x

Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр үлдээх үү?

Монгол Улсын Засгийн газар 2025 оны арванхоёрдугаар сарын 16-нд “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг ойлголт өөрөө улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох хэмжээний суурь асуудал тул энэхүү хуулийг батлахаас өмнө иргэд ойлгож, хэлэлцэж, санал бодлоо илэрхийлэх нь чухал.

Тэгвэл эдийн засгийн эрх чөлөө гэж яг юуг хэлдэг вэ? Энгийнээр хэлбэл, эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь иргэн, аж ахуйн нэгж өөрийн өмч, хөдөлмөр, хөрөнгийг ашиглан юу үйлдвэрлэх, хэрхэн үйлдвэрлэх, хэнд, ямар үнээр худалдахаа төрөөс зөвшөөрөл авахгүйгээр өөрөө шийдэх эрх юм. Ашиг олбол өөрөө хүртэнэ, алдагдал хүлээвэл өөрөө хариуцна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн шийдвэрийг төр бус, зах зээл болон иргэн өөрөө гаргадаг тогтолцоо юм.

Гэтэл эдийн засгийн эрх чөлөөг “төр бизнесийг сайн зохицуулах”, “төрөөс үнэ барих”, “төрөөс салбар дэмжих”, “төр зах зээлд оролцож тэнцвэржүүлэх” гэсэн ойлголттой андуурах нь их байна. Энэ бүхэн бол төрийн интервенц бөгөөд, эдийн засгийн эрх чөлөө бол түүний яг эсрэг философи дээр суурилдаг. Чөлөөт зах зээл гэдэг нь төр зах зээлийн тоглогч биш, харин дүрмийн сахиул, шүүгч байх ёстой гэсэн ойлголт юм.

Энэ үүднээс харахад одоо хэлэлцэгдэж буй хуулийн төсөлд тодорхой зөрчил ажиглагдана. Нэр нь “эдийн засгийн эрх чөлөө” боловч агуулгын хувьд “төр сайн зохицуулбал бизнес сайн явна” гэсэн зөөлөн интервенционист хандлага давамгайлж байна. Тухайлбал, хуулийн төсөлд төр боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, технологийн шийдэл зэрэг суурь зах зээлийн салбаруудад оролцож, санхүүжүүлж болно гэж заасан нь төрийг зах зээлийн тоглогч хэвээр үлдээж байна гэсэн үг. Энэ нь төр ба бизнесийн заагийг бүдгэрүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчил системтэй үүсэх эрсдэлийг хадгалсаар үлдээнэ.

Хэрэв эдийн засгийг үнэхээр “бүрэн эрх чөлөөтэй” болгохыг зорьж байгаа бол хувийн хэвшил хийж чадах ажлыг төр хийхийг хориглосон тодорхой, хатуу заалт зайлшгүй хэрэгтэй. “Төрийн оролцоог багасгана” гэсэн ерөнхий өгүүлбэр бодит амьдрал дээр үр дүн багатай. Харин “хувийн хэвшил чөлөөт зах зээлийн зарчмаар гүйцэтгэх боломжтой аливаа үйл ажиллагааг төр эрхлэхийг хориглоно” гэж тодорхой зааж өгвөл төрийн оролцооны бодит хязгаар тогтоно.

Мөн хуулийн төслийн нэг томоохон дутуу зүйл нь үнэ, ханш, цалинг зах зээлээр тогтоох зарчим огт тусгагдаагүй явдал юм. Үнэ бол зах зээлийн дохио, ханш бол эрсдэл ба хариуцлагын илэрхийлэл. Хэрэв төр үнэ барьж, ханшид оролцвол зах зээл буруу дохио авч, хомсдол, далд зах зээл, авлига үүсэх нөхцөл бүрддэг. Тиймээс эдийн засгийн эрх чөлөөний тухай хуульд үнэ, тариф, цалин, хөлс, валютын ханшийг зах зээлийн чөлөөт харилцаагаар тогтооно, төрөөс эдгээрт шууд болон шууд бусаар оролцохыг хориглоно гэсэн зарчим зайлшгүй байх ёстой.

Түүнчлэн төрийн зохицуулалтын дээд хязгаарыг тодорхой тогтоогоогүй нь анхаарал татна. “Үндэсний аюулгүй байдал”, “нийтийн ашиг сонирхол” гэх өргөн ойлголтыг ашиглаад бараг ямар ч хязгаарлалтыг зөвтгөж болохоор орхих нь зах зээлийн итгэлцлийг алдагдуулдаг. Эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлах аливаа зохицуулалт зайлшгүй, хамгийн бага, тодорхой хугацаатай, шүүхийн хяналтад нээлттэй байх ёстой гэсэн зарчим энд дутагдаж байна.

Жинхэнэ утгаараа эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулна гэвэл төр бизнес эрхлэхийг мөн шууд хориглох шаардлагатай. Төр ашиг олох зорилготой аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй, харин төрийн өмчит компани, төсөл, хөтөлбөрийг үе шаттайгаар бууруулж, хувьчилж, зах зээлд шилжүүлэх суурь бодлого хэрэгтэй. Үгүй бол төр өөрөө зах зээлд өрсөлдөгч хэвээр үлдэнэ.

Ийм хуульд “Төрийн эдийн засгийн үндсэн үүрэг” гэсэн тусгай заалт оруулж, төр зөвхөн хүний амь нас, өмчийн аюулгүй байдлыг хамгаалах, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, гэрээний хэрэгжилт, өмчийн эрхийг шүүхээр хамгаалах, шударга өрсөлдөөнийг сахиулах үүрэгтэй гэдгийг тодорхой заах нь зүйтэй. Үүнээс өөр эдийн засгийн үйл ажиллагаанд төр оролцох ёсгүй. Үүнийг олон улсад “шөнийн манаач төр” гэж нэрлэдэг.

Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн өсөлт саарч, хөрөнгө оруулалт хумигдаж, бизнесийн орчин тогтворгүй болсон нь төрийн хэт оролцоо, давхардсан зохицуулалт, лиценз зөвшөөрлийн дарамттай шууд холбоотой. Ийм нөхцөлд эдийн засгийн бодлогыг хэсэгчлэн засах бус, чөлөөт зах зээлийн суурь зарчмыг хуульчлан баталгаажуулах шаардлага бодитоор тулгарч байна.

Дүгнэж хэлбэл, эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь “төр зохицуулна” гэсэн логикоос татгалзаж, “төр хамгаална, зах зээл шийднэ” гэсэн зарчимд шилжих тухай ойлголт юм. Хэрэв “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хууль үнэхээр нэрэндээ тохирохыг зорьж байгаа бол чөлөөт зах зээлийн суурь хууль байх ёстой.

Эцэст нь бодит байдлыг харгалзвал, Монгол Улс боловсрол, эрүүл мэндийн салбарт төрийн оролцоог гэнэт бүрэн зогсоох боломжгүй. Тиймээс эдгээр салбарыг төр дангаараа бус, хувийн хэвшилтэй өгөөжтэй хослуулан, өрсөлдөөн ба сонголтыг нэмэгдүүлэх чиглэлд шат дараатайгаар удирдах шаардлага тулгарч байна.

Д.Жаргалсайхан, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top