Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамбатай “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх”-ын талаар ярилцлаа.
-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх гэж юу вэ. Зарим хүн үүнийг шинэ ойлголт гэх хандлагатай байна шүү дээ. Энэ талаар ойлголт өгвөл?
-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, Монгол Улсын үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн асуудал нь өөрөө Үндэсний аюулгүйн зөвлөлийн тэргүүний өгсөн чиглэл, УИХ-ын шийдвэр, Засгийн газрын 2024-2028 оны бодлого үйл ажиллагаанд тусгасан төрийн албан ёсны хэрэгжүүлбэл зохих, стратегийн баримт бичиг болж батлагдах юм. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх нь шинэ ойлголт мэт боловч түүхийн бүхий л цаг хугацаанд бидэнтэй хамт явсаар ирсэн зүйл. 2000 гаруй жилийн түүхтэй Хүннү гүрэн, 820 жилийн босгон дээр ирж буй Их Монгол Улс, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгал нь өөрөө монголчуудын үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ямар байсны нэг илэрхийлэл юм. Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам газар нутагтай бид хүн ам зүй, үйлдвэрлэл, соёл, шашны өндөр түвшинд хүрсэн хөрш улсуудтайгаа зохицон амьдарч, аливаа бэрхшээлийг даван туулж өнөөдрийг хүрсэн шүү дээ.
Түүхэн цаг хугацааны явцад хүчирхэг сөргөлдөгчидтэй тулгарч ирсэн ч монголчууд бид эвлэлдэн нэгдэж, төр улсын тусгаар тогтнолд заналхийлсэн аливаа үйлдлийг няцааж, даван гарсан. Энэ бүхний эцэст өнөөдрийн бүрэн эрхт Тусгаар Монгол Улс бий болсон шүү дээ. Цөөхөн монголчууд нийт үндэстнээрээ аливаа дайн самуун, аюул, эрсдэл, сорилт, бэрхшээлийг эв нэгдэл, хамтын хүч, тэсвэр хатуужлаараа даван туулсан нь бидний дэлхийд заасан стратеги гэж хэлэхэд буруудахгүй байх. Өргөн уудам газар нутагтаа таруу, сийрэг аж төрдөг, байгаль цаг уурын эрс тэс нөхцөлтэй, бага хүн амтай ч хүчирхэгжих боломжтой гэдгийг монголчууд харуулж чадсан. Тиймээс үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бидний хувьд шинэ зүйл огт биш. Тодорхой цаг хугацаанд гээчхээд эргүүлэн сэргээж буй асуудал.
-Дэлхийн улс орнуудын хувьд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ?
-2014 онд Крымийн хойгт цэрэг, улс төрийн мөргөлдөөн болж нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөн. Тайвань, Хятадын эрэг орчмын асуудал ч байна. Мөн ковид цар тахлын нөлөө, хүрээлэн буй орчны хурдацтай доройтол, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж эрс өсөж буй өнөөгийн нөхцөлд дэлхийн улс орнууд иймэрхүү гэнэтийн шинжтэй хямрал, сорилт бэрхшээлийг даван туулах арга замыг эрэлхийлэх явцдаа сөрөн тэсвэрлэх стратегийг гаргаж ирсэн байдаг. Тухайлбал, Их Британи, Япон, Сингапур гэх мэт улс орнуудын жишээ бий. Английн хувьд нийгмийн сөрөн тэсвэрлэх стратегийг батлах замаар иргэдээ аливаа хямралд бэлтгэлтэй, эв нэгдэлтэй, тэсвэр хатуужилтай байж, хамгийн богино хугацаанд, хамгийн бага хохиролтойгоор даван туулна. Дараа нь хямралын өмнөх нийгэм, эдийн засгийн түвшнээ сэргээх, түүнээсээ илүү хөгжих гэсэн байдаг. Зүүн өмнөд Азийн буюу Япон, Сингапур зэрэг улсууд бол байгалийн гамшигт сөрөн тэсвэрлэх чадавхтай нийгмийг цогцлоохтой холбоотой стратегийг баталж байна.
Израилын хувьд эргэн тойрондоо зөрчилдөөнтэй учраас цэргийн аюул заналхийлэл, терроризмын үед иргэдээ эв нэгдэлтэй, бэлэн байдалд байх гэх мэт сөрөн тэсвэрлэх стратегийг баталж хэрэгжүүлж байгаа. Тиймээс дэлхий дахинд улс орнуудын аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэх олон янзын арга хэрэгсэл байдгаас сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм.
-Тэгвэл манай улсын үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг, батлах хэрэгжүүлэх ажил ямар түвшинд явж байна вэ?
-Аливаа хямрал гэнэтийн сорилт бэрхшээлд нийгэм, иргэд, төр, улс орон бүхэлдээ бэлэн байх ёстой. Хамгийн богино хугацаанд, маш хурдтай даван туулаад, эргэн сэргэхтэй холбоотой цогц стратеги болж хөгжиж байна. Дэлхий дахинд сүүлийн 15 жилд цэрэг дайны аюул заналхийлэл гурав дахин нэмэгдсэн. Ийм нөхцөл байдалд улс орноо батлан хамгаалах бодлого, стратеги ямар байвал зохих талаар бид нухацтай судалж байна. Энэ асуудлыг аюулгүй байдал, бодлого судлалын хүрээнд төрийн бодлогын хэмжээнд авч үзэх ёстой юм. Цэргийн аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх гэхээсээ илүү хүн төрөлхтөн, улс орны өмнө тулгарч буй байгалийн гамшиг, технологийн гэнэтийн томоохон сүйрэл, нийгмийн эмх замбараагүй болон тогтворгүй байдал, эдийн засгийн гэнэтийн цочрол, хямрал, терроризм буюу улс үндэстний амар амгалан оршихуйд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлийг даван туулах стратеги болох учиртай. Үүнийг төрийн бодлогын түвшинд авч үзэж, Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсэг боловсруулан УИХ, Засгийн газарт өргөн барихад бэлтгэж байна.
-Манай үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн гол агуулга нь юу вэ. Энэ талаар тодруулбал?
-Бид энэхүү стратегийг боловсруулахдаа хоёр асуудалд гол анхаарлаа хандуулсан. Нэгдүгээрт, Монгол Улсын гамшгаас хамгаалах үндэсний тогтолцоо гэж бий. Иргэн бүр гамшгаас хамгаалах, даван туулах, авран хамгаалах ажиллагаанд оролцох үүрэгтэй. Хоёрдугаарт, Батлан хамгаалах тогтолцооны асуудал. Монгол Улсын Батлан хамгаалах хууль тогтоомж, баримт бичигт зааснаар бүх нийтийн оролцоотой орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлэх асуудал тусгагдсан байдаг. Тиймээс гамшигтай тэмцэх нь иргэн бүрийн үүрэг, Үндсэн хуульд зааснаар иргэн бүр эх орноо хамгаалах үүрэгтэй гэсэн хоёр чиг үүрэг дээр үндэслээд, иргэд маань дэлхий болон бүс нутаг, улс оронд тулгарсан, эсвэл тохиолдож болзошгүй сорилт, бэрхшээлд тодорхой хэмжээнд хариу үйлдэл үзүүлэх чадавхтай байх ёстой. Шаардлагатай үед тодорхой тэсвэр тэвчээр, сахилга бат зохион байгуулалттайгаар бэрхшээлийг хамтын хүчээр даван туулдаг байх юм.
Жишээ нь, гурван жилийн өмнө нийслэл хотод болсон томоохон үерийн үед гамшгаас хамгаалах иргэдийн ухамсар, оролцоо маш бага байсан. Далан шуудай босгоход дэмжлэг үзүүлэх, зарлан мэдээлэлд дэг журамтай хандах гэх мэт зүйлсэд хойрго хандах явдал түгээмэл байсан. Швед, Финлянд, Швейцарь зэрэг орны иргэд энэ тал дээх илүү бэлтгэлтэй, зохион байгуулалттай, шаардлагатай үед эх орноо хамгаалах хувийн бэлтгэлээ хангах үүрэгтэй байдаг.
-Жишээ нь, ямар?
-Эдгээр орнуудын иргэд гэртээ нь эмнэлгийн анхны тусламжийн хэрэгсэл, хуурай хүнс хэрэглэл, цэвэр усны тодорхой нөөцтэй байх үүрэгтэй. Түүнчлэн гэртээ буу зэвсэг хадгалах, эзэмших, жил бүр буудлагын болон цэргийн тусгай мэргэжлийн ерөнхий бэлтгэлд тодорхой хугацаагаар хамрагддаг. Гамшиг осол тохиолдох, ямар нэгэн аюул эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхэд айл өрх бүр өөрсдийн аюулгүй байдал, амьжиргааны хүнсний болон чухал нэрийн бараагаа хадгадаг хэвшсэн тогтолцоотой. Израиль, АНУ бүгд ийм. Тиймээс дэлхийн улс орнуудын энэ шалгарсан системийг өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулан нэвтрүүлэх, Монгол Улсын иргэн бүр шаардлагатай үед гамшигтай тэмцэж, хорио цээрийн дэглэм сахиулах үеийн дэг журмыг хүндэтгэж, зориг, тэвчээр, зохион байгуулалттай байж бусдыгаа гэсэн сэтгэл зүйн эерэг хандлагатай байх ёстой гэх мэт агуулгыг тусгасан. Зөвхөн “би” гэсэн хандлага, ёс суртахуун, сэтгэл зүйтэй байж болохгүй. Хоёрдугаарт, ямар нэгэн цэрэг дайны аюулт нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэн бүр эх орноо хамгаалах, орон нутгийн хамгаалалтын томилгоот үүрэгтэй гэдгээ ойлгож, мэдэж ухамсарладаг байх хэрэгтэй. Мөн өөрийн гүйцэтгэх үүрэгтээ сургагдаж, бэлтгэгдэж дадлагажсан байх ёстой юм. Тиймээс үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх нь иргэн бүрд хамааралтай асуудал.
-Швед, Финлянд шиг гэртээ буу зэвсгээ хадгалдаг байх гэсэн агуулга нэмэгдэх үү. Дэлхийн улс орнуудын нөхцөл байдал хүндэрч байна шүү дээ?
-Мэдээж, зэвсэг эзэмших бол нарийн эмзэг асуудал. Монгол Улсын хууль тогтоомжид иргэд ангийн болон спорт зориулалттай гар буу, галт зэвсэг эзэмшиж, хадгалж болно гэсэн байдаг. Иргэн хүн эх орноо хамгаалах зориулалтаар буу зэвсэг эзэмших, хэрэглэх чадвартай байх нь зайлшгүй асуудал. Харин сүүлийн жилүүдэд, манай улсад буудлагын төрлийн спорт эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа практик, хамгаалалтын, спорт буудлагын холбоо, клубүүд өргөжсөн. Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд практик, спорт, хамгаалалтын буудлагын клуб, том талбайнууд нээгдэж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ч олон улсын аварга шалгаруулах практик, хамгаалалтын буудлагын тэмцээн зохион байгуулагдах болсон. Ээлжит тэмцээний бэлтгэл мөн хангагдаж байна.
Иргэдэд спорт болон ангийн зориулалтаар галт зэвсэг эзэмших эрх нээлттэй байгаа. Гол нь хуулиар тогтоосон шаардлага, шалгуурыг хангасан байх гэсэн асуудал бий. Монгол Улс дахь галт зэвсгийн ашиглалт, хамгаалалт нь хуулийн байгууллагын хяналт, бүртгэл мэдээлэлд байдаг. Сүүлийн жилүүдэд залуучууд, спорт болон тактикийн хамгаалалт, практикийн буудлагаар сонирхон эрчимтэй хичээллэж байгаа нь өөрөө маш том давуу тал. Буу зэвсгээс айдаг биш хуульд нийцүүлэн зөв хэрэглэж, харьцаж, ашиглаж сурах нь чухал юм.
-Сөрөн тэсвэрлэх чадавх, стратеги нь зөвхөн дайны үеийн тухай ойлголт биш биз дээ. Үүнээс өөр ямар нэгэн дам нөлөөллийг буруулахад чиглэдэг үү?
-Энэ их чухал асуудал. Хэдийгээр манай улсад шууд тулгарсан цэргийн аюул заналхийлэл байхгүй боловч бүс нутгийн зарим улс орнуудын хооронд үүссэн цэргийн мөргөлдөөний дам нөлөөллийн эрсдэл бий. Жишээ нь, Украин Оросын асуудлаас үүдэн дэлхийн эдийн засаг, олон улсын харилцаа дэг журамд өөрчлөлт орсон нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт шууд нөлөөлж байгаа юм. Иргэдийн амьдралд шууд нөлөөлөх хэмжээний эрсдэлтэй. Энэ утгаараа сүүлийн үед холимог аюул заналхийлэл бий болсон.
Жишээ нь, байгалийн гамшиг, газар хөдлөлтийн дараа дам аюул заналхийлэл буюу хүн амын амьжиргааны чухал бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх, тээвэр логистикийн доголдол гарах, үүнээс улбаалан нийгмийн эмх замбараагүй байдал бий болох, үүнд иргэдийг турхирах санаатай, санаагүй үйлдэл ч анзаарагддаг. Тиймээс үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх нь шууд бий болж буй аюул заналхийллээс гадна дам нөлөөллөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн бүр бэлтгэлтэй, ойлголттой, төр засаг нь ч стратеги, арга хэрэгсэл, нөөцтэй байхыг шаарддаг.
Өдрийн сонин



