Өчигдөр хуралдах ёстой байсан УИХ-ын нэгдсэн чуулган ирц хүрээгүйн улмаас тасалдаж, шөнө дөлөөр тарав. УИХ дахь хоёр намын бүлэг (МАН-ын бүлгийн тал нь) чуулганы хуралдаанд ирцээр "бойкот" хийсэн шалтгаан нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн хийсэн мэдэгдлээс үүдэлтэй.
Үдээс өмнө хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжихгүй" гэдэг шийдвэр гарсан. Хуралдаанд оролцсон 22 гишүүнээс АН-ын бүлгийн гурван гишүүн л огцруулахыг дэмжиж санал өгсөн бол огцруулах бичигт гарын үсэг зурсан МАН-ын 19 гишүүний санал эсрэг санал өгснөөр тоологдсон байна. Тэдгээр гишүүд хуралдааны ирцэнд орсон боловч санал хураалтад оролцоогүй буюу товчлууртаа гар хүрээгүй тул хуулийн дагуу эсрэг санал өгснөөр тоологддог. Ийм нөхцөлд Байнгын хороо "Огцруулахыг дэмжихгүй" гэдэг шийдвэр гаргажээ.
Ердийн нөхцөлд бол Байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, эндээс гарсан саналын томъёоллоор чуулган дээр санал хураалт явуулдаг. Жишээ нь Байнгын хороо хууль, тогтоолын төслийг дэмжихгүй гэдэг шийдвэр гаргавал чуулган дээр "дэмжихгүй гэснийг дэмжихээр" санал хураадаг гэсэн үг. Гишүүдийн олонх дэмжинэ гэсэн санал өгвөл дээрх хууль, тогтоолын төсөл унаж, дэмжихгүй гэж санал өгвөл хууль, тогтоолын төсөл дэмжигдээд батлагдаад явдаг гэсэн үг. Математикт "хасах хасахын нэмэх" гэдэгтэй л адил юм. Үүнээс болж гишүүдийн дунд маргаан гарсан.
Тодруулбал, Үндсэн хуулийн 43.1-д заасан Ерөнхий сайдыг огцруулах тухай заалт нь арай өөр зохицуулалттай юм байна. Энд "УИХ-ын гишүүдийн 1/4-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор гаргавал, УИХ-ын нийт гишүүдийн олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно" гэсэн байна.
Үүнээс болж гишүүд "Чуулганы санал хураалтыг гишүүдийн гаргасан саналын томъёоллоор явуулна, Байнгын хорооны саналын томъёоллоор явуулна" гэдэг дээр хоёр хуваагдан маргаж байна. Харин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "Байнгын хорооны хурлаас гаргасан саналын томъёоллоор санал хураалтыг явуулна" гэснээс болж гишүүд хурал хаяад байгаа.
Өчигдөр үдээс хойш чуулганы хуралдаан ирцгүй гацсан үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулганы индэр дээрээс өмнөх Ерөнхий сайд нарыг чөлөөлж байсан хуулийн жишгийг уншиж танилцуулсан. Тухайлбал, 2021 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн хүсэлтээр чөлөөлсөн, 2025 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулсан жишгийг танилцуулсан. Тухайн үед Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг үндэслэж чуулганы нэгдсэн хуралдаан дээр санал хураалт явуулсан. Тэр үед бид Үндсэн хуулийн зөрчил яриагүй шүү гэдэг тайлбарыг хийсэн. Өнөөдрийн чуулганы хуралдаан дээр ярьж байгаа үндэслэл нь ч бас энэ.
Гэвч УИХ-ын дэд даргын хэлж байгаа өмнөх хоёр жишээн дээр Ерөнхий сайдыг огцруулсан, чөлөөлсөн үндэслэл нь өөр юм. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд гишүүдийн гаргасан саналаар огцруулаагүй. Ерөнхий сайд өөрөө УИХ дээр "Засгийн газарт итгэл үзүүлэх тухай" тогтоолыг төсөл барьж орж ирээд, УИХ нь "итгэл үзүүлэхгүй ээ" гээд огцруулсан. Энэ бол Үндсэн хуулийн 44-ээр зүйл, огт өөр заалт.
У.Хүрэлсүхийн хувьд цар тахлын үед "карантинд байсан төрсөн эхийг таавчигтай нь зөөсөн" тохиолдол дээр "Би хариуцлага хүлээнэ" гээд өөрөө өргөдлөө өгөөд чөлөөлөгдсөн. Чөлөөлөөд өгөөч гэвэл чөлөөлөөд явуулдаг хуультай. УИХ -ын гишүүн байхдаа бас нэг удаа өөрийн хүсэлтээр чөлөөдөгдөж байсан.
Харин Г.Занданшатарын хувьд 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш анх удаа гарч байгаа тохиолдол. УИХ-ын гишүүдийн 1/4-ээс илүү нь гарын үсэг зураад Ерөнхий сайдаа огцруулахаар оруулж ирсэн тул Үндсэн хуулийн 43.1-ээр зохицуулагдана. Тэгэхээр өмнөх хоёр тохиолдолд санал хураасан жишгээр явна аа гэх боломжгүй юм. 43.1-д "УИХ-ын гишүүдийн 1/4 нь Ерөнхий сайдыг огцруулах санал гаргавал", "огцруулах саналыг УИХ-ын нийт гишүүдийн олонх дэмжвэл" гээд цагаан дээр хараар биччихсэн байна.
УИХ-ын дэд даргын хувьд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг үндэслэл болгож байх шиг байна. Хуулийн 101.2-т "Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулна" гэснийг үндэслэл болгож байх шиг байна. Энэ нь "сонсоно" гэснээс биш, энэ дүгнэлтээр санал хураалт явуулна гэсэн шууд утга байхгүй. Үндсэн хуулийн заалтаас давсан хуулийн зохицуулалт байх ёсгүй гэдэг дээр хуульчид нэгдээд байгаа.
Хоёрдугаарт, Дэгийн тухай хуулийн 101.1-д "Үндсэн хуулийн 43.1-т зааснаар УИХ-ын гишүүдийн 1/4 нь Ерөнхий сайдыг огцруулах санал гаргавал УИХ асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ" гэсэн байна. Гэтэл Үндсэн хуульд заасан хугацаа нь "3 хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийг дотор шийдвэрлэнэ" гэсэн байгаа. Үүн дээр Х.Булгантуяа дарга Үндсэн хуулийн 43.1 буюу "3 хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэх" заалтыг барьж байгаа. Тэгэхээр УИХ-ын дэд дарга ямар тохиолдолд Үндсэн хуулийн заалтыг бариад, ямар тохиолдолд Дэгийн тухай хуулийг ашиглаад байна вэ? гэдэг асуулт.
Уг нь бол 2019 оны Үндсэн хуулийн 43.1-д оруулсан нэмэлт өөрчлөлт нь Засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн юм байна. Тиймээс "УИХ-ын нийт гишүүдийн олонх нь гишүүдийн огцруулах саналыг дэмжвэл" гэж гэж тов тодорхой бичсэн байна. Нэгдүгээрт, 64-өөс дээш гишүүн дэмжих ёстой гэсэн үг. Хоёрдугаарт, "огцруулах саналыг дэмжвэл" гэсэн байдаг.
Сануулахад, өчигдөр хуралдсан Байнгын хорооны хуралд 22 гишүүн оролцсон. 19 гишүүн огцруулахгүй гэдэг шийдвэр гаргасан. Тэр нь бүгд огцруулах саналд гарын үсэг зурсан гишүүд байсан. Тэд яагаад ийм шийдвэр гаргасан бэ? гэдэг нь эхний асуулт. Тиймээс Байнгын хорооны 19 гишүүний "огцруулахгүй" гэдэг саналыг УИХ хэлэлцэхгүй ээ, огцруулах санал гаргасан 50 гишүүний саналыг хэлэлцэнэ гэдэг нь Үндсэн хуулийн 43.1-ийн гол үзэл санаа, зарчим байх шиг байна. Үүнийг тогтоохын тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байх үеийн протоколыг олж харах ёстой байх л даа.
Тодорхой байгаа нэг зүйл бол өмнөх Ерөнхий сайд нар буюу У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг огцруулсан жишиг, хуулийн хэм хэмжээ энэ удаад үйлчлэхгүй шүү. Үндсэн хуульд тусад нь заасан байгаа шүү гэдэг нэг л зүйл. Хэрвээ "УИХ Үндсэн хууль зөрчсөн" гэдэг Цэцийн дүгнэлт гарвал үүнийг ямар ч "ард түмний эрх ашиг, төсвийн яаралтай байдал" яриад зөвтгөх боломжгүй юм.
Б.СЭМҮҮН