Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд анхан шатны төр, эрүүл мэнд, цагдаагийн тусламж үйлчилгээг нэгтгэсэн төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж, бүрэн ашиглалтад орлоо. Энэхүү цогцолбор нь иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ ажилтан, албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах зорилгоор хийгдсэн юм.
Гурван давхар, зоорийн давхартай нийт 979.8 м² талбай бүхий тус барилга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан лифттэй, автомашины зогсоолтой, бүрэн тохижилттойгоор ашиглалтад оржээ. Цогцолбор ашиглалтад орсноор тус хорооны 1805 өрхийн 5868 иргэн төрийн болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон нь тухайн орчны иргэдийн амьдралд шууд эерэг нөлөө үзүүлэх чухал бүтээн байгуулалт боллоо.
Уг бүтээн байгуулалтыг “Гурванбулаг сод” ХХК гүйцэтгэсэн байна.
Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар