x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнд хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн"-ийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгчид ээ,

"Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн"-ий эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Монгол үндэстний түүх, соёлыг судлан сурвалжилж, сурталчлан таниулж, үндэсний ухамсар, үнэт зүйлийг сэргээн хөгжүүлэгч, монгол төрийн ой санамжийг сахин хамгаалагч Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Тэнгэр заяат монголчууд бид өнө эртнээс нүүдлийн соёл иргэншлийг цогцлоон хөгжүүлж, Евроазийн өргөн уудам нутагт сүр хүчээ мандуулан, хүн төрөлхтний түүхэнд суу алдраа бадраасан Хүннү гүрэн, Монголын Эзэнт гүрнийг үүсгэн байгуулж, Эзэн Богд Чингис хаан болон түүнийг залгамжлагчид тив, дэлхийд Монголын их амар амгаланг тогтоож байсан бахдам сайхан түүхтэй билээ.

Монголчууд бидний түүх бол хүн төрөлхтний хөгжил дэвшлийг урагшлуулж, орчин цагийн соёл иргэншлийн үнэт зүйлсийн үндэс суурийг тавьсан дэлхийн түүх юм.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан гаргасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 оны 11-р сарын 14-ний тогтоолд монголчууд бидний хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, "Монголчууд өрнө дорнын соёл, уламжлалыг өөртөө шингээн, хүмүүний үнэт зүйлсийн солбицол, дэлхийн иргэншлүүдийг холбосон гүүр болж, худалдаа арилжааны өргөн сүлжээг хөгжүүлэн, засаг захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвүүдийг бий болгож, бүх хэлбэрийн соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гүйцэтгэсэн онцгой чухал үүргийг хүлээн зөвшөөрч байна" хэмээн цохон тэмдэглэсэн байдаг.

Дэлхий ертөнц, хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөн аугаа түүхийг ард түмэн, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, эх орон, төрт ёс, өвөг дээдэс, өв соёлоороо бахархах сэтгэлийг хүүхэд, залууст төлөвшүүлэх, дэлхий дахинаа сурталчлан таниулах эрхэм бөгөөд хариуцлагатай үүргийн эзэд бол түүхийн багш, түүхчид, соён гэгээрүүлэгчид Та бүхэн билээ.

Эх орныхоо ирээдүй хойч үеийн оюун санаа, үндэсний ухамсар, эх оронч үзэл, түүх, соёлын дархлааг төлөвшүүлэх эрхэм үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн түүхийн багш, түүхч, эрдэмтэн судлаачид Та бүхэндээ ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Их зохиолч Дашдоржийн Нацагдорж "Манай Монгол Улс маш эртний улс аа, Монголын яруу түүх магад их гэрэлтэй, Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурьсгалтай, Монголын төлөө хэмээх сэтгэл бидний зүрхнээ холбоотой" хэмээн шүлэглэсэн байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяа, түүх соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигууд гаргаж, "Чингис хаан" үндэсний музей байгуулан Их хааны алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээлгэн, ёслол төгөлдөр хүндэтгэн залж, монгол түмнийхээ их шүтээн болгосныг Та бүхэн мэдэж байгаа.

Монголчууд бид Төрийнхөө сүлдэнд хүлэг морио дээдлэн залж, аргамаг хурдан хүлгийнхээ дэл, сүүлээр Төрийн тугаа нандигнан урлаж, морин хуурынхаа аялгуугаар хорвоо ертөнцийг уяраадаг хосгүй өв соёлтой ард түмэн билээ.

Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь сурталчлан таниулах зорилгоор Монгол Улс "Дэлхийн адууны өдөр"-ийг санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей хэлэлцээд жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдөр буюу Монголын Үндэсний их баяр наадмаар "Дэлхийн адууны өдөр"-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэдэг сайхан уламжлал тогтож байгааг тэмдэглэн хэлэхэд нэн таатай байна.

Энэ бол монголчууд бидний эх түүх, өв соёл, нүүдлийн соёл иргэншлийн нэгэн бахархал билээ.

Тиймээс монголчууд бидний эрхэм дээд шүтээн бол Эзэн Богд Чингис хаан,

Монголчууд бидний бахархал бол монгол морь,

Монголчууд бидний гайхамшиг бол морин хуур,

Монголчууд бидний ондоошил бол эх хэл, түүх соёл, зан заншил, өв уламжлал юм.

Мөн сүүлийн жилүүдэд "Эзэн Богд Чингис хаан", "Монголын эзэнт гүрэн", "Өндөр гэгээн Занабазар", "Торгоны зам" зэрэг үзэсгэлэнг Франц, Герман, Чех, Итали, ОХУ зэрэг дэлхийн улс орны нэр хүндтэй музей, хаадын ордон, галлерейд дэлгэн үзүүлж, Монголын түүх, соёлыг дэлхий дахинд сурталчилж, түүхийг үнэн зөвөөр танин мэдүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Манай түүх судлалын залгамж халаа болсон нэгэн шинэ үе төрөн гарч, олон арван сурвалж судалгааны бүтээл туурвил хэвлэн нийтэлж, түүхийн судалгаанд ололт амжилт гарч, улмаар түүх судлалын онол, арга зүйн шинэлэг хандлага бий болж, түүх бичлэг улам бүр гүнзгийрэн хөгжсөөр байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү ололт амжилтад үндэслэн, Монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх, монгол үндэстний уг гарал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, монгол үндэстний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлан шинжилж, сурталчлан таниулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүднээс "Монголын түүх судлалыг дэмжих тухай" зарлиг гаргаж, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх ажлыг эхлүүлсэн.

Мөн төрийн тэргүүний санаачилгаар "Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон", Монголын нууц товчооны албан ёсны англи оруулга болон "Чингис хааны билиг сургаал", "Монгол хэмээх нэрийн судалгаа" бүтээл туурвин түмэн олны хүртээл болгосныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Аливаа улсын түүх үзэл суртлаас ангид, үнэний шалгуураар шүүгдсэн байх нь нэн чухал юм.

Нэн эртний үеэс эдүгээ хүртэлх Монголын түүхийг иж бүрэн судлан шинжилж, улсынхаа түүхийг мадаггүй үнэнээр эмхэтгэн бичих ажилдаа идэвхийлэн зүтгэж буй эрдэмтэн судлаачдадаа төрийн тэргүүн талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

Эрхэм хүндэт түүхийн багш, түүхчид ээ,

Хүний нийгмийн хөгжил өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээ, амьд шүтэлцээнд үргэлжилдэг учиртай.

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй.

Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж билээ.

Эх түүх бол үндэстний ой санамж, үнэт зүйл, төрт ёсны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа, ирээдүйгээ чиглүүлэх луужин болдог.

Иргэд олон нийт, хүүхэд, залууст эх түүхийн боловсролыг сайтар эзэмшүүлэн, үндэстний нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлэх, түүх, соёлын хүчирхэг дархлаатай монгол хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэхийг нийгэм, цаг үе Та биднээс шаардаж байна.

Өвөг дээдсийнхээ байгуулсан төрт улсуудын бахдам түүх, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эх орончдын баатарлаг гавьяаг алдаршуулан, монгол хүн болж төрснөөрөө бахархах сэтгэлийг хүүхэд, залуусын зүрх сэтгэлд асааж, үндэстний ой санамжийг бататган бэхжүүлэхэд түүхийн багш, соён гэгээрүүлэгч Та бүхэн манлайлан үлгэрлэх учиртай.

Эх түүхийн багш Та бүхэн бол Монгол Улсын тусгаар тогтнолын манаач, үндэсний үзэл, оюун санааны хөтөч, өнгөрснийг өнөөдөрт, өнөөдрийг маргаашид өртөөлөн хүргэх соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгчид билээ.

Эзэн Богд Чингис хаан монгол овог аймгуудыг нэгтгэн, монгол үндэстнийг цогцлоон бадрааж, Их Монгол Улсыг байгуулсан 820 жилийн тэгш сайхан ой энэ жил тохиож байна.

Их Монгол Улсын ариун гал голомтыг сахин суугаа монголчууд бид нэг монгол, нэг гэр бүл, нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, эх түүх, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, хотол түмнээрээ сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, эвээ зангидан, өөдрөг тэмүүлэл, өрнүүн зүтгэлээр эх орноо хөгжүүлэхийн төлөө хамтдаа хүчин зүтгэх учиртай.

"Эх түүх-Нэг Монгол" уриатайгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн"-өөс гарах санал, зөвлөмж нь түүхийн боловсролын бодлого, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, түүний агуулгыг шинэчлэн баяжуулах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх оновчтой арга замыг тодорхойлох, хүүхэд, залуус, ард иргэддээ эх түүхээ судлан мэдэж, сурган зааж, сурталчлан таниулах шинэлэг санаа, бүтээлч шийдлийг тодорхойлно гэдэгт итгэлтэй байна.

Эх орныхоо өнцөг булан бүрээс Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордондоо хуран чуулж, түүхийн боловсролыг шинэ эх сурвалжаар баяжуулах, түүхийн сургалт, судалгаанд технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх, түүх, соёлын өвийг сурталчлан таниулах талаар бүтээлч хэлэлцүүлгийг идэвхтэй өрнүүлж, бодлого зорилтоо тодорхойлж буй Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсье.

"Түүхийн багш нарын улсын зөвлөгөөн"-ийг 5 жил тутам зохион байгуулж, ололт амжилт, ажил үйлсээ дүгнэн, бодлого зорилтоо шинэчлэн тодорхойлж байх нь нэн чухал хэмээн төрийн тэргүүн үзэж байна.

Даян дэлхийд суу алдраа бадраасан монгол түмний түүх, соёл өнө мөнхөд хөгжин дэлгэрэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 9 цаг 13 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top