x

Ж.Лхагвадэмчиг: Буддын шашин, аялал жуулчлалаар Монгол, Бутаны харилцаа өргөжих болов уу

МУИС-ийн ШУС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш доктор Ж.Лхагвадэмчигтэй Бутан улсын талаар ярилцлаа.

-Бутаны Цог Жавхлант Хааны манай улсад хийх төрийн айлчлалтай холбоотойгоор монголчууд Бутан орон, бутанчуудын тухай гойд сонирхож, эерэг сэтгэгдэлтэй мэдээ мэдээллийг бие биедээ хуваалцаж байна. Бутан орны тухай ямар мэдээллийг та онцлон хуваалцахыг хүсэж байна вэ?

-Энэ улсын тухай яриагаа нэрнээс нь эхлэх ёстой гэж бодож байна. Хималайн нуруунаас орж ирдэг их цасан шуурганы дуу чимээг луугийн хүрхрэлтэй зүйрлэж ийм нэрийг авсан гэж өөрсдөө ярьдаг. Хүн амын нь тоог 900 мянга орчим гэж хэлж болно. 

БНХАУ, БНЭУ гэсэн 2 том хөршөөр хүрээлэгдсэн далайд гарцгүй орон. Мөн хэмжээт эрхт хаант улс, 2008 онд Үндсэн хуулиа баталсан байдаг. 

“Улс төрийн намтай, парламентын засаглалтай байна” гэж Үндсэн хуульдаа заасан. Парламентын сонгууль болоход улс төрийн намууд өрсөлдөж таарна. Гэтэл “Эзэн хаантай байхад, улс төрийн намаар яах юм бэ” гэж иргэд нь ярьж эхэлжээ. Харин хаан нь “Бид парламенттай, улс төрийн намтай байх ёстой” хэмээсэн. Тэгээд “Бутаны ардын ардчилсан нам”, нөгөө нь уламжлалт орчуулгаар “Хотол чуулган хурсан” гэдэг намтай болсон. Бутаны иргэд өөрсдөө ямар нэг нам байгуулаагүй. Хааны зарлигаар ийнхүү улс төрийн хоёр намтай, парламентын засаглалтай болсон юм. Иргэдийнх нь 50 хувь нь төвөд үндэстэн /царай төрхийн хувьд монголорхуу/, 35 хувь нь балба, үлдсэн хэсэг нь орон нутгийн хүмүүс юм. Бичгийн хувьд төвөд, хэлний хувьд зонхо-гоор ярьдаг. Төвөд хэлтэй хүн тэдний яриаг ойлгоно. 

Бутан, Төвөд, Монгол, монгол туургатанд Буддын шашны Очир хөлгөний ёс өргөн дэлгэрсэн. Бутан иргэдийн олонх нь буддын шашин шүтдэг, төрийн шашин гэж үздэг. 

-Бутанчууд аз жаргалын индекс гэдгийг 1972 онд гаргажээ. Гэтэл НҮБ-ын гаргасан үзүүлэлтээр хамгийн аз жаргалтай орноор Финланд нэрлэгддэг шүү дээ. Аз жаргалын индекстэй болох нь бутанчуудад яагаад ач холбогдолтой гэж үзсэн байдаг вэ? 

-Дэлхийн 2 дугаар дайны дараа хөгжил гэдэг ойлголт гарч ирсэн. Эхэн үедээ улс орны хөгжлийг тухайн орны дотоодын нийт бүтээгдэхүүн гэх мэт эдийн засгийн үзүүлэлтээр хэмждэг байв. Энэ улс өөрийгөө гадаад ертөнцөөс 1950-иад он хүртэл тусгаарласан байдаг л даа. Харин БНЭУ-тай 1949 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан түүхтэй. 

Дөрөвдүгээр хаан Жигмэд Сэнгээ Гончиг нь “Улсаа хөгжүүлье, бусдаас тусгаар байж болохгүй юм байна" гэж үзжээ. Тэгэхдээ Азийн ихэнх улс орон шиг эдийн засагтаа тулгуурлан хөгжсөн загвараар явахад Буддын шашин, соёл уламжлал, үндэстний нь онцлогт халтай гэж үзсэн байдаг. Тэгээд өөрийн онцлогт тохирсон ”Үндэстний аз жаргал” гэх бодлого гаргаж ирсэн юм билээ.

Түүнийгээ зонхо хэлээр нэрлэснийг нь орчуулбал, “Улс гүрний баяр цэнгэлийн цогийг хураах” гэсэн утгатай. Үүнийг англи хэл рүү шууд орчуулбал ойлгогдохгүй тул 1970-аад оноос “Үндэстний аз жаргал” гэж томьёолсон. Энэ нэр томьёолол нь тухайн улсын хөгжлийн зам гэж Бутаны 4 дүгээр хаан хэлсэн байдаг. Бутан улсын улс төрийн энэ бодлого сүүлийн жилүүдэд гадаад бодлого нь болсон байна. Тус улсын хувьд хүн ам цөөн, газар нутаг бага. Тийм болохоор олон улсын харилцаанд хамгийн аз жаргалтай үндэстэн гэх өөрийн улсын өнгө төрхийг үүсгэж байгаа нь энэ л дээ. 

Энэ улс хаантай учраас хаант засаглалтай орнуудтай харилцаа сайн байдаг. Тухайлбал, Эзэн хаан нь Япон улсад 2 удаа айлчилсан. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай харилцаа сайн. Ази тивд Очир хөлгөний ёсыг хадгалж байгаа тусгаар тогтносон улс гэсэн "имижтэй". Азийн улсуудтай Буддын шашнаар дамжуулж харилцах бодлого явуулдаг. 

-”Үндэстний аз жаргал” гэдгийг юугаар, яаж хэмжиж байна вэ? 

-Сайн засаглал, эдийн засаг, байгаль орчин, соёл уламжлалыг хадгалах нь хүн аз жаргалтай байх гол дөрвөн тулгуур багана гэж Үндсэн хууль, гадаад бодлогодоо оруулсан. Мөн эрүүл мэнд, боловсрол нийгмийг хөгжүүлэх асуудлуудаа эрэмбэлж есөн зүйл болгон багцалжээ. 

Хүн хэдэн цаг ажиллаж, хэдэн цаг унтав гэдэг индексээр хүний аз жаргалыг хэмжих бас нэг сонин үзүүлэлт багтсан байдаг юм билээ. Унтах 8 цагаасаа бага унтвал индекс буурах нь байна шүү дээ. 

-Хүний унтах цагийг ямар аргаар тодорхойлох вэ? 

-Та их нарийн зүйл асууж байна. Судалгаанд тоо болон асуулгын гэсэн хоёр янзын арга байдаг. Тэгэхээр асуулгын аргыг хэрэглэдэг болов уу даа. 

-Монгол, Бутан хоёр улс 2012 онд дипломат харилцаа тогтоосон. Түүнээс өмнө ямар харилцаатай байв? 

-Бутан улс 1971 онд НҮБ-ын гишүүн болсон. Дипломат харилцаа тогтоохоос өмнө БНМАУ-ын үед манай хоёр улсын хооронд харилцаа байсан юм билээ. БНМАУ-ын Буддын шашны тэргүүн номч мэргэн гавж хамба Гомбожав тэргүүтэй зүтгэлтнүүд “Азийн буддистуудын энх тайвны бага хурал” гэж олон улсын байгууллага байгуулсан. Энэ байгууллагын 5 дугаар ерөнхий чуулган 1979 онд Улаанбаатар хотод болоход Бутан улсын төлөөлөгчид оролцохоор анх удаа Монгол Улсад ирсэн байна. 

Энэ бол манай улс 1911 онд эхлүүлсэн гуравдагч хөршийн эрлийн үргэлжлэл байжээ гэж надад бодогддог. Тухайн үед монголчууд Буддын шашнаар дамжуулаад гуравдагч хөршийн бодлого явуулж байсан гэж хэлж болох юм. 

Улаанбаатар хотод 1982 онд мөн “Азийн буддистуудын энх тайвны бага хурал”-ын 6 дугаар чуулган болсон. Бутаны хоёр төлөөлөгч мөн энэ чуулганд оролцсон. Гандантэгчинлэн хийдийн тухайн үеийн хамба лам Гаадан гуай 1985 онд Бутан улсад болсон дээрх олон улсын байгууллагын чуулганд оролцохоор зочилж байв. Түүнчлэн Бутаны Цани ловон гэдэг хүн 1986 онд манай улсад айлчилсан байдаг. Дипломат харилцаа тогтоохоос өмнө Буддын шашин болон “Азийн буддистуудын энх тайвны бага хурал”-ын шугамаар манай хоёр орны харилцаа явж ирсэн. Монгол Улс алсдаа Буддын шашин, аялал жуулчлалаар энэ оронтой харилцаагаа өргөжүүлэх болов уу гэж би боддог.

-Бутаны хаан гол төлөв хаантай улсуудад айлчилдаг гэж та дээр хэлсэн. Харин Монгол Улсад хийх төрийн айлчлалынх нь онцлогийг та хэрхэн үзэж байна вэ? 

-Бутаны хаан энэ удаа эзэн хаангүй Монгол Улсад айлчлах гэж байгаа нь мэдээж сонирхолтой үйл явдалд тооцогдоно. Гэхдээ манайтай адилхан эзэн хаангүй Сингапурт айлчилж байсан. Харин Монгол Улсад айлчлах гэж байгаа нь анхны тохиолдол шүү дээ. Бутан улсын хувьд, Монгол Улстай харилцаагаа идэвхжүүлэх зорилготой байгаа нь тодорхой. Харин Монгол Улсын хувьд Бутан төдийгүй, зүүн өмнөд Азид хандсан гадаад бодлогын алхмууд хийгдэнэ гэж би бодож байна.

-Бутан хөдөө аж ахуйн орон, хүн ам цөөнтэй. Хүн амынх нь талтай тэнцэх хэмжээний жуулчин ирсэн тухай мэдээлэл гарсан байна. Энэ улс аялал жуулчлалд яагаад хатуу бодлого барьж ирсэн юм бол? 

-Энэ талаар бичигдсэн өгүүллүүдээс харахад, “Гадаадаас олон жуулчин хүлээн авах юм бол өөрийнх нь соёл иргэншилд таатай биш” гэж үздэг. Ийм учраас гадаадаас олон жуулчин авдаггүй. Өдөрт 200 ам.долларын хураамжтай болохоор харьцангуй чинээлэгдүү жуулчид хүлээн авдаг. Түүнээс гадна энэ улс нэг өдөрт хүлээн авах жуулчны тоонд ч хязгаар тавьдаг байсан. Одоо ямар болж байгаа тухай би сайн мэдэхгүй байна. 

Аялал жуулчлалаас өөр аж үйлдвэрийн салбар энэ улсад хөгжөөгүй учраас залуус нь эх орондоо байхаас илүүтэй Австрали руу гарах сонирхолтой болсон талаар намайг Энэтхэгт явж байхад зарим судлаач ярьж байсан. Ийм учраас тухайн улс залуучуудаа эх оронд нь тогтоон барих талаар нээлттэй бодлого явуулж байгаа болов уу.

 -Бутан улс хөгжлийнхөө ирээдүйн чиг хандлагыг яаж тогтоосон байдаг вэ? 

-Үндсэн хууль, гадаад бодлого хоёртоо тодорхойлсон хөгжлийнх нь чиг хандлага ”Үндэстний аз жаргалын индекс” шүү дээ. Энэ бол 4 дүгээр хааны үед гарсан бодлого байгаа юм. Харин одоо байгаа 5 дугаар хаан түүнээс арай өөр зүйл ярьж байна л даа. Тэрээр 1980 онд мэндэлсэн залуу хүн. 

Энэ хаан бол “Үнэ цэн бүхий хөгжил” гэж ярьж, ”Үндэстний аз жаргал” бүтээх зарчмаас бид ухрахгүй ч түүнийг бүтээх арга зам маань өөрчлөгдөж магадгүй гэж байгаа юм билээ.

Залуучууд дэлхийтэй интернэтээр холбогдох болсон. Шинэ үе өөр зүйлийг хүсэж байна. Тийм болохоор залуу хаан, залуу үеийнхэн Бутаныг өөр замаар хөгжүүлэх бодлого гаргаж магадгүй. 

-Энэ хааны аав 40-өөд насандаа хүүдээ хаан ширээгээ өгсөн. Түүний цаад шалтгаан, мөн чанар нь юу байв? 

-“Эрин үе шинэчлэгдэж байна. Миний хаанчлал, хааны үе энд хүрлээ. Бутаныг одоо залуучууд, шинэ үе авч явна шүү” гэсэн өгүүлэмж байж болох юм. 

Эх сурвалж: montsame.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 20 цаг 51 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 20 цаг 52 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 20 цаг 58 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 21 цаг 0 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 21 цаг 2 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Өчигдөр 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Өчигдөр 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Өчигдөр 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Өчигдөр 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Өчигдөр 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Өчигдөр 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Өчигдөр 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Өчигдөр 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Өчигдөр 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 17 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно Өчигдөр 12 цаг 09 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 12 цаг 08 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо Өчигдөр 12 цаг 06 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна Өчигдөр 12 цаг 06 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ... "Microsoft" компани хиймэл оюуны тусламжтай бүтээсэн "Majora...
Top