнийх нь дор хаяж 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдана. Цаашлаад сургуулийн гал тогоо, хоолны танхим бүрдүүлэх, ажиллагаанд оруулах, хоол зүйчийн орон тоо үүсгэх гээд бодлого, цаг хугацаа, хүн хүч шаардсан овоо их бэлтгэл ажилтай эд байсан. Дээрээс нь дөнгөж ковидын дараа сургуулиа яаж нээх вэ гэж байсан үеийг ч хэлэх үү. “Сургууль дээр хүүхдүүдэд хоол идүүлэх нь л эрүүл ахуйн хувьд өөрөө нуль эрсдэл” гэж Эрүүл мэндийн яамнаас тас эсэргүүцэж байв. Засгийн хурал дээрх хэрүүлийн нэг том алим энэ боллоо. Харин Ерөнхий сайд асуудлаа сайн мэдэж байсны хувьд эцсийн шийдийг гарган алх цохисноор Үдийн цай маань Үдийн хоол болсон түүхтэй. 

Улс төрийн дэмжлэгээ ч авчихлаа, харин одоо мэргэжлийн дэмжлэг туслалцаагүйгээр энэ ажил эхлэх боломжгүй. Хэрэв бид алдаа гаргавал 1-5 дугаар ангийн 320 гаруй мянган хүүхдийн ар гэр, эцэг эхэд “турсагаа хуулуулна”. Цэцэрлэгийн сугалааг болиулж чадах уу, үгүй юу гэдэг шиг улс төрийн хувьд ч гал дагуулсан ажил. Харин манай хоолны Түмээ, ШУТИС-ийн Туяацэцэг, Оюунцэцэг багш нар гээд олон хүний сэтгэл, зүтгэл, мэдлэг чадвараар энэ төсөл маань амжилттай хэрэгжсэн. Эхний үедээ чамгүй их эсэргүүцэл, шүүмжлэл, үгүйсгэлтэй тулгарсан. Сургуулийн гал тогоонд бэлтгээгүй худлаа муухай хоолны зургуудыг олон нийтийн сүлжээнд тавьж иргэдийг төөрөгдүүлж, турхирч ч байв. 

Хоол тэжээл ба тархи

...2005 онд бага боловсролын сурлагын амжилтад нийгэм эдийн засгийн хөгжил, хот хөдөөгийн ялгаа, гэр бүлийн орчин, өрхийн амьжиргаа, сургууль, сургалтын орчин, харилцаа зэрэг нь хэрхэн нөлөөлж байгааг судлан үзэхэд хичээл дээрээ өлсдөг хүүхдийн сурлагын амжилт өлсдөггүй болон заримдаа өлсдөг хүүхдийнхээс доогуур үнэлэгдсэн. Тухайлбал, сурлагын амжилт нь математикийн хичээлээр 7.3-13.6 хувиар, монгол хэлний хичээлээр 12.7-18 хувиар доогуур үнэлэгджээ. Мөн хоол тэжээлийн талаарх мэргэжлийн судалгааны өгүүллүүдээс дараах хэсгүүдийг эшлэн авч тэмдэглэж байсан байх юм:

• Хүний бие өдөр тутмын илчлэгийнхээ 20 хувийг тархиа цэнэглэхэд зарцуулдаг...

• Танин мэдэхүйн үйлийн үед хүний бие илүү их калори шаарддаг...

• Сургуулийн хоолны хөтөлбөр нь математикийн хичээлийн амжилтыг 23-29 хувиар нэмэгдүүлсэн үр дүн гарчээ...

• Хүний амьдралын эхний алтан үе болох 1,000 хоног буюу 2 нас, 9,000 хоног буюу 18 нас хүртэл хугацаа нь бие махбодын эрүүл чийрэг бүрэлдэн тогтох хамгийн чухал үе юм. Энэ үед хоол, шим тэжээлийн дутагдалд орсноор тархи болон бие бялдрын өсөлт хөгжил удааширдаг...

• Сургуулийн хоол хөтөлбөр нь нийгмийн харилцааг дэмждэг. Сурагчид бие биедээ хамаатай нийгмийн нэг гэр бүл гэдгээ мэдрэх мэдрэмжийг суулгадаг төдийгүй боловсролын тогтолцооны гол хэсэг, зохистой эерэг зан үйлд сургадаг...

“Хүүхдүүд гэртээ идэх ёстой, эсвэл өөрөө худалдаж авч идэх ёстой” гэсэн үзэл тээгчид байдаг. Төсөв, мөнгөний талаарх өнгөц бодлын хувьд байж болох үндэслэл л дээ. Гэхдээ хүүхэд байхдаа халуун хоол, цай ховор идэж байсны улмаас ирээдүйд үүсэх эрүүл мэндийн асуудал нь улс орны хувьд хэд дахин илүү сүйтгэл, хохирол учруулдгийг тооцоолсон жишээ олон. Нөгөө талаар хувь хүний хариуцлагыг ч хөндөж байна. Харин хүүхэд бол хэзээ ч буруугүй. Хариуцлагагүй эцэг эхийн хүүхдийг бид “хохь нь” гэж хаях ёсгүйтэй санал нийлэх биз. Тиймээс ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк, НҮБ-ын Хүн амын сан, ЮНИСЕФ зэрэг олон байгууллага хүүхдийн хоол тэжээлийн талаар анхаарал тавьж, хүмүүсийг соён гэгээрүүлж, улс орнуудад энэ талын төслүүдийг хэрэгжүүлсээр иржээ. 

Хүүхдийн бие бялдар, тархины үйл ажиллагаа хэвийн өсөхийн тулд зайлшгүй авч байх ёстой шим тэжээл гэж байдаг. Тэрийгээ аваагүй хүүхдүүд сурах сонирхолгүй, хичээлээ сайн ойлгодоггүй. Гэдэс нь өлсөж байгаа хүүхдийн тархины үйл ажиллагаа удааширдгийг судалгаагаар тогтоосон. Монгол Улсыг маань хорь, гучин жилийн дараа аваад явах хүмүүсийн тухай яриа шүү дээ. 

Бас ер нь бага насандаа хоол унд муутай, эсвэл буруу хооллож байсан хүмүүсийн ихэнх нь 30 нас гараад л дотор эрхтний, зүрх судасны гээд элдэв суурь өвчтэй болж эхэлдэг нь ч нэгэнт нотлогдсон судалгаа. Ус уудаггүй, халуун хоол иддэггүй, ногоонд дургүй, зөвхөн мах, гурил, будаа иддэг гэх мэтийг буруу хооллолт гээд байна. Иргэд нь эрүүл саруул байвал улсын нийгмийн бүтээмж ч сайн байна. Товчхондоо, ирээдүйн эрүүл, боловсролтой нийгмийг бий болгох хамгийн бага зардалтай арга нь бүх хүүхдийг бий болгох хамгийн бага зардалтай арга нь бүх хүүхдийг сургуулийн үдийн хоолонд хамруулах явдал юм шүү. Яагаад гэвэл хүүхэд бүр сургуульд ирнэ. Тэнд л тэднийг “барьж авч хоол идүүлэх” сайхан боломж олдоно. 

Өнөөдөр дэлхийн 168 улсад 450 сая хүүхэд сургууль дээрээ хооллож байна. Халуун хоол идсэн, цатгалан хүүхдүүд илүү сайн сурна. Халуун хоол идсэн, цатгалан хүүхдүүд илүү сайн сурна. Тархи өөрөө ходоодноос шууд хооллодог эрхтэн. 

“57-гийн кэйс”

Манай улсад 2010 оны үеэс “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгох нэгэн туршилт хэрэгжсэн байдаг. Үр дүнг нь сонсоод гайхах хүн олон гарах байх. Яг ижил түвшний амьжиргаа, амьдралын нөхцөлд оршдог гэр хороолол дахь хоёр сургуулийн нэг болох 57 дугаар дунд сургуулийг сонгон Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Нөгөө нь “үдийн цай”-гаа уусан хэвээрээ.

Ингээд гурван жил болоход л сурагчдын сурлага, идэвхт ялгаа гараад зогсохгүй хүүхдүүдийн зүс царай, өсөлтөд ч өөрчлөлт орж өндрийн ялгаа 10 см-т хүрсэн байдаг. Үдийн хоолны тэрхүү төсөл хэрэгжиж эхлэхэд хүүхдүүд хоолоо “кармаалах” явдал багагүй гарчээ. Шалтгааныг нь асуутал “гэртээ хариад дүүдээ өгнө” гэсэн хариулт ирсэн. Ер нь олон оронд сургуулийн хоолны хөтөлбөр эдийн засаг, айл өрхийн ачааллыг хөнгөвчилдөг онцлог талтай. Финландад эдийн засгийн талаас нь судалж, “хүний эрүүл мэнд болон эдийн засгийн үр өгөөжийг 2,5-7 дахин нэмэгдүүлдэг, мөн нэг хүүхэдтэй өрхийн нэг сарын хүнсний зардал 129-189 ам.доллароор хэмнэгддэг” гэж дүгнэсэн байдаг.

57 дугаар сургуулийн “кармаалдаг” хүүхдүүд яасан бол гэж үү? Сургуулийн зүгээс дүү нарт нь зориулж илүү боов, боорцог хийдэг болж, харин ах нар нь санаа амар үдийн хоолоо бүтэн иддэг болцгоосон. Тийм ч болоод төслийн дараах үр дүн тийм ялгаатай, өндөр үзүүлэлттэй гарсан хэрэг. 

Бүх нийтийг хамарсан сургуулийн үнэгүй хоолны хөтөлбөрийн дараа хүүхдийн сурлагын дүн сайжрах бөгөөд улмаар насан туршдаа олох орлого 3- 6 хувиар өсдөг төдийгүй энэ өсөлт дараагийн үед дамждаг гэсэн судалгаа ч бий. Тийм учраас “Сургуулийн Үдийн хоол хөтөлбөр”, мөн “Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоо” хоёр бол Эрүүл Монгол хүнийг бүтээх Монгол төрийн хар хайрцгийн бодлого буюу улс үндэстний аюулгүй байдлын асуудал юм. Мэдээж биеийн тамирын болон эрүүл мэндийн боловсролын сайн хөтөлбөртэй уялдах ёстой. Энэ ташрамд дурдахад манай биеийн тамирын болон эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг орчин цагтайгаа уялдуулан шинэчлэх ёстой юм шүү. Ингэснээр бид биеийн ч, сэтгэлийн ч, оюуны ч тамиртай эрүүл, хэрсүү монгол хүн, монгол үндэстнийг бий болгоно.

 

НЕПКО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ч.Отгочулуу: Өнөөдөр стратегийн ордыг, маргааш мах, сүүний бизнесийг хурааж авах уу? 1 цаг 9 мин Улаанбаатарын хэдэн музей 1 цаг 31 мин Cистем туйлддаг тухай ном 1 цаг 45 мин БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль бүх насаар хорих ялыг давж заалдлаа 13 цаг 32 мин Э.Амаржаргал бүжгийн “бага олимп”-оос хүрэл медаль хүртлээ 13 цаг 33 мин “Цагаан алт”, “Атар-4”-ийн 480 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа 13 цаг 33 мин Дорнод аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө 13 цаг 36 мин Иргэн Т хуурамч линк дээр дарж 22.5 сая төгрөгөө алджээ 13 цаг 39 мин "Андын зам констракшн" ХХК төслөө дуусгахын тулд хөрөнгөө дуудлага худалдаагаар борлуулна 13 цаг 40 мин Хоёрдугаар сарын 26, 27-нд нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна 16 цаг 6 мин Гашуунсухайт, Ханги боомтын тээвэрлэлтийг сайжруулах тогтоол баталлаа 16 цаг 7 мин Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн төсөлд дөрвөн хуулийн этгээд өрсөлдөхөөр боллоо 16 цаг 9 мин "Энержи Ресурс" ХХК-ийг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх жагсаалтаас хаслаа 16 цаг 9 мин Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенцыг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д хүргүүлнэ 16 цаг 10 мин Улсын хэмжээнд 39,942 зөрчил бүртгэгдсэний дийлэнх нь замын хөдөлгөөнийх байна 16 цаг 56 мин 100 саяын шагналтай мөсөн сурын "Магнай" болон дээд лигийн тэмцээн болно 16 цаг 57 мин Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлнэ 16 цаг 59 мин Газрын тухай хуулийн өөрчлөлт: Малчдад 5 га газар, орон нутагт шилжигсдэд давуу эрх олгоно 16 цаг 59 мин Монголын уул уурхайн компаниуд Лондонгийн биржид гарах боломжтой боллоо 17 цаг 4 мин Өвлийн XIV паралимпын наадамд Монголын дөрвөн тамирчин оролцоно 17 цаг 7 мин
iИх уншсан
Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөлийн анхдугаар хурал болов... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... Дээд шүүх Трампын татварыг цуцалсан ч тэрээр шинээр татвар т... Дорнод аймгийн малчин А.Батзоригийн гэр бүл Улсын аварга мал... 2026 оноос "Сайн" картыг халж, шахмал түлшийг "Хотула" аппли...
Top