x

2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.16) хуралдаан 17 цаг 35 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай  хууль болон дагалдан батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцлээ. 

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. 

Тэрбээр танилцуулгадаа, Төсөв батлахад Улсын Их Хурлын 33 гишүүн оролцоогүй, батлагдсан төсөвт хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлогод нийцээгүй олон асуудал тусгагдсан зэрэг нь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг бүрэн зөрчигдсөн гэж дүгнэхэд хүргэж байна. Тиймээс төсвийн бодлогоо эргэн харж, улс орны эрх ашгийг дээдэлсэн, сахилга бат хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах, хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлого, зорилтод нийцэхгүй дараах асуудлуудыг засах зайлшгүй шаардлага байгааг Улсын Их Хуралд дахин сануулж, хориг тавихаас өөр аргагүйд хүрч байна гэснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа онцоллоо. 

Төсвийн нийт зарлага 11.5 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9.6 их наяд төгрөг болж төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” тухай шаардлагад нийцээгүй, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Төсвийг …батлах …эрх бүхий байгууллага, …нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.2.1-ийн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах” гэснийг тус тус зөрчсөн. 

Олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5 тэрбумаас 8 тэрбум төгрөг хүртэл өсгөн, татвар төлөгчдийн мөнгийг Улсын Их Хурлын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилж, зураг төсөлгүй олон барилга, байгууламж барихаар тусгасан. Энэ нь Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.11-д заасан “зураг төсөлгүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүй байх” шаардлагыг зөрчсөнөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-ийн “хууль, Улсын Их хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн суурь зохицуулалтуудад нийцэхээргүй байна.

Нүүрсний экспортыг 42 сая тонн хүртэл өсгөн, уул уурхайн салбарын орлогыг 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 3 их наяд төгрөгт хүргэхээр тусгасан. Үүнийг Үндэсний аудитын газар биелэхээргүй хийсвэр орлого, эрсдэл болно гэж дүгнэсэн бөгөөд энэ нь мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-ийн “жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж, хэрэгжүүлэх” зохицуулалтад нийцэхгүй, зөрчилдөж байна.

Хоёр жилийн дараагаас төлөгдөж эхлэх ёстой гадаад өр, зээлүүдийн үндсэн төлбөрийн асуудлыг анхаараагүй, валютын хуримтлал үүсгэх, төлбөр төлөх график хугацааны талаар огт төлөвлөөгүй орхисон, Засгийн газрын өрийн нийт хэмжээ 19.5 их наяд хүрсэн байхад сүүлийн гурван жилийн нийлбэрээр 7 их наядын алдагдалтай төсөв баталж Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүллээ. Энэ нь төсөв батлахад зайлшгүй харгалзан үзэж баримтлах ёстой “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилтууд болон “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэхээргүй байна.

Төсвийн зарлагыг 11.5 их наяд байхаар баталсан хэрнээ ирэх онд инфляцийг 8 хувьд барих зорилт тавьсан нь огт авцалдахгүй, Монгол банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлж арилжааны зээл хумигдах, үр дүнд нь иргэдийн ажил эрхлэлт, орлогыг эрс хумих нөхцөл бүрдэх, хүний хөгжлийг тооцоолоогүй, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хэмжигдэхүүнийг тусгаагүй зэрэг засаж залруулах зүйл олон байна.

Улсын Их Хурлын гишүүдийг дэмжих сан гэж нэрлэгдэх хүртлээ үйл ажиллагаа нь гажуудан, гэмт хэргийн талбар болох болсон Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон бусад зээл олгодог сангуудын зээлийг төрийн захиргааны байгууллагаас олгодог байдлыг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн таслан зогсоож, улсын төсөвт батлагдсан эх үүсвэрээ нээлттэй, ил тод, хүртээмжтэй бизнесийн зарчмаар зээлдүүлэх хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг 2019 оны төсвийн тухай хуультай хамт өргөн барьж батлуулах шаардлагатай. Товчлон хэлбэл ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд жилийн 3 хувийн хүүтэй зээл авч болохуйц нөхцөлийг бүрдүүлэх ёстой. 

Мөн гадаад өр зээлийн асуудалд онцгой анхаарч алдагдалгүй төсөв батлах, хууль зөрчсөн үрэлгэн зардлуудыг танаж, хэмнэсэн 500 тэрбум төгрөгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх зорилтыг бодитойгоор шийдвэрлэх нь төсвийг шинээр батлах нэг том үндэслэл болж байна гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тодотгов. 

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ш.Раднаасэд, Г.Занданшатар,  Ц.Нямдорж, Ж.Эрдэнэбат, Д.Оюунхорол, З.Нарантуяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Занданшатар нар  “Ерөнхийлөгч Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь тавьсан хоригоо татаж аваад, засч, сайжруулах шаардлагатай гэсэн тодорхой асуудлаа үндэслэлтэй оруулж ирэн хэсэгчилсэн хориг тавьж болно. Энэ нөхцөлд Засгийн газар, Улсын Их Хурал баталсан хуулиа эргэж харж,  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлын төлөө хамтарч ажиллахад бэлэн” гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, “Улсын Их Хурал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн зарлага, алдагдлыг нэг ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй. Харин орон нутгийн төсвийн захирагчдын эрх мэдлийн хүрээнд 189 тэрбум төгрөг хуваарилсан байсан. Аймаг, орон нутгийн хүн амаас хамаарч  хуваарилсан 8-10 тэрбум төгрөгийн төсвийг эзэнтэй, тодорхой болгосон.Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын гишүүн, орон нутгаас нь санал авч  шаардлагатай  байгаа 18 сургууль, 48 цэцэрлэг барин, төсвийн зарцуулалтыг тодорхой болгосон. Үүнийг гишүүдийн мөнгө гэж буруу ойлгож байна” хэмээн тайлбарлав. Гишүүдийн зүгээс  уул уурхайн бус хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбараа дэмжсэн экспортын үйлдвэрүүдийг хөгжүүлэх, “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэхтэй санал нийлж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ үүнийг улсын төсвийн хөрөнгөөр бус Хөгжлийн банк, бусад олон улсын зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. 

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хууль болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай Монгол Улсын хуулиуд, түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсныг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэнгүй. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • МАНгуу намынханд (64.119.16.239)
    Ерөнхийлөгчөө одоо УИХ-ыг тараах талаар хориг тавьчих тэгвэл бас дэмжихгүй байх шүү. Энэ 65 МАНгуунууд бүх ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчийн санал буюу ард түмний саналыг унагаагаад байгааг юу гэж ойлгох вээ МАН бол сонгуулиар бүх ард түмний дөнгөж гуравны нэгээр арай ядан булхайтай гарсан хулгайч нар ш дээ эд ард түмнийг төлөөлөх эрхгүй
    2018 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (139.5.217.156)
    ih hurlaa hurdana taraaj niigem.ee tsevershuulj shudarga ysiig togtooh ymsan ...
    2018 оны 11 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Өчигдөр 11 цаг 28 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа Өчигдөр 11 цаг 15 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Уржигдар 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Уржигдар 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Уржигдар 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Уржигдар 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Уржигдар 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Уржигдар 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Уржигдар 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Уржигдар 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Уржигдар 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Уржигдар 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Уржигдар 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Уржигдар 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Уржигдар 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Уржигдар 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Уржигдар 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Уржигдар 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Уржигдар 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримы...
Top